Зөвхөн депресс, хямралтай л бол сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах ёстой гэх ойлголт ард хоцорч нас, хүйс, амьдралын орчин үл харгалзан хүн бүрд хамааралтай болсон. Бидний өдөр тутамдаа сэтгэж буй бодол, түүнийгээ илэрхийлэмж болгон гаргаж буй нь бүхэлдээ дотоод сэтгэлтэй салшгүй холбогдож буй.    

Энэ удаагийн нийтлэлээр анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэн стрессийг багасгаж, тайвшрахад тусалдаг дууны бясалгалын тухай болон тун удахгүй зохион байгуулагдах Бүх хүртэхүйд арга хэмжээг онцлон тайлбарлая. 
 


Дууны бясалгал гэж юу вэ? 

Дууны бясалгал бол хүний анхаарлын цэгийг сонсох мэдрэхүйгээр нь дамжуулан тухайн аялгуунд гүн төвлөрүүлэх аргачлалаар хийгддэг эртний уламжлалт бясалгалын төрөл юм. Өөрөөр хэлбэл, удирдаачийн хөгжмөөс гарч буй чичиргээтэй чимээ, хэмнэлээр дамжуулан тухайн хүнийг анхаарлаа одоо цагт төвлөрүүлэхэд сургадаг.

НТ 560–480 онд Энэтхэгийн Хиндү шашин болон Төвдийн Зен Буддизмаас үүссэн уг дууны бясалгалд дуут аяга, цохиур, цан хэнгэрэг, гар бөмбөр, салхин хонх зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийг ашигладаг. Зэс, метал, болор материалтай дуут аяга голчлон хэрэглэгддэг ба жижиг хундаганаас эхлээд хоолны том тогоо шиг хэмжээтэй аяга бүр өөрийн гэсэн онцлог аялгуутай. Энгийнээр тайлбарлавал дуут аяга цохиур хоёрыг удаан хугацаанд хооронд нь харшилдуулан дуугаргаснаар долгионы давтамж нь цуурайтаж далайн ёроолоос гарч буй мэт гүн чимээг үүсгэдэг байна.

Мөн дууны бясалгалыг амьд байгалийн чимээ нэмэх болон хүний дуу хоолойг оролцуулан бүтээж болдог. Хүний дуу хоолойг оролцуулах гэдгийг тайлбарлавал Монголчуудын хөөмийлөх урлагтай адилтгасан ч болох юм.



Яагаад дууны бясалгал гэж? 

Хүний тархины мэдрэлийн эсүүд альфа, бета, дета, дельта гэх дөрвөн төрлийн долгионыг үүсгэдэг. Бясалгалын хөгжмийн тайвшруулах аялгуу тархины бета болон дета давтамжид эергээр нөлөөлснөөр сонсож буй хүн аливаа зүйлд амархан сатаарахаа больж, анхаарлаа бүрэн төвлөрүүлдэг. Ингэснээр толгой доторх замбараагүй бодлууд цэгцэрч мэдрэлийн систем амран гүн нойрсоход тусалдаг давуу талтай. Мөн дууны бясалгалыг иог, тай чи гэх мэт бусад дасгалуудтай хамт хийснээр бие махбодь оюун санааны харилцан үйлчлэл нэмэгдэн энергийн солилцоо сайжирдаг байна.

Корнел Анагаахын Коллежийн Мичэл Гейнор профессорын хийсэн ажиглалтын судалгааны үр дүнд дууны бясалгал стрессийн гормоныг бууруулж, дархлааны системийг сайжруулж байжээ. Тэгэхээр уг бясалгалыг хийснээр дотоод тайвшрал бий болж, хүний сэтгэл зүйд дархлаа үүсэж буй хэрэг юм. Сэтгэл зүйн дархлаатай болсон хүн аливаад шаналах зовнил багасаж, оюун санаа, сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй удирдаж эхэлдэг байна.


 
''Бүх Хүртэхүйд'' 360' медиа арт, дууны бясалгал хосолсон арга хэмжээ 

Sound Meditation Mongolia студиэс тавдугаар сарын 27-ны өдөр White Rock Center-т 12:00, 14:30 цагуудад сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Бүх хүртэхүйд” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээ нь Монголдоо анх удаа бясалгалыг урлагтай хослуулсан 360 медиа арт үзүүлбэртэй гэдгээрээ онцлог юм.

Дуут аяга, хэл хуур, вибрафон, гонг, калимба, салхин хонх, цохивор хөгжим, салхин хонх зэрэг хөгжмийн зэмсгүүдээр дууны бясалгалыг толилуулж, Б.Тэлмүүн удирдан явуулна. Бясалгалын үеэр артист Арюна Булутовагийн 360' медиа арт бүтээлийн мультимедиа зураглалыг White Rock Center-ийн бөөрөнхий дээвэр дээр прожектороор тусгаснаар бие, сэтгэл, бодлоороо өөр орон зайд буй мэт мэдрэмжийг оролцогчдод төрүүлэх юм.

Сонирхуулахад White Rock Center-ийн интериор бөөрөнхий учраас монгол гэр шиг барилгын нэг талаас гарах чимээ нөгөө хананд ойж, хажууд буй мэт сонсогддог. Ингэснээр оролцогч тухайн бүтээлийн дотор орж, бодит ертөнцөөс тасарсан мэт санагдах нь гарцаагүй.

White Rock Center-т тавдугаар сарын 27-ны өдөр зохион байгуулагдах “Бүх Хүртэхүйд” арга хэмжээтэй танилцах бол энэ холбоос дээр дараарай.