Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн 85 хувь нь амьдралдаа нэгээс олон удаа жирэмсэлдэг бөгөөд жилд 140 сая эмэгтэй жирэмсэн болдог гэх судалгааны дүн бий. Та бидний сайн мэдэж байгаачлан жирэмслэлтийн 40 орчим долоо хоногийн хугацаанд эхийн биед ихээхэн өөрчлөлтүүд гардаг. Эдгээр өөрчлөлтүүд нь дааврын огцом өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд төв мэдрэлийн системд хүртэл нөлөөлөх нь бий.
Энэ сэдвийн дагуу хийгдсэн өмнөх судалгаанууд жирэмслэхийн өмнө болон дараа үед төвлөрч, харьцуулах байдлаар хийгдэж байсан бол яг жирэмслэлтийн үед тархинд ямар өөрчлөлт гардаг талаар хангалттай судалгаа хийгдээгүй байсан юм. Уг судалгаагаар чухам ямар өөрчлөлт тархинд явагдсанаас үүдэн жирэмсэн ээж мартамхай болоод буйг шинжилжээ.
ӨГҮҮЛЛИЙН ТУХАЙ
Өгүүлэл хэвлэгдсэн огноо: 2024.09.16, “Nature Neuroscience” сэтгүүл
Өгүүллийн нэр: Neuroanatomical changes observed over the course of a human pregnancy
Түлхүүр үгс: тархины саарал эд, цагаан эд
Туршилтыг гүйцэтгэсэн баг: Laura Pritschet, Caitlin M. Taylor, Daniela Cossio, Joshua Faskowitz, Tyler Santander, Daniel A. Handwerker, Hannah Grotzinger, Evan Layher, Elizabeth R. Chrastil & Emily G. Jacobs
Гол санааг ганцхан өгүүлбэрт: Жирэмслэлтийн явцад тархинд тодорхой өөрчлөлт гарсны улмаас мартамхай болдог нь үнэн ч үүний цаад үйл ажиллагаа нь бидний бодож байгаа шиг тийм ч “муу” зүйл биш байж болно.
Ач холбогдол: Жирэмслэх үед зөвхөн биед гэлтгүй тархинд ямар өөрчлөлт гардгийг судалж ойлгох нь жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлтийг илүү нарийвчлан судлахад нэг алхам ойртож буй явдал юм.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Тархины саарал эд, цагаан эд
Тархины эд нь голчлон хоёр төрлийн эдээс бүрддэг: саарал болон цагаан эд. Саарал эд нь нейрон буюу мэдээлэл боловсруулж, ой тогтоолт, сэтгэл хөдлөл, хөдөлгөөнийг зохицуулдаг хэсгийг хэлдэг. Энэ эд нь голчлон тархины гадна давхаргад (кортекс) байрладаг юмсанж. Харин цагаан эд нь миелин хэмээх хамгаалалтын бүрхүүлээр хучигдсан мэдрэлийн эсүүдээс тогтдог бөгөөд эдгээр эсүүд нь мэдрэлийн дохиог тархины өөр өөр хэсгүүд рүү хурдан дамжуулах үүрэгтэй. Жирэмсний үед эдгээр хоёр хэсэг хэрхэн өөрчлөгдөж байгааг үр дүнгийн хэсэгт илүү дэлгэрэнгүй авч үзэх тул энэ хэсэгт товчлон дурдаад орхиё.
ТУРШИЛТЫГ ТОВЧООР
IVF буюу үр шилжүүлэн суулгах замаар жирэмсэлсэн 38 насны эмэгтэйн тархины зураг болон цусны шинжилгээнд үндэслэн туршилтыг явуулжээ. Тархины MRI-д тус эмэгтэй 26 удаагийн давталттай орсон. Үр тогтохоос гурван долоо хоногийн өмнөх үеэс эхлээд хоёр жилийн хугацаанд буюу 126 долоо хоногийн хугацаанд хяналтандаа байлгажээ.
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Судалгааны үр дүнд тархины дунд чамархайн дэлбэн (MTL), тэр дундаа ой санамжид чухал үүрэгтэй гиппокампусийн CA1, CA2/CA3 зэрэг дэд талбайн эзлэхүүн буурах хандлага ажиглагдсан байна. Үүний зэрэгцээ, тархины цагаан эдийн бүтэц сайжирч, жирэмсний явцад тархины хэсгүүдийн хоорондын холбоосууд илүү бэхжиж байгааг тогтоожээ.
Цагаан эд нь тархины кортексийн доор байрладаг бөгөөд олон сая мэдрэлийн эсүүдийг хооронд нь холбож, түм түжигнэсэн хотын түгжрэлтэй зам лугаа адил тархины үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. Энэ хэсэг жирэмсэн үед стеройд даавар ихэссэний улмаас эзлэхүүний хувьд ихэсдэг аж. Яг яаж вэ гэхээр, жирэмсэн үед миелин хэмээх уураг тархинд ихэсдэг бөгөөд энэ нь тархины мэдээлэл дамжуулах аксонуудын гөлгөр бүрхүүл болж өгдөг.
Ингэснээр өндөр хурдны интернэт суулгаж байгаа мэт тархины мэдээлэл дамжуулах байдал сайжирч, холболт илүү хүчтэй, хурдан болдог гэсэн үг. Ээжүүд жирэмсэн үедээ олон ажлыг зэрэг амжуулах, сэтгэл хөдлөлөө удирдах, стресстэй үед ч сэрэмжтэй байх зэрэг ачааллууд авч байдаг тул уг хүндхэн хөдөлмөрт туслах зорилгоор тархи өөрийгөө бэлдэж буй үйл явц хэмээн тархи, мэдрэл судлаач Сюзана Кармона тааварлаж байгаа юм.
Ийнхүү тархины мэдээлэл дамжуулах чадвар сайжрах нь нөгөө талдаа анхаарал сарниж, зарим юмсыг мартах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэж болох ч цаанаа бол тархи цахилгааны утаснуудыг чанартай, бат бөх суурилуулахын төлөө ажиллаж байна гэсэн үг. Улмаар амаржсаны дараа ээжүүдийг хүүхэдтэйгээ илүү гүнзгий холбогдож, эх хүний үүрэг хариуцлагад урьдчилан бэлдэж байж болох юм. Сонирхолтой нь, эдгээр өөрчлөлтүүд эхийн тархинд төрсний дараа ч хоёр жил хүртэлх хугацаанд хадгалагддаг байна.
ОНЦЛОГ, ДЭВШИЛТ
Өмнөх энэ төрлийн судалгаанууд жирэмслэлтээс өмнөх болон дараах байдлыг л харьцуулдаг байсан бол уг судалгаа жирэмслэлтийн явцад гарч буй динамик буюу шулуун бус өөрчлөлтүүдийг баримтжуулж чадсанаараа онцлог. Мөн судалгаа нь жирэмслэлттэй холбоотой тархины өөрчлөлтүүд, тэр дундаа тархины шингэний эзлэхүүн ихсэх, ховдлын өргөсөх, агших зэрэг урьд өмнө судлагдаагүй талыг судалсан байна.
Нэг талаараа урт хугацаанд гарсан өөрчлөлтийг судалсан нь онцлууштай ч нөгөө талаараа ганцхан эмэгтэй дээр хийсэн судалгаа учраас олон эмэгтэйг төлөөлүүлж ойлгоход учир дутагдалтай. Тийм ч учраас уг судалгаа нь жирэмслэлт, тархи, дааврын холбоо хамаарлыг ойлгоход багахан дэвшилт болсон судалгааны ажил хэмээн ойлгож болно.
Бид жирэмсэн эмэгтэй уйлж, инээж, мартаж, санаж байгааг "жирэмслэхээр л угаасаа ингэдэг юм" гэж хялбархан тайлбарлахаас чухам яг яагаад сэтгэл санааны өөрчлөлтөд өртөж буй тухай нарийвчлан бодох нь ховор. Мэдээж, дааврын өөрчлөлтөөс үүдэлтэй мартамхай байдал гэж ерөнхийлж болох ч тархины аль хэсэг, яг хэрхэн өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан ийм зан төрх илэрдэг гэдгийг лавшруулан ойлговол жирэмсэн эмэгтэйн ойр дотнын хүмүүс нь илүү тайван байж, түүнд зөв арга замаар туслах нь лавтай.
Тиймээс танд төрсөн асуулт, гайхширлыг шинжлэх ухаанчаар хайж, олж, мэдэж сурах нь өөрийгөө болон хайртай хүмүүсээ ойлгож, хамгаалах хамгийн энгийн үйл юм шүү.
h haha 2024.09.27 202.170.73.187
Hudaldagdsn site yma , Suuliin heden odor hedench huniig bid herhen ajildagt oruulav Amidrald heregtei buteej bga humuusiin arga bariltai taniltsahiig husej bna, Ene hediin ajil hiine ch gj yu bhav