Кембрижийн Их сургуулиас хийсэн судалгаагаар санхүүгийн боловсролыг хүүхдэдээ3-6 насны хооронд олгож эхэлбэл 7 нас хүрэх үедээ тэд мөнгөтэй шууд харьцах, худалдан авалт хийх, үнэ цэнийг харьцуулан сонгох, хадгалах, хуримтлуулах үйлдлийг бие даан хийх анхан шатны чадвартай болдог аж.

Харамсалтай нь, эцэг эхчүүдийн 41 хувь нь хүүхэдтэйгээ мөнгөний тухай ярилцахаас зайсхийдэг бол 21 хувь нь энэ сэдвийн талаар огтхон ч ярилцдаггүй байна.

Хүн бүхэн л хүүхдээ ухаалгаар санхүүгээ удирддаг нэгэн болоосой хэмээн хүсдэг. Гэвч бодит амьдрал дээр энэхүү боловсролыг тэд сургууль, олон нийтийн сүлжээ биш харин гэр бүлийн орчноосоо авах учиртай. Тиймдээ ч энэ удаагийн нийтлэлээр хүүхэдтэйгээ мөнгөний тухай яриаг хэрхэн эхлүүлэх, энэ төрлийн яриаг насны онцлогт тохируулан зөвөөр өрнүүлэх тухай зөвлөгөөг хүргэе.



энэ сэдэв яагаад чухал гэж?

Бидний амьдарч буй 2024 он бол хэзээ хэзээнээс илүүтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр халгиж цалгасан цаг үе. Харвардын Их сургуулиас хийсэн судалгаагаар өнгөрсөн жил Youtube, Snapchat, TikTok тэргүүтэй цахим платформууд хүүхэд, өсвөр насныханд чиглэсэн сурталчилгаанаас 11 тэрбум ам.доллар, тэр дундаа 12 ба түүнээс доош насны хэрэглэгчдийн зар сурталчилгаанаас 2 тэрбум орчим долларын ашиг олжээ.

Хэрвээ таны хүүхэд ухаалаг утас ашиглаж байгаа л бол тэдний үзэж буй reel, дуртай инфльюнсерийнх нь бичлэг, телевизийн зар сурталчилгаа, хайртай хамтлагийнх нь оролцсон кампанит ажил гээд хаа саагүй далд сурталчилгаа нуугдаж байгаа.

Дээр нь нэмээд цахим худалдааны платформуудын тусламжтай гадаад, дотоодоос бараа бүтээгдэхүүн захиалах, худалдан авах, хүргүүлэх үйл явцыг хормын төдийд шийдэх боломжтой болсон. Тиймээс ч бид агуйд амьдраагүй л бол хүүхдээ аль болох багаас нь ухаалаг худалдан авагч болоход нь туслах ёстой юм.

Сургуулийн өмнөх үе бол хүүхэд томчуудын хийж буй үйлдэл бүхнийг даган дуурайдаг нас. Тэдний энэхүү сониуч байдлыг ашиглан тоглоомын аргаар мөнгөний тухай анхны ойлголтыг өгөх нь зүйтэй.

Хамтдаа дэлгүүрээр үйлчлүүлэхдээ зарим үед хүүхдэдээ бэлэн мөнгө өгч, өөрөөр нь төлбөр төлүүлж ч болох. Энэ үед хүүхэд мөнгөн тэмдэгтийн ялгаа, их багийн хэмжээ, хэдэн төгрөгөөр өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ авах боломжтой гээд анхан шатны мэдлэг ол авна. Түүнээс гадна бараа, үйлчилгээний хариуд мөнгө солилцох үндсэн ойлголттой болно. Мөнгөн тэмдэгт дээрх Сүхбаатар жанжин, Чингис хааны хөрөг гээд сонирхолтой байдлаар мөнгөн тэмдэгтийн ялгааг та тэдэнд тайлбарлаж болно шүү дээ.

Мөн энэ насанд нь хамгийн анхны мөнгө цуглуулах гахайг нь авч өгөнгөө тэднийг “Хадгалах-Хуримтлуулах-Зарцуулах” үндсэн санхүүгийн гинжин хэлхээтэй танилцуулаарай.

Энэ насанд хүүхэд илүү нийгэмшиж, хамт олонтой болж, тэр хэрээрээ хүмүүсийн амьдралын түвшинг анзаарч хардаг болно. Дийлэнхдээ 6-10 наснаас эхлэн хүүхдүүд өөрсдийн эдэлж хэрэглэж байгаа зүйлсийг бусадтай харьцуулж эхэлдэг. Тиймээс энэ насанд мөнгөний үнэ цэнийн тухай илүү нухацтай яриаг хүүхэдтэйгээ дэлгэх хэрэгтэй.

Хуримтлалын зорилгоо тодорхойлох: Урт хугацаат хадгаламжийн данснаас гадна нэг хүртэлх жилийн хугацаатай богино хугацаатай хадгаламж нээж, тэрхүү хадгаламжийг юунд зарцуулахаа тодорхой болгох

Бүтээгдэхүүн сонгоход суралцах: Супермаркет, худалдааны төв орохдоо тогтмол хүүхдээ дагуулан явж, ижил нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ, хэмжээ, брэнд зэргийг харьцуулж, сонголт хийх чадвар суралцуулах. Ирээдүйд бие даан амьдрахад нь энэ чадвар тун их хэрэг болох юм шүү.

Өдөр тутмын орлого, зарлагаа бичиж эхлэх: Одоог хүртэл “Орлого, зарлагаа тогтмол хянах” хэмээх санхүүгийн анхан шатны дадлыг өөртөө суулгаж амжаагүй томчууд олон бий. Хэрэв та хүүхдээ тэдний нэг болгохыг хүсэхгүй байгаа бол сарын төсөв нь харьцангуй хялбар, энгийн байгаа бага насанд нь данс хөтлөх аргыг зааж өгөөрэй.

Гарын мөнгө хэрэглээнд нь нэвтрүүлэх: Энэ насанд ихэвчлэн хүүхдүүд анхны гарын мөнгөө эцэг эхээсээ авч эхэлдэг. Орчин цагт заавал бэлэн мөнгө гэхгүйгээр цахим мөнгөний дижитал платформууд ашиглан энэ асуудлыг шийдэх боломжтой.

Бидний зүгээс танд Ард Кидс аппыг санал болгож байна. Ард Кидсийн хувьд хэрэглээний мөнгөний хэмжээг хязгаар тавих, хэрэглээг нь хянах, хүүхэд хүсвэл ээж аав руугаа нэхэмжлэх илгээж, шилжүүлэг хийх гээд гарын мөнгө тойрсон олон толгойн өвчинг хялбархан шийдэж чадна.

Ард Кидс апп татан авах:

Android | iOS

Энэ насанд хүүхдүүд анхныхаа iPhone, PlayStation гээд өндөр үнийн дүнтэй бүтээгдэхүүнийг эцэг эхийн тусламжтай худалдан авдаг. Бага настай нь харьцуулахад шинэ жил, төрсөн өдрийнх нь хүслийн жагсаалт хамаагүй томорч, үнийн дүн нь ч өснө. Тиймээс энэ үед хүүхдэдээ хадгаламжаа хэрхэн үр дүнтэй зарцуулах, олон сонголт дундаас ирээдүйд үр өгөөж өндөртэйг сонгох зэрэг чадварыг эзэмшүүлэх нь чухал.

Жил цуглуулсан хадгаламжаараа хүсэж байсан зургийн дугуйландаа явж ур чадвараа дээшлүүлэх үү эсвэл шинэ загварын дугуй авах уу гэхчлэн шийдвэрийг тэднээр бие даан гаргуулаарай. Аль болох өмнүүр нь орохгүйгээр ямар ч шийдвэр гаргасан дэмжих хэрэгтэй шүү. Буруу сонголт хийсэн ч тэд удалгүй сонголтынхоо үр дагаврыг ойлгож, дараагийн удаа алдаагаа давтахгүй байхыг хичээх болно.

Өсвөр нас бол хүүхэдтэйгээ ойлголцоход магад хамгийн хэцүү үе гэдэгтэй эцэг эх бүр санал нэгдэх биз ээ. Мэдээж өдөр тутмын ярианаас цаашлан мөнгөтэй холбогдох үед бүүр ч хоорондоо ойлголцоход төвөгтэй болно.

Энэ үед эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ үүрээ орхин нисэхэд нь бэлдэж, бие даан санхүүгээ удирдах ур чадвартай болгох үүрэгтэй. Өдөр тутмын гарын мөнгөнөөс гадна танай гэр бүлийн хувьд их сургууль, гадаад хэлний дамжаа, нэмэлт дугуйлан зэрэг боловсролд чиглэсэн зардлуудын тухай нухацтай ярилцах нь зүй.

Тун удалгүй хүүхэд мэргэжлээ сонгож, амьдралынхаа хамгийн том шийдвэрийг гаргах тул энэ шийдвэрт нөлөө үзүүлэх мөнгөн зардлуудын тухай илэн далангүй ярилцаарай. Эцэг эхчүүдийн түгээмэл гаргадаг алдаа бол хүүхдийнхээ боловсролд зарцуулж байгаа хөрөнгө оруулалтын талаар нэг бол огтхон ч ярихгүй аль эсвэл яриа дэлгэх бүрдээ энэ сэдвийг дэлгэрүүлж, хүүхдэдээ дарамттай мэдрэмж төрүүлдэг явдал. Үүний оронд их сургуулийн төлбөрүүдийг эртнээс харьцуулах, гэр бүлийн санхүүдээ тохируулан сардаа тогтмол хэдэн төгрөгийг хадгалбал боломжтой болохыг тодорхойлох гээд аль болох хүүхдийнхээ санаа бодлыг сонсож, хамтдаа шийдвэр гаргахыг хичээгээрэй.

Түүнчлэн, хүүхэд асрах, нохой салхилуулах гээд бага цагаар цагийн ажил хийлгэж, цалин хөлс, цагийн үнэлгээний тухай анхан шатны ойлголттой болгох хэрэгтэй.