Өнгөрөгч Пүрэв гараг буюу есдүгээр сарын долооны өдөр Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран Тогтвортой хөгжлийн төлөөх Үндэсний чуулганыг зохион байгуулав. “Үйлдлээрээ нэгдье” уриатай уг чуулганы гол онцлог нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд дотоодын бизнесийн байгууллагуудын гаргаж буй хүчин чармайлтыг онцолсон үйл явдал байлаа.

Тэртээ 2015 оны есдүгээр сард 193 улсын төрийн тэргүүн хуран цуглаж, ирэх 15 жилийн турш хүн төрөлхтний биелүүлэх учиртай ирээдүйн зураглалыг баталсан. Харин өнөөдөр 2023 оны есдүгээр сар. Бид замынхаа талаас илүүг нь туулж, “гэрийн даалгавар”-аа хийж дуусахад үлдсэн хугацаа ердөө долоон жил.

Харамсалтай нь, 15 сая хүний амийг авч одсон цар тахал, ОХУ-ын Украинд зарласан дайнаас үүдсэн эрчим хүч, тээвэр, хүнсний хомсдол, ядуурал болон эрчим хүч, боловсролын хүртээмж бидэнд 2030 он хүртэлх аялал олон саад, сорилт бэрхшээлээр дүүрэн болохыг ахин дахин сануулаад буй.



тойрог эдийн засаг руу шилжихийн учир 

Дэлхий даяар Тогтвортой Хөгжлийн зорилтын ердөө 15 хувь нь хангалттай хэрэгжиж байгаа энэ цаг үед гэрийн даалгавраа амжилттай гүйцээхэд бизнесийн байгууллагуудын оролцоо юу юунаас илүү чухал болоод байна.

Бизнес эрхэлж буй хэн бүхэн анхнаасаа "дахин хэрэглэгдэхүйц" бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэмнэлттэй, үр дүнтэй, ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх эдийн засгийн “тойрог загвар” руу шилжсэнээрээ Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулах нь гарцаагүй.

Энэ удаагийн чуулганд Монголын хувийн хэвшлүүд байгууллагууд Тогтвортой хөгжлийн зорилттой уялдаж буй санал санаачилгаа танилцуулсан нь бизнес эрхлэгчид эхнээсээ ногоон хөгжлийн асуудлыг нийгмийн хариуцлага төдийхнөөр сэтгэхээ больж, үйл ажиллагааныхаа эд эс бүхэнд тусгаж эхэлснийг харуулсан явдал байлаа.

Тухайлбал, “М-Си-Эс Кока-Кола” компани нь Тогтвортой хөгжлийн 17 зорилтоос 14 зорилтыг бодитойгоор хэрэгжүүлж байгаа бөгөөд чуулганы үеэр хуванцар саваа хэрхэн дахин боловсруулж байгаа явцыг танилцуулах үзүүлэнгээ дэлгэн тавьсан нь оролцогчдын анхаарлыг эрхгүй татаж байв.

Тэдний хувьд 2030 он хүртэл үе шаттайгаар хүлэмжийн хийн ялгарал болон усны хэрэглээгээ бууруулах, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих зэрэг байгаль орчин, нийгэм засаглалын чиглэлд авч хэрэгжүүлэх тодорхой зорилтуудыг өмнөө тавьжээ. Мөн Тогтвортой хөгжлийн 7 дахь зорилт болох Сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэх ажлыг компанидаа бодитоор хэрэгжүүлэхээр судалж байгаа гэсэн юм. Хамгийн чухал нь тэд 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьсан аж.



хуванцраа ангилах нь хэр чухал гэж?

Өдгөө дэлхийн нийт газрын тос олборлолтын найман хувь нь хуванцрын үйлдвэрлэлд зориулагдаж байна. Энэ тоо бол Африк тивийн бүтэн жилийн газрын тосны хэрэглээ юм. Тэгвэл энэ их хуванцар хаачдаг хэрэг вэ?

Дэлхий дээр өдөр бүр хогийн цэг рүү ачигдаж буй хуванцрын 40 хувь нь сав баглаа боодол, 12 хувь нь өргөн хэрэглээний бараа байдаг аж. Тун сонирхолтой нь эдгээр хаягдлын ердөө есхөн хувь нь л дахивар болон ангилагддаг. Харин үлдсэнийг нь бид шатааж, булж, далай тэнгистээ тэр чигт нь хаяж буй. Эцэс төгсгөл нь мэдэгдэхгүй энэ их хуванцар байгаль орчноос хэдийнээ хальж, бидний эрүүл мэндэд хүртэл аюулын харанга дэлдээж буйг та мэдэх үү?

Манай улсын хувьд жилдээ 18 мянган тонн хуванцар сав хэрэглэдэг бөгөөд “М-Си-Эс Кока-Кола” компани нь хоёр жилийн өмнө жилдээ 20 мянган тонн хуванцар сав дахин боловсруулах “TML” үйлдвэрийг ашиглалтад оруулаад байгаа юм. Судалгаагаар, дотоодын нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч бид ердөө гурваа таван хувийг нь л дахин боловсруулж байгаа нь туйлын харамсалтай.

“TML” үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад л бид хуванцрын хаягдлаа бүрэн дахин боловсруулж чадах юм. Гагцхүү уусан ундааныхаа савыг ганцхан удаа хэрэглээд л хаях уу, эсвэл дахин боловсруулж ахин хэрэглэх үү гэх асуултыг хэрэглэгч бид өөрсдөөсөө асуух хэрэгтэй.


Дахин боловсруулах үйлдвэрээс гарсан түүхий эд

Энэхүү малгайг 3 ширхэг хуванцар саваар бүтээв

100 хувь дахин боловсруулсан хуванцар ашиглан бүтээв


зөв хаясан хуванцар хог бус баялаг 

Тавилга, гэр ахуйн бараа, нэхмэл утас, сав баглаа боодол гээд "RPET" буюу дахин боловсруулсан хуванцрыг ашиглаж болох салбарын жагсаалт бараг л дуусашгүй. Levi’s л гэхэд үйлдвэрлэлдээ зөвхөн дахин боловсруулсан хуванцар ашигладаг бөгөөд нийт 15 жилийн хугацаанд тус компани 35 тэрбум гаруй хуванцар савыг дахин боловсруулаад байгаа юм. Чуулганы үеэр “М-Си-Эс Кока-Кола” хуванцар сав хэрхэн үйлдвэрийн дамжлагаар мөхлөг болон хэрчдэс болж, эцэст нь дахин ашиглах боломжтой хуванцар үрэл болон хувирдгийг бодитоор харуулсан нь хэн бүхэнд хогоо ангилан хаях сэдлийг эрхгүй төрүүлж байв .

Түүнчлэн тэд хуванцар савыг дахин боловсруулж 3D принтерээр төрөл бүрийн түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэж байсан юм. Ердөө гуравхан грамм хуванцрын хаягдал хэдхэн хормын дотор өнө удаан жил ашиглах түлхүүрийн оосор болон хувирах нь гайхалтай биш гэж үү?


Хуванцрын хаягдлаас бүтсэн түлхүүрийн оосор


Сонирхуулахад, таны албан байгууллага, оршин суугаа хотхон, үзвэр үйлчилгээний байгууллага хэрэв хуванцрын хаягдлаа зориулалтын дагуу ангилбал “М-Си-Эс Кока-Кола”-ийн зүгээс хаягдлыг нэгдсэн байдлаар цуглуулж, үйлдвэрийн түүхий эд болгох бүрэн боломжтой гэсэн шүү. Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах үйлс хамгийн жижиг дадлаас л эхэлнэ гэдгийг санаарай.

НҮБ-ийн суурин төлөөлөгчийн хамт