Энэ зуны бас нэгэн хөгжмийн ертөнцийн тэсрэлт бидний өмнө дэлгэгдэхэд бэлэн болоод байна. Тодруулбал, “Shoegaze” урсгалаар уран бүтээлээ туурвигч, дэлхийн шилдэг гурван хамтлагийн нэг болох Английн алдарт “RIDE” хамтлаг Монголын үзэгч, сонсогчдодоо өөрсдийн уран бүтээлийг өргөн барихаар ирлээ. Ташрамд дурдахад, RIDE хамтлаг нь энэ оны гуравдугаар сард “Interplay” хэмээх шинэхэн цомгоо сонсогчдын хүртээл болгоод буй.
Зохион байгуулагч: 1737 Энтертайнмент ХХК
Хаана: AIC Steppe Arena
Хэзээ: Долоодугаар сарын 31-нд 21:00
Тасалбар худалдаж авах: shoppy.mn
ride-ийн эхлэл
Тэртээх 1988 онд Английн Оксфордын “Cheney” ахлах сургуулийн сурагчид болох Энди Белл, Марк Гарденер нар танилцан дотно нөхөрлөснөөр “Ride” хамтлаг байгуулагдах эхлэл тавигджээ. Улмаар тэд North Oxfordshire College”-д суралцаж байх явцдаа хамтлагийн басс гитарчин Стив Квералт, бөмбөрчин Лоренс Колберт нартай танилцан RIDE хамтлагийг үүсгэн байгуулж байсан түүхтэй.
Тэд хамтлагтаа нэр өгөхөөр нэлээд хэлэлцсэний эцэст бөмбөрийн “Ride” цангаас санаа аван ийн нэрийдэхээр санал нэгджээ. Тэдний гаргасан гурван бэсрэг цомог (“Ride, Play, Fall”) Британийн шилдэг цомгийн жагсаалтын 75-т эрэмбэлэгдэж, улмаар “Nowhere, Going Blank Again” гэх цомгуудаа гарган “Leave Them All Behind” дуугаараа Британийн шилдэг аравдугаарт цөмрөн орж шуугиан тарьж байв.
leave them all behind
Хамтлагийн “Nowhere”, “Going Blank Again” цомгууд Pitchfork сэтгүүлийн “Бүх цаг үеийн шилдэг 50 Shoegaze цомог” жагсаалтад эхний тавдугаарт бичигддэг ажээ. Тэдний хоёр дахь цомог болох “Going Blank Again”-ийн эхний дуу “Leave Them All Behind” 1992 оны хоёрдугаар сарын 3-нд цацагдсанаар“ Ride-ийн хамгийн их борлуулалттай бүтээл хэмээгдэх болжээ. Улмаар Британийн шилдэг 10-т бичигдсэн нь тухайн үедээ тэдний хамгийн өндөр амжилт байсан бөгөөд найман минут гаруй үргэлжилдэг энэхүү дуу “shoegaze” урсгалын хамгийн гайхамшигтай жишээнүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог билээ.
Сонирхуулахад, “Leave Them All Behind” дууг Британийн шилдэг арван дууны жагсаалтад багтах үеэр “The Jesus and Mary Chain” хамтлагийн “Reverence” дуу, “Primal Scream” хамтлагийн “Dixie-Narco EP” бэсрэг цомог нар шил шилээ даран жагсаж байсныг “The Guardian” сонин онцолж байв. Мөн хамтлагийн гитарчин Белл шинэ уран бүтээлээ сонсогчдодоо цаг алдалгүй хүргэх үүднээс тухайн үеийн томоохон хамтлагууд болох “Beatles”, “The Jam” зэрэг хамтлагуудтай өөрсдийн бүтээл туурвих хурдыг харьцуулж, шаргуу хичээллэдэг байснаа дурссан байдаг.
Сэтгэгдэл бичих