“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сүүлийн өдрийн мэнд хүргэе. Өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс заншлын дагуу сар битүүрэх энэ өдөр бидний идээ ундаагаа бэлтгэн, баярын ширээгээ засах өдөр. Гэсэн ч цагаан сарын ёс заншлууд дотроос залуус бидэнд ном дүрмээр нь хийж гүйцэтгэхэд хамгийн сорилттой нь ууц засах гэдэгтэй санал нийлэх бизээ. 

Нүүдэлчин ахуйгаасаа өдөр өдрөөр холдож буй бидний хувьд ууц засна гэдэг гарцаагүй том ажил хэдий ч жилийн нэг л өдөр уламжлалт ахуйдаа дотночлон шингэж, ойлгож авах боломж магад гагц энэ үед л байдаг тул төвөгшөөн татгалзахаас илүүтэй мэдэж, сурахад шамдахыг уриалан доорх нийтлэлээ бэлтгэлээ. 


1. Эхлэхийн өмнө: Ууц тавих болсон түүхийг товчхон

1. Монголчууд эрт цагаас мах шүүсэн зоогийг ёс, ёслолын эрэмбээр нь зум, их бүхэл (их ёсны ууц), дунд бүхэл, бага бүхэл гэж үндсэн дөрвөн зүйлээр тавьж иржээ.

2. Зум, их бүхлийг бэлтгэхэд хонийг бүхэл биеэр нь боловсруулалтанд оруулдаг бол харин монгол айл цагаан сарын шинийн нэгнээр заавал энэ төрлийн их бүхэл (их ёсны ууц) тавих албагүй байдаг. Учрыг дор дарааллуулан тайлбарлавал:

3. Эзэн Чингис хааны үеэс тэнгэр газрын тайлга тахилга, төр ёсны их найр хуримд зум, их бүхэл мах тавьдаг байсан бол анхдугаар богд Өндөр гэгээн бүтэн хонины махыг ууцаар нь, гэдэс дотрыг гургалдайгаар нь, толгой шийрийг толгойгоор нь, цээж махыг дал дөрвөн өндрөөр нь төлөөлүүлэн тавьж байх өвөрмөц дэг дэглэж, үүнээс хувь хүртээж байхыг зарлиг болгожээ.



4. Тийм ч учраас Монголын хишгийг тархаан хүртээж буйг бэлгэдсэн Өндөр гэгээний хонины ууц тавьсан хөрөг зурмал өдгөө хүртэл хадгалагдан үлджээ. Энэ тухай "Шүүсний ерөөл"-д "Зоогийн ёс нэн нарийн бөгөөд үе бүхэн нугалаатай, нугалаа бүхэн хишигтэй, өвгөд настанд дээжтэй, өсвөр хүүхдэд хувьтай” гэсэн байдаг.

Хэдий ууц тавих ёсыг ийн шинэчлэн дэглэсэн ч ард олны цагаан сарын шинийн нэгний эрхэм чухал зоогт ууц шүүс одоогийнх шиг байгаагүй гэдэг.

5. Ууцыг шинийн нэгний зоогт голлон оруулах болсон түүх Богд хаан буюу VIII Богд Жавзандамбын үеэс эхэлжээ. Учир нь Богдын шавь таван хошууны буюу одоогийн Дундговь, Төв, Сэлэнгэ, Өвөрхангай, Булган аймгийн зарим сүмийн жасаас Богд хаанд ууц өргөдөг байсан нь яваандаа нутгийн баян чинээлэг өрхүүд бие биеийнхээ дээр гарах гэж өрсөлдөн ууц тавих болсноор цааш тархсаар өдгөө бидний айл бүр ууц тавин сар шинээ угтах болсон соёлын эхлэл гэж үздэг байна.


Бүхэл хонины мах чанасан шөлийг уувал хий бүрэлдсэн өвчнийг арилган, судсыг нээж, шар усыг тарааж, тамир сүлдийг нэмэгдүүлэх чадалтай гэжээ.

2. Ууц засахдаа: 

Зэс, гууль, мөнгөн царан дээр дөрвөн мөчийг нь амьд хонины хэвтээ байдлаар буюу физиологийн байрлалын дагуу хойд урд, зөв буруу талаар нь ялгаж өрөөд, гол дунд нь сээр хүзүүг багтааж тавьдаг.

Тодруулбал:

  • Хоймор талд буюу царны дээд хэсэгт хүзүү
  • Түүний доор сээр
  • Хүзүү, сээрний хоёр талд дал дөрвөн өндөр
  • Царны баруун доод талд буюу баруун талын дал дөрвөн өндрийн доор богтос
  • Зүүн доод талд буюу зүүн талын дал дөрвөн өндрийн доор хонтой шаантыг тус тус тавьж дээр нь
  • Ууцны сүүлийг үүд талруу харуулж тавиад,
  • Ууцны дээр дал, хоёр өндөр хавиргын толгойг нь сүүлрүү харуулж тус тус тавина.



3. ууц хөндөхдөө: 

Монгол угсаатны ууц хөндөх ёс тус бүрдээ өөр байдаг тул нийтлэлдээ Ар Монгол буюу төв халх ёсыг голч болголоо.

1. Ууцыг төрийн хар хүний бэлгэдэл болгож мөнгөн хуй тоногтой монгол хэт хутгаар эхлэн хөнддөг байна.

2. Зүүн гараараа харцаганаас (ууцны доош харуулан тавьж буй дотор талын хэсгийг хэлнэ) цэмцгэрхэн түшиж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураас дагуу цувуулан гурав гурав эсгэнэ.

3. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж (Гадаргуу хальсыг нимгэлэн авахыг хэлнэ) авна.

4. Дараа нь харцага талын ирмэгний мах өөх нийлэх орчмын хоёр талаас хоёр бяцхан хэсэг халимлан авч, толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина.Ийнхүү ууцаа хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана.



4. Ууц таллахдаа:

1. Ууцны хоёр талын намилхайнаас нимгэн нимгэн зүсэж таллаж авснаа гурав гурав хувааж, нэгийг нь галын хувь дээр нэмнэ, гурвыг нь дээж болгож тусгайлан тавиад, үлдсэн хоёрыг өөрийн хувь болгож үлдээж амсана.

2. Дараа нь хүндэтгэн зочилж байгаа эздэдээ буюу гэр бүлийнхэндээ ууцны талаа хишиг хэмээн хэлж, бүтэн бүтнээр нь хоёр гараараа сунган өгөх ба авч буй тал ч хоёр гараар тосож авна.

3. Ийнхүү ууцныхаа хоёр намилхаанаас ээлжлэн адил тоотой таллаж авахаас гадна дайвар мах бүрээс хувь авч таллаад, жижиг жижиг хуваан, тусгай тавганд тавьж, сар шинээр гэрт зочилсон бүх хүнд амсуулдаг.

4. Хэн хүнд ямар хувь хишиг оногддог болохыг ерөөлд өгүүлэхдээ, “Эрдэнэ тэргүүн, ураг бүлийг нь өвгөд ихэстээ дэвшүүлж, өвчүү, дух сүүжийг нь эрхэм зочдодоо дээжлүүлж, дал дөрвөн өндрийг нь дотно төрөлдөө барьж, дараа дэгийн ёсоор даяар олонд амсуулдаг” журамтай гэжээ.

Ууц янзлах, чанах, засах, хөндөх, таллах гээд ууцтай холбогдох бүхий л явцыг айлын эзэн, эр хүн гардан толгойлдог ажээ.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.