Түүнийг бүтээхэд нэг мянга нэг зуун өдөр шаардсан ч живэхэд нь ердөө зуун жаран минут л хангалттай байсан гэдэг. Нийт 46000 тонн жинтэй, 15000 хүний гараар бүтсэн тус нүсэр хөлөг өнөөгөөс зуун арван гурван жилийн тэртээ, 1912 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Английн Саутхемптон хотоос хөдлөн, ердөө дөрөв хоногийн дараа буюу 14-өөс 15-нд шилжих шөнө, АНУ-ын Нью-Йорк хотыг зорих замдаа үүрд үгүй болж, Атлантын далайн гүн ёроолд нэг мөр үлдсэн билээ. Тийм ээ, бид өнөөдөр Титаник хөлгийн тухай өгүүлэх гэж байна.  

Английн нэр хүндэт сэтгүүл болох “The Shipbuilder”-т “Бараг л үл живэх хөлөг” хэмээн онцлон бичигдэж, тухайн үеийнхээ аюулгүй байдлын бүхий л хамгаалалтын шаардлагыг дээд түвшинд хангасан Титаник хөлөг яагаад живсэн бэ?  

Түүхийн хуудсыг эргэн сөхье.  

Дэд сэдэв буюу Титаникын бүтэц 

1. Титаник осолдсон ч усан дээр тогтох учиртай байв 

Илүү энгийнээр тайлбарлавал, хөлгийн суурь нь англи цагаан толгойн A-P үсэг хүртэл дугаарлагдсан “Bulkhead” хэмээх нийт 16 тасгаас бүрдэж байв. Хөлөг ноцтой гэмтэл авсан тохиолдолд тус 16 тасаг нэг нь нөгөөгөөсөө бүрэн тусгаарлагдаж, гаднаас орж ирэх усыг цааш нэвтрүүлэхгүй байхаар бүтээгдсэн байна. Түүнчлэн Титаник хэрвээ тус нөхцөл байдалд орлоо гэхэд хамгийн дээд талдаа бүтэн дөрвөн тасаг нь усаар дүүрсэн ч хөлөг живэх учиргүй байлаа.

Үүнээс гадна, Титаник нийт 20 аврагч завьтай байсан нь тухайн үеийн Британийн хуулийн (Merchant Shipping Act) дагуу бүрэн хангалттай тоо хэмжээ байсан юм. 1894 онд батлагдсан тус хуульд зааснаар 10000 тонноос дээш жинтэй далайн тээврийн хөлөг нь хамгийн багадаа 16 аврагч завьтай (дунджаар 990 орчим хүний багтаамжтай) байхаар тогтсон байдаг.



Түүнээс хойш бүтээгдсэн хөлөг онгоцны хэмжээ жил бүр нэмэгдсээр байсан ч уг тоо огт өөрчлөгдөөгүй байна. Ийнхүү 1910 онд Титаник хөлөг бүтээгдэхэд хуулийн дагуу нийт 16 аврагч завьтай байхад л хангалттай байв. Харин хөлөгт нийт 20 аврагч завь байсан гэдэг нь өөрөөр хэлбэл, “Жившгүй Титаник” живлээ гэхэд хамгийн дээд талдаа 1178 зорчигчийг л багтаах чадамжтай байсан гэсэн үг. Гэтэл хөлөгт нийт 2240 зорчигч болон нэмээд хөлгийн багийнхан байлаа. Гэвч хөлгийн архитекторын багийнхан аврагч завины тоонд төдийлөн анхаарал хандуулаагүй нь түүний цаадах нэгэн чухал шалтгаантай холбоотой.


2. Марконийн радио хүлээн авагч телеграф (The Marconi Wireless Telegraph) 

Титаникаас хэдхэн жилийн өмнө “Републик” (Republic) нэрт хөлөг ноцтой гэмтэж, хойд хэсэг нь ханз ярагдсан явдал тохиолджээ. Хөлөгт хоромхон зуур ус нэвчин орж ирсэн ч хөлгийн багийнхан огт сандралгүй тайван байсан бөгөөд тэр дороо зорчигчдыг аврагч завиуд руу шилжүүлээгүй байна. Учир нь тус хөлөг цоо шинэ нэгэн технологитой байсан бөгөөд түүний нэр нь “Марконийн радио хүлээн авагч телеграф”.

Хожим SOS хэмээгдэх болсон CQD морзоор тус хөлөг ойр орчимдоо байсан бүхий л хөлөг рүү тусламж хүссэн дохио илгээжээ. Үүний үр дүнд хэдхэн цагийн дотор ойр орчмын хөлөг онгоцнууд хүрч ирэн, Републикын зорчигчдыг аюулгүй шилжүүлж чадсан аж.


Републик хөлөг

Хэдийгээр хөлөг дараа нь бүрэн живж, мөн ослын эхэнд 6 хүний амь эрсэдсэн ч бусдаар томоохон сүйрэл тохиогоогүй байна. Ийн уг хөлөг тэрхүү шинэ технологийг хамгийн анх хэрэглэсэн тохиолдол болсны дээр мэдээлэгч эрхэм нь “баатар” хэмээн алдаршсан үйл явдал Титаникын өмнөхөн болж өнгөрсөн байлаа. Чухам эл үйл явдлаас үүдэн хөлөг онгоцны нарийн тооцсон бүтэц, үргэлж олон тооны хөлөг нааш цааш холхилдох завгүй Атлантын далайд шинэ технологийн ачаар далайн аялал цаашид огт аюулгүй болсон гэх итгэл үнэмшил газар авчээ.



Бүр 1909 онд хэвлэгдсэн “Радио хүлээн авагчийн гавьяа” (The Triumph of Wireless) нийтлэлд:

“Сайтар тоноглосон Атлантын далай дахь онгоцонд яваа зорчигч бол энэ дэлхийн өөр хаана ч байхгүй аюулгүй газар буй нэгэн юм”

хэмээн хүртэл бичсэн байдаг. Яг энэ явдлаас гуравхан жилийн дараа манай нийтлэлийн гол баатар болох Титаникт юу тохиосныг та бид бүгд мэдэх билээ.


Гол сэдэв буюу Титаник яагаад живсэн бэ? 

3. Тэд юун дээр алдав?     

Дээр өгүүлсэнчлэн Титаникын суурь болсон 16 тасгийн дөрвөн тасаг хүртэл усанд нэвчсэн тохиолдолд хөлөг живэх учиргүй. Энэ нь бараг ямар ч тохиолдолд тус хөлөг живэхгүй гэсэн үг. Хамгийн гол нь ус тэдгээр “Bulkhead” хэмээх тасалгаадын дээд хэсгийг давахгүй байх ёстой бөгөөд хэрэв тэгж л чадвал ус хөлгийн бусад хэсэг рүү нэвчих боломжгүй. Гэтэл Титаник мөсөн уулыг эгц чигээрээ мөргөлгүй, харин хажуу талаараа шүргэж урд талынхаа таван тасалгааг ханзалсан байна.

1912 оны дөрөвдүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө хөлгийн ахмад Эдвард Смит жолоодлогыг туслахдаа шилжүүлэн өөрөө унтахаар явсан бөгөөд Титаник дээд хурдаараа гурав хоногийн дотор Нью Йоркын эрэгт амжиж хүрэхээр жирийлгэж байлаа. Тус өдрөөс өмнө Титаникын ойр орчимд явсан 9 хөлөг (Virginian, Mt.Temple, Californian, Baltic, Birma, Carpathia, Mesaba зэрэг) тэдний замд асар том мөсөн уул буйг нэг нэгэндээ мэдэгдэн, хурдаа сааруулахыг анхааруулж байсан ч Титаникын багийнхан үүнийг төдийлөн чухалчлалгүй өнгөрсөн байна.



Өмнө нь өгүүлсэн Марконийн радио хүлээн авагч телеграфаар тухайн мөсөн уул хаана буйг, түүнчлэн хэр том, аюултай болохыг нарийвчлан тодорхойлж, түүнээ хөлөг тус бүр нэг нэгэндээ дамжуулан анхааруулж байжээ. Тус анхааруулга Титаникт ч мөн хүрсэн ч хөлгийн эзэн Ж. Брюс Исмей хурдаа сааруулахыг огт зөвшөөрөөгүй ажээ. Түүний хувийн тэмдэглэлээс үзэхэд тэрбээр Титаникыг тосон хүлээж буй аюулыг хэн хүнээс илүү мэдэж байсан хэдий ч урьдчилан сэргийлэхийг толгой гэдийлгэн эсэргүүцсэн байна. Үүний цаана олон шалтгаан байх боломжтой хэмээн түүхчид үздэг ч хамгийн энгийн тайлбар нь тэрээр ирэх Лхагва гаргийн өглөө тэднийг Нью Йоркын эрэгт уухайлан угтах олон нийтийг гонсойлгохыг хүсээгүй гэдэг тайлбар юм.



Титаникын өмнө мөсөн уул гарч ирсэн 14-өөс 15-нд шилжих шөнө Атлантын далай тун амгалан тайван байв. Энэ нь тухайн шөнө мөсөн уулын хормойг давлагаалан ирж мөргөх далайн ямар ч хөдөлгөөн байхгүй, түнэр харанхуй гэсэн үг юм. Мөн түүнээс гадна, тус шөнийн 40.25 км.ц хурдтай хүйтэн салхи үзэгдэх орчныг илтэд муутгаж байв. Товчхондоо, тухайн шөнө мөсөн уул огт харагдаагүй бөгөөд сая уул гарч ирэх мөчид хөлөг чиглэлээ өөрчлөн хажуугаар нь өнгөрөхөд хэтэрхий оройтсон байжээ. Гэсэн ч хөлгийн ахмад яаравчлан хөлгөө залуурдан мөсөн уулыг тойрч өнгөрөх гэж оролдон хажуу талаараа уул шүргэж, урд талынхаа таван тасалгааг ханзалсан байна.


4. Түргэн утсаа унтраагаад унтчихсан байв 

1912 оны дөрөвдүгээр сарын 15-ны 00 цаг 15 минутад буюу мөсөн уулыг мөргөснөөсөө хойш 35 минутын дараа л Титаник анхны тусламж эрсэн морз дохиог ойр орчмын хөлөг онгоц нар руугаа илгээлээ. “Бид мөсөн уул мөргөлөө”, “Бид маш хурдан живж байна”, “Бидний дунд хүүхдүүд, эмэгтэйчүүд байна”, “Удаан тэсэж чадахгүй нь” зэрэг зурвас Титаникаас тал тал тийшээ илгээж байсан ч тухайн шөнө тэдэнтэй хамгийн ойр буюу 30 орчим километрийн зайд байсан Калифорниан хөлөг тус дохиог огт хүлээж авалгүй өнгөрчээ. Учир нь тус хөлөг аль эрт радио хүлээн авагчаа унтраагаад унтацгаасан байж. Бусад хөлгүүд Титаникаас нэлээд хол зайтай байсан тул тэднийг аврахаар ирж амжихааргүй байв.


Титаникаас эсэн мэнд үлдсэн зорчигчид

Хамгийн түрүүнд туслахаар ирсэн Карпатиа хөлөг үүрийн 4 цагт л сая ирсэн байна. Тэгэхэд Титаник аль эрт 1500 хүний амийг аван Атлантын далайн гүн цэнхэртэн харагдах ёроол руу хурдлан давхиж байлаа. Титаникаас аврагч завины тусламжтайгаар ердөө 706 зорчигч л эсэн мэнд гарч чадсан байна.



Энэ үйл явдлаас хойш далайн тээврийн аюулгүй байдалд хандах хандлага эрс өөрчлөгджээ. Хөлөг онгоцнууд аврагч завиныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж, мөн түүнчлэн 1914 онд олон улсын “Далай дахь аюулгүй байдлын гэрээ” (The Safety of Life at Sea, SOLAS) байгуулагдан, радио хүлээн авагч телеграфыг үргэлж асаалттай байхаар тогтсон бөгөөд хөлгийн зорчигчдод хүрэлцэх хэмжээний аврагч завьтай байх шаардлагыг тусгажээ. Өдгөө томоохон хөлөг онгоцнууд дээрх гэрээний дагуу нийт зорчигчдынхоо 125 хувьтай тэнцэх хэмжээний багтаамжтай аврагч завьтай явах шаардлагатай болсон нь 1500 гаруй хүний амиар олдсон гэж хэлж болох юм.

Эцэст нь дүгнэхэд Титаникын живсэн шалтгаан нь инженерчлэл, тооцооллын алдаа гэхээсээ илүүтэйгээр харилцаа холбооны асуудал, хөлгийн удирдлагын болчимгүй шийдвэрүүд юм хэмээн үзэж болно. Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг АНУ-д мянга мянган хүний амийг авч одсон эл үйл явдлыг эргэн дурсах өдөр болгон тогтоосон байдаг.