Аливаа брэнд хэрэглэгчидтэйгээ байнгын холбоо хамааралтай байхын тулд үргэлж хувьсаж, өөрчлөгдөх шаардлага үүсдэг. Орчин цагтай хөл нийлүүлэх, шинэ хэрэглэгчдэд хүрэх гэх зэрэг зорилгоор урт хугацаанд үйл ажиллагаа явуулж буй компаниуд "Rebranding" хийх нь элбэг үзэгдэл. Харин "Rebranding" гэдэг ойлголт нь угтаа юуг хэлдэг, ямар үр дүнг авчирдаг тухай томоохон брэндүүдийн жишээн дээр тайлбарлан хүргэж байна.
"Rebranding" гэж юу вэ?
"Rebranding" гэдэг нь аливаа брэнд тухайн зах зээл дээр шинэ ялгамж чанарыг үүсгэх зорилгоор өөрсдийн лого, уриа үг, алсын хараа, зорилт, үнэт зүйл, нэр болон зорилтот хэрэглэгчид гэх мэт зүйлсээ тодорхой хэмжээнд өөрчлөхийг хэлдэг. Энэ нь тухайн брэнд олон нийтэд илүү танигдах, шинэ хэрэглэгчдэд хүрэх, өрсөлдөгчдөөсөө ялгарах, орчин цагтай хөл нийлүүлэн алхахад тусалдаг аж.
Ялангуяа урт хугацаанд үйл ажиллагаа явуулж буй брэндүүд "Rebranding" хийх шаардлагатай тулгарах нь жам ёсны зүйл юм. Үүнийг "Coca-Cola", "Disney" гэх зэрэг дэлхийн томоохон брэндүүдээс харж болно. Жишээлбэл, "Apple" компани гурван удаа, "Starbucks" дөрвөн удаа, "Pepsi" нийт арван нэгэн удаа "Rebranding" хийжээ.
dropbox
"Dropbox" нь 2008 онд байгуулагдсан дижитал баримт, материалын сангийн үйлчилгээ үзүүлдэг компани юм. Уг компани 2017 онд технологийн салбарын түүхэн дэх хамгийн эрс шийдэмгий шинэчлэлтийн нэгийг хийсэн байна. "Dropbox"-ийн алсын хараа анхны хэлбэрээсээ халин улам өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж руу зорьсон учир энэхүү шинэчлэлтийг хийжээ. Зорилго нь зөвхөн дижитал агуулахын орон зай байхаа больж, алсын хараа нь бүтээл туурвил болон бүтээлч хамтралын нэгдсэн орон зай болон хувьсан өөрчлөгдсөн аж.
Хуучин хайрцаг мэт хэлбэртэй лого нь гадаргуунуудын цуглуулга болон өөрчлөгдсөн нь "Dropbox" нээлттэй платформ бүхий бүтээлч орон зай болсон гэдгийг илтгэжээ.
lego
"LEGO" нь 1932 онд үүсгэн байгуулагдсан дэлхийд алдартай тоглоомын компани билээ. Энэхүү компанийн "Rebranding" нь корпорацийн түүхэн дэх хамгийн даацтай өөрчлөлтөөр нэрлэгддэг аж. 90 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй "LEGO" компани 2003 оны үед дампуурлын ирмэгт хүрч байжээ.
Тухайн үед "LEGO" дизайн, лого гэх мэт зүйлсээс илүү үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилснөөр эргэн сэргэж чадсан байна. Хүүхдүүд болон эцэг, эхчүүдтэй холбогдох дижитал сувгуудаа хөгжүүлж, хэрэглэгчдэдээ дахин хүрч эхэлжээ. Энтертайнмент салбарт кино гэх зэрэг "LEGO"-той хамааралтай контентууд хийж эхэлсэн нь эерэг үр дүн авчирсан аж.
Unitel
"Юнител" групп нь үүрэн холбоон цогц үйлчилгээг үзүүлж буй үндэсний хэмжээний групп компани билээ. Хамгийн сүүлд 2015 онд шинэчлэлт хийж байсан "Юнител" компани энэ онд мөн өөрсдийн дүр төрх, философидоо өөрчлөлт хийсэн байна.
Тэдний "Түрүүлж алхана" уриа үг "Хамтдаа түрүүлж алхана" болж шинэчлэгдсэн юм. Өмнөх уриа үг нь технологийн дэвшлүүд, шинэлэг бүхнийг түрүүнд нэвтрүүлж, анхдагч байна гэсэн философийг агуулсан мэт санагддаг. Харин шинэчлэгдсэн уриа үг нь ялимгүй өөрчлөгдсөн мэт боловч өөрсдийн хэрэгжүүлж буй бүхий л инновациудын тусламжтайгаар хэрэглэгчдэдээ үнэ цэн түгээхдээ гол анхаарлаа хандуулж, хамтдаа алхана гэсэн даацтай утгыг даруухнаар илэрхийлжээ. Ингэснээр хэрэглэгчид илүү дотно мэдрэмжийг авах нь гарцаагүй.
Өнгөний хувьд өмнөх шар суурьтай ногооныг өөрчилж, илүү тод, ногоон ирээдүйг илтгэсэн өнгөтэй болгожээ. Дижитал эринд аливаа зүйлс өдөр ирэх тусам илүү энгийн болсоор буй. "Юнител" ч энэ чиг хандлагыг шингээн логоны үндсэн бичиглэлээ илүү том, тод хар өнгөтэй болгосон нь уншихад илүү хялбар санагдана. Түүнчлэн шинэчлэгдсэн логонд уриа үгийг тэр чигт нь оруулахгүйгээр илүү өргөн утга агуулгатайгаар шингээн оруулсан байна.
"Юнител" өөрсдийн шинэчлэлтийг олон нийтэд таниулж буй "Хамтдаа түрүүлж алхана" кампанит ажлынхаа хүрээнд дан 3D дүрүүдийг ашиглаж эхэлсэн нь шинэчлэлтийн уур амьсгалыг мэдрүүлж, дижитал өнгө төрхийг бүрдүүлж чаджээ.
microsoft
"Rebranding" бүр бүтцийн бүрэн өөрчлөлт байх албагүй гэдгийг "Microsoft"-ийн жишээнээс харж болох юм. 2020 онд "Microsoft" өөрсдийн хайлтын систем "Bing"-ийг "Microsoft Bing" болгож өөрчилсөн. Түүнчлэн логог нь "Microsoft" корпорацийн дизайнтай дүйцүүлэн шинэчилсэн юм. Тэр жилдээ "Bing"-ээс гадна "Office 365"-д шинэчлэлт хийж, "Microsoft 365" болгожээ. Ингэснээр "Microsoft" брэндийн дүр төрх илүү хүчирхэгжсэн байна.