Тоёота Мотор Корпорацын албан ёсны дистрибьютер компани болох Тоёота Сэйлс Монголиа компаниас зохион байгуулсан Үндэсний Ур Чадварын Тэмцээн 2025 өнгөрөгч Бямба гарагт амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь жил бүр зохиогддог бөгөөд Тоёотагийн албан ёсны дилер компаниудын мэргэшсэн механикч, засварын зөвлөхүүдийн оношилгоо, засвар, үйлчилгээ хийх, мэргэшсэн байдал, хурд, мэдрэмж зэрэг ур чадварыг сорихоос гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартын шаардлага, шалгуурыг хэрхэн хэрэгжүүлж буйг онцгойлон дүгнэж, шалгаруулах үндсэн зорилготой.
Гурав дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээн албан ёсны дилер компаниуд болох Тоёота Таванбогд, Тоёота Мөнххада, Тоёота Топ Моторс багуудын дунд зохиогдсон юм. Энэ жилийн хувьд оролцогчдын мэргэшлийн ур чадвар, багаар ажиллах чадамж, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний чанар зэрэг олон талт шалгуураар үнэлсэн бөгөөд шүүлтийг шударга, ил тод байдлаар явуулснаараа онцлог байв.
энэ жилийн тэмцээний онцлог
Арга хэмжээ 1 дүгээр сарын 11-ний өдөр Мишээл Экспо төвийн Үзэсгэлэнгийн танхимд зохиогдсон бөгөөд өглөөний 10:00 цагаас эхлэн зочдыг хүлээн авснаар тэмцээн албан ёсоор эхэлсэн билээ. Тэмцээний албан ёсны нээлтийн дараа оролцогчид болон шүүгчдийн багийг танилцуулж, шүүлтийн үнэн зөв байдлыг хангах үүднээс шүүгчдийг сугалаагаар багуудад оноов. Тэмцээний даалгавар, өгөгдөл нь оролцогчдод нууцлаг байсан нь тэмцээний үнэн бодит байдлыг улам баталгаажуулж байсан юм.
Тэмцээний гол онцлог нь үйлчлүүлэгчтэй цаг товлохоос эхлээд угтан авах, үзлэг хийх гэх мэт шалгууруудыг ч багтаасан нь дан ганц шилдэг механикч, инженерийг тодруулах гэхээс илүүтэй шилдэг баг хамт олон, үйлчлүүлэгчид өгөх сэтгэл ханамжийг үндэслэн шүүлтээ явуулахад оршиж байсныг дурдах нь зүй.
тэмцээний үндсэн үе шатууд
Засварын зөвлөхийн тэмцээн
1. Цаг товлох, бэлтгэл хангах шат
2. Үйлчлүүлэгчийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх шат
3. Үйлчлүүлэгчид автомашиныг хүлээлгэн өгөх шат
Засварын механикийн тэмцээн
1. Эд анги дээр хэмжилт хийх шат
2. Автомашин дээрхи алдааг олж оношилгоо хийн, засварлах шат
Оролцогч тус бүрийн үнэлгээг нэгтгэн багийн үнэлгээгээр шалгаруулсан байна.
Тоёота Мотор Корпорацын Монгол болон Солонгос бүсийг хариуцсан төлөөлөгч, мөн Тоёота Мотор Солонгос-ын Гүйцэтгэх Захирал Коняама Манабү нээлтийн үгээр тэмцээнийг нээж оролцогчдод амжилт хүссэн билээ.
Тоёота Мотор Корпорац үйлчлүүлэгчдэдээ илүү сайн үйлчилгээ үзүүлж, "хотын шилдэг" дилер болох үндсэн зорилготой билээ. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол яг одоо энэхүү тэмцээнд оролцож байгаа та бүхэн юм. Манай корпорац үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш ажлын талбарт зүтгэж буй гишүүдээ үргэлж үнэлж ирсэн бөгөөд энэ уламжлалын хүрээнд 1968 онд Японд анх удаа "дилерийн инженерийн ур чадварыг нэмэгдүүлэх" зорилгоор ур чадварын тэмцээнийг зохион байгуулсан түүхтэй.
Бид Тоёотагийн механикчид болон үйлчилгээний зөвлөхүүд үйлчлүүлэгчдийнхээ дэргэд байж, тэдний хэрэгцээ, хүсэлтийг анхааралтай сонсох, сайн ярилцах, үр дүнтэй харилцаа тогтоохыг хамгийн чухал гэж үздэг. Ингэснээр Тоёота илүү олон үйлчлүүлэгчид аюулгүй байдал, итгэлцлийг хүргэх боломжтой болно.
Автоматжуулалт, цахилгаанжуулалт зэрэг шинэ технологиуд хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед эдгээрийг цаг алдалгүй эзэмших, ур чадвараа сайжруулах нь тун чухал юм. Энэ бүхнийг өдөр тутам хэрэгжүүлж буй та бүхний хүчин чармайлт Тоёота болон Лексус брэндийг улам бэхжүүлж байгаа нь ойлгомжтой. Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж амжилт хүсье.
тэмцээний зохион байгуулалт, уур амьсгал
Тэмцээний ялагч баг Япон Улсад аялах, Тоёота Мотор Корпорацын үйлдвэрээр зочлох хүндтэй шагналын эзэн болсон ба тус хүндтэй шагналын төлөөх өрсөлдөөн ч ширүүн өрнөж, тэмцээнийг дэлгэц тус бүрд шууд дамжуулан хүргэж байсан нь зохион байгуулалт сайтай, чанарын өндөр түвшинд хийгдэж буйг харуулж байсан юм. Оролцогч нарт саад бололгүй тэдний хийж буй үйлдэл, гэмтлийг засаж байгааг харуулж байсан ба ингэхдээ шүүгчид ч давхар хянаж байв.
Үүний сацуу үзэгчдэд зориулсан тусгай хэсгүүд, дилер компаниудын асар, хүүхдийн хүүхдийн булан, мэргэжлийн үзүүлбэрүүд нь арга хэмжээг илүү сонирхолтой болгож, тэмцээний уур амьсгалыг баяжуулсан юм.
ялагчдыг танилцуулах нь
Ийнхүү дөрвөн үе шат, олон цагийн турш үргэлжилсэн тэмцээн өндөрлөж, ялагч тодрох торгон мөчид Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ягүчи Ёохэй ялагч багийг албан ёсоор олон нийтэд танилцуулж албан ёсны дилер болох Тоёота Мөнххада компанийн баг ялагчаар тодорч, Япон Улсад аялах эрхийн эзэн болсноор тэмцээнийг гайхалтай амжилтаар өндөрлүүлсэн юм.
Энэхүү арга хэмжээ нь зөвхөн шилдэг багийг тодруулахаас гадна албан ёсны дилерүүдийн мэргэжлийн ур чадвар, инженерүүдийн мэдлэг, чадварыг олон нийтэд таниулсан чухал үйл явдал болсныг дурдах нь зүйтэй.
Ташрамд дурдахад өнгөрсөн жил Тоёота Мотор Корпорац, Тоёота Сэйлс Монголиа компани хамтран мэргэшсэн ур чадваруудыг эзэмшсэн боловсон хүчнийг бэлтгэх үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ. Тухайлбал, 2024 оны аравдугаар сараас ШУТИС-ийн харьяа Механик Тээврийн сургуулийг “Тоёота-Техникийн Сургалтын Хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч сургууль болгон зарласан. Улмаар хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч арванхоёрдугаар сард сургалтын эхний хичээл орж эхэлснээр оюутнуудад албан ёсоор хөтөлбөр хүрч, хэрэгжиж эхэлсэн юм.
Мөн Налайхын Политехникийн Коллежийг T-TEP хэрэгжүүлэгч сургууль болгон батлахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээр сургуулиудын сургалтын арга барил, орчин нь дэлхийн стандартад нийцэж, мэргэжлийн өндөр түвшний багш нарын удирдлагад явагдах байна. Ингэснээр Монголын оюутан залуус дэлхийн түвшний боловсролыг эх орондоо эзэмших бүрэн боломжтой болж буй нь үнэхээр сайшаалтай билээ.