Зургаадугаар сарын 10-ны өдөр сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхтэй зэрэгцэн сонгогчийн боловсролд зориулж, ТэнГэр телевизээс өдөр бүр зохион байгуулсан “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээний төгсгөлийн 20 дахь дугаарын тоймыг хүлээн авна уу. Өнгөрсөн хугацаанд эрчим хүч, эдийн засаг, залуусын оролцоо, засаглалын асуудлууд, хүний эрх, хүүхэд хамгаалал, шинжлэх ухаан, технологи, дижитал шилжилт тэргүүтэй 19 сэдвийн хүрээнд УИХ-ын ес дэх сонгуульд нэр дэвшигчид өөрсдийн нам, эвслийг төлөөлөн оролцсон билээ. Манай редакцын зүгээс ч мөн өмнөх дугааруудыг цаг алдалгүй тоймлон хүргэхийг зорилоо.
126 гишүүн сонгох онцгой бөгөөд хариуцлагатай сонгуульд уншигч таны сонголт, шийдвэрт нөлөөлөхүйц бодлогын мэтгэлцээнүүд өрнөсөн гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тэр дундаа залуу мэргэжилтнүүдийн хувьд тун анхаарууштай мэтгэлцээн өрнөсөн нь гарцаагүй. Ингээд 20 дахь дугаарт “Бидний сонголт, бидний ирээдүй” сэдвийн дор залуу нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа хэрхэн илэрхийлснийг тоймлон хүргэе.
Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?
Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.
1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.
2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.
3-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.
4-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.
5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.
20-Р ДУГААР “БИДНИЙ СОНГОЛТ, БИДНИЙ ИРЭЭДҮЙ”
ХЭН МЭТГЭЛЦЭВ?
Монгол Ардын намаас жагсаалтын 30-т нэр дэвшигч Д.Бумдарь - Япон Улсын Кокушикан Их сургуулийг улс төр судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн дэд профессор.
Шинэ нэгдсэн эвслээс 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Э.Энхзориг - Япон Улсын Токио хотын их сургуулийг бизнесийн удирдлага чиглэлээр төгссөн. UBmic вебсайтын эрхлэгч.
Иргэний зориг ногоон намаас жагсаалтын 2-т нэр дэвшигч М.Нарантуяа-Нара - Их Засаг олон улсын их сургуулийг гааль татварын эдийн засагч, Токиогийн урлагийн их сургуулийг гоцлол дуулаач, СЭЗИС-ийг Төрийн удирдлагын магистраар төгссөн бөгөөд “Охь бал бурам” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Ардчилсан намаас жагсаалтын 35-д нэр дэвшигч Б.Баттөмөр - Худалдаа үйлдвэр, үйлчилгээний боловсролын салбарт 2013 оноос хойш бизнес эрхэлж буй. ХБНГУ-ын Хамбург хотын Хэрэглээний шинжлэх ухааны их сургуульд үйлдвэрлэлийн технологи, инженерийн мэргэжлээр төгссөн.
ХҮН намаас жагсаалтын 7-д нэр дэвшигч Д.Гантулга - МУИС-д математикийн бакалавр, магистр, Их Британийн Манчестерийн Метраполитанийн бизнесийн сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Актуарч, тэтгэврийн мэргэжилтэн тэрээр ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүн, НИТХ-ын ХҮН намын бүлгийн дарга.
Үндэсний эвслээс жагсаалтын 6-д нэр дэвшигч Н.Хулан - Олон улс судлалын их сургуулийг олон улсын харилцаа, дипломатч мэргэжлээр бакалавр, Швейцарийн Роберт Кеннэди их сургууль, Английн Манчестерийн Сальфордын их сургуулийн хамтарсан Хүний нөөцийн удирдлага, хөгжүүлэлтийн магистр, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд бизнесийн менежментийн магистр хамгаалсан. “AQC World” олон улсын байгууллагын Ази, Номхон далай хариуцсан тэргүүлэх зэрэгтэй аудитор, “Solution Management Group”-ийн ТУЗ-ийн дарга.
ЮУ ЯРИВ?
1. Парламентын засаглалтай манай улсын хувьд улс төрийн нам, улс төрийн сонгууль гэдэг гол тулгуур багана байдаг. Тэр дундаа улс төрийн намын мөрийн хөтөлбөргүйгээр парламентын сонгуулийг төсөөлшгүй. Мөрийн хөтөлбөр бол нэг талаараа хийх ажил, нөгөө талаараа хариуцлага тооцох баримт бичиг. Тэгэхээр МАН 2024 оны сонгуульд өмнөх жилүүдийн амжилтаа улам бататгаж, Шинэ сэргэлтийн бодлого, бүсчилсэн реформ гэх мөрийн хөтөлбөр дор эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлт, бүсчилсэн хөгжлийн реформ, 20 минутын хот, боловсрол, нийгэм, хөдөлмөр, эрүүл мэндийг асуудлыг цогцоор нь шийдэх бодлогыг дэвшүүлэн ажиллана. (1-р үе Нээлттэй индэр)
2. МАН өнгөрсөн дөрвөн жилд системийн авлигатай тэмцэж чадсан. Бусдын нам, өөрийн нам гэж ялгалгүй авлига, хээл хахуультай холбогдсон хүмүүсийг бид нэр дэвшүүлээгүй. Тийм ч учраас манай нэр дэвшигчид, ялангуяа жагсаалтын нэр дэвшигчид бүгд мэргэжлийн экспертүүд, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл болохуйц хүмүүс байгаа. Мөн МАН авлигатай тэмцэхийн тулд 5Ш ажиллагааг хэрэгжүүлж, Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөгийг эргүүлэн төлүүлж, Чингис бондын өрөөс 13.5 их наядыг нь төлж чадсан байна. Цаашид ч бид энэ ажлаа үргэлжлүүлэх болно. Хамгийн чухал нь иргэндээ эдийн засгийн үр өгөөжийг бодитойгоор, амьдралд нь мэдэгдэхүйц байдлаар нөлөөлөх бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай намыг сонгох хамгийн гол шалтгаан юу вэ?”)
3. Миний хувьд залуусыг гадны оронд мэргэжил эзэмшихийг маш их дэмждэг. Гол нь эх орондоо эргэж ирсэн залуусыг ажиллах боломжоор нь хангаж, нийгэмд инновац бий болгоход нь төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Орчин үеийн залуус олон төрлийн ур чадвартай болсон тул орлогын олон эх үүсвэртэй байхыг дэмжиж, цахимаар хөдөлмөрлөх боломжийг бий болгож, гарааны бизнес эхлүүлж буй залууст хөнгөлөлттэй зээл олгох зэргээр залуусыг дэмжих олон бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсын ирээдүйг төлөвшүүлэхэд залуучууд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Хэрхэн шийдвэр гаргах үйл явцад идэвхийг нэмэгдүүлэх вэ?”)
4. МАН дахин төрийн эрхийг баривал эрчим хүчний асуудалд түлхүү анхаарна. Мөн ирэх намар хичээл сургууль эхлэх учраас боловсролын багц реформ хийж, боловсролын багц хуулиар батлагдсаны дагуу ахлах сургуульд нь мэргэшүүлэх ажлыг бодитой хэрэгжүүлнэ. (4-р үе Халз мэтгэлцээн “Танай нам олонх болбол хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэхээр зорих вэ?”)
5. МАН 2012 онд МУ-ын эдийн засгийн өсөлтийг 17.3 хувьд хүргэж “Ази тивийн шинэ бар” хэмээн үнэлэгдэж байлаа. Гэвч 2016 онд МАН засгийн эрхийг эргэн авахад эдийн засгийн өсөлт нь 1.3 хувьтай, олсон таван төгрөгийнхөө дөрвөөр нь гадаад орны өрийг төлдөг төрийг хүлээн авсан ч үүнтэй бид тэмцэж чадсан гэдгээ хэлэх нь зүйтэй. Түүнчлэн Оюун-Эрдэнийн Засгийн Газрын үед цар тахлыг амжилттай давж чадсанг ард иргэд сайн санаж байгаа болов уу. МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг эн тэргүүнд тавьж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хэрэгжүүлж, өргөн хэрэглээний барааны татварыг хөнгөлж, тансаг хэрэглээний барааны татварыг нэмэгдүүлнэ. Мөн үйлдвэрлэгч орон болохын зэрэгцээ эрчим хүчний экспортлогч орон болохоор зорьж байна. Хамгийн гол нь ард түмний ялалт бол тогтвортой хөгжил гэдгийг эцэст нь хэлье. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Шинэ нэгдсэн эвсэл нь олон салбарын 40 гаруй гавъяат мэргэжилтнүүдийг дэвшүүлэн энэ удаагийн сонгуульд оролцож байна. Улс орны үсрэнгүй хөгжилд хөшүүрэг болж чадах техник, технологийг гаргууд эзэмшсэн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, аж үйлдвэржсэн улсыг цогцлоох боловсролын системийг бий болгох, улмаар Монгол Улсыг хөгжилд хүргэх стратегийн мега төслүүдийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. (1-р үе Нээлттэй индэр)
2. Монголчуудын хамгийн ихээр хүсэж буй зүйл бол хулгайчдаасаа салах. Тэгэхээр миний хувьд улс төрийн шинэ намыг сонгохдоо боловсролын зээлийн сан, эрүүл мэндийн даатгалын сан тэргүүтэй сангуудыг тоноогүй хүн хаана байна гэсэн үндсэн шалгуур тавьсан. Бид өөрсдийн үзэл баримтлалын дагуу улс төрд хулгайг байхгүй болгох үндсэн зорилготой сонгуульд оролцож байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай намыг сонгох хамгийн гол шалтгаан юу вэ?”)
3. Улс төрийн намууд, эрх барьж байгаа намууд, МУ-ын бодлогыг тодорхойлж байгаа намууд худлаа ярихаа болих хэрэгтэй. Тэгвэл энэ залуучууд чинь итгэнэ. Худлаа яриад өөрсдөө боломж хулгайлаад байхаар залуус улс төрийг үзэн ядаж, ийшээ орсон хүмүүс худал ярьж, хулгай хийдэг юм байна гэсэн нэгдсэн ойлголттой болоод байна. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсын ирээдүйг төлөвшүүлэхэд залуучууд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Хэрхэн шийдвэр гаргах үйл явцад идэвхийг нэмэгдүүлэх вэ?”)
4. Бид технологи, аж үйлдвэржилт, эрүүл мэнд, боловсрол гэх үндсэн дөрвөн салбарын хүрээнд хийж бүтээх зүйлсээ мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүний дотор бид хувийн хэвшлээ тэтгэж, төрийн дарамтаас ангижруулна. Мөн аж үйлдвэржсэн улс болохын хүрээнд хүнд үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр төлөвлөж байна. (4-р үе Халз мэтгэлцээн “Танай нам олонх болбол хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэхээр зорих вэ?”)
5. Уул уурхайгаас орж ирж буй ашгаа үйлдвэржилт, боловсрол, эрүүл мэндийн салбарт илүү төвлөрүүлэх шаардлагатай байна. Ялангуяа боловсролын салбарт их хэмжээний төсөв тавьж байж, урт хугацаандаа монгол хүн илүү мэдлэгтэй болж, нийгмийн асуудлуудад хөгжилтэй орны хүмүүс шиг ханддаг болно. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгож ирсэн ИЗНН бол улс төрийн намуудын дөрөвдүгээрт жагсдаг 24 жилийн түүхтэй ууган хүчний нэг. Бид өнөөдрийг хүртэл бий болсон тогтолцооны гажуудлыг засаж, тогтвортой хөгжлийн бодлогод нийцсэн “Хөгжилд хүрэх ногоон зам” алсын хараан дор эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, монгол хүний хүсэл эрмэлзэл, үнэт зүйлийг дээдлэн нийгмийн бүхий л бүлгийг орхигдуулалгүй багтааж, салбар бүрийн хөгжлийн төлөө засаглал, нийгэм, эдийн засаг, үнэт зүйл, газар нутаг гэсэн нийт таван бүлэг, 186 зүйл бүхий мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн энэ удаагийн сонгуульд оролцож байна. (1-р үе Нээлттэй индэр)
2. Хүн ба байгаль хүйн холбоотой гэх үг бий. Энэ ч утгаараа дэлхий дахин эдийн засгийн хөгжлөөс илүүтэйгээр ногоон хөгжлийн төлөө бодлого хэрэгжүүлдэг болсон. Нөгөөтээгүүр монголчууд бидэнд өвөг дээдсээсээ өвлөн авсан байгаль эхээ энэ хэвээр нь ирээдүйдээ өвлүүлэх асар том үүрэг бий. ИЗНН бол Монгол Улс дахь цор ганц ногоон хөгжлийг хэрэгжүүлэгч нам. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай намыг сонгох хамгийн гол шалтгаан юу вэ?”)
3. Залуучуудыг гадагшаа маш олноор гарч байгаа талаар яригдаж байна. Дэлхийг үзэх залуу хүний хүсэл мөрөөдөл бол буруу зүйл биш. Хамгийн гол нь эргээд эх орондоо хэзээ ирж байна, эрүүл мэнд болон нийгэмд эзлэх байр суурь нь ямар байна, гадаадад ажиллаж амьдарч байхдаа хуримтлуулсан тэр мөнгө санхүү нь Монголдоо буцаад ирэхэд нийгмийн үнийн өсөлттэй дүйцэж байгаа эсэх асуудал л нэн чухал юм. Тэгвэл ИЗНН-аас залуучуудыг дэмжих төрийн бодлогыг 18-26, 27-34 гэсэн насны ангиллаар ялгавартай бодлого баримтлах хуулийн өөрчлөлтийг хийнэ гэж мөрийн хөтөлбөртөө заасан. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсын ирээдүйг төлөвшүүлэхэд залуучууд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Хэрхэн шийдвэр гаргах үйл явцад идэвхийг нэмэгдүүлэх вэ?”)
4. Төдийлөн улс төрийн намууд дурдахгүй байгаа зарим нийгмийн бүлгүүдийн талаар онцолж хэлье. Миний хувьд хувь хүн талаасаа болон намаа төлөөлж буй нэр дэвшигчийн зүгээс хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн асуудлыг онцлох ёстой гэж бодож байна. Манай намын мөрийн хөтөлбөрийн 1.6.17-д заасанчлан МУ-ын стандарт, хэм хэмжээг сайжруулан шинэчилж, мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх бодлогыг баримтлах юм. Илүү тодруулбал, манай улсад байгаа 130 мянган хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт иргэдийг нийгмийн харилцаанд тааваараа, чөлөөтэй, эрх дураараа оролцох боломж, нөхцөлийг дээрх бодлогын хүрээнд бий болгоно. (4-р үе Халз мэтгэлцээн “Танай нам олонх болбол хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэхээр зорих вэ?”)
5. “Бидний эх орон илүү сайхан болно” гэсэн ард түмний багахан итгэл найдварыг өрдөхийн тулд нам, эвсэл үл харгалзан мэдлэг туршлага, ур чадвар, сэтгэл зүрхтэй залуус нэгдэн нийлж зүтгэснээр эх орноо хөгжүүлж чадна. Нөгөөтээгүүр ард олныхоо итгэл найдварыг тээн сонгогдсон гишүүд амлалт, зорилгоо бүү умартаарай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Эцэст нь хэлэхэд, улс төрийн сонгуульд өрсөлдөж буй бүхий л нам, эвслүүдэд амжилт хүсье.
1. Мөрийн хөтөлбөр гэдэг нь богино хугацааны хөгжлийн баримт бичиг. Харин урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих хугацаа ойролцоогоор 15 жил байхаар олон улсад томъёолсон байдаг. Өөрөөр хэлбэл 15-аас дээш жил яригдаж буй “Алсын хараа-2050” мэтийн хөтөлбөр бол миний бодлоор 1001 шөнийн үлгэртэй адил зүйл. Энд зогсож буй бүхий л намын мөрийн хөтөлбөр “Алсын хараа-2050” хэмээх хөтөлбөр дээр суурилсан. Энэ нь монголчуудын оюун санааг хайрцаглаж буй үйлдэл. Тиймээс үүнийг бид өөрчлөх хэрэгтэй. (1-р үе Нээлттэй индэр)
2. 3.4 сая буюу харьцангуй цөөн хүн амтай улс орны хувьд хамгийн чухал нь бие даасан бодлого хэрэгжүүлэх явдал. Ардчилсан намын өнөөдрийг хүртэл оршин тогтнож буй гол шалтгаан бол Монгол Улсыг эдийн засгийн эрх чөлөөнд хүргэх. Тэр ч утгаараа АН эдийн засгийн бие даасан бодлого хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай намыг сонгох хамгийн гол шалтгаан юу вэ?”)
3. Аливаа нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийг дангаар нь авч үзэх эсвэл аль нэг асуудлыг тухайлан шийдэх гэж хичээх тусам буруугаар эргэдэг. Тиймээс асуудлыг цогцоор нь авч үзэн, уялдаа холбоог нь ойлгосны үндсэн дээр хөдлөх ёстой. Залуусын улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд дараах гурван шатанд бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Сонгуулийн боловсролыг сайжруулах аливаа хөтөлбөрийн хүртээмж бага байдаг тул дуу хөгжим, кино зэрэг соёлынхоо элементэд сонгуулийн тухай боловсролыг шингээж нийтэд хүргэснээр зөвхөн залуус гэлтгүй олон нийтийн улс төрийн идэвх оролцоо нэмэгдэх боломжтой. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсын ирээдүйг төлөвшүүлэхэд залуучууд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Хэрхэн шийдвэр гаргах үйл явцад идэвхийг нэмэгдүүлэх вэ?”)
4. Эдийн засгийн эрх мэдлийн төвлөрлийг бид задлах ёстой. Эс бөгөөс авилга гэх зүйл хэзээд байсаар байна. Манай нам засгийн эрх баривал эхний 100 хоногт С.Зоригийн хүн амины хэргийг нууцаас гаргана. Түүнчлэн иргэддээ хөрөнгө оруулна. (4-р үе Халз мэтгэлцээн “Танай нам олонх болбол хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэхээр зорих вэ?”)
5. Манай намд янз бүрийн хүмүүс бий. Энэ бол амьдрал юм. Гэхдээ гэр бүлийнхээ нэг гишүүнийг хэрэг төвөг тарьчихлаа гээд гэр бүлээсээ хасдаггүй шүү дээ. Би дахин хэлье. Энэ жилийн бусад намын боловсруулж байгаа мөрийн хөтөлбөр 2050 гэдэг шашны номлол дээр суурилж хийгдсэн шүү. Энэ бол биднийг улс төрийн гаргалгаа, шийдлийн хувьд багцалж, оюун санааны хувьд хумьж буй зүйл. Өөрөөр хэлбэл, бидний оюун санаагаар тэд оролдож эхэлж байна. (5-р үе Хаалтын илтгэл)
1. ХҮН нам таван багц бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдгээрээс нэн тэргүүнд хүчирхэг эдийн засгийг бий болгоно. МУ-ын төсөв өнөөдөр ДНБ-ийхээ 40 хувьтай тэнцэж байгаа бөгөөд хөгжилтэй орнуудад энэ харьцаа 20 хувь байдаг. Тэгвэл манай нам төсвийн орлогыг ДНБ-д харьцуулсан харьцааг 25 хувь болгохоор зорин ажиллах болно. (1-р үе Нээлттэй индэр)
2. Манай намыг сонгох үндсэн гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, төрд үүрлэсэн хулгайг бид арилгана. Хоёрдугаарт, мэргэжлийн, цомхон яамдыг байгуулна. Гуравдугаарт, хууль хяналтын байгууллагыг хараат бус болгоно. Манай орны ДНБ болон төсвийг харьцуулсан харьцаа 40 хувьтай байдаг бөгөөд бид үүнийг 25 хувь хүртэл бууруулна. Улмаар зээлийн хүү буурах үндэс бий болох юм. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай намыг сонгох хамгийн гол шалтгаан юу вэ?”)
3. Манай намын мөрийн хөтөлбөрт залуусыг ажлын байраар хангах зорилго бүхий цөөнгүй бодлого тусгагдсан. Жишээ дурдвал, мэргэжлийн чиг баримжаа олгож, шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, мөн их сургуульд гүнзгийрүүлэн суралцахад кредит оноог нь нөхөн тооцдог зохицуулалт бүхий ахлах сургуулийн төрөлжсөн системийг бий болгоно. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсын ирээдүйг төлөвшүүлэхэд залуучууд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Хэрхэн шийдвэр гаргах үйл явцад идэвхийг нэмэгдүүлэх вэ?”)
4. Манай намын мөрийн хөтөлбөрийн хамгийн эхний зорилт бол бүтээх эрх чөлөөг баталгаажуулж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэн төрийн оролцоог бууруулах замаар хүчирхэг эдийн засгийг бий болгох юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө шууд ажиллаж эхэлнэ. Хэрэв та бүхэн манай мөрийн хөтөлбөртэй танилцсан бол хэн, юу хийх нь тодорхой бичээстэй байгаа. Хамгийн гол нь бид цаг алдалгүй ажлуудаа эхлэх болно. (4-р үе Халз мэтгэлцээн “Танай нам олонх болбол хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэхээр зорих вэ?”)
5. Манай намын зорьж байгаа зүйлийг маш энгийнээр хэлбэл ирэх дөрвөн жилд ядуурлаач ангижирч, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх юм. Өнөөдөр МАН хулгайч ах нарынхаа доороос цухуйж чадахгүй байна. Харин манай ХҮН намд тийм хулгайч ах байхгүй. Тиймээс бид шууд ажилдаа орно. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Миний бие хүний нөөцийн салбарт 15 жил ажиллахдаа сүүлийн долоон жил монгол хүний бүтээмжийн чиглэлээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл хүн хэрхэн бүтээмжтэй ажиллах, үүний үр дүнд байгууллагын ашиг орлого хэрхэн өсөх, улмаар ажилтны сэтгэлд нийцсэн цалин хөлстэй болох талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Сүргийн сэтгэлгээнд орсон өнөөгийн нийгэмд Үндэсний эвсэл хүн төвтэй бодлого хэрэгжүүлж буй учир тухайн салбарынхаа суурь асуудлыг мэддэг, шийдэл хэрэгжүүлж байсан туршлагатай мэргэжилтнүүдийг нэр дэвшүүлж, улс төржиж, талцах сэтгэлгээг халахаар зорьж байна. (1-р үе Нээлттэй индэр)
2. Үндэсний эвслийн хувьд улстөржихгүй, талцахгүй, хуваагдахгүй, аль ч улс төрийн нам, эвсэлтэй хамтарч ажиллана. Ялангуяа тухайн салбарын суурь асуудлыг мэддэг, бодлогын хувьд боловсролтой экспертүүдтэй хамтарч ажиллах юм. Тэгвэл боловсрол гэж юу юм бэ? Салбартаа ажиллаж үзсэн туршлагатай, салбарынхаа суурь асуудал дээр гаргасан шийдэл шийдвэртэй, төсөл амжилттай хэрэгжүүлж байсан хүмүүсийг бид боловсролтой хэмээн үзэж байгаа юм. Тэгэхээр манай эвслийн нэр дэвшигчид бүгд салбарын боловсролтой. Хамгийн чухал нь бүгдээрээ салбарын суурь асуудлыг шийдэх, нийгмийнхээ хөгжилд оролцох, бүтээн байгуулалтыг хийх зорилгоор энэхүү улс төрийн сонголтыг хийсэн. (2-р үе Халз мэтгэлцээн “Танай намыг сонгох хамгийн гол шалтгаан юу вэ?”)
3. Ямар үед залуусын улс төрийн оролцоо нэмэгдэх вэ гэхээр тэдний хүсэж буй зүйлийг нь Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусгах, улс төрийн намууд залуучууд руу чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, цалинг нэмэгдүүлэх үед юм. Өнөөдөр залуучууд ажил хөдөлмөр эрхлэх дургүй байгаа юм биш. Тэднийг ажил хөдөлмөр эрхлэх, ажлын байраар хангах боломж байхгүй байна. Тэгэхээр ААН, төрийн уялдаа холбоо хоорондоо уялдаатай байж бодлого руугаа эргэж харах хэрэгтэй болов уу. (3-р үе Иргэдийн асуулт “Манай улсын ирээдүйг төлөвшүүлэхэд залуучууд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Хэрхэн шийдвэр гаргах үйл явцад идэвхийг нэмэгдүүлэх вэ?”)
4. Үндэсний эвслийн хэрэгжүүлэх хамгийн чухал хоёр зүйлийн нэг нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх. Тодруулбал, улс төрийн намын замбараагүй томилгоог таслан зогсоож, туршлагатай, сэтгэл ханамжтай мэргэжилтнүүд бүхий төрийн албыг бий болгох явдал юм. Хоёрдугаарт, улс төрийн нам дагасан ТББ-ууд болон намуудын хатуу гишүүнчлэлийн асуудлыг цэгцлэх болно. (4-р үе Халз мэтгэлцээн “Танай нам олонх болбол хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэхээр зорих вэ?”)
5. Бидний амьдрал өрнөөс өрийн хооронд дэнчигнэж, амьдралын суурь хэрэгцээ ч хангагдаж чадахгүй нөхцөлд амьдарч байгаа нь үнэн. Үндэсний эвслээс нэр дэвшиж буй салбартаа тэргүүлэгч, туршлагатай мэргэжилтнүүдийг сонгосноор улс төрийн талцалгүйгээр тухайн салбарт тулгамдаж буй асуудлыг сууриас нь эхлээд бодитой шийдвэрлэх боломж бүрдэнэ. (5-р үе Хаалтын илтгэл)
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.