Урьд нь бид манлайллыг зөвхөн удирдлагын албан тушаалтан эсвэл ямар нэг байгууллагад хамаатуулан ойлгодог байлаа. Тэгвэл манлайллын тухай энэ хэвшмэл ойлголт нь өдгөө өөрийн багахан хүрээллээс эхлэн амьдарч буй нийгэм, цаашлаад байгаль эх дэлхийн асуудлуудад гарц шийдэл олохоор зорьж, түүнийхээ төлөө бодит алхам хийж буй хүн бүрийн тухай ойлголт болон хувьсаж байна. Үүний илрэл болсон нэгэн тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх мэдээллийг өнөөдөр хуваалцъя.

МАНЛАЙЛЛЫН ҮНДСЭН ЗАРЧМУУД

Манлайлал бол нэгээс нөгөөд нөлөөлж буй өөрчлөлтийн тухай ойлголт юм. Тэгэхээр манлайлал нь хоёр болон түүнээс дээш хүнд хамаарах ойлголт болж таарч байна. Аливаа зорилгын төлөө хамтдаа зүтгэж буй хамтрагчид их аяныхаа замд харилцан бие биеэсээ суралцаж, урам зоригоор тэтгэж, тусалж дэмжин, нэгэндээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгон, биесээ эерэг өөрчлөлтөд уриалан дуудах гэх мэт харилцан өгөөжтэй байхыг л өнөө цагийн манлайллын төгс илэрхийлэл хэмээнэ. Эсрэгээрээ дээрээс доош чиглэсэн, үргэлж араасаа дагуулсан, тушаасан өнгө аястай байдал нь хоцрогдсон, үр дүнгүй манлайллын хэлбэр болж буй.

МАНЛАЙЛЛЫН ЧИГ ХАНДЛАГА

Бөмбөрцгийн өнцөг булан бүрд суугаа хүн нэг бүрийн зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой сэдэв бол яах аргагүй эх дэлхийд маань тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, боловсрол, эрүүл мэндийн асуудлууд болоод буй. Тийм ч учраас, хувь хүнээс эхлээд байгууллага, төр гээд байж болох бүх л нийгмийн оролцогч талууд олон нийтийг манлайлан, тогтвортой хөгжлийн зорилтуудыг гол чиглэлээ болгон, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулж, нийгмээ манлайлах болжээ.

МАНЛАЙЛЛЫН ДАВУУ ТАЛ, ТҮҮНИЙ ҮР ШИМ


“АПУ” ХК нь 2021 онд “Хүний хөгжлийн тогтвортой бодлого”-д онцгойлон анхаарч, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах төрөл бүрийн сайн дурын арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг санаачлан зохион байгуулжээ. Үүний дотор, нийгмийн төлөөх сайн дурын ажлуудад гар бие оролцдог оюутнуудыг шалгаруулан, өөрчлөлтийн төлөөх хүчин чармайлтыг нь эрчимжүүлэх зорилгоор “Маргаашийн манлайлагчид” 100 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн зарлан, тэтгэлгийн эздээ тодруулсан байна.

Мэргэжил, курс дамжаа харгалзахгүйгээр нийгэм, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, амьдарч буй дэлхий ертөнц, байгаль эх дэлхийдээ ээлтэй, цар тахал тэргүүтэй нийгэмд шийдлээ хүлээж буй олон асуудалд гарц гаргалгаа хайх чин эрмэлзэлтэй гэх мэт энгийн боловч тун чухал агуулгатай шалгууруудыг тавьсан уг тэтгэлэгт хөтөлбөрт 1500 гаруй оюутнууд өрсөлдсөн ба тэтгэлгийн эздийг тодруулахдаа дараах шалгуурыг голлон баримталсан байна. Тухайлбал:
1. Нийгэмдээ өөрчлөлт бий болгох ажил санаачлан хэрэгжүүлсэн, идэвхтэй оролцсон эсэх
2. Суралцах хугацаандаа гаргасан амжилт
3. Өөрийн зорилго, тэмүүлэл, ниймгийн хамгийн том асуудал хэмээн харж буй сэдвийн тухай, түүнийг шийдвэрлэх санал, санаачилгаа илэрхийлсэн эсээ бичвэр
4. Нийгэмд тулгарч буй асуудлыг судалсан байдал, хэрэгжүүлэх боломжтой шийдэл санал болгосон видео бичлэг

Эдгээр шалгууруудыг амжилттай давж, тэтгэлэгт шалгарсан оюутнууд 10 сарын турш сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг авахаас гадна тус хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, холбоотой сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах юм. Түүнчлэн, АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Соёлоор гоёно” нэрт нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөөх төсөл хөтөлбөрүүдэд гар бие оролцох боломжтой болохоос гадна цаашлаад "АПУ" ХК-д нь ч ажиллах боломж нээгдэх ажээ.