Арван жилийн ширээнээс холдон их сургуулийн босго давахад аав ээжийн эрх жаалаас биеэ даасан, хувь хүн болсноо мэдэрч, бахархал төрдгийг хэн бүхэн мэдэх биз ээ. Ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болохоор зориг шулуудах хэдий сайхан ч нөгөөтээгүүр оюутан болсон цагаас сургалтын төлбөр, халаасны мөнгө гээд санхүүгийн олон асуудал шуудхан мөрөн дээр бууж ирдэг. Гадаадад суралцаж буй дийлэнх оюутнууд санхүүгийн бэрхшээлээ цагийн ажил хийж зохицуулдаг ч манай улсын тухайд залуус хичээлийнхээ хажуугаар ажиллах боломж хязгаарлагдмал байдаг гэвэл буруудахгүй. Тиймдээ ч цар тахлын үед онлайн хичээлийнхээ завсраар цагийн ажил хайж буй залуустаа багахан тус болох зорилгоор энэ удаагийнхаа нийтлэлийг бэлдлээ. 


Манай улсад нийт 140 мянга гаруй оюутан их, дээд сургуульд суралцаж буй бөгөөд жилд дунджаар 20 мянга гаруй төгсөгч хөдөлмөрийн зах зээлд гардаг аж. Харамсалтай нь энэ олон мянган залуусын ердөө 20 хүрэхгүй хувь нь суралцаж байх хугацаандаа ямар нэгэн цагийн ажил хийж үзсэн байдаг гэх судалгааны дүн бий. Арван оюутан тутмын долоо нь хичээлийнхээ хажуугаар хөдөлмөр эрхлэх хүсэлтэй байдаг ч ажлын байрны хомсдол, уян хатан бус цагийн хуваарь, зах зээлийн үнэлгээнээс доогуур цалин хөлс гэх мэт шалтгаанууд тэдний хувьд бэрхшээл болсоор.

Сонирхуулахад, Их Британид нийт оюутнуудын бараг тал нь хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж сургалтын төлбөр, байрны түрээс болон хэрэглээний зардлаа олдог байна.

Цагийн ажил хийхийн давуу талуудаас дурдвал:

1. ХУВИЙН САНХҮҮГЭЭ УДИРДАХ

Ажил хийхийн хамгийн сайхан нь хэн нэгнээс хараат бус өөрийн гэсэн орлоготой болох явдал шүү дээ. Их, бага хэмжээний мөнгөний асуудалтай өдөр бүхэн тулгарч байдаг оюутан цагт тогтмол орлого гэдэг авралын од л гэсэн үг. Орлоготой байх нь үеийнхнээсээ эрт санхүүгийн сахилга баттай нэгэн болоход тань тусална. Цагийн ажил хийснээр та хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөө хуримтлуулах, орлого, зарлагаа хянах, олон төрлийн хэрэглээндээ тохируулан төсөв зохиох гээд залуусын зайлшгүй эзэмших ёстой, хувийн санхүүгээ удирдах чадварт суралцах боломжтой.

2. Цагаа зөв хуваарилах

Үндсэн хичээлүүдийнхээ лекцэнд суух, бие даалтаа хийх, найз нөхөдтэйгээ уулзахын зэрэгцээ ажил хийх нь хүссэн хүсээгүй залуусыг цаг болон энергиэ зөв эрэмбэлэх дадалтай нэгэн болгодог. Танд "Харри Поттер" зохиолын гол дүр Хермоини Грейнжерийн хэрэглэдэгтэй адил нэгэн цагт бүх газар байлгах шидтэй цаг үгүй тул хязгаарлагдмал нөөцөө ухаалгаар удирдахад суралцахаас өөр аргагүй. Цагийн ажилд орж буй залуусын түгээмэл гаргадаг алдаа нь ажиллах хуваариа бусад хувийн ажлуудтайгаа хангалттай сайн уяж чадаагүйгээс үүдэн хичээлдээ анхаарал хандуулж чадахгүй байх, ачаалал ихтэй ажиллах, ядаргаанд орох гэх мэт сөрөг үр дагаврууд гардаг. Хэдий ажил хийх нь олон давуу талтай ч энэ дөрвөн жилийн хугацаанд таны өмнөө тавьсан хамгийн том зорилго тань мэдлэг, боловсрол эзэмших гэдгийг мартаж болохгүй. Судалгаагаар, оюутнууд долоо хоногт 15-20 цаг ажиллах нь голч дүнд нөлөөлөхөөргүй, хамгийн тохиромжтой хугацаа байдаг гэнэ шүү.


3. Шинэ ур чадварт суралцах

Ажлын байран дээр дөрвөн жил тасралтгүй ажиллаж буй төгсөгчдөөс карьераа тогтвортой ахиулахад тулгарч буй бэрхшээлүүдээ нэрлэнэ үү гэж асуухад дийлэнх нь багаар ажиллах, бусадтай харилцах, цаг ашиглах болоод асуудал шийдвэрлэх чадварууд хэмээн хариулжээ. "Soft skill" буюу академик боловсролоос гадуурх ур чадваруудыг дийлэнх залуус багшийн лекц, семинарын өрөөнөөс олж авдаггүй нь судалгааны дүнгээс бэлхнээ харагдаж буй биз ээ. Мөн түүнчлэн гадаад хэл, компьютерын мэдлэг, баримт бичиг боловсруулах мэргэжлийн ур чадварууд шинэхэн төгсөгчдийн толгойн өвчин болдог аж. Сүлжээ дэлгүүрт худалдагч, кофе шопт бариста аль эсхүл үүрэн телефоны компанид оператор хийх, аль ч цагийн ажил залуусыг сурах бичгээс суралцах боломжгүй суурь чадварууд эзэмших дэд бүтэц болж өгдгөөрөө онцлог. Та яг одоо ирээдүйд төлөвлөсөн карьераасаа тэс өөр ажил хийж байсан ч хамаагүй хуримтлуулсан туршлага тань дараагийн ажлын орчинд зайлшгүй тус болно гэдэгт итгээрэй.


Харамсалтай нь Монголын нөхцөлд дийлэнх компани ээлжээр ажиллуулах боломжтой олон төрлийн ажлын байран дээр цагийн ажилтан авахаас илүүтэй үндсэн ажилтан сургаж авахыг илүүд үзсэн хэвээр. Тийм ч учраас хөдөлмөрийн зах зээл дээр цагийн ажлын эрэлт өндөр, нийлүүлэлт хомс байгаа билээ.
Харин харилцаа холбооны тэргүүлэгч компани "Мобиком Корпораци" 2006 оноос хойш тасралтгүй 15 жилийн турш их, дээд сургуулийн оюутан залууст Монголын хамгийн том "contact center"-т цагаар ажиллах, шинэ тутам хэрэглээнд нэвтэрч буй технологи ашиглахад суралцах, цаашлаад өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ тус компаниас ажлын гараагаа эхлүүлэх боломжийг олгож буй юм.

Их сургуульд суралцахын хажуугаар "Мобиком Корпораци"-ийн Contact center-д хэрэглэгчтэй харилцах оператораар ажиллаж буй оюутнуудын сэтгэгдэл:

Д. Энхмөнх ХААИС- Аялал жуулчлалын менежмент, дөрөвдүгээр курс

Өнгөрсөн жилийн хавар "Мобиком"-ын вэб сайт дээр нээлттэй ажлын байрны зар байхыг олж харангуутаа анкетаа явуулж улмаар сургалтад суун ажилдаа тэнцэж орсон түүхтэй. Манай ажлын онцлог нь ээлжээр ажилладаг тул оюутан өөрийн хичээлийн хуваарьтаа зохицуулан ажлын цагаа сонгох боломжтой. Ажиллах цагийн хувьд тун уян хатан байдаг нь олзуурхууштай. Оюутнуудын хувьд цагийн ажил хийх сонирхол өндөр байдаг ч бодит амьдрал дээр ажил олдох нь ховор шүү дээ. Оюутан гэх нэрийдлээр олон цагаар бага цалинтай ажиллуулах явдал ч цөөнгүй. Харин энэ ажилд орсон цагаас сургалтын төлбөр, хэрэглээний мөнгө гэх мэт санхүүгийн асуудлуудаа бүрэн шийдээд зогсохгүй өөрийн нэр дээр хадгаламж нээж амжсан. Зөвхөн мөнгөнөөс гадна ажлын байран дээрээ суралцсан ур чадварууд маань ирээдүйн карьертаа оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж би хувьдаа боддог. Өдөрт хийх зүйлсээ нэг бүрчлэн төлөвлөх, төлөвлөгөөнийхөө дагуу амьдарч сурсан нь энэ ажлаас олж авсан хамгийн том сургамж бөгөөд ололт юм болов уу. Оператораар ажиллахын давуу тал нь хүний яриаг хэдхэн секунд сонсоод л өнөөдөр ямар зан ааштай, нөхцөл байдал нь ямар буйг таамаглаад сурчихдаг гэхэд хилсдэхгүй. Таагүй зан ааштай нэгэнд үйлчилгээ үзүүлэхийн тулд тайвшруулна, аргадна гээд амаргүй шүү дээ. Энэ бүхний үр дүнд хүнтэй харилцах тал дээр чадварждаг.

Э. Энхмаа Мандах Их Сургууль- Санхүү Банкны менежмент, дөрөвдүгээр курс

Миний хувьд оюутан болсон цагаасаа л цагийн ажил хайж эхэлсэн. Ажил хайгаад явах үед хичээлийн цагтайгаа тохируулан хийх боломжтой ажил маш ховор олддог. Оройн цагаар ажиллалаа гэхэд гэртээ яаж харих вэ гэдгээс эхлээд эрсдэл өндөр. Харин манай байгууллагын зүгээс оюутан ажиллагсдадаа зориулан хичээлийн цагаасаа хамаарч ажиллах ээлжээ сонгох боломж олгодог. Энэхүү цаг сонгох систем нь ажилдаа тогтвортой ажиллах, хичээлээсээ хоцрохгүй байх маш том давуу тал юм. Оройн ээлжинд ажиллалаа гэхэд ажлынхаа унаагаар гэртээ хүргүүлчихдэг тул ямар ч эрсдэлгүй, сэтгэл амар ажилладаг. Мөн дээрээс нь ажилд орсон өдрөөс эхлэн НДШ-ийг төлдөг гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй байх. Оюутан бидний хувьд цагийн ажил олдлоо ч НДШ-ээ төлүүлэх боломж бараг гардаггүй шүү дээ.
Бидний ажлын нэг өдөр дунджаар 5-7 цаг үргэлжилж, энэ хугацаанд ачааллаасаа хамаарч 120-130 хүнтэй холбогддог. Өдөр бүр ийм хэмнэлээр ажиллах үед маш богино хугацаанд олон төрлийн зан ааштай хүмүүстэй харилцаж, утасны цаанаас өөрийн санааг товч бөгөөд тодорхой илэрхийлэх чадварт суралцдаг юм билээ. Тийм ч болохоор "Мобиком"-д ажилласнаас хойш хүнтэй харилцаж, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар маань илт дээшилсэн. Операторын ажил хөндлөнгийн хүний нүдээр тун энгийн мэт харагдах ч богино хугацаанд шийдвэр гаргах, асуудлыг дүгнэх, зохион байгуулах гээд хувь хүнээс чамгүй олон чадварыг шаарддаг. Ажиллах хугацаанд хөдөөнөөс холбогдсон нэг дуудлага санаанаас ер гардаггүй. Хөдөө ажлаар явж байх үедээ гэнэтийн осолд орчихсон ах 2222 дугаар руу залгаж тусламж дуудсан юм л даа. Гарах ярианы эрх нь хаагдчихсан байсан тул өөр дугаар руу залгах ямар ч боломжгүй байсан хэрэг. Аюулд өртсөн тэр хүнийг түргэн хугацаанд ар гэрийнхэнтэй нь холбож чадсандаа тухайн үед маш их баярлаж, ажлаараа бахархсан шүү.

Оюутан та чадварлаг мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, туршлага хуримтлуулаад зогсохгүй өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй болохыг хүсэж байвал “Цалинтай Оюутан” хөтөлбөрт анкетаа илгээгээрэй.