Энэ жил Дэлхий даяар 75 насны ойгоо өргөн нижгэр тэмдэглэж буй Porsche брэнд Монгол дахь үнэнч хэрэглэгчдээ баярлуулж анхны бүрэн цахилгаан автомашин Taycan-ийг албан ёсоор танилцууллаа. Автомашины нээлтийг харилцагч, хэрэглэгч нартаа үзүүштэй, хүртээмжтэй зохион байгуулсан нь ижил төрлийн олон арга хэмжээнээс ондоошиж ялгарах онцлог байв. Нээлтийн үеэр Taycan-аас гадна Porsche-ийн онцлох загваруудыг толилуулсан нь Porsche брэндэд дуртай, эзэмшдэг, авахаар сонирхож буй олны хувьд сэтгэл гийлгэсэн үйл явдал байлаа.
Дэлхийн зах зээлд 2019 онд танилцуулагдсан Taycan нь батарейн чадал, цэнэглэх хугацаа, дугуйн хөтлөгч, мотор, тоноглол, хүчин чадлаараа ялгагдах найман төрлийн хувилбартай. Энэхүү нээлтийн үеэр олны хүртээл болгосон Taycan 4S болон үндсэн хувилбарыг уншигч танд сонирхуулъя.
Анхны бүрэн цахилгаан, спорт автомашин Taycan
100 гаруй жилийн түүхтэй Порше гэр бүл 1900-аад оны эхээр бүтээсэн Лохнер-Порше цувралдаа анхны хайбрид автомашиныг багтааж байв. Найдвартай байдал, гайхалтай жолоодлого, мартагдашгүй мэдрэмж бол тэдний ялгарал. Унахыг хүссэн мөрөөдлийн автомашинаа хайгаад олоогүй Фердинанд Порше 1948 онд 365 загварыг бүтээсэн нь өдгөөг хүртэл автомашин сонирхогч хэн бүхний хүсэл мөрөөдлийн оргил хэвээр байгаа билээ. Үүний дараа 911 загварыг танилцуулснаар Porsche алдрын оргилд хүрсэн бөгөөд тус брэндийг хөгжлийн дараагийн шатанд хүргэх автомашин нь энэ удаагийн гол дүр Taycan юм.
Porsche брэнд шинэ загвар бүтээх бүрдээ 60 хүртэлх сарын хугацаанд туршилт, сайжруулалт хийдэг онцлогтой. Taycan-ийн хувьд цахилгааны хэлбэлзлээс хамаарч хурдан цэнэглэгчээр 22 минут, энгийн цэнэглэгчээр 1 цаг 30 минутад бүрэн цэнэглэгдэнэ. 800 вольтын хүчин чадалтай батарей нь бусад цахилгаан автомашинаас даруй хоёр дахин их хүчин чадалтай гэсэн үг. Уламжлалт тоормозыг шинэ технологитой хослуулан тоормозлох бүрд батерайгаа цэнэглэж, 30 хүртэлх хувийн цэнэгээ буцаан авах боломжтой. Мөн батарейны дулааны ухаалаг систем нь хасах температурт халааж, нэмэх температурт хөргөөж, орчны температураас хамаарсан цэнэг уналтыг хамгийн бага хэмжээнд байлгадаг онцлогтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс танилцууллаа.
Porsche загвар бүр өөр өөрийн онцлог өнгөтэй. Бид 75 жилийн хугацаанд 50 мянган өнгийг бий болгосон.
Монгол дахь брэнд хариуцсан захирал Б.Сальма
Гэр бүлийн гишүүд
Үзэсгэлэнгийн танхимд өнгө, загвар, хурд хүчээрээ олныг анхаарал татах Porsche-ийн бусад загваруудыг танилцуулсан юм.
1963 онд бүтээгдсэн 911 загвар нь өдгөө тоноглол, хүчин чадлаараа хүн бүрийн хэрэгцээнд тохирсон 26 хувилбартай болжээ. 911 гэр бүлийн хамгийн хүчирхэг хувилбар болох Turbo S нь 2.7 секундэд 0-100 км/цаг хурд авч 650 морины хүч гаргана.
Porsche 718 Cayman S-ийг 1996 онд танилцуулсан. Голдоо хөдөлгүүртэй, хоёр хүний суудалтай, бага хөдөлгүүрээр хурдалдаг онцлогтой.
Өөрийн үнэ цэнээ мэдэрсэн хүний хэрэгцээ гэвэл 2002 онд танилцуулагдсан Panamera 4S юм. Спорт автомашин атлаа дөрвөн суудалтай, өвөрмөц Jet Black өнгөтэй, бусад таван загварын шинжийг агуулсан.
Монголд анхлан орж ирсэн Cayenne загвар нь гэр бүлийн хэрэгцээнд тохирсон, таван хүний суудалтай спорт автомашин. 911-ийн дараа жагсах хамгийн олон буюу 15 төрлийн хувилбартай.
Бензин хөдөлгүүртэй загваруудын хамгийн отгон нь болох Macan-ийн хэлбэр, жолоодлого, явдал нь уулын бар мэт сүрлэг, хүчтэй тул бар хэмээн нэрлэдэг.
зочдын сэтгэгдэл
Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал
2013 онд Porsche-ийн туршилтын жолоодлогоор бүх загварыг нь унаж, танилцаж байлаа. Тэгэхэд л Porsche бол эр хүнд заавал байх учиртай унаа гэж санаж, мөн хүүгээ төрсний дараа өвлүүлж үлдээх Porsche заавал байх хэрэгтэй юм байна хэмээн үнэнч эзэмшигч нь болсон. Миний Cayman өнгө загвар дизайны хувьд чамин, эрч хүчтэй, сүрлэг харагддаг.
Харин өнгөрсөн хавар Хятадад Taycan-ийг анх харахад Panamera-ийг ч хол хаясан санагдсан. Спорт загвар боловч гэр бүлийн хэрэгцээндээ унаж болох нь таалагдсан. Цахилгаан автомашин бол яах аргагүй дэлхий нийтийн ирээдүй бөгөөд манай оронд ч идэвхтэй нэвтэрч байна. Би ч гэсэн цахилгаан автомашин сонгоно.
Жүжигчин, продюсер Ж.Баясгалан
Би мотоспорт сонирхогч. 1999 онд Германд явахдаа Porsche-ийг туршин унаж байв. Porsche бол яах аргагүй мөрөөдлийн машин. Зарим хүмүүс энэ автомашинаас надад таалагдах ганцхан зүйлийг хэлж өгөөч гэж асуудаг бол эсэргээрээ миний хувьд Porsche-оос таалагдахгүй байх нэг зүйлийг хэлээч гэж асууна. Жолоочид хэрэгтэй бүх зүйл Porsche-д байдаг учраас миний нэг хэсэг болж чадна гэж боддог.
Цахилгаан автомашин гарч ирсэн цагаас хойш дараагийн үеийн батарей ямар байх бол гэж хүлээж байлаа. Тэр хүлээлтэд хүрсэн хамгийн сайн шийдэл бол гарцаагүй Taycan. Монголын өргөн уудам нутагт хаана, хэрхэн цэнэглэх вэ гэдэг асуудал байдаг. Taycan-ийг 22-90 минутын хугацаанд бүтэн цэнэглэх боломжтой. Мөн өмнөх аяллын цэнэглэгч 7-8 цагийн хугацаанд бүрэн цэнэглэдэг байсан бол шинэ цэнэглэгч нь ердөө дөрвөн цагийн дотор бүтэн цэнэглэх боломжтой гэдгийг сонсоод их сайхан санагдлаа.
Оюуны Ундраа Группын Гүйцэтгэх Захирал О.Тэнүүн
Миний хувьд өдийг хүртэл амьдралдаа хэзээ ч Porsche унахгүй гэж бодож явсан. Харин өнөөдөр Taycan-тай танилцаад энэбодлоо өөрчиллөө. Спорт автомашин цахилгаан байж болдог гэдгийг баталсан автомашин аж. Ялангуяа манай улсад цахилгаан автомашины дэд бүтэц хөгжиж байгаа энэ үед заавал сонирхож үзэх ёстой санагдлаа.
Нээлтэд ирэхээсээ өмнө Taycan-ийн тойм бичлэг сонирхож үзсэн юм. Спорт болон цахилгаан автомашины эрэмбээр дэлхийд хоёрт жагсаж байна. Нэг цэнэглэлтээр 600км туулах боломжтой учраас яагаад хотод спорт, цахилгаан автомашин унаж болохгүй гэж? Тэгэхээр миний дараагийн сонголт Porsche-ийн Taycan байхыг үгүйсгэхгүй.
Luxury Cars Mongolia фэйсбүүк бүлгэмийн админ Г.Ууганбат
Бүрэн цахилгаан Taycan бол сансрын хөлөг гэсэн үг. Дөрвөн хаалгатай спорт машин тул дотроо зай багтаамж сайтай, олон хүн суух боломжтой. Хурд, хүчтэй ярих юм байхгүй. Амьдралдаа шинэ соргог мэдрэмж, догдлол, эрч хүч мэдрэхийг хүссэн хүн бүрд Taycan яг тохирох сонголт.
Дотор нь суугаад хаазаа гишгэвэл сансрын хөлөгт суусан мэт хөөрөн дүүлэх мэдрэмжийг авна.Зах зээлд нээлтээ хийснийх нь дараа шохоорхож судлахад уг загварын суудал хийдэг Унгар дахь үйлдвэрт нь монголчууд ажиллаж, Taycan-ийг бүтээхэд гар бие оролцсон гэдэг нь дотно санагдсан шүү.
Жүжигчин, продюсер, найруулагч Г.Ундармаа
Нөхрийнхөө санал болгосноор анх Porsche-той танилцсан. Би Cayman загвар унадаг. Явдал, жолоодлого нь хөнгөн, загвар, дотор салоны өнгө нь маш их таалагддаг. Өсгөгч нь чанга, тод дуугардаг учир дуртай дуугаа сонсоод жолоо барихад тааламжтай дуртай. Олон үйлдэл хийдэггүй, ойлгоход хялбар, энгийн байдаг нь эмэгтэй хүнд тохирсон санагддаг.
Монгол HD телевизийн Ерөнхий захирал Г.Бат-Эрдэнэ
Дэлхийн хамгийн шилдэг, уламжлалт автомашин үйлдвэрлэгчид дэвшилтэт технологийн цахилгаан автомашин танилцуулж байгаа нь их таалагдлаа. Түүнчлэн автомашины нээлтийг Монголдоо дэлхийн жишгээр ийнхүү хийж зохиож байгаа нь онцлууштай юм. Би 718 Cayman загвар унадаг.
Porsche сонгох шалтгаан нь нэн түрүүнд чанар буюу найдвартай, аюулгүй байдал. Зарим автомашиныг сонгоход эргэлзээ төрдөг бол Porsche-ийн инженерчлэлийн шийдэлд санаа зовохгүй, бүрэн найдаж болдог. Анх худалдан авсан цагаас хойш хэзээ ч эвдрэл, гэмтэл гарч, асуудал тулгарч, урам хугалж байсангүй.
UB группын Үүсгэн байгуулагч Ц. Батбаатар
2017 онд Porsche 911 орж ирэх үед хоббиндоо хөтлөгдөн, дурлан авч байлаа. Тухайн үед хүмүүс ч тэр бүр мэддэггүй байсан бол одоо чамгүй олон хүн унадаг болж. Porsche-ийн хувьд мотор, кроп, явах эд анги, дотоод шаталт маш чанартай, хүний гар хүргэдэггүй гэдгээрээ алдартай. Миний хувьд 2017 оноос хойш унаж байгаа ч тос, масло солихоос өөр ямар ч үйлчилгээ хийлгэж байгаагүй. Спорт автомашиныг өдөр тутамдаа унаж хэрэглэх нь ховор байдаг бол 911-ийг Монголын замд өдөр тутмын ажил, амьдралдаа унаж болдог давуу талтай.
Porsche-ийн дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинууд бат бөх гэдгээрээ алдартай шигээ шинэ танилцуулагдсан Taycan мөн адил байна гэдэгт итгэлтэй байна. Ирээдүйд цахилгаан автомашин хүн бүрийн хэрэглээ болох ёстой. Миний хувьд ч мөн удахгүй шилжинэ. Энэ бол эх дэлхийн болон нийгмийн өмнө хүлээж байгаа бидний хариуцлага.