Ковид-19 цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтээр зайнаас ажиллах, тэр тусмаа гэрээс ажиллах хэв маягт шилжсэн билээ. Мэдээж энэ шилжилт олон давуу талыг бий болгосон. Жишээ нь өдөр бүр ажилдаа явах гэж бэлдэх шаардлагагүй, хүсвэл тухтай орон дээрээ хэсэгхэн дуг хийж болно, гадуур хоолонд мөнгө үрэхгүй гэх мэтчилэн эерэг талыг нь дурдаад дуусахгүй. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр сул тал ч цөөнгүй бий. 

Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ зайнаас ажиллахын “зовлон”-той талуудыг онцолж байна. 

АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭР АЛДАГДАНА

Гэрээс ажиллах үед ажил, амьдралын тэнцвэрийг хадгална гэдэг амаргүй. Дасгал хөдөлгөөн хийх, арьсаа арчлах, хэл сурах гэх мэт ажлыг төлөвлөсөн ч бодит байдал дээр санасны гарз болох нь олонтоо. Яагаад гэж үү? Гэрээс ажиллаж байгаа цагт ажлаас хөндийрнө гэдэг хэцүүхэн даваа. Сайндаа л зурагт үзнэ, хоолоо хийнэ, ном уншина… Үүнээс өөрөөр ажлаа дуусгасан, орхисон мэт мэдрэмж авах нь юу л бол.

Европын 15 орны хийсэн судалгааг харьцуулан дүгнэсэн уг нэгтгэлд гэрээс ажиллаж буй хүмүүсийн 41 хувь, оффисоос ажиллагсдын 25 хувь нь стресст өртөж байгаа хэмээн хариулжээ. Түүнчлэн гэрээс ажиллагсдын 42 хувь, оффисын ажилчдын 29 хувь нь нойрны асуудалтай байгаа талаараа хэлсэн байна. Товчхондоо гэрээс ажиллах нь стресс, нойрны асуудалд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг байж болзошгүй.


Хөдөлгөөнт зургийг: Dribbble

НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ДУТАГДАЛД ОРНО

Баасан гаргийн орой багийнхантайгаа сонин сайхнаа ярьж, тоглоом наадам хийсэн шигээ цагийг өнгөрүүлэх нь угтаа таны амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлдэг. Үүнтэй санал нийлэхгүй хүн ховор биз ээ. Түүгээр ч зогсохгүй оффисын орчинд хамт олонтойгоо нүүр тулан харилцах нь хамтын ажиллагааг нэмэгдүүлж, урам зоригтой ажиллах сэдэл болдог аж. Харин зайнаас ажиллах нь нийгмийн харилцааг багасгаж, эсрэгээрээ ганцаардал, сэтгэл санааны асуудал үүсгэх магадлалтай.

Тухайлбал, 2021 онд Microsoft компанийн 61 мянган ажилтны дунд явуулсан судалгаагаар зайнаас ажиллагсад ажлын шинэ харилцаа үүсгэх нь бага төдийгүй багийн ажиллагаанд 25 хувиар цөөн цаг зарцуулсан гэжээ. Түүнчлэн 2023 онд Buffer вэбсайтын явуулсан “State Of Remote Work 2023” судалгаагаар ажилтнуудын 23 хувь нь ганцаардах асуудалтай нүүр тулж байгаа ба хамт олон дунд байхдаа илүү их эрч хүчтэй, урам зоригтой ажилладаг гэсэн байна.


Хөдөлгөөнт зургийг: Dribbble

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ МАГАДЛАЛ НЭМЭГДЭНЭ

Харамсалтай нь энэ бол үнэн. Women’s Aid байгууллагын мэдээлснээр цар тахлын үеэр гэр бүлийн хүчирхийллийн улмаас тэдэнд хандах эмэгтэйчүүдийн тоо 43 хувиар өссөн гэжээ. Товчхондоо, эндээс гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн олон хүний хувьд ажлын байр бол тэднийг хүчирхийллийн харилцаанаас ангижрах, санхүүгийн эх үүсвэрээр хангахад чухал нөлөөтэй хэмээн дүгнэж болно.

ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭ ХЭТИЙДНЭ

Ажлаасаа алхаж ирэх арван минут, ажлын газрынхантайгаа “хов базах” таван минут, ажлын дараа хөлсөө гаргах жаран минут байхгүй аваас биднийг нэг л сонголт хүлээж буй. Энэ бол дэлгэцээс дэлгэцийн хооронд шилжих. Зөөврийн компьютер дээрээ ажлаа хийж дууслаа, түр амсхийе гээд утсаа ухна эсвэл зурагт үзнэ… Энэ мэтчилэн бид өөрсдийгөө дэлгэцээс хол байлгах нь битгий хэл улам бүр ойртуулдаг. Мэдээж үүнийг дагасан эрүүл мэндийн асуудлыг ч дурдахгүй өнгөрч үл болно.

2021 онд явуулсан судалгаагаар зайнаас ажилладаг хүмүүс оффисоос ажилладаг хүмүүсээс 3.6 цаг илүү дэлгэцийн өмнө суудаг гэжээ. Энэхүү хэтийдсэн хэрэглээ нь урт хугацаанд үргэлжилбэл нүдний асуудлууд (нүдний хуурайшилт, ядаргаа), хүзүү, нурууны өвчин зэрэг бие махбодын өвчлөл үүсгэх эрсдэлтэй.


Хөдөлгөөнт зургийг: Dribbble

ЭЦЭСТ НЬ СЭТГЭЛЗҮЙН АСУУДЛУУД ҮҮСНЭ

Дээрх асуудлуудаас үүдэн сэтгэлзүйн асуудлууд үүсэж болзошгүй. Ажил, амьдралын тэнцвэр алдагдах, нийгмийн харилцаа багасах, дэлгэцийн хэрэглээ нэмэгдэх зэрэг нь ажлаас халшрах, амьдралын чанар буурах нь цаг хугацааны л асуудал. Хэдийгээр цагт баригдахгүй, уян хатан ажиллах нь сайхан ч эцсийн бүлэгтээ хэт их ажиллах үр дүнд л хүргэнэ.

TravelPerk-ийн хийсэн судалгаагаар гэрээс ажиллагсдын 38 хувь нь илүү цагаар ажилласнаас үүдэн ажлаас халшрах шинж тэмдэгтэй байгаа бол 86 хувь нь ядаргаанд орсон гэжээ. Хэрэв та гэрээс ажилладаг бол ажил амьдралынхаа зааг шугамыг сайтар тогтоож, сахилга баттай байх нь чухал шүү.


Хөдөлгөөнт зургийг: Dribbble