Microsoft- ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс байгаль орчны асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулж, веганизмд уриалдаг бол Joker киноны гол дүр, жүжигчин Хоакин Финикс Оскарын шагнал гардан авахдаа амьтны эрх болон ногоон хоолны сэдвээр дэлхий нийтэд хандан үг хэлж байсан билээ. Эдгээр жишээнүүдээс харахад, энэ зууны анхаарал татам сэдвүүдийн нэг бол яахын аргагүй цагаан, ногоон хоолны дэглэм юм.

Тиймээс өнөөдөр тохиож буй дэлхийн ногоон хоолтнуудын өдрийг тохиолдуулан бид ногоон хоолтой холбоотой эргэлзээтэй асуултуудыг хэлэлцэхээр бэлдлээ. 

Vegan болон Vegetarian хэмээх хоёр ойлголт ялгаатай юу?

Юун түрүүнд ойлголтоо цэгцлэхийн тулд vegetarian болон vegan хэмээх нэршлийн ялгааг ойлгох хэрэгтэй. Vegetarian гэдэг нь зөвхөн ногоо, жимсээр хооллодог дэглэм бол цагаан хоол нь дотроо доорх байдлаар:

1. Lactovegetarians буюу улаан мах, загас, өндөг идэхгүй харин цагаан идээ иддэг
2. Ovo-vegetarians буюу улаан мах, загас, цагаан идээ идэхгүй харин өндөг иддэг,
3. Lacto-ovo-vegetarians улаан мах идэхгүй харин цагаан идээ болон өндөг иддэг
4.Pescatarians улаан мах хэрэглэхгүй ч хавч, сам хорхой, нялцгай биетэн, хясаа зэргийг идэж болно” гэхчлэн хуваагддаг байх нь.



Интернэтээс “vegetarian diet” гэж хайхад л ямар олон давуу талуудтай болохыг жирийтэл тайлбарлан бичсэнийг та олох нь лавтай. Тухайлбал, судалгаагаар ногоон хоолны дэглэм нь зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэлийг 32 хувиар бууруулж, хоол хүнснээс үүдэлтэй нүүрстөрөгчийн ул мөрийг 73 хувь хүртэл багасгаж чадахыг баталсан нь эрүүл мэндээ хамгаалж, эх дэлхийгээ хайрладаг хүн бүрд нөлөөлөхүйц хүчтэй судалгаа. Тиймдээ ч мянга мянган хүмүүс ногоон хоолыг илүүд үзэж, амьдралын хэв маягаа сольж байна.

Харин уг сэдэв тренд болохын хэрээр эрүүл мэнд, тогтвортой байдал, ёс зүй зэрэг олон өнцгөөс нь уг хөдөлгөөнийг судалж, сорьж эхлэв. Жишээлбэл, эрүүл мэндийн хувьд зарим судлаачид уг сэдэв дээр эргэлзэж, хүн үнэхээр амин дэмээ жимс, ногооноос авах боломжтой юу хэмээн судалж эхэлсэн юм.



Ногоон хоолтнууд B12, төмөр, омега-3 тосны хүчил зэрэг чухал шим тэжээлийн дутагдалтай гэж үзэх судлаачид бий. Ялангуяа B12 витамин зөвхөн амьтны гаралтай түүхий эдэд байдаг ба уг витаминаа хангалттай нөхөхгүй бол цус багадалт, мэдрэлийн тогтолцооны гэмтэл зэрэг ноцтой асуудлуудыг үүсгэж болзошгүй. Судалгаагаар урт хугацаанд цагаан хоолны дэглэм барьж буй хүмүүсийн ойролцоогоор 52 хувь нь B12 витамины дутагдалтай байгааг тогтоосон байгаа юм.

Түүнчлэн төмрийн бэлдмэлээр төмрийн хэрэгцээгээ нөхөх нь тийм ч ухаалаг сонголт биш хэмээн зарим судалгаанууд дээр дурдагддаг. Учир нь ургамлын гаралтай төмөр (гем бус төмөр) нь амьтны гаралтай төмрөөс (гем төмөр) бага хэмжээгээр биед шимэгддэгийн дээр ногоон хоолтой эмэгтэйчүүдэд төмрийн дутагдал илүүтэй илэрдэг аж.

Нөгөөтээгүүр, Оксфордын Их сургуулийн эрдэмтэд 20 жилийн хугацаанд ногоон хоолтон, цагаан хоолтон болон махан хоолтныг харьцуулан судлахад ногоон хоолтнууд бусад бүлгээс биеийн жингийн индекс бага буюу таргалалтгүй, зүрх судасны өвчлөл тусах эрсдэл бага байгаа нь ажиглагджээ.



Ёс зүйн талаас, олон ногоон хоолтон эцэг эхчүүд хүүхдээ ургамлын гаралтай хоолонд дасгах нь тэдний шим тэжээлийн хэрэгцээг хангаж чадна гэж үздэг. "The Journal of Pediatrics" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар ногоон хоолтон хүүхдүүд холимог хооллолттой хүүхдүүдтэй харьцуулахад ирээдүйд шим тэжээлийн дутагдалд орох магадлал өндөр хэмээн дурдсан байна. Тэр дундаа амьдралын эхний хоёр жилд витамин В12 витамины дутагдалд орох юм бол хөгжлийн хоцрогдол болон мэдрэлийн системд асуудал үүсэж болзошгүй гэнэ.

Зарим судалгаагаар хүүхдийн хүнс тэжээлийг нарийн төлөвлөж, хэрэгцээт нэмэлт тэжээлийг бэлдмэл байдлаар хэрэглэхгүй бол өсөлтийн хоцрогдолтой болох эрсдэлтэй гэж дүгнэжээ. Тиймээс эцэг эхчүүд хэрэв хүүхдээ ногоон хоолтон болгох шийдвэрийг гаргасан бол тэдний авах ёстой шим тэжээлийг маш нарийн төлөвлөж, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллах нь зүйтэй болов уу.



Хэдийгээр хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн туршид ургамал, ногоо хэрэглэсээр ирсэн ч энэ нь хүн бүрд ногоон хоолны дэглэм тохирно гэсэн үг биш. Хүн төрөлхтний түүхэн баримтуудаас харахад бид мах, ургамлыг хослуулан хэрэглэдэг холимог хоолтнууд байсан бөгөөд мах бол хүний ​​гол хэрэгцээт уураг, В12 витамин, төмөр гэх мэт тэжээллэг бодисуудын чухал эх үүсвэр юм. Эртний хүмүүсийн хэрэглэж байсан мах нь илчлэг өндөртэй байсан тул ялангуяа тархины хөгжилд мах ихээхэн чухал нөлөө үзүүлсэн гэж үзэх нь ч бий.



Орчин үеийн шинжлэх ухааны судалгаанаас үзэхэд, сайтар зохицуулж чадсан ногоон хоолны дэглэм ихэнх шим тэжээлийн хэрэгцээг хангаж чадах ч генетик, бодисын солилцоо, эрүүл мэндийн ялгаанаас шалтгаалан хүн бүрд тохиромжтой байх албагүй. Жишээлбэл, зарим хүмүүст төмөр, В12 витамин, омега-3 тосны хүчлүүд илүү ихээр шаардлагатай байдаг бөгөөд эдгээр шим тэжээлүүдийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээс илүү хялбархан авах боломжтой.

Судалгаагаар зарим хүмүүс ургамлын гаралтай омега-3 тосны хүчил (ALA)-ийг бидний бие сайн шингээж чадахуйц хувилбар болох DHA болон EPA болгон хувиргаж чаддаггүй аж. Үүн дээр нэмээд гэдэсний цочмог хам шинж (IBS) эсвэл Кроны өвчнөөр өвчилсөн хүмүүсийн хувьд ургамлын гаралтай хоолны ширхэглэг ихтэй байдал нь хоол боловсруулах эрхтэнд хүндрэл үүсгэж, улмаар шим тэжээлийн шингээлтэд саад учруулж болзошгүй. Тиймээс дээр дурдсан тодорхой өвчлөлийн нөхцөлд тэнцвэртэй хооллолт илүү зохимжтойг санууштай.



Мал аж ахуйн салбар нь дэлхийн хүлэмжийн хийн 14.5 хувийг дангаар ялгаруулдаг, байгаль орчинд багагүй хөнөөлтэй салбаруудын нэг юм. Тухайлбал нэг кг үхрийн мах үйлдвэрлэхэд ойролцоогоор 15 мянган л ус ашигладаг бол ижил хэмжээний дүпү үйлдвэрлэхэд ердөө 900 л ус л шаардлагатай. Үүн шиг олон жишээнд тулгуурлан ургамлын гаралтай хооллолтыг аль болох олон хүн амьдралдаа хэвшүүлэх нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үр дүнтэй аргуудын нэг гэж зарим хүмүүс үзэж буй.


Гэхдээ юуг юутай харьцуулж байгаагаас хамаараад асуудлыг олон өнцгөөс харах боломжтойг санууштай. Зарим нэгэн ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний байгаль орчны ул мөрийг авч үзвэл асуудал арай өөр түвшинд яригдана. Тухайлбал цагаан, ногоон хоолны дэглэм од олохын хэрээр авокадо болон бүйлс самрын зах зээлийн эрэлт дэлхий даяар өссөн билээ.

Гэтэл эдгээр түүхий эдийн хэрэгцээ өссөн нь байгаль орчны томоохон асуудлуудыг дагуулж байгааг зарим судалгаанууд баталж байна. Жишээ нь, бүйлс самарыг тариалахад их хэмжээний ус шаарддаг, нэн ялангуяа дэлхийн нийт бүйлсний 80 хувийн ургацыг хураан авдаг Калифорни зэрэг ган гачигт өртсөн бүс нутгуудад энэхүү тариалалт мал аж ахуйгаас ч илүү байгаль орчны хохирол авчирдаг аж.

Эцэст нь, цагаан, ногоон, махаан хоол гээд хүнсний хэрэглээ нь бүгд хувь хүний сонголттой холбоотой бөгөөд хэн нэгний мах идэх, ногоо идэх сонголтыг ижил тэгш хүндэлж, бусдын эрх чөлөөнд халдахгүй байхыг хүсье!