Хүн төрөлхтөн өдгөө жил бүр хоёр тэрбум давсан хог хаягдал бий болгож буй. Тэдгээрийг ачааны машинд овоолбол дэлхийг 24 удаа бүтэн ороож хүрэхүйц урт дараалал үүсэх аль эсхүл 800 мянган ширхэг олимпын зэрэглэлийн усан санг дүүргэж чадна хэмээн төсөөл дөө. Орчин цагийн салшгүй хэрэглээ болсон гялгар уутыг л гэхэд бид ердөө 12 минут ашигладаг хэрнээ тэрхүү уут хөрсөнд шингэхийн тулд дор хаяж 200-1000 жил шаардлагатай байдаг гэвэл та итгэх үү?



Хязгааргүй шунал, хэтийдсэн үйлдвэрлэлээс ундран гарах энэ их хог хаягдлын ердөө 20 хүрэхгүй хувийг л бид дахин боловсруулах хүчин чадалтай. Харин дахивар болж амжилгүй байгальд хаягдсан өнөөх үлэмж их хог хаягдал нь хүрээлэн буй орчин төдийгүй хүний эрүүл мэндэд ч асар их хор хөнөөл учруулж болохыг хог хаягдлын менежментээр дэлхийд сүүл мушгиж буй нийслэл хотын оршин суугч бид бэлхнээ харж байна шүү дээ.

Тэгвэл 30 хүрэхгүй жилийн дараа буюу 2050 он гэхэд хог хаягдлын хэмжээ 70 хувиар нэмэгдэх төлөвтэй энэ цаг үед дэлхийн улс орнууд хэрхэн дахин ашиглах боломжтой хаягдлыг иргэдээсээ цуглуулж байгааг бид онцолж байна. Ангилбал алт, хаявал хог хэмээн нэрийддэг дахиврыг хангалттай хэмжээнд цуглуулж, дахин боловсруулж чадах аваас үнэхээр хаягдлын хэмжээ буурах боломжтой юу? Нийтлэлээс илүү дэлгэрэнгүйг олж мэдэцгээе.



ШВЕД

Хэрэв та швед айлд зочилбол хоолны өрөөнд нь байрлах дор хаяж дөрвөөс дээш хогны савыг өөрийн эрхгүй анзаарч харах биз ээ. Нийт хог хаягдлынх нь ердөө нэг хүрэхгүй хувь хогийн цэг рүү шилждэг, ангилан ялгалтаар дэлхийд үлгэр жишээ болсон тус улсын өрх бүхэн хог ангилан ялгах тал дээр мэргэшсэн гэхэд хилсдэхгүй.

Тодруулбал, дахивар болох боломжтой хуванцар болон гялгар уутыг хадгалах, хоолны хаягдлыг бордоо болгох зэрэг хогны сав бүр нь тус тусын зориулалттай. Дээрх энгийн мөртөө гайхалтай дадлын ачаар Шведийн иргэн бүр жилдээ 2 тонн хаягдлыг хогийн цэг дээр шатаахаас сэргийлж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг юм.



Түүнчлэн Шведийн Засгийн газар иргэдийнхээ дунд 1984 оноос хөнгөн цагаан лааз, 1994 оноос хойш хуванцар сав буцаахад урамшуулал олгодог систем нэвтрүүлснээр өдгөө тус улсын өнцөг булан бүрд хаягдал хүлээн авах автомат машинууд борооны дараах мөөг адил олширсон түүхтэй.

Та хаана ч явсан уусан ундааныхаа савыг хаяхыг хүсвэл өөрт ойрхон автомат машинд шургуулахад л хангалттай. Энэхүү системийн тусламжтай 2020 онд PET буюу дахивар хуванцар савны 86 хувь, хөнгөн цагаан лаазны 87 хувь нь хог болж хаягдахгүйгээр үйлдвэрийн дамжлага руу шилжжээ.

Боловсруулах боломжгүй хог хаягдлын хувьд тэд цахилгаан энерги болгон хувиргаж, жилдээ 250 мянган өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг болохыг дурдууштай. Сүүлийн жилүүдэд хаягдлаас эрчим хүч гарган авдаг станцуудын хувьд түүхий эдийн хомсдолтой нүүр тулсан учраас тасралтгүй ажиллагааг нь хангахын тулд хөрш зэргэлдээ Европын холбооны орнуудаас жилдээ 800 мянган тонн хогийг импортлон авах болжээ.


Хог хаягдлын менежмент тал дээр шведчүүдийн нэвтрүүлсэн бас нэгэн гайхалтай шийдэл бол газар доорх хогны сав буюу “ENVAC smart waste collection system” юм. Энэхүү технологийн тусламжтай швед иргэд өөрсдийн оршин сууж буй хотхоны ойролцоох хогны саванд дахивраа ангилах ба онцлог нь гэвэл тус сав газар дор байршилтай. Зөвхөн оршин суугчдад тухайн хогны савыг нээх чип өгдөг тул тухайн хотхон, орон сууцанд амьдарч буй иргэдийн хогны хэмжээг маш тодорхой хэмжиж болно гэсэн үг.

Хогны савыг ийнхүү шийдсэнээр хогны машин хаягдлыг ачихад илүү хялбар болж, цаг хэмнэх төдийгүй ил хаягдал олон хоног байршихгүй учраас хүмүүсийн амьдарч буй орчин ч цэвэрхэн байдгаараа давуу талтай.

Бусад улс орнуудтай адил Шведэд дахивар бүрийг ачих өдөр тустай байдаг бөгөөд хэрэв та тухайн өдөрт хогоо амжиж хаяагүй бол ирэх долоо хоногийг хүлээхээс өөр аргагүй. "ENVAC smart waste collection system" нэвтрээгүй газарт ч дахивар бүр өөрийн гэсэн тусдаа хогны савтай байх тул хог ачигчид автомат төхөөрөмжийн тусламжтайгаар маш хурдан хугацаанд хогоо ачиж чаддаг аж. Ерөнхийдөө хөгжингүй улс орнууд сүүлийн жилүүдэд хог ачих үйл явцыг хүний гар оролцохгүйгээр аль болох автоматчилахыг хичээж буй. Хамгийн сүүлд л гэхэд 2020 онд Volvo компани дэлхийд анх удаа өөрөө удирдлагатай хогны машиныг туршиж эхэлсэн билээ.



 өмнөд солонгос

Солонгос драм болгон дээр дор хаяж нэг удаа гардаг гэхэд хилсдэхгүй нэгэн үзэгдэл бол хог ангилан ялгах үйл явц. Хэрэв та кдрамын үнэнч фен бол тэд хогоо хэчнээн олон төрлөөр ангилдгийг, шингэн хаягдлын чийг сорох зориулалттай машин түгээмэл ашигладгийг харж болно. Мөн хогоо бөөнд нь хаяж байгаа нэгнийг нийтээрээ жигшдэг болохыг хангалттай олон удаа дэлгэцээс үзсэн гэдэгт итгэлтэй байна. Бодит амьдрал дээр ч ялгаагүй.

1990-ээд оны эхэн үед эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан тус улсын хатуу хог хаягдлын хэмжээ хурдацтай нэмэгдэж эхэлсэн тул Засгийн газраас нь хаягдлын хэмжээ хязгаарлахын тулд хогны уутны үнийг хэд дахин нэмжээ. Өмнөд Солонгост та дурын уутандаа хог хийж хаях хориотой. Таны амьдарч буй дүүрэг бүр өөрийн гэсэн тусгай тэмдэглэгээ бүхийн ууттай байх бөгөөд дахин боловсруулах боломжгүй хог хаяхдаа зөвхөн тэр уутыг л ашиглах учиртай. Дахин боловсруулах боломжтой хог хаягдлын тухайд ангилан ялгах зориулалттай тусгай хэсгүүд орон сууц болгоны доор байх тул уут шаардлагагүй.



Өмнөд Солонгост хог хаях хугацаа, байршил нь дүүрэг бүрээс хамаарна. Хаягдал болгоныг ачих хугацаа өөр тул та хүссэн үедээ хаягдлаа ангилах боломжгүй. Даваа гарагт зөвхөн гялгар уут, мягмар гарагт хуванцар сав гэхчлэн тусгай хуваарийн дагуу хаягдлаа ангилах ёстой. Хэрэв та эдгээр журмыг дагаж мөрдөөгүй бол торгууль төлөх шаардлагатай бөгөөд амьдарч буй орон нутгаас хамаарч торгууль ₩300,000 хүртэл байдаг аж.

Өмнөд Солонгос энэхүү системийг сүүлийн 30 жилийн турш амжилттай хэрэгжүүлсний дүнд 1994 онд нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээ 1,3 кг байсан бол 2014 онд 0,95 кг болж буурчээ. Мөн дээрх хугацаанд дахин боловсруулах хаягдлын хэмжээ 15,4 хувиас 60 хувь болтлоо өсөж, дэлхийд тэргүүлж байгаа юм. Түүнээс гадна тэд 2013 онд хүнсний хог хаягдлыг ялгах бордоо болгох үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд энэ төрлийн хаягдал 1994 онд 97 хувь байсан бол 2014 онд хоёр хувь хүртлээ буурсан байна.



Өмнөд Солонгост дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг зөвхөн заагдсан цагт (хот болгоны цагийн хуваарь өөр байдаг ч дийлэнхдээ хогны машин зөвхөн оройн цагаар буюу 18:00-24:00 хооронд л ачдаг) хаях журамтай. Хэрэв та стандартын уут ашиглаагүй, зөвшөөрөгдөөгүй цагаар эсвэл буруу хаягдал (хоол хүнс, дахин боловсруулах боломжтой бүтээгдэхүүн гэх мэт) ачуулбал 1 сая вон хүртэл торгуулийн өрөнд орох болно гэдгийг анхаараарай.

Тус улсын Засгийн Газраас ирэх жилүүдэд хот дотор явах хогны машинуудыг илүү байгальд ээлтэй болгохоор зорьж буй бөгөөд өнгөрсөн жил устөрөгчийн түлшээр ажилладаг машиныг Чанву аймагт ашиглаж эхэлсэн юм.

Дахивар бус хог хаях зориулалттай тус уутан дээр хогийг хаана, хэзээ,хэрхэн хаях талаар бүх мэдээлэл бичээстэй байдаг


 австрали

Хог ангилан ялгахад тулгардаг хамгийн том бэрхшээлийн нэг бол хэн ч харсан ойлгомжтойгоор тухайн хогийг хэрхэн ангилах тухай мэдээлэл хангалтгүй байдаг явдал юм. Хуванцар дээр л гэхэд бүх хуванцрыг бус зөвхөн тусгай тэмдэглэгээ бүхий савыг л дахин боловсруулах боломжтой зэрэг толгой эргэм зааврууд нэг л мэдэхэд жирийн иргэдийг хогоо бөөнд нь хаяхад хүргэдэг.



Тэгвэл Австралийн Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтран зах зээл дээр худалдаалагдаж буй бүх бүтээгдэхүүн дээр маш ойлгомжтойгоор дахин боловсруулах (box), дэлгүүр дээр буцаан тушаах (store drop off), шууд хаях (lid) гэсэн гурван төрлийн тэмдэглээ тавьснаар дахиврын хэмжээг 60 хүртэлх хувиар нэмж чаджээ.


хуванцрын хог хаягдал монголд 

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд жилд 1,2 сая тонн хог хаягдал үүсдэг. Үүнээс 13 хувь буюу 156 мянган тонн нь хуванцар, нийлэг материалын хаягдал эзэлж байгаа юм. Харамсалтай нь, манай улс хэрэглэсэн хуванцар гялгар уутныхаа гурваас долоон хувийг л дахин боловсруулж чаддаг гэнэ.

Сайн мэдээ гэвэл өнгөрөгч онд жилдээ 20 мянган тонн PET хуванцар дахин боловсруулах хүчин чадалтай, “М-Си-Эс Кока-Кола” компанийн хуванцар савны нийлүүлэгч “Ти Эм Эл” үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор Монгол Улсын хуванцар савны жилийн хэрэглээ болох 18 мянган тонн хаягдал эдийн засгийн эргэлтэд орох бүрэн дүүрэн боломжтой болсон билээ.

Энэхүү үйлдвэр нь хуванцар сав түүдэг иргэд, дахивар хүлээн авах төв болон бусад оролцогч талын дэмжлэгтэйгээр хуванцар савныхаа нөөцийг 2018 оноос бүрдүүлж эхэлсэн бөгөөд одоогоор хуванцар хүлээн авах цэг нь Их Наран болон Амгаланд байрлаж байна.


Энэхүү нийтлэлийг уншигчид Монголд хогоо ангилсан ч хогны машин нийтэд нь аччихдаг юм чинь дахивар цуглуулах шаардлага байгаа гэж үү хэмээн бодож болох юм. Бодлого боловсруулагчдын зүгээс энэ тал дээр нэгдсэн арга хэмжээ авч эхлээгүй байгаа ч хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд хамтран улирал бүр ДАЯС буюу дахивар авах явуулын станц үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Тэгвэл 12 дахь удаагийн #ДАЯС өдөрлөгийг “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран зохион байгуулах гэж буй аж. Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь “Ти Эм Эл” үйлдвэрийн дахин боловсруулдаг PET хуванцрыг хамгийн их цуглуулсан СӨХ-г шалгаруулах юм. Ирэх аравдугаар сарын 1-ний Бямба гарагт БГД-ийн Байгаль Эх цогцолборын гадаа талбайд дахивраа хүлээлгэн өгч, байгаль дэлхийгээ хайрлах үйлсэд нэгдэхийг бидний зүгээс уншигч та бүхэндээ уриалж байна.

#WorldWithoutWaste #ХуванцрынХаягдалгүй Дэлхий #RecycleMe