Та Монголчууд бидний хамгийн өргөн хэрэглэдэг, өдрийн ихэнх цагаа зориулдаг “нүүрном”-ын хаа нэгтээ аливаа киног “үнэгүй хуваалцана” гэдэг посттой учирч явсан биз ээ. Бүр энэ төрлийн бүлгэмүүд хүртэл нэлээд олон байдаг шүү дээ. Хэдхэн жилийн өмнө “хулгайн” кино сайтууд борооны дараах мөөг шиг олширч, та биднийг стрийминг үйлчилгээтэй танилцуулсан гэхэд буруудахгүй. Оюуны өмч гэх ойлголт бараг л хий хоосон лоозон мэт байсан тухайн үед “гэнэн” үзэгч бид хулгайн бүтээлийг үзэхдээ төхөөрөмжөө вирустүүлж орхих нь наад захын асуудал байв. 

Өдгөө бидэнд хүссэн үедээ хаанаас ч, ямар ч оюуны өмчийн зөрчилгүй кино, контент үзэх боломж бүрдээд буй. Иймээс хэрхэн “хашир” үзэгч болж, өдөр бүр биднийг нүүр нүдгүй балбаж байгаа контентын шуурганаас амьд үлдэх вэ гэдэг асуултад хариулт өгөх зургаан зөвлөгөө хүргэе. Хашир байцгаая!

1. Хулгайн сайтаас кино бүү үз

Хэрвээ та кино урлагт хайртай л бол хулгайн сайтаас кино бүү үзээрэй. Ингэж үзэх нь хэн нэгний эд хөрөнгөөс санаатай хулгай хийж буй хэрэгтэй дүйх юм. Бид хичээлийн тэмдэглэл, гэрийн даалгавар, шалгалтын хариугаа хүнд зүгээр хуулуулах дургүй байдаг нь харамласандаа биш гэдгийг та мэднэ шүү дээ. Мөн хулгайн сайт руу нэвтэрснээр хувийн мэдээллээ алдах өндөр эрсдэлтэйг ч санууштай.

2. Таарсан рийлс бүрдээ бүү итгэ

Өнөө цагт хүн бүхэн “мэргэжилтэн” болсон тул ямарваа нэгэн сэдвийг тайлбарласан, сурталчилсан агуулга бүхий богино бичлэг болох “рийлс” бүтээх явдал газар авчээ. Рийлс бол яг л вакцин тарьж буй мэт таны үзэл бодолд маш түргэн, богино хугацаанд тэс өөр санааг нэвтрүүлэх хүчтэй эд. Тиймээс ялангуяа, эрүүл мэнд, хооллолт, дасгал хөдөлгөөн зэрэг чухал сэдвийн рийлсэд шууд итгэж, цааш нь дамжуулахаасаа өмнө заавал нягталж, “баримтын баталгаажуулалт” хийж хэвшээрэй.

3. Баталгаат эх сурвалжид ч яаран бүү итгэ

1938 оны аравдугаар сарын 30-ны өдөр АНУ-ын “Mercury Theatre on the Air” хэмээх радио ард түмэндээ “Нью Жерси муж Ангараг гаргийнхны халдлагад өртлөө” гэсэн хуурамч мэдээ цацсан байна. Энэхүү мэдээнд итгэсэн 1 сая орчим иргэн өөр муж руу нүүсэн гэдэг. Дээрх үйл явдал олон нийтэд үзүүлж болох медиагийн нөлөө хэр хүчтэйг харуулсан чухал явдал болсон бөгөөд орчин цагийн бидэнд ч хэрсүү байхыг сануулж буй.

4. “Filter bubble”-аа өргөжүүл

Цахим орчны алгоритм танд зөвхөн таалагдах магадлалтай бичлэг, контентыг л санал болгодог. Иймээс бид бүгдээрээ өөр өөрсдийнхөө “Шүүлтүүрт бөмбөлөг”-т орсон байдаг хэмээн сүүлийн үеийн нийгэм судлалын эрдэмтэд дүгнэх болжээ. Энэ нь явцдаа бүр бидний харах өнцөгт нөлөөлж, олон талын дүгнэлт гаргах чадварыг бууруулдаг сөрөг талтай гэнэ. Тиймээс та өөрийн “Шүүлтүүрт бөмбөлөг”-өөс л харсан, үзсэн мэдээллээ туйлын үнэн, бодит гэж яаран бүү дүгнээрэй. Аль болох бөмбөлгөө өргөжүүлж, уужуу, саруул ухааныг эрхэмлээрэй.


5. Хувь хүмүүс медиагаас илүү хүчтэйг сана

Өнгөрсөн зууны эхний хагасын сүүлчээр Америкийн социологичдын дэвшүүлсэн “Two step flow” буюу “Давхар дамжлагат урсгал” хэмээх онол ёсоор бид нийгмийн нөлөө бүхий хүмүүст масс медиагаас илүү итгэдэг ажээ. Тэдгээр хүмүүсийг “Opinion leaders” гэх бөгөөд тэд хэрэв ямар нэгэн мэдээллийг медиагийн эх сурвалжаас дамжуулбал тэрхүү мэдээ олон нийтэд илүү үнэмшилтэй санагддаг байна. Тиймээс тэрхүү “Үзэл санааны удирдагчид”-ыг медиа өөрсдөдөө ашиглах хандлага түгээмэл байдаг тул хэдийгээр таны дуртай, хүндэлдэг нэгэн хэлсэн, дамжуулсан, зөвтгөсөн мэдээлэл байсан ч дахин давхар нягталж байгаарай.

6. Юуны тухай бодохоо бусдаар бүү удирдуул

“Agenda setting function theory” онолд медиа болон контент нь бидний юу гэж бодохыг зааж өгөхгүй ч юуны тухай бодохыг заадаг хэмээн үздэг билээ. Дэлхий даяар олны анхааралд өртөж буй асуудлуудыг хөндсөн бичлэг, рийлс, кино олон тоогоор бүтээгдсэнээр бид дахин дахин нэг тодорхой сэдэвтэй учрах нь гарцаагүй. Үр дүнд нь өөрийн мэдэлгүй тэрхүү сэдэв дээрх үзэл бодлоо нийтийн сүлжээнд илэрхийлээд сууж байдаг шүү дээ. Тиймээс үзэж буй бичлэг, рийлс, кино гээд бүхий л төрлийн контентынхоо цаад уул агуулгыг үргэлж нарийн нягталж, нийтийн “шуурч” буй сэдэв дээр аль болох ул суурьтай хандаарай.