2021 оны байдлаар манай улсад дахин боловсруулах 18 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч тэд хүчин чадлынхаа дөнгөж 52.4 хувийг ашиглаж байгаа төдийгүй 55 хувь нь импортоор анхдагч түүхий эдээ авдаг гэнэ. Угтаа бид хогоо ангилаад дадчихвал эдгээр үйлдвэрийг түүхий эдээр хангах бүрэн боломжтой.

“Хогоо ангилан ялгая” хэмээх үгийг сонсмогц таны толгойд “Угаасаа л хогийн цэг дээр булагдахаас хойш өөртөө ажил удах ямар шаардлага байна” хэмээх бодол төрдөг байж магад. Гэхдээ ямар ч хаягдалгүй цор ганц өрхөөс хаягдлаа багасгахаар хичээж буй мянга мянган айл байх нь байгаль орчинд илүү ээлтэй хэмээх үг байдаг шүү дээ. Бид энэ удаагийн нийтлэлээрээ өөрсдийн хэмжээнд хог хаягдлын асуудлаа шийдвэрлэж, ганц ширхэг хуванцар савыг ч баялаг болгож буй албан байгууллага, СӨХ-ийн туршлагаас та бүхэнтэй хуваалцаж байна. Хаягдлаа хөрсөнд булахын оронд хөрөнгө болгохоор хичээж байгаа тэдний туршлагатай хамтдаа танилцацгаая.



1.д.рэнцэнноров, "өргөө-14" сөх-ны гүйцэтгэх захирал 


Манай хамт олон 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ тасралтгүй хогоо ангилан ялгаж байна. Манай СӨХ найман байрны нийтдээ 610 өрхийг хариуцан ажилладаг бөгөөд сардаа нэг удаа портер цаасан хайрцаг, хоёр удаа архи, пивоны шил, гурван удаа хуванцар сав, гялгар уутаа дахивар хүлээн авдаг компаниудад борлуулдаг. Дахивар авдаг газрууд маань өөрсдөө унаатайгаа ачаад явчихдаг нь бидний ажлыг хөнгөлөөд тун амар шүү.

Одоогийн байдлаар хариуцсан 17 орц бүрдээ бид ангилан ялгах зориулалтын хогийн сав байршуулан, тэрхүү цугларсан хаягдлаа өөрсдөө ангилж тушааж байна. Зуны цагт хаягдлын хэмжээ харьцангуй ихэсдэг онцлогтой.


"ӨРГӨӨ-14" СӨХ-ын ангилсан дахивар

"ӨРГӨӨ-14" СӨХ

Хогоо ангилж эхэлснээс хойш гарсан хамгийн том давуу тал бол хог ачуулах хугацаа холдсон явдал. Урьд нь бид долоо хоногтоо дор хаяж хоёр удаа хогны машин дууддаг байсан бол одоо ганц л удаа дууддаг төдийгүй ачилтын хугацаа нь хүртэл багассан. Аргагүй шүү дээ, дийлэнх хогоо ангилан ялгачихаж байгаа тул тэдгээр хүмүүсийн ажлыг хүртэл хөнгөлөөд өгчихөж байгаа юм.

Бага насны хүүхдүүд аав ээжээсээ түрүүнд хогоо ангилж сураад, гэрийнхэндээ шаардлага тавьж байгаа нь тун хөөрхөн. Зарим явуулын хүмүүс хогийн сав руу маань бие засах, хулгайлж явах гээд асуудал мэдээж бий. Гэхдээ нэгэнтээ энэ ажлыг эхлүүлээд, оршин суугчдынхаа амьдарлын хэв маягийн нэг хэсэг болгочихсон учраас ирээдүйд илүү нарийн ангилж, хогны машинд ачуулж буй хаягдлаа улам багасгахаар хичээж яваа. Энэ хугацаанд бид дахивраас арав гаруй сая төгрөгийн орлого олж, уг хуримтлалаа ажилтнуудын хөдөлмөр хамгаалал, цэвэрлэгээний материал, жилдээ нэг удаа зохиогддог аялал зугаалгийн хөтөлбөр зэрэгт зарцуулсан.

Монгол хүн тус бүр жилд нийт 957кг буюу дунджаар нэг тонн хог хаягдал гаргадаг. Гэвч бид энэ их хаягдлынхаа ердөө гурваас таван хувийг нь л дахин боловсруулдаг.

World Bank Waste Global Data

2. Б.аРИУНЖАРГАЛ, ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ 

Энэ жилийн 5 сарын дундаас 8 сар дунд хүртэлх хугацаанд бид 2500 орчим кг хуванцар, 100 кг орчим лааз цуглуулж, дахивар боловсруулах үйлдвэрүүдэд тушаажээ. Дахивраас олсон орлогоо бид урамшуулал хэлбэрээр тухайн ажилтанд олгохоор шийдвэрлэсэн. Одоогоор үйлчлүүлэгчид маань хуванцраа зориулалтын газар хаяж хэвшээгүй байгаа тул цугларсан бүх хогноос нэг бүрчлэн хуванцар ялгах ажилтны хөдөлмөр асар их.

Үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан хуванцар, хоолны үлдэгдэл, нэг удаагийн хоолны дагалдах хэрэгслүүд Паркийн хогны дийлэнх хэсгийг эзэлдэг. Энэ жилийн хувьд бид хуванцар хаяхад зориулсан тусгай хогны сав хэд хэдийг туршсанаас гадна хуванцараа дахиварт тушааж эхэлсэн. Мэдээж шинээр эхэлж байгаа ажил учраас асуудал маш их.


Хүүхдийн паркад байрлах ангилан ялгах тэмдэглэгээтэй хогны сав

Хүүхдийн паркад байрлах ангилан ялгах тэмдэглэгээтэй хогны сав

Үйлчлүүлэгчид дийлэнхдээ ундааныхаа савыг суллахгүйгээр хаядаг тул хэдхэн хоноод л элсэн чихэртэй шингэн тэр хавийнхаа орчинг бүхэлд нь бохирдуулдаг нь хамгийн хэцүү асуудал. Тэр бүх бохирдсон шал, төмөр сараалжин хогны савыг ажилчид маань нэгд нэгэнгүй угааж цэвэрлэхээр арчилгаан дээр олон цаг зарцуулах нь ойлгомжтой. Мөн хогны саваа хулгайд алдах, ангилахаар ялгасан хуванцарыг шөнө оройгоор хүмүүс тарааж хаях гээд асуудал мундахгүй.


ҮСАХ-ийн ажилчид хуванцар ангилж байгаа үйл явц

Гэхдээ нэгэнтээ бид энэ жил дахивар тушаах ажлыг зоригтойгоор эхлүүлсэн учраас ирэх жилүүдэд хогоо илүү боловсронгуй ангилж, ажилтан болон үйлчлүүлэгчэд ээлтэй байдлаар хогны савны дизайныг шийдэхээр зорьж байна. Түүнчлэн хуванцраас гадна хоолны үлдэгдлээ бид зохих стандартын дагуу бордоо болон боловсруулж, ногоон байгууламжаа бордох бүрэн боломжтой хэмээн харж байгаа.

Зуны улиралд орон сууцны өрхийн нийт хог хаягдлын 41 хувийг, өвлийн улиралд 36.2 хувийг зөвхөн хүнсний хаягдал эзэлж байна. Харамсалтай нь бидэнд хүнсний хаягдлаа ангилж, ялгах тусгай цэг гэж үгүй.

The Asia Foundation

 3. д.оюунчимэг, каidu mall үйлчилгээний албаны ахлах ажилтан 


Бид түрээслэгч нараасаа зөвхөн ангилан ялгасан хог хүлээн авах дотоод журамтай. Ихэнх үйлчилгээний байгууллага бүх хогоо нэг дор нийлүүлж байгаад л хогийн цэг рүү нэгдсэн байдлаар ачдаг учраас эхэндээ манай түрээслэгчдэд энэхүү журам төвөгтэй санагдсан байж магад. Гэхдээ одоо бол бүх түрээслэгч ямар ч асуудалгүй хогоо ангилаад сурчихсан.



Бид хогоо цаасан хайрцаг, хуванцар, лааз, нойтон хог болон тосны хаягдал гэхчлэн маш нарийн ангилдаг юм. Манай үйлчилгээний төвд дөрвөн хоолны газар үйл ажиллагаа эрхэлдэг. Мэдээж хоолны газраас нойтон хоолны үлдэгдэл, ургамлын тос зэрэг ангилахад бэрхшээлтэй хаягдал ихээр гарна. Бид нойтон хоолыг ямар ч шингэнгүй болтол нь шүүсэн байдалтайгаар, харин тосоо таван литрийн зориулалтын саваар хүлээн авдаг. Үүний үр дүнд хогны машиныг бохирдуулахгүй байх, бусад хогийг өмхийрөхөөс сэргийлж байна.


KAIDU MALL-д байрлах RVM машин

KAIDU MALL-д байрлах RVM машин

Мөн манай үүдний танхимд байршдаг, ус ундааны хуванцар сав, лаазыг төлбөртэй хүлээн авах автомат төхөөрөмж RVM-ийг хүмүүс их идэвхтэй ашиглана шүү. Ашиглах заавар нь ч тун энгийн. Хуванцар савныхаа баркодыг уншуулаад л сав бүрийнхээ тоогоор 20 төгрөгийн урамшууллыг Hipay аппаар дамжуулан авчихна. Залуучууд энэ машиныг тун идэвхтэй хэрэглэнэ, зарим нэг нь хэрэг болгон манайхыг зорин ирж, гэртээ цуглуулсан хуванцраа нэг дор бөөнөөр нь тушааж байгаа ч харагддаг юм.

Монгол Улс нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч өдгөө ердөө 3-5 хувийг нь л дахин боловсруулдаг.

Монгол Улс дахь дахин боловсруулсан хуванцар бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа

4. К.Дулмаа, mcs cospace харилцагчийн үйлчилгээний ажилтан 

MCS Co Space-д Их Шүүдэргэнэ, Wellbee, Nomadia Pictures, Central Tv, Pick Pack гээд есөн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Ажилтнууд маань бүгд оффис дээрээ хогоо цаас, хуванцар, шил лааз, ахуйн хогоор ангилж хаяад хэвшчихсэн. Бид оффис дотроо болон нийтийн эзэмшлийн талбайдаа ангилан ялгах тусгай хогны савтай. Ангилсан бүх дахиврыг маань хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг цэвэр түүхий эдээр тасралтгүй хангах зорилготой “Өнгө Нэм”-ийнхэн ирээд авчихдаг.


MCS CОSPACE-ийн нийтийн эзэмшлийн талбай дахь ангилан ялгах хогны сав

MCS CОSPACE-ийн нийтийн эзэмшлийн талбай дахь ангилан ялгах хогны сав

Мөн ахуйн хогоо ачуулах хоногийн хувьд бусад оффистой харьцуулахад манайх харьцангуй хол давтамжтай байдаг юм шиг анзаарагдсан. Худалдаа, агуулахын үйл ажиллагаа явуулдаг компаниуд манай оффист байрладаг тул асар их хэмжээний гялгар уут, цаасан хайрцаг дахиварт ачигддаг гэдгээрээ онцлогтой.

Хэрвээ энэ бүх хогийг ангилахгүйгээр тэр чигт нь булчихвал тэр хэмжээгээр дахин боловсруулах үйлдвэрүүд түүхий эдээ гаднаас нь худалдан авч таарна шүү дээ. Аж ахуйн нэгжүүд хог хаягдлынхаа 30-40 хувийг дахин боловсруулах үйлдвэрт өгөх боломжтой гэдэг судалгаа байдаг юм билээ. Хувь хүнийхээ зүгээс бидний амьдралдаа хэвшүүлсэн тун энгийн дадал байгаль орчин, үйлдвэрлэлд асар өндөр ач холбогдолтой гэдгийг хүмүүс ойлгоосой гэж хүсдэг дээ.


MCS CОSPACE-ийн оффис доторх ангилан ялгах хогны сав