“Эртэн баатар ган жадаар дийлээгүй юмыг эрдэмтэн мэргэд хулсан бийрээр дийлнэ” гэх Тунгалаг тамир киноны хэсгээр нийтлэлээ эхэлмээр санагдав. Орчин цагт эрдэмтэн мэргэдийн хулсан бийрээс гадна уран сэтгэмж, техник технологийн нэгдэл болсон медиа урлаг хүмүүст хичнээн сар жилээр сонссон ухаарлын ном, лекцээс ч ихийг эргэцүүлэхэд хүргэж байх шиг.  

Өмнөх нийтлэлээр бид Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмын танилцуулгыг хүргэж байсан бол энэ удаа наадмын хүрээн дэх Занабазрын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэсэн үзэсгэлэнгийн талаар сонирхуулахаар бэлтгэлээ.


Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дотоодын уран бүтээлчдийн чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт техник технологи бүхий медиа бүтээлүүдийг үзэгчдэд хүргэх замаар орчин үеийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах нь уг наадмын зорилго юм.

Энэ удаагийн наадамд зургаан улсын 23 уран бүтээлч нийслэлийн гурван байршилд уран бүтээлээ толилуулна. Тайванийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр, Тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар болон Монгол дахь Гёте институттэй хамтран “Монтаж” сэдвийн дор зохиогдож буй бөгөөд куратораар Тайвань улсын уран бүтээлч Чю Чи Сэн ажиллажээ.


Тавдугаар сарын 23-нд Занабазрын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэгдсэн нээлтийн үзэсгэлэнд Герман, Тайвань, Япон, Франц, АНУ, Монголын уран бүтээлчид бүтээлээ толилуулав. Мөн Тайвань, Монголын уран бүтээлдийн үзэсгэлэн “Улаан гэр” галерейд тавдугаар сарын 19-нөөс эхлэн олон нийтэд нээлттэй дэлгэгдэж байгаа аж.


куратор

Наадмын куратораар Тайванийн уран бүтээлч Чю Чи Сэн ажиллаж байгаа бөгөөд тэрээр Тайванийн Үндэсний урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн бакалавр, 2016 онд Францын Монпелье хотын Дүрслэх урлагийн их сургуулийг төгсөж, дүрслэх илэрхийллийн дээд зэргээ хамгаалжээ. Тэрээр хүн төрөлхтний соёлын үүсэл хөгжлийг хүрээлэн буй орчны талаарх өөрийн ойлголттой сүлж бүтээлээ туурвидаг. Тухайн газар орны геополитик, үндэсний ялгамжит чанар, бүс нутгийн онцлогийг шингээн, хүрээлэн буй орчин хийгээд нийгмийн ой санамжид гарч буй өөрчлөлтийг соргог мэдэрч, орон зайн болон соёлын зураглалыг гаргаж ирдэг нь түүний уран бүтээлийн онцлог.


Наадмын хүрээн дэх сургалт, лекц

Хун Ю Хао нь Тайванийн үндэсний урлагийн их сургуулийн магистр. Хотын гудамжуудын түмэн өнгө төрх, виртуал болон бодит орчны холбоо хамаарлыг бүтээлүүдээрээ өгүүлдэг. Тэрээр дрон, 3D сканнер, VR технологи түлхүү ашиглан хотын өнгө төрхийг дижитал руу хөрвүүлж, хотын үүх түүх хийгээд орчин цагийн өнгө төрхийг “Хөвөгч хот” бүтээлдээ буулгажээ.

Түүний “Шинэ медиа урлаг, технологи” сургалт энэ сарын 19-нд "Улаан гэр" галерейд болж өндөрлөлөө. Тус сургалтанд тэрээр гар утсаа ашиглан “Улаан гэр” галерейн 3D скан зургийг авч, Metashape программыг ашиглан боловсруулж, цэгэн дүрслэлийн датаг гарган авч, улмаар тоглоомын платформ Unity-ыг ашиглан видео хийн, Adobe After Effects-ын тусламжтайгаар уг видеог засварлаж үзүүлсэн юм.

Эх сурвалж: Ulaanbaatar International Media Art Festival


Мөн уран бүтээлч, Профессор Яао Жуй Чун-ийн "Дахин төрөхүй" сэдэвт лекц энэ сарын 22-нд болж өндөрлөлөө. Лекцээрээ тэрээр сүм хийд, оршуулгын газар, цэцэрлэг хийгээд соёл амралтын хүрээлэн зэрэг олон нийтийн 220 гаруй газраар явж, хан үндэстний үүх түүхийг илэрхийлсэн бурхан, хүндтэний хөшөө дурсгалуудын зургийг авсан “Дахин төрөхүй” төслийнхөө талаар хүүрнэсэн билээ.


Цаашлан “Тайванийн контемпорари урлаг” сэдэвт сургалт, мөн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тавдугаар сарын 30-нд White Rock төвд Франц, АНУ, Тайвань улсын дөрвөн уран бүтээлчийн 360 градус дэлгэцийн бүтээлүүдийг толилуулснаар наадам өндөрлөнө.