Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй, эл салбарын мэргэжилтэн болохоор суралцаж байгаа хэн бүхэн анхаарлаа нааш хандуулаарай. Сэтгүүл зүй сонирхогчид, чөлөөт бичээч, оюутан залууст зориулсан нээлттэй хэлэлцүүлгийн талбар “The Media Show 2024” арга хэмжээ энэ бямба гараг буюу арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдах гэж байна.
Мэргэжлийн шинэ ур чадварт суралцах, хүсэл, сонирхол ижил мэргэжилтнүүдтэйгээ танилцах, хүрээллээ тэлэх, медиа бизнес дэх шинэ соргог мэдээ, мэдээлэл олж авахыг хүсвэл эл арга хэмжээг зорин ирээрэй. Та бүхнийг мэдүүштэй, өгөөжтэй, сонирхолтой хөтөлбөр хүлээж буй.
The Media Show арга хэмжээний тухай
“The Media Show - Demo” арга хэмжээг 2023 онд анх удаа, цөөн оролцогчтой зохион байгуулж байсан бол энэ жил цар хүрээгээ тэлж, илүү олон оролцогчтой, баялаг хөтөлбөртэй болжээ. Уламжлал болсон “30 минутын лаб” сургалтууд, “PechaKucha” илтгэлүүд, “The Media Show” ярилцалгаас гадна шинэ туршлагаа бусдад хуваалцах “Урам зоригийн индэр”-ийн хэсэг нэмэгдсэн аж.
Энэ удаагийн арга хэмжээний илтгэгчид туурвин бичих арга зүй, хиймэл оюуны хэвлэл мэдээлэлд үзүүлж буй нөлөө, сэтгүүлчийн сэтгэл зүй, контент бүтээх тууштай замнал, олон улсад сэтгүүлчээр ажиллаж буй туршлага зэрэг олон талт сэдвийг оролцогчдодоо хүргэх юм.
The Media Show ярилцлага
Медиа бизнес, экосистемийн тухай хөөрөлддөг подкастынхаа шинэ дугаарын зочинтой арга хэмжээний индрээс ярилцах болно.
30 минутын лаб сургалтууд
Сэтгүүл зүйн ур чадвар, шинэ чиг хандлага, сэгтүүлчдэд хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжийг шилдэг мэргэжилтнүүд хүргэх 30 минутын сургалтын цаг. Энэ жил дөрвөн илтгэгч технологи, хиймэл оюуны нөлөө, сэтгүүлчийн сэтгэл зүйн эрүүл мэнд, туурвин бичих ур чадварын тухай ярилцана.
PechaKucha илтгэлүүд
Биднээс илүү туршлага хуримтлуулсан эрхмүүд ямар зам туулж, юуг алдаж, онон өнөөг хүрсэн тухайгаа нээлттэй хуваалцах нь үргэлж бусдад үлгэр жишээ, сургамж, дэмжлэг болдог билээ. Тиймээс энэ удаа олон улсад сэтгүүлчээр ажиллаж буй туршлага, тууштай контент бүтээх замнал, хэдэн арваныг мэргэжилдээ үнэнчээр зориулах сэтгэл зэрэг маш сонирхолтой түүхүүдийг өгүүлэх гэж байна.
Урам зоригийн индэр
Он удаан жилийн бодол, олон удаа үзээд алдах зориг, бэрхшээл саадыг давах тэвчээр гээд жижиг алхам бүрийн цаана маш их хөдөлмөр байдаг билээ. Түүнийгээ бусдад хуваалцах, “Би чадлаа” гээд хашхирмаар үе ч бий. Ингэж гайхуулах хэсэг бол “Урам зоригийн индэр” юм.
Хэзээ: 11-р сарын 16, Бямба гараг, 10:00-16:00
Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Сэтгэгдэл бичих