Модон Могой жилийн шинийн дөрвөний мэндийг уншигч та бүхэнд хүргэе. Хүн төрөлхтний түүхийн урсгалд он жилүүд ээлжлэн солигдож, нэгэн мөчлөгийн төгсгөл нөгөөхийн эхлэл болдог нь жам. Түүхийн хуудсыг сөхвөөс, 1917 оны Гал Могой жил дэлхийн түүхийг бүхэлд нь эргүүлсэн Октябрийн хувьсгал тохиож, XX зууны геополитикийн томоохон өөрчлөлтийн эхлэлийг тавьж байв.
Тэгвэл Могой жил хэмээх энэхүү зурхайн мөчлөг дэлхий ертөнцөд ямар ул мөр үлдээсэн бэ? Монголын түүхэнд ямар өөрчлөлт авчирсан бэ? Өнгөрөгч зууны турш дэлхийн болон монголын түүхэнд тэмдэглэсэн онцгой үйл явдлуудыг энэхүү нийтлэлээрээ бид тантай хуваалцъя.
1917 ОН: ГАЛ МОГОЙ ЖИЛ
ДЭЛХИЙ ДАХИНАА: ОКТЯБРИЙН ХУВЬСГАЛ ЯЛАВ
Одоогоос 108 жилийн тэртээ 1917 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр, одоогийн Санкт-Петербург хотноо байрлах Өвлийн ордонг их буугаар буудаж, улмаар зэвсэглэсэн ажилчид хуурай замын болон тэнгисийн цэргүүдийн хамт довтолсноор хүн төрөлхтний түүхийг орвонгоор нь эргүүлсэн Октябрийн социалист хувьсгал эхлэв.
Оросуудын тухайн үед ашиглаж байсан хуучин Юлийн цагалвараар аравдугаар сарын (Оросоор октябрь) 25-ны өдөр (шинэ Грегорийн хуанлийн дагуу бол арваннэгдүгээр сарын 7) энэхүү төрийн эргэлт тохиосон тул хувьсгалыг "Октябрийн" гэж тодотгосон түүхтэй.
Өвлийн ордонг эзлэн авсны дараа В.Ленин, Л.Троцкий, Я.Свердлов нарын удирдсан Оросын коммунистууд засгийн эрх мэдлийг гартаа авч, дэлхий дахинаа ЗХУ-ыг албан ёсоор зарлан тунхагласан юм. Улмаар долоодугаар сарын 17-нд Цагаантны армийн зүгээс большевикуудын эсрэг зэвсэгт хүч давшиж эхлэхэд Николай хаан, түүний гэргий, таван хүүхэд, зарц нарыг нь буудан алсан хэмээдэг.
Ийнхүү Романовын гэр бүлийн удам тасарснаар дэлхийн анхны социалист улс мэндэлж, XX зууны турш дэлхийн бүхий л үйл явдалд асар их нөлөө үзүүлэн 73 жил оршин тогтноод 1990 онд үгүй болсон билээ.
МОНГОЛ: Улс төрийн тодорхойгүй байдал хурцдав
1917 он Монгол Улсын хувьд улс төрийн хувьд тодорхойгүй, гадаад орчны өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай жил байжээ. Монгол Улс 1911 онд Богд хааны удирдлага дор тусгаар тогтнолоо зарласан ч 1915 онд Хиагтын гурван улсын гэрээний дагуу Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр орсон байв.
Орос дахь хувьсгалын улмаас тус улсын дотоодод үймээн самуун газар авч, Монгол дахь Оросын худалдаачид, цэргийнхэн, элчин сайдын яам зэрэг байгууллагуудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн нь Монголын улс төр, эдийн засгийн амьдралд нөлөөлсөн гэдэг.
Энэ үед Монголын автономит эрхийг бүрэн устгаж, улмаар хяналтандаа авах сонирхолтой байсан Хятадын тал идэвхтэй ажиллагаа явуулж эхэлсэн юм. Оросын хувьсгалын улмаас Монголд үзүүлэх Оросын дэмжлэг суларсан нь хятадуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хүргэж, 1919 онд Монголын автономийг хүчингүй болгоход хүргэсэн үйл явдлуудын эхлэлийг тавьсан гэж үзэж болно.
1929 ОН: ШОРООН МОГОЙ ЖИЛ
ДЭЛХИЙ ДАХИНАА: wall street СҮЙРЭВ
1929 оны Wall Street-ийн сүйрэл буюу Их хямралын эхлэл нь дэлхийн эдийн засгийн түүхэн дэх хамгийн том санхүүгийн хямралын нэг байлаа. Энэ үйл явдал 1929 оны аравдугаар сарын 24-нд эхэлсэн бөгөөд “Хар пүрэв” гэж нэрлэгдсэн тэр өдөр хөрөнгийн зах зээлд урьд өмнө байгаагүй уналт болж, дараагийн өдрүүдэд улам гүнзгийрсэн юм.
1920-иод оны туршид АНУ-ын эдийн засаг огцом өсөж, "Гялалзсан хориод он" (Roaring Twenties) хэмээн нэрлэгдэж байв. Энэ үед аж үйлдвэрийн хөгжил, автомашины үйлдвэрлэл, санхүүгийн зах зээлийн идэвхжил зэрэг нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлж, хүмүүс олноороо хувьцаа худалдан авч, зах зээлийг хөөсөрсөн төлөв байдалд хүргэжээ.
Гэвч 1929 оны намар эдийн засгийн өсөлт саарч эхлэхэд хөрөнгө оруулагчид айдаст автаж, их хэмжээний хувьцааг нэгэн зэрэг зарж эхэлсэн нь зах зээлийг хүнд цохилтод оруулав. Аравдугаар сарын 29-ний "Хар мягмар"-ын өдөр (Black Tuesday) Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр түүхэнд байгаагүй хэмжээний 16 сая хувьцаа зарагдаж, ихэнх хөрөнгө оруулагчид асар их алдагдал хүлээх нь тэр.
Хоёрхон өдрийн дотор (10-р сарын 28-29) хөрөнгийн зах зээл тухайн үеийн ханшаар 30 тэрбум долларын алдагдал хүлээж (АНУ-ын жилийн улсын төсвөөс давсан хэмжээ), 5000 банк дампуурч, 1933 он гэхэд АНУ-ын ДНБ 50 хувиар буурчээ.
МОНГОЛ: Феодалын хөрөнгийг хурааж эхлэв
1928 оны арванхоёрдугаар сард болсон МАХН-ын VII их хурлаар Монгол оронд ангийн тэмцлийг хүчтэй өрнүүлж, нийгэм журам байгуулах зорилт дэвшүүлж, Улсын Бага хурлаас А.Амарыг Ерөнхий сайдаар томилов. Тус хурлаас баталсан бодлого нь хөрөнгө хураах, хамтрал коммун байгуулах, шашин сүм хийд, лам нарын эсрэг үйл ажиллагаа явуулах зэргээр хэрэгжиж эхлэв.
Түүнчлэн, энэхүү бодлогын үр дагавар нь 1932 оны зэвсэгт бослогыг өдөөж, энэ бослого нь Монголын XX зууны түүхэнд хар толбо үлдээсэн, мартаж болохгүй сургамжтай үйл явдал болсон юм. Судлаачдын тооцоолсноор, энэ бослогоос үүдэлтэй хүн хүчний хохирол нь Халх голын дайны хохирлоос 25 дахин, Чөлөөлөх дайны хохирлоос 50 дахин их байсан гэх судалгаа бий. Бослогын гол төв нь Хөвсгөл аймгийн өмнөд, Архангай аймгийн хойд сумдад төвлөрч байсан тул түүхэнд "Хөвсгөлийн бослого" хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
1941 ОН: ТӨМӨР МОГОЙ ЖИЛ
ДЭЛХИЙ ДАХИНАА: ану дайнд нэгдэв
1941 оны 12-р сарын 7-нд Японы эзэн хааны тэнгисийн цэргийн хүчин АНУ-ын Номхон далайн флот байрлаж байсан Pearl Harbor (Хавайн арлууд)-т гэнэтийн довтолгоо хийжээ. Энэхүү халдлагын гол зорилго нь АНУ-ын тэнгисийн хүчийг сулруулж, Японы Номхон далайд өрнүүлж байсан түрэмгий бодлогыг саадгүй хэрэгжүүлэхэд чиглэж байв. 353 япон нисэх онгоц ердөө хоёр цаг хүрэхгүй хугацаанд Америкийн байлдааны хөлөг онгоцууд, нисэх хүчний баазууд болон цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж, хүнд хохирол учруулсан юм.
АНУ энэ халдлагын улмаас 2,403 хүнээ алдаж, 1,178 хүн шархаджээ. Мөн 188 нисэх онгоц сүйдэж, 21 хөлөг онгоц гэмтсэн эсвэл живсэн, үүний дотор 8 байлдааны хөлөг онгоц байв. Хамгийн том гарз нь USS Arizona байсан бөгөөд хөлөг дэлбэрч, 1,100 гаруй усан цэрэг амиа алджээ. USS Oklahoma онгоц хөмөрч, бусад хэд хэдэн хөлөг онгоц хүнд эвдрэлд орсон байна. Харин Япон 29 нисэх онгоцоо алдсан гэдэг.
1941 оны 12-р сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт Конгресст хандан, энэ өдрийг "Гутамшигт өдөр" хэмээн нэрлэж, Японд дайн зарлав. Үүнээс хэдхэн хоногийн дараа Герман, Итали АНУ-д дайн зарласнаар Дэлхийн II дайн бүхэлдээ дэлхий даяар өрнөж эхэлсэн билээ.
МОНГОЛ: кирил үсэгт шилжив
1941 оны хоёрдугаар сарын 1-нд БНМАУ латин үсгийг албан ёсны бичгээ болгожээ. Гэвч хоёрхон сарын дараа буюу 3 сарын 25-нд энэ шийдвэрээ цуцалж, МАХН-ын Төв Хорооноос “монгол бичгийг орос /кирил/ үсэгт шилжүүлэх нь зүйтэй” гэсэн тогтоол гарснаар бид албан хуучин монгол бичгээ ардаа орхисон түүхтэй.
Латин үсгийг хэрэглэхээ больсон шалтгааныг албан ёсоор бол Монгол хэлний бүх дуу авиаг тэмдэглэж чадахгүй байсан тул больсон гэсэн хэдий ч дараахан нь ЗХУ-ын бүрэлдэхүүн улсуудтай бараг нэгэн зэрэг кирилл үсгийг албан ёсны болгосон тул энэ нь улс төрийн бодлого байсан байх өндөр магадлалтай хэмэээн түүхчид үздэг.
1953 ОН: УСАН МОГОЙ ЖИЛ
ДЭЛХИЙ ДАХИНАА: хоёр солонгос гал зогсоох хэлэлцээрт хүрэв
1953 оны долоодугаар сарын 27-нд Солонгосын дайны гал зогсоох гэрээ байгуулагдаж, Умард Солонгос, БНХАУ болон НҮБ-ын хүчин (АНУ-ын удирдлага дор) хооронд гурван жил үргэлжилсэн дайныг албан ёсоор зогсоов. Энэхүү гэрээгээр гал зогсоох шийдвэр гарч, өнөөг хүртэл Өмнөд болон Умард Солонгосыг тусгаарладаг Солонгосын цэрэггүй бүс (DMZ) байгуулагдсан билээ.
1950 онд эхэлсэн Солонгосын дайн 2.5 сая гаруй хүний амь насыг авч одож, улс орнуудын эдийн засаг, дэд бүтцэд асар их хохирол учруулсан ч аль аль тал нь тодорхой ялалт байгуулж чадаагүй юм. Панмүнжом хотод байгуулсан гал зогсоох гэрээгээр тулааныг зогсоосон боловч энхтайвны гэрээ хийгдээгүй учраас хоёр Солонгосын хооронд дайн албан ёсоор дуусаагүй гэж үздэг.
Энэхүү гал зогсоох гэрээ нь Хүйтэн дайны түүхэнд чухал үйл явдал болсон бөгөөд АНУ, Хятад хоорондын мөргөлдөөнийг улам даамжрахаас сэргийлсэн ч, Солонгосын хойг өнөөдөр ч дэлхийн хамгийн их зэвсэглэгдсэн, улс төрийн хувьд эмзэг бүс хэвээр байна.
МОНГОЛ: сталин нас барав
1953 оны гуравдугаар сарын 5-нд Зөвлөлт Холбоот Улсын удирдагч Иосиф Виссарионович Сталин нас барсан нь дэлхий дахинд төдийгүй Монгол Улсад ихээхэн нөлөө үзүүлсэн үйл явдал байв. Сталины удирдлага дор ЗХУ социализмын хатуу дэглэмийг хэрэгжүүлж, улс төрийн хэлмэгдүүлэлт, эдийн засгийн төвлөрсөн төлөвлөлт зэрэг бодлогыг мөрдөж байсан бол түүний нас барсны дараа Зөвлөлтийн шинэ удирдлага өөрчлөлт хийх шаардлагатай болж, Монголын улс төр, эдийн засаг, гадаад харилцаанд тодорхой өөрчлөлтүүдийг авчирсан юм.
Сталин нас барсны дараа ЗХУ-д Никита Хрущёв тэргүүтэй шинэ удирдлага гарч ирж, улс төрийн хэт хатуу дэглэмийг зөөлрүүлэх, буюу "де-сталинизаци" хийх үйл явц эхэлсэн аж.
Гадаад харилцааны хувьд Монгол Улс ЗХУ-аас хараат хэвээр байсан ч БНХАУ-тай харилцаагаа сэргээх, тэнцвэржүүлэх бодлого баримтлахыг оролдож эхэлсэн. 1952 онд Монгол, Хятадын харилцаа хүйтэн хөндий байсан бол 1953 оноос Хятадын шинэ удирдлагатай харилцаагаа сэргээх, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх алхамууд хийгдэж эхэлсэн хэмээдэг.
1965 ОН: МОДОН МОГОЙ ЖИЛ
ДЭЛХИЙ ДАХИНАА: вьетнамын дайн ХУРЦДАВ
1965 он бол Вьетнамын дайны эргэлтийн үе байсан бөгөөд АНУ энэ онд цэргийн оролцоогоо эрс нэмэгдүүлсэн юм. 1965 оны гуравдугаар сард АНУ "Rolling Thunder" ажиллагааг эхлүүлж, Хойд Вьетнамын эсрэг өргөн хүрээтэй бөмбөгдөлт хийж эхэлсэн. Үүний зэрэгцээ, АНУ анх удаа байлдааны цэргүүдээ Өмнөд Вьетнам руу илгээж, дайныг улам хурцатгав. 1965 оны эцэс гэхэд 184,000 гаруй америк цэрэг Вьетнамд байрлаж, тулаанд шууд оролцож байлаа.
Нөгөө талаас, Өмнөд Вьетнам дахь коммунист партизан хүчнүүд болох Вьет Конг довтолгоогоо улам эрчимжүүлж, ширэнгэн ойд суурилсан партизан тактик болон Хо Ши Миний замыг ашиглан цэргийн хангалт, зэвсэг нийлүүлсээр байв.
1965 оны төгсгөл гэхэд Вьетнамын дайн урт хугацаанд үргэлжлэх, их хэмжээний хохирол дагуулах мөргөлдөөн болох нь тодорхой болж, Хүйтэн дайны геополитикийн нөхцөл байдалд томоохон нөлөө үзүүлсэн билээ.
монгол: нүб-д элсэв
1961 оны аравдугаар сарын 27-нд Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) 101 дэх гишүүн орон болж, олон улсын хамтын нийгэмлэгт албан ёсоор элссэн түүхэн өдөр.
Монгол Улсын НҮБ-д элсэх үйл явц хэдэн арван жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд Зөвлөлт Холбоот Улс, социалист орнуудын дэмжлэгтэйгээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх алхмууд хийгдэж байв. Гэвч Хүйтэн дайны үед АНУ болон барууны орнуудын эсэргүүцэлтэй тулгарч, элсэх үйл явц удааширсан юм. Эцэст нь 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэхэд Энэтхэг, Зөвлөлт Холбоот Улс, Хятад зэрэг орнуудын дипломат дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэжээ.
Монгол Улс тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрүүлж, гадаад харилцаагаа өргөжүүлэх боломжтой болж, олон улсын хөгжлийн хөтөлбөрүүдэд хамрагдах гээд НҮБ-д элссэний давуу талуудыг дурдаад дуусашгүй.
1977 ОН: ГАЛ МОГОЙ ЖИЛ
ДЭЛХИЙ ДАХИНАА: voyager 1 хөөрөв
1977 оны есдүгээр сарын 5-нд NASA-аас Voyager 1 сансрын хөлгийг хөөргөсөн нь хүн төрөлхтний сансар судлалын хамгийн агуу төслүүдийн нэг байсан гэхэд хилсдэхгүй. Voyager 1 нь Voyager 2 хөлөгтэй хамтран Нарны аймаг болон түүнээс гаднах орон зайг судлах зорилготой байв. Энэхүү хөлгийн үндсэн зорилго нь Бархасбадь (Jupiter) болон Санчир (Saturn) гаргийг судлах байсан бөгөөд тэдгээрийн анхны нарийвчилсан зураглалыг авч, чухал мэдээлэл цуглуулсан юм.
Гаргуудыг судлах үндсэн үүргээ гүйцэтгэсний дараа Voyager 1 гүн сансрын аялалаа үргэлжлүүлэв. 1990 онд тэрээр алдарт "Бүдэг хөх цэг" (Pale Blue Dot) гэрэл зургийг авч, цэнхэр дэлхийг маань сансрын уудамд орших өчүүхэн цэг болгон харуулсныг уншигч та санаж буй нь лавтай.
монгол: могой жилийн сонирхолтой давхцал
Монгол бөхийн ертөнцөд сонирхолтой нэгэн давхцал бий. Могой жил бүрийн сар шинээр нэг аварга тодорч, тэр жилийн улсын наадамд түрүүлдэг гэх жишиг сүүлийн хэдэн арван жилд ажиглагдсаар иржээ. Тодруулбал:
1977 оны могой жил – Х.Баянмөнх Дархан аварга болж, наадамд түрүүлсэн.
1989 оны могой жил – Б.Бат-Эрдэнэ Дархан аварга болж, наадамд түрүүлсэн.
2001 оны могой жил – А.Сүхбат Дархан аварга болж, наадамд түрүүлсэн.
2013 оны могой жил – Г.Эрхэмбаяр Улсын аварга болж, наадамд түрүүлсэн.
Одоо бид 2025 оны модон могой жилтэй золгож байна. Энэ жилийн сар шинээр О.Хангай Улсын аварга боллоо. Өмнөх хэмнэл үргэлжилбэл, энэ жилийн наадамд О.Хангай аварга түрүүлэх болов уу?
1989 ОН: ШОРООН МОГОЙ ЖИЛ
ДЭЛХИЙ ДАХИНАА: Тяньаньмэний талбайд бослого дэгдэв
1989 оны Тяньаньмэний талбайн бослого нь Хятадад ардчиллыг шаардсан хамгийн том хөдөлгөөн байсан бөгөөд оюутнууд, залуучууд эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцсэн түүхэн үйл явдал байв. Энэ бослого 1989 оны дөрөвдүгээр сард ардчиллын үзэлтэй улс төрч Ху Яобан нас барсны дараа эхэлж, оюутнууд Тяньаньмэний талбайд цуглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, авлигатай тэмцэх, засгийн газрын ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагыг тавьжээ.
Хэдэн долоо хоногийн турш эсэргүүцэл өргөжиж, хэдэн арван мянган хүн нэгдсэн ч засгийн газар цэргийн хүчээр дарахаар шийдэв. Улмаар 1989 оны зургаадугаар сарын 3-4-нд Хятадын Ардын Чөлөөлөх Арми танк, зэвсэгт цэргүүдийг хөдөлгөж, жагсагчдыг тараах нэрийдлээр гал нээж, олон зуун, магадгүй хэдэн мянган хүнийг хөнөөжээ. Одоог хүртэл бослогын үеэр хэчнээн хүний амь нас эрсэдсэн тухай албан ёсны тоо баримт байдаггүй.
Энэ үйл явдлын бэлгэ тэмдэг болсон нэгэн зураг бол "Танкны хүн", ганцаараа цуврал танкны өмнө зогсож, эрх чөлөөний төлөө эсэргүүцлээ илэрхийлсэн залуу байв. Тяньаньмэний талбайн бослого өнөөг хүртэл Хятадад цензурддаг эмзэг сэдэв боловч дэлхий даяар эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцлийн бэлгэ тэмдэг болж үлджээ.
монгол: Ардчилсан хувьсгалын салхи үлээв
1980-аад оны хоёрдугаар хагаст ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалтын бодлого Монгол Улсад ч нөлөөлж, нийгмийг ардчилах хөдөлгөөн өрнөх эхлэлийг тавьжээ. Монголын ардчиллын уур амьсгалыг бодитой хөдөлгөөн болгон хэрэгжүүлсэн гол хүч нь залуучууд байсан бөгөөд тэд улс орны нөхцөл байдлыг шүүмжлэн дүгнэж, мэтгэлцээний клуб, бүлгэмүүд байгуулах болов. Тэдгээрийн дотроос "Шинэ үе" бүлгэмийнхэн 1989 оны нэгдүгээр сараас эхлэн Монголын нийгмийн согог, эрх баригчдын бодлогыг шүүмжилж, гудамж талбайд ухуулах хуудас нааж эхэлжээ.
Анхны ардчиллыг шаардсан жагсаал 1989 оны 12-р сарын 7-нд Ховд аймагт, харин хоёрдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод болж, Монголын Ардчилсан Холбоо (МАХ) байгуулагдан, эрх баригч МАХН-ын эсрэг улс төрийн шинэ хүч бий болов. Улс орон даяарх ардчиллыг дэмжсэн залуус эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, олон намын тогтолцоог бий болгох, хүний эрхийг дээдлэх, жинхэнэ парламент байгуулах, сонгуулийн шинэчлэл хийх шаардлагыг хүчтэй тавьж байлаа.
Гэвч эрх баригчид эдгээр шаардлагыг хойшлуулж байсан тул 1990 оны 3-р сарын 7-нд Сүхбаатарын талбайд улс төрийн шинэ хүчний төлөөлөгчид өлсгөлөн зарласан түүхтэй.
2001 ОН: ТӨМӨР МОГОЙ ЖИЛ
дэлхий дахинаа: хоёр ихэр цамхаг халдлагад өртөв
2001 оны есдүгээр сарын 11-нд АНУ-ын түүхэн дэх хамгийн хөнөөлт террорист халдлага болж, дэлхий нийтийг цочроосон үйл явдал болсон юм. Аль-Каида бүлэглэлийн зохион байгуулсан уг халдлагын үеэр дөрвөн зорчигч тээврийн онгоцыг булаан авч, амиа золиослогчид ашигласан билээ.
Үүнээс хоёр онгоц болох American Airlines Flight 11 болон United Airlines Flight 175 нь Нью-Йорк хот дахь Дэлхийн Худалдааны Төвийн Ихэр цамхагуудыг мөргөж удалгүй хоёр цамхаг бүхэлдээ нуран унасан. Харин урав дахь онгоц American Airlines Flight 77 нь АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байр болох Пентагоныг онилж мөргөсөн бол дөрөв дэх онгоц United Airlines Flight 93-ын зорчигчид террористуудын эсрэг тэмцсэний үр дүнд Пенсильвани мужийн талбайд сүйрсэн юм.
Энэхүү халдлагын улмаас ойролцоогоор 3,000 хүн амиа алдаж, олон мянган хүн шархадсан нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том террорист халдлага болж үлдэв. Халдлагын хариуд АНУ "Терроризмын эсрэг дайн" эхлүүлж, Афганистан болон Иракт цэргийн ажиллагаа явуулсан бөгөөд улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор Дотоодын аюулгүй байдлын яам (Department of Homeland Security) байгуулагджээ.
монгол: н.багабанди 2 дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдов
2001 оны тавдугаар сарын 20-нд Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болж, тухайн үеийн Ерөнхийлөгч Нацагийн Багабанди хоёр дахь удаагаа сонгогдов. Тэрээр МАХН-аас нэр дэвшиж, нийт сонгогчдын 58.13 хувийн санал авч ялалт байгуулсан нь тухайн үеийн улс төрийн хүчний харьцааг тодорхойлсон үйл явдал болсон юм.
Түүний гол өрсөлдөгч нь Ардчилсан Намаас нэр дэвшсэн Р.Гончигдорж байсан бөгөөд нийт сонгогчдын 36.58 хувийн саналыг авчээ.
2013 ОН: УСАН МОГОЙ ЖИЛ
ДЭЛХИЙ ДАХИНАА: Хятадын анхны сарны судалгааны робот саран дээр газардав
2013 оны арванхоёрдугаар сарын 14-нд Хятад Улс сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээж, анхны сарны робот болох Yutu-г сар дээр амжилттай газардуулжээ. Энэхүү "Чанъэ-3" нэртэй хөтөлбөр нь 1970-аад оноос хойш хэрэгжсэн төдийгүй дэлхий дахинд 1976 оноос хойш сар дээр хийгдсэн анхны амжилттай судалгааны даалгавар байснаараа онцлог.
Чанъэ-3 хөтөлбөрийн хүрээнд хөөргөсөн Yutu робот нь 2013 оны арванхоёрдугаар сарын 1-нд сансарт хөөрч, 14-нд сарны Sinus Iridum буюу "Солонгын булан" хэмээх галт уулын тэгш газар амжилттай газарджээ. Анх гурван сар ажиллахаар төлөвлөсөн ч хоёр гаруй жил идэвхтэй ажиллаж, 2016 он хүртэл сарнаас мэдээлэл дамжуулсан нь яахын аргагүй томоохон амжилт байсан юм.
Энэхүү үйл явдлаар Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сар дээр амжилттай газардсан гурав дахь улс болж, гүн сансрын судалгааны шинэ эрин үеийг эхлүүлсэн билээ. 2013 оны Yutu-гийн газардалт нь Хятадын сансар судлалын түүхэн амжилт болж, тус улсын сансрын судалгааны чадамжийг баталгаажуулж, 2030 он гэхэд Хятадын анхны хүнтэй сарны судалгааны аяллыг эхлүүлэх зорилтыг улам тодорхой болгосон гэдгээрээ түүхэнд ач холбогдолтой.
монгол: гүний уурхайн төсөл зогсов
Монгол Улсын Засгийн газар болон "Айвенхоу Майнз", "Рио тинто" компанийн хооронд 2009 онд "Оюу толгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэвч энэ гэрээнд өөрчлөлт оруулах, уурхайн цаашдын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэх явц сунжирснаар гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 оны долоодугаар сараас асуудал шийдэгдэх хүртэл түр хугацаагаар зогсоосон түүхтэй.
Үүнээс гурван жилийн дараа буюу 2016 онд "Оюу толгой" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид гүний уурхайн бүтээн байгуулалтыг сэргээн эхлүүлэхэд шаардлагатай бүхий л зөвшөөрлийг авч, 5.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн билээ. Улмаар 2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш жил гаруйн дараа албан ёсоор тогтвортой олборлолт эхэлсэн юм.