Өнгөрөгч мягмар гараг буюу энэ сарын 8-ны өдөр “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн нэрэмжит тэтгэлэг гардуулах арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Тоёота болон Лексус брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер тус компани нь дотоодын чадварлаг, мэргэшсэн механик инженерүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зарладаг уламжлалтай. Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт ХААИС, ШУТИС -ийн салбар сургуулийн оюутнууд хамрагдсан бөгөөд нийт 27 оюутан шалгарч, тэтгэлгийн батламжаа гардан авлаа. Тэтгэлэг хүртсэн шилдэг оюутан залуус маань ирээдүйд автомашины салбарт хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, дэвшилтэт технологийг эзэмшсэн инженерүүд болж, эх орныхоо хөгжлийг манлайлах чадварлаг мэргэжилтнүүд болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. 

Энэ жилийн “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн шалгаруулалт хоёр үе шаттайгаар явагджээ. Эхний шатанд оюутнуудын ирүүлсэн өргөдөл материал, сурлагын үзүүлэлт, нийгмийн идэвх санаачилга, авъяас чадварыг харгалзан урьдчилсан сонголт хийсэн бол дараагийн шатанд Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн зүгээс шалгарсан оюутнуудтай ганцаарчилсан ярилцлага хийж, тэдний мэдлэг, ур чадвар, хандлага, хүсэл эрмэлзлийг дүгнэсэн байна. Ингэснээр эдгээр шалгуурыг амжилттай давсан шилдэг оюутнуудад тэтгэлгийн эрхийн бичгийг албан ёсоор гардуулсан юм.

Тэтгэлэг хүртсэн оюутнууд сургалтын төлбөрийн дэмжлэг болгон хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэхээс гадна Тоёотагийн Монгол дахь албан ёсны Дилер компаниудад дадлага хийхэд дэмжлэг авах давуу талтай.

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн 3-р дамжааны оюутан Г.Марал-Эрдэнэ

Тэтгэлэгт хамрагдахын тулд эхний шатанд дүнгийн мэдээлэл болон инженерийн чиглэлээр оролцсон тэмцээн уралдааны талаар мэдээллээ илгээсэн. Миний хувьд хоёрдугаар шат буюу ярилцлагын шатанд орохдоо их сандарч байсан болохоор энэ тэтгэлгийн хамгийн сорилттой үе нь байсан шиг санагддаг. Гэхдээ өөрийнхөө мэддэг зүйлийнхээ тухай буюу одоо суралцаж буй, цаашид ч илүү гүнзгий судалмаар байгаа зүйлсийнхээ тухай чин сэтгэлээсээ ярьсан учраас ярилцлагын шатыг амжилттай давж чадсан гэж бодож байна.

Миний хувьд 3.5 жилээр буюу ирэх намар сургуулиа төгсөх бодолтой байгаа учраас тухайн үед энэхүү тэтгэлэг нь сургалтын төлбөрийн томоохон дэмжлэг болж, надад санхүүгийн болон цаг хугацааны хувьд хэмнэлт авчирна гэдэгт итгэлтэй байна.

Сургуулиа төгсөөд тодорхой хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулсны үндсэн дээр цаашид мэргэших чиглэлээ сонгож, мэргэжил дээшлүүлэхээр зорьж байгаа.

ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн 4-р дамжааны оюутан Г.Золбаяр

Өмнөх жилүүдийн тэтгэлгээс харахад авто болон механикийн чиглэлийн оюутнууд оролцож байсан бол энэ удаа электроник болон цахилгааны чиглэлийн оюутнууд хамрагдах боломжтой болсноороо онцлог санагдаж байна.

Сургуулиа төгсөөд Тоёота шиг томоохон компанид мэргэжлээрээ ажиллаж, чадварлаг инженерүүдээс суралцахын зэрэгцээ сургуулиас олж авсан онолын мэдлэгээ практик дээр хэрэглэж сурах бодолтой байна.

ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн 2-р дамжааны оюутан Б.Алтанхуяг

“Тоёота Сэйлс Монголиа” ХХКомпанийн тэтгэлэг харьцангуй томоохон тэтгэлэг гэдэг утгаараа шалгуур үзүүлэлтийн хувьд олон даваатай байсан ч өөрийгөө тодорхой хэмжээнд бэлдсэний үндсэн дээр тэтгэлэг хүртэж чадсандаа баяртай байна. Ирэх намар буюу гуравдугаар дамжаанд ороод Тоёота Сэйлс Монголиа компанид дадлага хийж, цаашлаад төгссөнийхөө дараа мэргэжлээрээ ажиллах боломжийг эрэлхийлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Тавигдсан шаардлагууд

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль:

- Монгол Улсын иргэн байх
- Авто инженер болон механик инженерийн мэргэжлийн ангийн оюутан байх
- Суралцсан хугацааны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
- Нийгмийн идэвх зүтгэлтэй, санаачилгатай, урлаг, спортын амжилт үзүүлсэн байвал давуу тал болно
- Бусад тэтгэлэгт давхар хамрагдаагүй байх

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль:

- Монгол Улсын иргэн байх
- Автомашины механик, мехатроник, цахилгаан хангамж болон электроникийн инженерчлэлийн мэргэжлийн оюутан байх
- Суралцсан хугацааны голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Мэргэжлийн чиглэлээр олон нийтийн үйл ажиллагаа, тэмцээн уралдаанд идэвхтэй оролцож, мэдлэг чадвараа үнэлүүлсэн ба түүнийг сургууль баталгаажуулсан бол голч дүнгийн шалгуураас чөлөөлнө.
- Бусад тэтгэлэгт давхар хамрагдаагүй байх

ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Захирал Ж.Мөнгөн

Тус тэтгэлэг нь инженер технологийн салбарын оюутнуудын сурлага хөдөлмөрт нь томоохон дэмжлэг үзүүлэх зорилготой гэж ойлгож байна. Албан ёсны, мэргэшсэн ур чадвар бүхий инженерүүдийг Монгол Улсад бий болгох, улмаар Тоёотагийн албан ёсны засвар үйлчилгээг үзүүлж чадахуйц шилдэг инженерүүд болоход нь дэмжлэг үзүүлж буй гэдгээрээ онцлогтой.

Өнгөрсөн жил тэтгэлэг авсан манай сургуулийн оюутнууд “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн Дилер компаниудын нэг болох "Топ Моторс” ХХК-д ажиллаж байгааг харахад таатай байна. Үргэлжлүүлэн албан ёсны сертификат бүхий сургалтад хамрагдан нарийн мэргэжлийн инженерүүд болон хөгжиж байгаа нь нэн талархууштай.

Тэтгэлэг хүртсэн оюутнууд Тоёота Сэйлс Монголиа компанийн засвар үйлчилгээний хэсэгтэй танилцаж, үйл ажиллагааны талаар ерөнхий мэдээлэл авлаа.

Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.