Дэлхийн хүүхдийн өдрийг 1959 оноос эхлэн жил бүрийн 11-р сарын 20-нд зохион байгуулдаг болсон түүхтэй. Энэхүү өдөр дэлхий дахинаа ирээдүй хойч үедээ тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, тэдгээрийг шийдэх санал санаачилга дэвшүүлдэг билээ. Монгол Улсад хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй амьдрах эрх олон талаар зөрчигдөж байдгийг хүн бүхэн мэднэ. Уг асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулж, НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Хүүхэд бүрд цэнхэр тэнгэр” гала арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

АРГА ХЭМЖЭЭ

НҮБ-ын Хүүхдийн Сан "Хүүхдийн эрхийн конвенц" батлагдсан 11-р сарын 20-ны өдрийг хамтран ажиллагч талууд, хүүхэд залуустайгаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Хүндэтгэлийн Гала үдшийн арга хэмжээг 11-р сарын 18-ны өдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгуулж, Агаарын бохирдолтой тэмцэх “Агаар нэг” хөтөлбөртөө хөрөнгө босгож хүүхэд, залуусын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад хувь нэмрээ оруулах юм. Арга хэмжээний үеэр цэнхэр хивсний ёслол, Монголын урлаг соёлын шилдгүүдийн тоглолт, хосгүй уран зураг, бүтээлийн хандивын дуудлага худалдаа болох ажээ.


ЧИП БАГЦ

НҮБ-ын Хүүхдийн Сан нь агаарын бохирдлоос үүдэлтэй эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд олон төрлийн арга хэмжээ авч ажилладгийн нэг нь Нүүрсгүй шийдэл - Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц юм. Энэхүү Монгол гэрт зориулсан халаалт, дулаалга, агаар сэлгэлтийн “ЧИП” багцыг ашигласнаар хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан гэртээ нүүрс хэрэглэлгүйгээр өвлийг тав тухтай, өнтэй давах боломж бүрдэж буй.

ЧИП багцыг тухайн орон нутгийн өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд бизнес эрхлэгч нар үйлдвэрлэдэг бөгөөд зах зээлийн үнэ 3,000,000₮. Одоогийн байдлаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөрөнгө оруулалт, донорууд болон орон нутгийн хөрөнгө оруулалтын тусламжтайгаар нийт долоон аймаг, хоёр дүүргийн 2,000 орчим өрх, 25 гэр цэцэрлэг ЧИП багцтай болоод байна.

Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц

unread

Мөн энэхүү чип багцыг ашигласнаар нэг өрхийн түлшний зардал сард дунджаар 42,000 төгрөгөөр буурахаас гадна, өрхийн нийт хог хаягдал 66 хувиар багасаж, нүүрсээр гал түлэхэд зарцуулдаг цаг багасахын хэрээр, гэрийн дотор орчны агаарын чанар сайжирч, хүүхэд халуун зууханд түлэгдэх эрсдэл буурчээ.

Гала үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.