Ковидийн халдварыг арай хийн мартаж байтал өнгөрөгч 12-р сард нэгэн шинэ вирусийн дэгдэлт гарсан гэх мэдээ биднийг түгшээгээд амжлаа. Тэгвэл үнэхээр энэ шинэ вирус дараагийн цар тахалыг үүсгэж дахиад л бид хөл хорионд орох уу? гэдгийг мэдэхийг хүсвэл энэхүү нийтлэлийг дуустал нь уншаарай.
Шинэков уу? Эртний танил уу?
Эхлэхийн өмнө Норовирус яаж анх үүссэн түүхийг хуваалцах хэрэгтэй болов уу?
Тэртээ 1968 онд АНУ-ын Охайо мужийн Норвок хотын нэгэн бага сургуульд гэдэсний халдварт өвчний дэгдэлт гэнэт гарч ирэв. Олон багачууд учир нь мэдэгдэхгүй суулгаж, бөөлжиж, халуурч байсан ч ихэнхдээ бохироос болж үүссэн гэдэсний өвчин гэж бүгд таамаглаж байлаа. Энэ үед Доктор Альберт З. Капикиан тэргүүтэй судалгааны баг уг өвчнийг үүсгэгчийн бүтцийг олж тогтоотол эл өвчний бүр суурь шалтгаан нь бактери ч биш вирусийн гаралтай байсныг 1972 онд олж нээв. Вирус хэлбэр хэмжээний хувьд жижиг, бөөрөнхий хэлбэртэй бөгөөд ямар нэг бүрхүүл байхгүй РНХ вирус байсан нь тэр. Анх үүссэн газартай нь холбоотойгоор Норвак гэж нэрлэж байсан ба хожим нь энэ вирусийг генетикийн хувьд холбоотой олон төрөл зүйлсийг бүгдийг нь хамаатуулан "норовирус" гэж нэрлэх болжээ.
Уг нь анх энэ вирусийг богино хугацаанд гэдэс өвтгөөд л дуусах халдварт өвчин гэж бодсон боловч молекул биологийн хөгжихийн хэрээр энэ вирус цаанаа илүү нарийн онцлогтой болохыг ойлгосон юм. Норовирус нь генийн бүрдэлийн хувьд 10 геногрупп, 30 гаруй генотип агуулдаг учраас байнга хувьсаж өөрчлөгдөж дархлааны системд баригдахгүй зугтаж чаддаг аж. Түүгээр ч зогсохгүй гадаргуу дээр хоёр долоо хоног хүртэл амьдрах чадвартай бөгөөд 63°C (145°F) хүртэлх өндөр температурт ч амьдрах чадвартай. Түүнчлэн халдвар авахад ердөө 100-аас бага тооны вирусийн хэсэг агаарт тархахад л хангалттай буюу халдварлах чадвар маш өндөр.
Өнөөдөр жил бүр ойролцоогоор 685 сая тохиолдол бүртгэгдэж, 200,000 хүн норовирусийн улмаас нас бардаг. Норовирусийг өвлийн вирус, өвөл дэгддэг гэдэсний өвчин гээд янз бүрээр нэрлэдэг. Үнэхээр л өвлийн улиралд илүү их дэгдэлт бүртгэгддэг гэхдээ ийнхүү нэрлэх болсон гол шалтгаан нь өвлийн улиралд болдог олон баяр, ёслолын үйл ажиллагаа, битүү орчинд олуулаа цуглаж хоол хүнсээ хувааж иддэгтэй илүүтэй холбоотой юм байна.
Спиртэд дийлдэхгүй, хүйтэнд ажрахгүй вирус
Норовирус голчлон өтгөн, шингэнээр мөн бохирдсон ус, хүнсээр дамжин халддаг. Халдвар авсан тохиолдолд ихэвчлэн 12–48 цагийн дотор илэрч, хүчтэй суулгалт, бөөлжих, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг. Ихэвчлэн хэдхэн хоногийн дотор шинж тэмдэг алга болдог ч бохир ус, эмнэлгийн үйлчилгээ муутай бүс нутагт амьдардаг хүмүүсийн хувьд энэ вирус үхлийн аюултай. Сахарын өмнөд Африк, Өмнөд Ази нь норовирусийн хамгийн их өртдөг бүсүүд бөгөөд ихэнхийг бага насны хүүхдүүд эзэлдэг. Судлаачдын мэдээлж буйгаар норовирус нь жилд 200,000 орчим эндэгдэл дагуулдаг үүнээс ихэнх нь бага насны хүүхэд, ахмад настнууд байдаг нь харамсалтай. Зөвхөн АНУ-д л гэхэд норовирус нь жил бүр 19–21 сая өвчлөлийн тохиолдол, 800 нас баралт үүсгэдэг байх жишээтэй.
Норовирус яг яаж хүний биед орж, халдварлуулдаг вэ?
Биед нэвтрэх
Аливаа бохирдсон хоол хүнс идэх үед эсвэл бохирдсон ус уух эсвэл вирусийн халдвартай гадаргууд хүрсний дараа гараа угаахгүйгээр хооллох үед халдвар авдаг.
Наалдах
Бие организмд ормогц вирус нарийн гэдэс рүү нэвтэрдэг. Уг процессыг тайлбарлахын тулд норовирусийн химийн бүтцийн талаар товчхон дурдах хэрэгтэй. Бүтцийн хувьд генийн мэдээллээ хамгаалсан уургийн бүрхүүл буюу капсидтай. Тиймдээ ч энэхүү капсидийнхаа тусламжтай халуун, хүйтэн, спиртийн уусмалд ажрахгүй халдварласаар байдаг тул гадаргуу дээр хоёр долоо хоног хүртэл амьдрах чадвартай бөгөөд ихэнх цэвэрлэгч бодист тэсвэртэй байдаг. Тэрхүү вирусийн капсид нь хүний гэдэсний ханан дээрс байрлдаг гисто-бүлгийн антигенүүд (HBGA) дээр очиж наалдах замаар ходоод гэдсийг өвтгөх шинж тэмдгийг үүсгэдэг байх нь.
.
Халдвар
Ийнхүү наалдасны дараа гэдэсний эсүүдэд нэвтэрдэг. Ийнхүү энэ үеэс эхлэн вирусийн жинхэнэ үйл ажиллагаа эхэлнэ. Нарийн гэдсэнд ороод өөрийн вирусийн бүрэлдэхүүн хэсгийг дотогш нэвтрүүлж эхэлнэ. Нэг ёсондоо үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эзэлж, өөрийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй жижиг аж ахуй нэгж шиг л үйл явдал хүний гэдсэнд явагддаг гэсэн үг.
Устгал
Вирус хангалттай олширсны дараа гэдэсний эсийг задалж, шинээр үүссэн вирусүүдийг гадагшлуулдаг. Энэ үеэс эхлэн гэдэсний хананд үрэвсэл үүсэж, суулгалт, бөөлжилт гэх мэт шинж тэмдгүүд илэрч, бие организм халдварыг гадагшлуулах гэж оролддог аж.
Бохирдол
Гадагшилсан вирусийн хэсгүүд гадаргуу, хоол хүнс, ундны усыг бохирдуулж, шинэ “хохирогчид”-доо халдварлахаар гадаргуу дээр хүлээнэ
Дараагийн пандемик хаяанд ирсэн үү?
Норовирусийн вакцин одоог хүртэл байхгүй байгаа нь вакцин хөгжүүлэхэд уг вирусийн генийн бүтэц, хувирамтгай байдалтай холбоотой. Түүнчлэн норовирусийг лабораторийн орчинд үржүүлэх нь том бэрхшээл байсаар ирсэн ч сүүлийн үед хүний гэдэсний эсийг дуурайлган гаргаж авсан органоидийн загвар вирусийн халдварлах чадварыг ойлгоход түлхэц болсон боловч ахиц харьцангуй удаан байгаа юм. Одоохондоо гарын ариун цэврээ сайтар сахиж гараа савандаж угаах, хоол хүнсээ угааж, цэвэрлэж бэлдэх зэрэг урьдчилан сэргийлэх аргуудын тусламжтай л уг вирусээс сэргийлэх боломжтой байна.
Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж буйгаар уг вирус нь цар тахал үүсгэх хэмжээний удаан үргэлжилдэг вирус биш гэж үзээд буй. Норовирус нь ихэвчлэн бохирдсон хүнс, ус, гадаргуугаар дамжин халдварладаг бөгөөд агаарт дуслын замаар дамждаг амьсгалын замын вирусүүд шиг хурдан, өргөн хүрээтэй тархах чадвар нь хязгаарлагдмал. Үүнээс гадна норовирус ердөө 1–3 хоног үргэлжилдэг бөгөөд ковид шиг удаан хугацаанд халдвар тараадаггүй. Мөн эл вирус хүнээс хүнд шууд тархахаас илүүтэйгээр хүрээлэн буй орчны бохирдлоос үүдэлтэйгээр халдварладаг тул цар тахлын хэмжээнд хүрэх боломж бага, гагцхүү нийгмийн эрүүл мэндийн чухал асуудал хэвээрээ байгаа юм. Шинэ вирус халдвар гарсан ч гараагүй ч хэвийн ариун цэврээ сахих нь хамгийн энгийн дадал мэт боловч биднийг төсөөлөөгүй олон өвчлөлөөс үргэлж хамгаалж байдгийг санууштай.