Жил жилээр ур чадвараа ахиулж, бэлтгэл сургуулилтаа шамдуулан байж Олимпын наадамд оролцдог олон мянган тамирчдын дундаас онцгой нэгэн нь дээд амжилтын эзэн болдог. Хэдхэн хоногийн өмнө Парисын Олимпын наадам дуусаж, өндөр үүдээ хаалаа. Энэ удаагийн нийтлэлээр бид орчин үеийн Олимпын түүхэнд өнөөг хүртэл хадгалагдсаар буй дээд амжилтуудыг танилцуулж байна. 

1. усэйн болт - 9.63 секунд

Усэйн Болт бол Олимпын 100 метрийн гүйлтийн төрөлд гурван ч алтан медаль хүртсэн тамирчин билээ. Тэр дундаа 2012 оны Лондонгийн Олимпод өөрийн 2009 онд тогтоосон 9.69 секундын амжилтыг эвдэж, 9.63 секундын амжилт үзүүлэн дэлхийн рекордыг тогтоосон юм. Түүнийг Дэлхийн хамгийн хурдан хүн болгосон энэ амжилт хэзээ эвдэгдэх бол?


2. Онооны системд ч бүртгэгдээгүй төгс үзүүлэлт - Надя Команеци

Олимпын таван удаагийн аварга Румыний гимнастикч Надия Команеци 1976 онд 14 насандаа түүхэнд байгаагүй төгс гүйцэтгэлийг үзүүлж, 10 оноо авсан анхны гимнастикч болсон. Тухайн үедээ онооны самбар хоёр оронтой тоо харуулах ч боломжгүй байжээ. Түүнээс хойш уг спортын төрлийн онооны системд өөрчлөлт орсон юм.


3. хамгийн балчир аварга - ким юнми

1994 оны Лиллехаммерын өвлийн Олимпод Өмнөд Солонгосын хурдан гулгагч Ким Юн Ми 3000 метрийн буухиа уралдаанд алтан медаль хүртэхдээ 13 настай байжээ. Олон улсын Олимпын хорооноос Олимпод оролцох тамирчдад насны доод хязгаар тогтоодоггүй. Харин Ким Юнмигийн түүхэн ялалтаас хойш Олон улсын тэшүүрийн холбоо залуу тамирчдын биеийн хөгжлийг хамгаалахын тулд тэмцээнд оролцох насыг 15 болгон нэмэгдүүлсэн түүхтэй.


4. Олимпын байнгын оролцогч - иан миллер

Канадын морин спортын тамирчин Иан Миллер 1972-2012 оны хооронд буюу 40 жилийн турш найман Олимпын наадамд тасралтгүй оролцжээ. Харамсалтай нь Миллер хэзээ ч алтан медаль хүртэж байсангүй. 2008 оны Бээжингийн Олимпод багийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн нь түүний Олимпын карьер дахь цор ганц медаль билээ.


5. ширээний теннисийн эх орон - бнхау

1988 оноос эхлэн ширээний теннис Олимпод багтаж, өнөөдрийг хүртэл 37 алтан медальтан тодорсны 32 нь БНХАУ-ын тамирчид байв. Хятадын хамгийн ойрын өрсөлдөгч л гэхэд гурван алтан медаль хүртсэн Өмнөд Солонгос улс.

Reuters


6. 24 жил ноёрхсон, туялзуур сэлэмчин - Аладар Геревич

Унгарын туялзуур сэлэмчин Аладар Геревич 1932-1960 оны хооронд 24 жилийн турш буюу зургаан Олимп дараалан алтан медаль хүртсэн нь түүнийг бүх цаг үеийн хамгийн шилдэг туялзуур сэлэмчин хэмээх алдрын эзэн болгожээ. Түүний араас Их Британийн сэлүүрийн тамирчин Сэр Стив Редгрейв, Кубын чөлөөт бөх Мижайн Лопез нар таван Олимп дараалан алтан медаль хүртсэн амжилттай бичигдэж байна.


7. медалийн тоогоор толгойлогч - ану

1896 он буюу анхны орчин үеийн Олимпоос хойш 1000 алтан медаль цуглуулсан анхны улс болж, түүхэнд бичигдсэн орон бол АНУ. Парисын Олимп дуусахад тэд 1183 (нийт 2985) алтан медаль хүртсэн амжилтаар уг тэргүүллээ хадгалж үлдлээ. Үүн дотроо бараг хэзээ ч эвдэгдэмгүй амжилт бол нэг олимпоос авах медалийн тоо юм. Америкчууд 1904 оны Сент-Луисын Олимпоос 239 медаль буюу 78 алт, 82 мөнгө, 79 хүрэл медаль хүртэж байжээ. Өөрөөр хэлбэл бүх медалийн 85 хувийг АНУ хүртсэн гэсэн үг.

NBC New York


8. алтан медаль "түүгч" - майкл фелпс

Америкийн нэрт усанд сэлэгч Майкл Фелпс 2016 оны Риогийн Олимпын наадмаас 23 дахь алтан медалиа хүртжээ. Олимпын карьерынхаа туршид нийт 28 медаль авсан бөгөөд түүнээс өмнө уг дээд амжилтыг ЗХУ-ын гимнастикч Лариса Латынина 18 медаль авсан амжилтаараа(есөн алт) эзэмшиж байжээ.


9. хамгийн ахмад олимпын медалтан - Оскар сван

Шведийн тамирчин Оскар Сван 1912 онд Шведийн Стокгольм хотноо болсон Олимпын наадамд 64 нас 258 хоногтойгоор гүйлтийн буудлагын багт түрүүлсэн бөгөөд 1920 онд Бельгийн Антверпенийн олимпод тэрээр хамгийн ахмад мөнгөн медальтан болсон юм.


10. уртаас урт харайлт - елена исинбаева

Оросын тулгууртай харайлтын тамирчин Елена Исинбаева 5.05 метрийн харайлтаар Олимпын дээд амжилтыг эзэмшихээс гадна 5.06 метрийн харайлтаар дэлхийн дээд амжилтыг ч мөн эзэмшдэг.