Нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын шинэ дугаарт Нью-Йорк хотод аж төрж буй төгөлдөр хуурч У.Ану оролцож байна.  

Уншигч та бүхэн түүнийг “The Musicholic girl” хэмээх Юүтүб сувгаар нь таньж магад. Дэлхийн тэр дундаа Америкийн оддын талаарх сонин хачныг тухай бүрд нь, үнэн зөвөөр хүргэхийг зорьдог тэрээр Авгусана Их сургууль, Өмнөд Методист Их сургууль, Нью-Йоркийн Их сургуульд тус тус суралцаж төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын багш мэргэжлээр докторын зэрэг хамгаалжээ. Одоогоор Нью-Йоркийн Их сургуульд концертмэйстэр багш мөн Манхэттэнд байрлах хөгжмийн сургуульд төгөлдөр хуурын багш, уран бүтээл эрхэлсэн захирлаар ажилладаг. Үүгээр ч зогсохгүй Даллас хотноо нэг жилийн өмнө хөгжмийн сургалтын төв байгуулсан ба одоогоор долоон багшийг чиглүүлэн ажиллаж байна.   

Ингээд Нью-Йорк хотоос бичсэн Анугийн журналтай танилцъя. 

08:30

Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэхүү журналыг уншиж буй өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр наймдугаар сарын 28-ны лхагва гараг. Дөнгөж сая сэрүүлэг дуугарч, орноосоо бослоо. Нөхөр маань ажлын дөрвөн өдөрт нь зайнаас ажилладаг болохоор эрт босож, намайг сэрээдэг юм. Гэвч өнөөдөр оффис руугаа явдаг өдөр нь байсан учраас сэрүүлгийн дуунаар ганцаар сэрж байгаа минь энэ. Сэрмэгцээ цахим шуудан болон нийгмийн сүлжээний хаягуудаа арван минут гүйлгэж шалгадаг дадалтай.


09:00

Кофе авахаар гэрийнхээ ойролцоох Starbucks-руу явлаа. Ганц бие байхдаа өглөөний кофегоо гэртээ чанаж уудаг байсан ч гэр бүл зохиосноос хойш нөхрийгөө дагаад өдөр бүр Starbucks-ийн кофе ууж заншсан. Тиймдээ ч гэрийн хажуугийн Starbucks-ийн бүх бариста бид хоёрын эчнээ танил болж, өглөө бүр ороход кофег минь бэлдчихсэн, инээмсэглэж угтдаг.


10:00

Өглөөний цайндаа хоёр чанасан өндөг, авокадо, үрлэн улаан лооль, өргөст хэмх идчихээд байрны доод давхарт байрлах фитнестээ ирлээ. Сонирхуулахад, миний хувьд 2019 оноос эхлэн weightlifting буюу хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлсэн.

2022 он хүртэл долоо хоногийн зургаад нь тасралтгүй хичээллэдэг байлаа. Гэвч сүүлийн жил гаруйн хугацаанд стрессээс шалтгаалан үе мөчөөр өвдөж, дасгалаа нэлээд цалгардуулсан юм. Харин эмч маань хэт их жин өргөлгүй хөнгөн дасгал хийхийг зөвлөсний дагуу хоёр сарын өмнөөс дасгалаа тогтмол хийж эхэлсэн. Өмнө нь өргөдөг байсан жин рүүгээ бага багаар ойртоод л байгаа.


12:30

Хагас цагийн өмнө гэртээ ирээд хурдхан усанд орж, арьс арчилгаагаа хийгээд одоо эхний хичээлээ Zoom-ээр орох гэж байна. Энэ сурагч маань арван настай бөгөөд би дөрвөн настайгаас нь хичээл зааж эхэлсэн. Намайг Далласаас Нью-Йорк руу нүүх болоход өөр багштай хичээллэхийн оронд надтай үргэлжлүүлэн Zoom-ээр хичээллэхийг сонгосон юм.


14:00

13:30-д Zoom хичээл дууслаа. Одоо нүүрээ будаж, үсээ янзалчхаад дараагийн сурагчийнхаа гэр рүү явж байна. Манай хөгжмийн сургууль сурагчдынхаа гэрт нь хичээл заадгаараа онцлогтой бөгөөд эндхийн эцэг эхчүүд тунчиг завгүй байдаг тул хүүхдүүдээ гэрийн сургалтад хамруулахыг илүүд үздэг.

Зөвхөн Манхэттэн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ч миний хичээл заадаг дөрвөн ч сурагч Queens дүүрэг рүү нүүж, тэгэхдээ хичээлээ үргэлжлүүлэх хүсэлт тавьсан тул Queens дэх гэрт нь очиж хичээл заахыг зөвшөөрсөн. Гэр хүртэл нь метрогоор 45 орчим минут явдаг тул эхний хичээл эхлэхээс нэг цагийн өмнө гэрээсээ гардаг. Метронд явах цагаа ашиглаад Юүтүбийн бичлэгүүдээ эвлүүлж байна.


15:00

Эхний хоёр сурагчийнхаа гэрт ирлээ. Энэ гэр бүлийн зургаан настай хүүд хичээл зааж эхлээд жил хагасын хугацаа өнгөрч байна. Гурван долоо хоногийн өмнөөс түүний дүү болох дөрвөн настай охин мөн төгөлдөр хуурын эрдэмд суралцаж эхэлсэн. Дүүгийнх нь хувьд төгөлдөр хуур шууд заалгахад арай балчир тул ритм, хэмнэл ойлгох, сонсгол сайжруулах, зөв өнгөөр дууулах, хуруунуудынхаа зөв дугаарлалыг мэдэх зэрэг хичээлийг одоогоор орж байгаа. Энэ байдлаараа нэг сарын дараа нотоо зааж эхлэхээр төлөвлөж байна.


16:30

Дараагийн сурагчийн гэрт 15 минут метрогоор явж хүрнэ. Хичээл эхэлтэл 30 минутын сул цаг гарсан учраас кофе, хөнгөн зууш авахаар ойролцоох “Paris Baguette” кафед ирлээ. Орой нөхөртэйгөө гадуур хооллох учраас мөстэй хар кофе, жижиг өндөгний тарт сонгож, бичлэг эвлүүлэх ажлаа ч үргэлжлүүлж амжив.


17:15

Өнөөдрийн сүүлийн сурагч маань 16 настай, ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч. Энэ жил түүний төгөлдөр хуурын хичээл авах сүүлийн жил. Их сургуульд сурахаар өөр муж руу явсных нь дараа их л санах байх даа.


19:00

Хичээлээ зааж дуусаад Манхэттэнд байрлах ресторанд хоол идэхээр ирлээ. Нөхрөө хүлээх зуур дахиад л бичлэгээ эвлүүлж сууна. Одоо эвлүүлж байгаа бичлэгээ энэ сардаа багтаж оруулахын төлөө сөхөө авах тоолондоо эвлүүлгийн ажил хийж буй минь энэ.

Дурсамж уудлахад, энэ ресторан Нью-Йоркийн Их сургуулийн ойролцоо байдаг болохоор оюутан байхдаа шөнийн 23:00 болтол сургууль дээрээ төгөлдөр хуураа давтсаны эцэст энд ирж нэг хундага улаан вино уучхаад харьдаг байж билээ.


19:15

Нөхөр маань ирсэн болохоор хоолоо захиалаад сууж байна. Бид хоёр эндхийн бяслагтай бургерт их дуртай. Нэмээд өөрийнхөө дуртай эспрессо мартини коктейлыг захиаллаа. Хоолоо идэх зуур өнөөдрийг хэрхэн өнгөрөөсөн тухайгаа нөхөртэйгээ жаал ярилцав.


21:00

Гэртээ харихаасаа өмнө дуртай хүнсний дэлгүүртээ орж, санасан байсан жаал жуул зүйлсээ аваад метронд суулаа. Гадаа бороо дусалж эхэлсэн ч бүгчим хэвээр.

22:00

Бид гэртээ ирлээ. Нүүр, гараа угааж, гэрийн хувцсаа өмсөөд өөрийн ажиллуулдаг хөгжмийн сургалтын төвийн багш нарын цалинг бодохоор сууж байна.


22:45

30 минут ч гэсэн гараа хөдөлгөж, сэтгэлээ амраая гэж бодоод төгөлдөр хуурынхаа өмнө суулаа. Өнөөдөр Бетховений оп.27 сонатын нэгдүгээр анги дээр ажиллаж байна. Анхаарлаа сайтар төвлөрүүлж чадваас гучхан минут давтсан ч давтаагүйгээс хавьгүй дээр.


23:30

Шүдээ угаагаад орондоо орлоо. Унтах хүртлээ төгөлдөр хуурын заах арга барилын тухай ном уншиж байна. Энэ номын зохиолч бол XX зууны Германы алдарт төгөлдөр хуурч Уолтер Гизекинг. Энэ эрхэм магистрын ангид суралцаж байхад надад хичээл зааж байсан багшийн маань багш тул бичсэн номуудыг нь шимтэн унших дуртай.

Маргааш өнөөдрөөс ч завгүй өдөр өнгөрөх тул унтаж амаръя даа. Миний журналтай хамт байсан уншигч та бүхэнд баярлалаа. Та бүгд ч бас маргаашийг үр бүтээлтэй, сайхан өнгөрөөхийг хүсье. Энэ хүртэл АНУ-ын Нью-Йорк хотоос Ану бичлээ.