Өглөө ажил руугаа, орой гэр лүүгээ яарсан завгүй амьдралын өдрүүд үргэлжилсээр. Инээд шуугисан халуун дотно гэр бүл, эрч хүч ундарсан ажлын хамт олон гээд л. Нэгэнт бид амьдралынхаа багагүй цаг хугацааг ажил дээрээ өнгөрүүлдэг тул тухтай сандал, үзэмжит ширээ, тохитой амралтын өрөөг ямагт хүсэж байдаг нь нууц биш.  

Энэ удаа бид тав тухтай хийгээд ажил хэрэгч өнгө төрхийг хослуулсан Storepay-ийн оффисоор зочиллоо. Тус оффистой инновац шингэсэн, шилэн хурлын өрөөнөөс эхлэн хамтдаа танилцая. 


1. цэлгэр амралтын өрөө

Тэд ам бүл 37-уулаа. Үүдээр ороод зүүн жигүүрт энэхүү амралтын өрөө байрладаг бөгөөд хоёр гартаа цай, зуушаа бариад ороход төвөггүй хэмээн хаалганы оронд хөшгөөр хаалт хийсэн нь хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Амралтын үеэр зарим нь bean bag-аа авч суугаад PlayStation тоглодог бол зарим нь үүдний хэсэгт байрлах ширээний хөлбөмбөг эсвэл теннис тоглож, Storepay-ийн аварга шалгаруулах тэмцээнүүд тал талд оволзож эхэлдэг. Хэдий олуулаа ч цэлгэр том амралтын өрөөнөөс эхлээд чөлөөт цагаа өнгөрүүлэх зай талбай хангалттай тохижуулжээ. Ажлын дундуур хэсэг дуг хийсэн ч хэн ч саад болохгүй шийдэл мөн л харц булаав.


2. шилэн хурлын өрөө

Оффисын яг голд нь байрлах зууван хэлбэртэй хурлын өрөө нь гадна, дотноосоо нэвт харагдахаар шилэн хана, гэрэл ойж, гялтганах шилэн тааз зэргээрээ хурлын өрөөний уламжлалт, албан ёсны хэв маягийг эвдэж, ил тод, нээлттэй уур амьсгалыг бүрдүүлсэн сонирхолтой, шинэлэг шийдэл байлаа.


3. ногоон ургамал

Тогтвортой хөгжлийн сургалтад тогтмол хамрагддаг уг хамт олон ногоон ургамал, амьд цэцэгсийг ажиллах орчныхоо нэг хэсэг болгон шингээжээ. Түүнчлэн нэг хүнд ноогдох талбайн хэмжээг хангах үүднээс ажиллах хэсэгт хангалттай зай гаргаж, суудал сэлгэн, гаднах орчныг ажингаа чөлөөтэй ажиллах боломжтой байдлаар цонхон талд суух хэсэг гаргасан нь хамгийн их таалагдав.


4. ганцаараа төвлөрөх орчин

Энэ бол санхүү болон эрсдлийн хэлтсийн оффис. Өндөр анхаарал шаардсан, нарийн төвөгтэй ажил хийхэд төвлөрөх орчин хамгийн чухал байдаг. Ажилтнуудын суух үндсэн хэсгээс гадна хоёр ч төрлийн сууж ажиллах хэсэг гаргасан ба хэрэв хүсвэл бусдаас зайдуу, бүдэг гэрэлд ганцаараа ажиллах боломжтой. Эсвэл текний өмнө суугаад шилэн самбар дээрх хамт олныхоо шог зургийг харж баясан, кофе уунгаа ажиллаж ч болох юм.


5. илүү тайван амралтын хэсэг

Тоглож, хөгжилдөж стрессээ тайлдаг хүн байхад тайван сууж, бодлогоширч амардаг хүн ч бий. Энэ хэсэгт ажилтнууд дуртай дуугаа сонсох, хөгжилтэй нэвтрүүлэг үзэх зуур кофе уун цайны цагийг өнгөрүүлдэг. Цэлгэр том цонхоор орчны харууц сайтай тул энэ хэсгээс дулааны улиралд нар жаргах хамгийн үзэсгэлэнтэй харагддаг гэсэн шүү.