Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар хүн төрөлхтөн өнгөрсөн онд л гэхэд 400 сая хуванцрын хаягдал гаргасныхаа ердөө есөн хувийг дахин боловсруулжээ. Хэрэв бид энэхүү зохисгүй хэрэглээндээ өөрчлөлт гаргахгүй байх аваас байгаль эхийн хязгаарлагдмал нөөц шавхагдаж, тун удалгүй дан ганц хаягдлын овоолготой л үлдэх нь гарцаагүй.

Иймийн учир үндэстэн дамнасан томоохон компаниуд эхнээсээ хог хаягдлыг багасгах, нөөцийг хамгаалах замаар экологийн тогтвортой байдлыг баталгаажуулах “тойрог эдийн засаг”-ийн хэлбэр рүү шилжиж буй. Өнөөг хүртэл хэрэгжүүлсэн “түүхий эд – бүтээгдэхүүн – ашиглалт – хог хаягдал” гэх дараалалтай шугаман эдийн засгийн уршгаар бид асар их хэмжээний нөхөн сэргээгдэх нөөцийг алдсан тул шинэ үеийн үйлдвэрлэл эргэлт буцалтгүй дээрх хэв маяг руу шилжихээс өөр гарцгүй болж байна.

Хог хаягдлын чиглэлээр бэлтгэж буй цуврал нийтлэлийнхээ өмнөх дугааруудад бид эцсийн хэрэглэгчид хэрхэн хаягдлаа ангилах тухай тайлбарласан бол шинэхэн дугаартаа тойрог эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулж, үйлдвэрлэлийн салбарт бусдыгаа түүчээлж буй хариуцлагатай үйлдвэрлэгчдийн жишээг онцоллоо.

Өмнөх нийтлэлүүдийг унших:

Дэлхийн улс орнууд дахивраа хэрхэн ангилдаг вэ? + Ухаалаг шийдлүүд

Хог хаягдал дахин боловсруулалтаар тэргүүлэх улсуудын жишээ

Unread


ТОЙРОГ ЭДИЙН ЗАСГИЙН ТУХАЙ ТОВЧХОН:

Тойрог эдийн засаг нь анхнаасаа "дахин хэрэглэгдэхүйц" бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэмнэлттэй, үр дүнтэй, ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх эдийн засгийн шинэ загвар юм. Байгаль буюу амьтдын ертөнцийн хувьд “хогийн сав” гэж үгүй. Нэг зүйлийн хаягдал нөгөөхийнхөө хоол хүнс болох замаар жинхэнэ утгаар нь тэд тойрог амьдралын хэв маягийг бүтээдэг билээ.

Амьт биетүүд өсөн үржин, үхэж, хөрсөндөө шим тэжээл болгон шингэнэ. Тэрхүү тэжээл дахин нэг амьтныг хорвоод мэндлэхэд туслах замаар энэхүү тойрог мөнхөд үргэлжилнэ. Харин хүн төрөлхтний дийлэнх нь одоог хүртэл байгалийн баялгийг олборлож, боловсруулаад шууд хаях гэх ганцхан сонголттой шугаман эдийн засгийн загвараар амьдарсаар.



Эх дэлхийн оршин тогтносон хугацааг насанд хүрсэн хүний алдтай зүйрлэвээс хүн төрөлхтний түүх ердөө хумсны үзүүрийн чинээнд ч хүрэхгүй тийм ахархан хугацаа байдаг аж. Гэвч бид энэ асар богино хугацаанд өөрсдийн гэр орныг хангалттай бохирдуулж, үр дүнд нь уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хий зэрэг олон асуудалтай нүүр тулаад буй. Тиймээс бид нэн даруй хог хаягдлыг бууруулахад анхаарал хандуулахын зэрэгцээ түүнийг хэрхэн капитал буюу үйлдвэрлэлд ашиглах тухай ул суурьтай бодох цаг иржээ.

Хэрэглэгчид ч сүүлийн жилүүдэд худалдан авалт хийхдээ аливаа брэндийн байгаль орчинд хэр зэрэг ээлтэй үйлдвэрлэл эрхэлж буйг харгалзан үзэж, шийдвэрээ гаргадаг болсныг уншигч та анзаарч байгаа нь лавтай. Бидний жишээ авсан доорх брэндүүд л гэхэд дэлхийн нийт хог хаягдлын талаас илүү хувийг бүрдүүлэх хуванцрыг дахин боловсруулах замаар түүхий эд гарган авч, үйлдвэрлэлдээ ашиглаж байгааг дуулгахад таатай байна.



NIKE


Та өөрийгөө Марс гараг руу зорчих багийн гишүүн хэмээн төсөөл. Эзгүй гараг дээр хөл тавьсныхаа дараа та хэрэгцээт зүйлсээ зөвхөн газрын гадарга дээрх бэлэн нөөц ашиглан бүтээхээс өөр гарцгүй. Яг энэ жишээтэй адил хэрэв хүн төрөлхтний байгалийн нөөц шавхагдваас бид зөвхөн хог хаягдлаа түүхий эд болгож, шаардлагатай бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх биз ээ.

Дээрх санааг бодит амьдрал дээр спортын хувцас үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Nike” компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Move To Zero” хөдөлгөөнийхөө эхлэл болгон туршиж, хуванцар сав, хуучин хувцас, үйлдвэрлэлийн хаягдал гэх мэт 100 хувь дахин боловсруулсан хог ашиглан “Space Hippie” пүүзээ бүтээсэн билээ.

Тэд 2025 он гэхэд үйлдвэрлэлийнхээ бүхий л дамжлагаас үүсэх хүлэмжийн хийн ялгаруулалтыг 0 түвшинд хүрэхээр зорьж буй. “Space Hippie” загвараас хойш гурван жилийн хугацаанд “Nike” хуванцар сав, бэлэн хувцас, хуучин пүүз зэрэг хаягдлыг дахин боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ “Sustainable Material” гэх тусдаа ангилал үүсгэн зарж буйг та сайтаас нь харж болох.

Мөн шинэ бүтээгдэхүүндээ ашиглах түүхий эд гаргаж авахын тулд жил бүр нэг тэрбум хуванцар савыг боловсруулж байгаа нь тун сайшаалтай. Зөвхөн бүтээгдэхүүнээр зогсохгүй шинээр зарагдаж буй пүүзнүүддээ тэд хэлбэр баригч чигжээс цаас хийхээ больсноор жилдээ 9.5 сая тн хог үүсэхээс сэргийлж байгаагийн сацуу Европ болон АНУ-д байрлах нэрийн дэлгүүрүүддээ гялгар уутны хэрэглээг бүр мөсөн халсан аж. Урьд өмнө зөвхөн Хойд Америкт л гэхэд “Nike”-ийн 250 гаруй дэлгүүр ганцхан жилийн дотор 50 сая гаруй ширхэг гялгар уут хэрэглэдэг байжээ.


LEVI'S


Бидний өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэг хэсэг болсон жинсийг үйлдвэрлэхэд 10 мянган литр ус хэрэгцээтэй байдаг гэвэл та итгэх үү?

Жил бүр дэлхий даяар хоёр тэрбум жинсэн өмд худалдаанд гардаг бөгөөд тэдгээрт зарцуулах эрчим хүч, цэвэр усны хэмжээг тооцоолохоос ч цэрвэмээр. Жирийн худалдан авагч дэлгүүр хэсэхдээ дээрх тоо баримтад тийм ч ач холбогдол өгдөггүй хэдий ч зарим үйлдвэрлэгчид байгалийн сэргээгдэшгүй нөөцөд анхаарлаа хандуулж эхэлсэн. Тэдний тод жишээ нь 100 гаруй жилийн түүхт, АНУ-ын алдарт "LEVI’S" юм.

Арван жилийн өмнөөс тэд “Water Less” инновацыг өөрсдийн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ба тэрхүү цагаас хойш нийтдээ 4.2 тэрбум гаруй литр (Олимпын 1680 усан санг дүүргэхүйц хэмжээтэй) усыг хэмнэж, есөн тэрбум гаруй литр хаягдал усыг дахин цэвэршүүлэн хэрэглэжээ.

Түүнчлэн өнгөрсөн жилээс эхлэн хаягдал хуванцрыг дахин боловсруулж, полиэстер гарган авдаг дэлхийн тэргүүлэгч “REPREVE”-ийн утсаар домогт “Dockers” цуглуулгаа үйлдвэрлэхээр болсон билээ. “REPREVE” нь хамгийн сүүлийн үеийн нэхмэлийн технологи ашиглан, илүү тав тухтай, удаан эдэлгээтэй төдийгүй байгальд ээлтэй сүлжмэл утас гаргаж авах зорилготой компани юм.

Тэд үйлдвэрлэлдээ зөвхөн дахин боловсруулсан хуванцар ашигладаг бөгөөд энэхүү шийдвэр нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлөхийн сацуу далайд хаягдах хэдэн сая тонн хуванцарт дахин амьдрах боломж бэлэглэх давуу талтай. Нийт 15 жилийн хугацаанд тус компани 35 тэрбум гаруй хуванцар савыг дахин боловсруулаад байна.


LEGO


Хүүхдэд зориулсан сэтгэхүй болон гарын эв дүй сайжруулах зорилготой эвлүүлдэг тоглоом үйлдвэрлэгч "Lego" брэндийг мэдэхгүй хүн үгүй биз ээ.

"Lego" групп 2025 оны эцэс гэхэд бүх сав баглаа боодлоо дахин боловсруулагдах органик материалаар сольж, үйлдвэрлэлдээ зөвхөн сэргээгдэх эрчим хүч ашиглах томоохон зорилт тавьжээ. Түүгээр ч барахгүй ирэх гурван жилийн хугацаанд хүрээлэн буй орчны тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд 400 сая ам.долларыг төсөвлөсөн.

Хүүхдийнхээ тоглоод уйдсан легог хэрхэхээ мэдэхгүй байгаа эцэг эхчүүдэд зориулан тэд хуучин тоглоом хандивлах боломжтой “Replay” аяныг 2019 оноос АНУ-ын зах зээлд амжилттай туршин одоогийн байдлаар 42 мянган хүүхдэд 136 мянга гаруй кг лего хандивлажээ.

Үйлдвэрлэлд ашиглах шинэ материал гарган авах төсөлд нь 150 гаруй хүн ажиллаж байгаа аж. Төсөл нь эхнээсээ үр шимээ өгч, өнгөрсөн онд тэд дахин боловсруулсан хуванцраар бүтээсэн анхны легоныхоо protype хувилбарыг олон нийтэд танилцуулав.

Сүүлийн гурван жилийн хугацаанд тус компанийн материал судлаач, инженерүүд 250 гаруй төрлийн PET материал болон бусад олон зуун хуванцар найрлагыг туршиж үзсэний эцэст үндсэн легоны чанартай эн тэнцэхүйц энэхүү шинэхэн загварыг гаргаж авсан аж. Хэрэв эцсийн туршилтууд амжилттай болж, дээрх лего худалдаанд гарсан тохиолдолд нэг литрийн PET хуванцар саваар арван ширхэг 2х4 хэмжээтэй лего тоглоом үйлдвэрлэх боломжтой.


IKEA


2030 он гэхэд IKEA брэнд бүх бүтээгдэхүүнээ зөвхөн дахин боловсруулсан эсвэл дахин ашиглах боломжтой хуванцраар үйлдвэрлэхээ мэдэгдсэн билээ. Энэхүү амлалтын хүрээнд тэд мөн 2028 оноос өмнө хуванцар сав баглаа боодлоос бүрэн татгалзах юм.

Одоогийн байдлаар IKEA жилдээ ойролцоогоор 920 мянган тн савлагааны материалд 1 тэрбум гаруй евро зарцуулдаг аж. Ташрамд дурдахад, тэд 2018 оноос эхлэн нэрийн барааны дэлгүүр дээрээ нэг удаагийн хуванцар хуванцар бүрээстэй цаасан таваг, аяга хэрэглэхийг бүр мөсөн хориглоод буй. Хэрэв таны оршин суудаг улсад “IKEA” брэндийн нэрийн дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг бол та шинэ тавилга худалдан авахдаа хуучныг нь арилжаалах аль эсвэл зориулалтын хогны цэгт тушаах боломжтой. Шинэ бүтээгдэхүүн авахгүй байсан ч хамаагүй та багахан зэргийн хөлс төлөхөд л “IKEA”-ийн ажилтнууд таны хуучин тавилгыг хүссэн газраас тань авч, дахин боловсруулах төв рүү ачдаг гэнэ шүү.


 КОКА-КОЛА


Нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Монгол Улсын хувьд хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулж, дахин боловсруулан ногоон эдийн засгийг бүтээх чиглэлд жинтэй арга хэмжээ авах шаардлагатай нүүр тулсан. Хөгжингүй орнуудаас ялгаатай нь бид хуванцраа шатааж эрчим хүч гаргаж чадахгүй. Зөвхөн хаягдлаа булшлах эсвэл дахин боловсруулах хоёр сонголт л бий.

Төр, хувийн хэвшил, иргэдийн гурван талын оролцоо дутмагаас шалтгаалан дотоодын хуванцар дахин боловсруулах 18 үйлдвэр нийлээд 2021 оны байдлаар нийт хүчин чадлынхаа ердөө 52.4 хувийг л ашиглаж. Гэхдээ нөгөө талдаа төр засгийн шийдвэрийг хүлээхгүйгээр өөрсдийн хаягдалдаа эзэн болохоор сэтгэл шулуудсан үйлдвэрлэгчид байгааг ч мартаж боломгүй.

“М-Си-Эс Кока-Кола” компанийн хувьд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьснаа зарласан билээ. “Кока-Кола” компани дэлхийн 200 гаруй оронд нэгэн нэрийн дор үйлдвэрлэл эрхэлж буй компаниудад борлуулсан ундаа бүрийн тоотой тэнцүү хэмжээний хуванцар савыг дахин боловсруулахад анхаарах тухай санаачилгыг 2018 оноос хойш дэвшүүлсэн юм.


“TML” үйлдвэрийн түүхий эд

“TML” үйлдвэрийн дамжлага

Үүний үр дүнд тус компанийн хуванцар сав дахин боловсруулах “TML” үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Манай улсын иргэд жилдээ 18 мянган тонн хуванцар сав хэрэглэдэг бол тус үйлдвэр нь дангаараа 20 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах хүчин чадалтай. Хувцас үйлдвэрлэгчид хуванцрыг ганц л удаа дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол харин ус, ундаа үйлдвэрлэгчид нэг хуванцар савыг дунджаар 5 удаа дахин боловсруулж, ашиглах боломжтой гэдгийг та мэдэх үү?

Нэгэнтээ үйлдвэрлэгчид эхнээсээ хог хаягдалдаа хариуцлагатай хандаж байгаа энэ цаг үед хэрэглэгч бид ч уусан ундааны савандаа ганцхан удаа ашиглаад хаягдах хувь тавилан оноох уу эсвэл дахин боловсруулалтад орох боломж олгох уу гэх сонголтоос аль зөвийг нь сонгох хэрэгтэй мэт.



тооны хэлээр:

-Nike шинэ бүтээгдэхүүндээ ашиглах түүхий эд гаргаж авахын тулд жил бүр 1 тэрбум хуванцар савыг дахин боловсруулж байна.

-“Water Less” төслийн хүрээнд LEVI’S нийтдээ Олимпын 1680 усан санг дүүргэхүйц хэмжээтэй усыг хэмнэж, 9 тэрбум гаруй литр хаягдал усыг цэвэршүүлэн хэрэглэжээ.

-1 литрийн PET хуванцар саваар LEGO брэнд 10 ширхэг 2х4 хэмжээтэй лего үйлдвэрлэж байна.

-2030 он гэхэд IKEA брэнд бүх бүтээгдэхүүнээ зөвхөн дахин боловсруулсан эсвэл дахин ашиглах боломжтой хуванцраар үйлдвэрлэнэ.

-“М-Си-Эс Кока-Кола” компанийн “TML” үйлдвэр жилдээ 20 мянган тонн буюу Монгол Улсын хуванцар савны хэрэглээг бүхэлд нь дахин боловсруулах чадалтай.