Түүхийг сөхөөд үзвэл МЭӨ V, IV зууны эртний Грекээс төсвийн ил тод байдлын тухай ойлголт эхэлдэг. Тухайн үеийн Афин хотын иргэд, тэр дундаа эрчүүд нь төрийн бодлого боловсруулах, төсвөө хэрхэн зарцуулах зэрэг улс нийгмийн үйл хэрэгт нээлттэй саналаа өгч, хэлэлцүүлэг өрнүүлдэг байжээ. Тэгвэл орчин үед төсвийн ил тод байдал, түүнтэй холбоотой асуудлууд нь техник технологийн үсрэнгүй хөгжил, олон нийтийн интернэт хэрэглээтэй зэрэгцэн шат ахих, улам боловсронгуй болох шаардлагатай байгааг та бид анзаарч буй.
Шилэн дансны тухай хууль 2015 онд батлагдаж, Шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг 2016 онд нэвтрүүлсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд иргэд олон нийтийн санал хүсэлт, орчин үеийн стандарт дээр тулгуурлаж уг цахим хуудсыг шинэчлэн хөгжүүлж, 2023 оны санхүүгийн жилээс эхлэн нэвтрүүлээд байна. Энэхүү хуудсаас авч болох төрийн мөнгөний бодлого, төсөв, санхүүгийн тайлан зэрэг иргэн бүрийн мэдвэл зохих олон агуулгаас тавыг нь онцлон тайлбарлаж байна.
1. байгууллагын гүйлгээ
Монгол Улсад төрийн өмчит, төрийн бус, төсвийн гэх мэт төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд оролцон мэдээллээ дээрх цахим хуудсаар ил тод байршуулж буй нийт 6,046 байгууллага байна. Эдгээр бүх байгууллагын төсөв, хүний нөөц, 5 сая төгрөгөөс дээш дүнтэй гүйлгээ болон санхүүгийн дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Мөн тэдгээр байгууллагын зарцуулж буй зардлыг цаг хугацааны сонголтоор харж болно. Ингэхдээ эдийн засгийн ангиллаар буюу ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл, байр ашиглалттай холбоотой тогтмол зардал гэх мэт байдлаар шүүн харах нь илүү цэгцтэй мэдээлэл авахад тусална.
2. Сангуудын санхүүгийн тайлан
Монгол улсад Эрүүл мэндийн даатгалын сан, Боловсролын зээлийн сан гэх мэт нийт 26 тусгай сан байдаг бөгөөд тэдгээр нь 16 төрлийн тайлан мэдээллээ энд хавсаргадаг. Үүнд батлагдсан төсөв ба түүний гүйцэтгэл, төсөвт орсон нэмэлт өөрчлөлт, орлого, зарлагын гүйлгээний мэдээлэл гэх мэт мэдээллүүд багтана.
3. нээлттэй өгөгдлийн сан
Иргэдэд хамгийн хэрэгтэй буюу нээлттэй өгөгдлийн сангийн талаар мэдээлэл ч мөн багтсан. Үүнд төсвийн байгууллагуудын батлагдсан төсөв болон тэдгээрийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, Сангийн яамны мэдээлэл, статистик, тайлангууд багтах бөгөөд эдгээр мэдээллийг иргэд чөлөөтэй аван судлах, дүн шинжилгээ хийх боломжтой юм.
4. иргэдийн оролцоо
Олон нийт цахим хуудасны мэдээллийг олон улсын нээлттэй мэдээллийн стандартын дагуу хайх, татаж авах, дахин ашиглах боломжийг бүрдүүлснээс гадна санал гомдлоо хууль, журмын дагуу цахимаар гаргах боломжтой болжээ. Иргэний хяналт хэсэгт цахим хуудастай холбоотой саналаа өгч болохоос гадна төсвийн байгууллагын оруулсан мэдээлэлтэй холбоотой гомдол гаргах, хэрвээ таны гомдлыг шийдвэрлээгүй тохиолдолд төрийн аудитын байгууллагын цахим хуудсаар дамжуулан гомдлоо эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой.
нээлттэй төсвийн олон улсын судалгаа
Хөгжингүй орнууд, олон улсын байгууллагууд төсвийн ил тод байдлын талаарх олон санал, санаачилгуудыг гарган, улс орнуудыг уг санаачилгадаа нэгтгэн, төсвийн ил тод байдлыг бэхжүүлэх ажлуудыг хийсээр иржээ. Тэдний нэг болох, төсвийн ил тод байдлыг хэмжих зорилго бүхий олон улсын хараат бус, хамгийн том хэмжээний судалгааг 2006 оноос эхлэн "Олон улсын төсвийн түншлэл" байгууллагаас гаргаж эхэлсэн юм. Хамгийн сүүлийн буюу 2021 оны Нээлттэй төсвийн судалгаанд оролцсон нийт 120 орны дундаж үнэлгээ нь дунджаас доогуур буюу 100 онооноос 46 байсан бөгөөд тэдгээр улсуудын 75 хувь нь "хангалтгүй" үнэлгээ авчээ. Харин Монгол Улс 2010 оноос эхлэн тасралтгүй дунджаас дээгүүр хэмээн үнэлэгджээ.