Монгол Улсын барилгын салбар 2022 оны байдлаар ДНБ-ийн 4.2 хувийг эзэлдэг гэсэн тооцоолол бий. Уг салбарт шууд болон шууд бусаар 100 мянган хүн ажиллаж байдаг ба тиймдээ ч улсын хөгжлийг тодорхойлж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлж байдаг.  

Өвлийн улирал хаяанд ирж, хэн бүхэн дулаан хувцсандаа орж, өвлийн идшээ базааж, эртхэн гэртээ харихын хүслэн болж байна.  

Тэгвэл өвлийн улиралд баригдаж дуусаагүй барилгуудад юу тохиолддог бол гэж бодож байсан уу? Энэ удаа бид тун сонирхолтой хийгээд маш хэрэгцээт сэдвийг “барьж авсан” бөгөөд нийтлэлийг уншиж дуусах үед та дээрх асуултын хариултыг мэдэхээс гадна барилгын материалын чанар, стандартын талаар хэрэгцээт мэдээллийг олж авсан байна гэдэгт итгэлтэй байна. 


яагаад ихэнх барилгын ажил өвөл зогсдог вэ?

Барилгын хамгийн чухал хэсэг болох бетон зуурмаг хатаж, бат бэх болоход 28 хоног шаардлагатай байдаг. Товчхондоо бол бетон нь хүйтэн цаг уурт бат бэх болоход хүндхэн байдгаас л өвөлдөө ихэнх барилгын ажил зогсдог аж. Сайн барилга барихын тулд сайн материал хэрэглэх ёстой. Мэдээж барилга бүр дизайнаасаа хамаараад хийцлэл нь харилцан адилгүй ч ямар ч барилгын хувьд арматур болон бетоны чанар чухал нөлөөтэй. Хүний биеэр төсөөлөх юм бол бетон нь булчин, араг яс нь арматур юм. Тиймээс барилгын чанар, даац, эдэлгээ мөн цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй байхад нь арматур, ялангуяа бетоны чанар шууд нөлөөлдөг.

Дэлхий даяар жилд 20 тэрбум тонн бетоныг ашигладаг гэх тооцоолол байдаг ба БНХАУ уг дүнгийн 50 хувийг дангаараа бүрдүүлдэг. Манай орны хувьд бетон болон барилгын хэрэгцээт материалаа хойд болон урд хөршөөсөө захиалан авчирдаг бөгөөд аль хотоос авч байгаагаас хамааран долоо хоногоос хоёр сар хүртэлх хугацаа шаардагддаг.

Гэвч Монголын нөхцөлд барилга барихад таатай уур амьсгалтай нийт 180 өдөр байдаг бөгөөд захиалсан материалууд энэ хугацаанд ирж амжихгүй бол хүйтний үед барилгын ажлаа үргэлжлүүлэх ёстой болдог.

Бидний хувьд өвлийн улирал цас орохтой зэрэгцэн эхэлдэг бол барилгын хувьд хөрсөн дээр 5 хэмийн дулаан гурван өдөр дарааллах үед эхэлдэг гэнэ. Тэгэхээр намрын эхэн үед ч барилгын салбарт “өвөл” эхлэх боломжтой гэсэн үг.


өвлийн барилга чанаргүй байх тохиолдол

Барилга барьж байгаа компанийн хувьд хүйтэн цаг уур эхэлсэн тохиолдолд бетоны цутгалтаа хүйтэн цаг уурын стандартын дагуу хийх шаардлага гардаг. Зарим хүмүүсийн хувьд уг стандартыг мэдэхгүйгээс эсвэл мөрдөөгүйгээс улбаалж барилгад олон төрлийн эрсдэл үүсдэг бөгөөд тэрхүү асуудлуудаас болж өвөл баригдсан барилга чанаргүй байдаг гэх хэвшмэл ойлголт нийтэд тархсан аж.

Угтаа хүйтэн цаг уурын зориулалтын бетон байдаг ба хүргэлт, бат бэхээ авах гэсэн хоёр үндсэн үе шат дээр стандартаа мөрдсөн тохиолдолд барилгын чанарт огт сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд улирлаас үл хамааран барилгын ажлаа хурдтай явуулж, захиалагчдадаа цагт нь хүлээлгэж өгөх боломжийг бүрдүүлдэг байна. Хүйтэн цаг уурын бетон нь үйлдвэрээс халуун гараад хүргэлтийн явц болон төслийн талбай дээр цутгагдсаны дараа 12 хэмд байж чадвал ямар ч асуудал үүсдэггүй.


хүйтэн цаг уурын бетон

Premium Building Materials компани барилгын компаниудын өвлийн бүтээн байгуулалтын найдвартай түнш болж, ACI 306R-16 стандартад нийцсэн бетоны нийлүүлэлт, үйлдвэрлэлийг санал болгож эхэлжээ.

ACI 306R-16 стандарт нь бетоныг үйлдвэрлэх, тээвэрлэх, төслийн талбай дээр арчлах гэсэн хэсгүүдээс бүрдэж буй. Энэхүү үе шатуудад эрсдлээс сэргийлж, стандартын дагуу ажиллаж чадснаар барилгын чанарт огт нөлөө үзүүлдэггүйг мэргэжилтнүүд онцолж буй.