Нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын ээлжит дугаарт тавтай морил. Өнөөдрийн журналын эзэн бол Лондон хотын Гэгээн Жоржийн (St. George's Hospital) эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн резидент эмч М.Батсуурь.
Тэрээр 2016 онд АШУҮИС-ийг хүний их эмчийн мэргэжлээр төгсөж, яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн эмчээр мэргэшжээ. Ажлын гараагаа Интермед эмнэлгээс эхэлж, 2018-2020 оны хооронд тус эмнэлгийн яаралтай тусламжийн эмчээр ажилласан туршлагатай.
Дотооддоо ажиллаж байх хугацаандаа мэргэжлийнхээ дагуу гаднын улсад ажиллах боломжуудыг судалж, улмаар 2019-2020 онд гурван шатлал бүхий Их Британийн эмчлэх эрхийн шалгалтуудыг амжилттай давж, Их Британийн эмчлэх эрхийн лицензийг авчээ.
Ингээд 2020-2021 оны хооронд Ноттингхам хотын Кингс Милл (King's Mill Hospital) эмнэлэгт яаралтай тусламжийн эмчээр, 2021 оноос хойш одоог хүртэл Лондон хотын Гэгээн Жоржийн (St. George's Hospital) эмнэлгийн зүрх, цээжний хөндийн эрчимт эмчилгээний тасагт резидент эмчээр ажиллаж байгаа юм.
Ингээд Их Британийн Лондон хотоос Батсуурийн бичсэн журналтай танилцъя.
07:10
Өнөөдөр ажил эрт эхлэх учир усаа уугаад, бэлтгэлээ базааж, эмнэлгийн зүг хөдөлж байна. Галт тэрэг маань 07.35 цагт буудал дээр ирэх хуваарьтай. Өнөө өглөө гадаа нарлаг, харьцангуй дулаахан байгаа учир бага зэрэг алхахаар шийдлээ. Их Британид эмчээр ажиллах зарчмын хувьд Монголтой тун төстэй.
Монголд ажиллаж байхдаа ч гэсэн би өдөрт дунджаар 12-13 цаг ажилладаг байлаа. Нэг ялгаатай зүйл нь, Монголд эмч нар 24 цагийн ээлж хийдэг бол энд 24 цагийн ээлж хийх нь хуулиар хориотой. Дээд тал нь14 цагийн буюу уртын ээлж хийх боломжтой. Жилийн эхэнд тухайн долоо хоногт би хэдэн өдөр уртын болон шөнийн ээлжид гарах, аль өдөр богино хуваариар ажиллах гээд ажил, амралтын бүх нарийн хуваарийг баталдаг. Өнөөдрийн хувьд би богино хуваариар ажиллана.
08:00
Ажилдаа ирмэгц эмнэлгийн хувцсаа сольж өмсөөд шөнийн ээлжийн эмч нараас өвчтөнүүдийн талаарх мэдээллийг хүлээн авлаа. Улирал солигдож, хүйтэн улирал ойртсон энэ үед өвчлөл хаа сайгүй нэмэгдэж байна. Манай тасаг ч өнөөдрийн байдлаар дүүрэн өвчтөнтэй, хөл хөдөлгөөн ихтэй байна.
Миний ажилладаг Гэгээн Жоржийн (St. George's Hospital) эмнэлэг нь Лондон хотын баруун-урд бүсийн хамгийн том, төрөлжсөн эмнэлэг юм. 1733 онд үүсгэн байгуулагдсан манай эмнэлэг монголынхоор бол Хавдар Судлалын Үндэсний төв болон Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгтэй адил III шатлалын, нарийн төрөлжсөн эмнэлэг хэмээн ойлгож болно.
09:00
Гэртээ өглөөний цайгаа ууж амжаагүй тул ажил дээрээ цайлахаар шийдэв. Жимс, талх, cereal, protein bar зэрэг энгийн өглөөний цайны зүйлс манай тасагт хэзээд бэлэн байдаг юм. Миний хувьд өнөө өглөө банана, protein bar мөн каффеины хэрэглээгээ багасгах зорилготой байгаа учир кофены оронд цай сонгон ууж байна.
Цайлангаа ажлынхантайгаа яриа өрнүүлж, сүүлийн үед манай салбарт өрнөж буй шинэ содон судалгаа, мэдээлэл солилцлоо. Эмнэлэгтээ дөрөв дэх жилдээ ажиллаж буй учир тасгийн эмч нартайгаа аль хэдийнээ дотносож, нэг гэр бүл шиг дотно найзууд болцгоосон.
09:20
Ажлын өдрөө эхлүүлэхээс өмнө юун түрүүнд эмнэлгийн нэгдсэн мэдээллийн систем рүү нэвтэрч, өвчтөнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, асуумж, шинжилгээний хариутай нарийн танилцдаг. Ингээд өвчтөнүүдээ эргэж, үзлэг хийж, эмчилгээний төлөвлөгөө гаргана.
Шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмч нар руу залгаж зөвлөгөө авна, гардан ажилбаруудыг гүйцэтгэнэ, сувилагч, сэргээн засалч, хоол зүйч гэх мэт мэргэжилтнүүдтэй ярилцаж, өвчтөнүүддээ эмчилгээний төлөвлөгөө гаргах гэх мэт дарааллын дагуу ажил өрнөнө дөө.
10:40
Өглөөний обход буюу эмч нарын хамтарсан үзлэг эхэлж байна. Энэ үзлэгээр тасагт байгаа бүх өвчтөнийг нэг бүрчлэн зөвлөх эмч, резидент эмч нарын баг, эм зүйч болон ахлах сувилагч нар үзэж, өнөөдрийн эмчилгээ, оношилгооны төлөвлөгөө гаргадаг. Обходын үед зөвлөх эмч нараас суралцах, мэдэхгүй зүйлсээ асуух, зөвлөлдөх боломжтой учраас мэдлэгээ тэлэх боломж олгодог давуу талтай.
Ташрамд дурдахад, Их Британид ажиллаж буй таван жилийн хугацаанд монгол эмч нарын маань онолын мэдлэг, гарын дадлага эндхийн эмч нартай эн тэнцүү, огтхон ч дутахааргүй болох нь анзаарагдсан. Мэдээж, Их Британи эрүүл мэндийн даатгалын хөгжсөн системтэй, санхүүгийн асуудалгүй улс учраас ажиллах орчноос эхлээд боломжууд нь илүү. Харин манай улсын эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж, дэд бүтэц гээд олон асуудлууд бий нь үнэн. Гэсэн хэдий ч эмчийн ур чадварын тухайд дэлхийн улс орнуудтай хангалттай өрсөлдөхүйц хэмжээнд гэдэгт би итгэлтэй байдаг.
13:00
Өглөөний обход дуусаж, үдийн хоолны цаг боллоо. Манай эмнэлгийн хоёрдугаар давхарт хоолны газар байрладаг. Эмнэлгийн ихэнх ажиллагсад энд өдрийн хоолоо иддэг ба хөнгөлттэй үнээр хоолоо авах боломжтой. Мөн дэлгүүр, кофе шоп болон кафе олон байдаг учир хоолны тухайд сонголт элбэг.
Би загас тун ховор иддэг учир өнөөдрийн хоолонд загастай карри авлаа. Өмнө хэлсэнчлэн, тасгийн эмч нартайгаа тун дотно тул дийлэнхдээ хамтдаа хооллож, амралтын багахан цагаараа инээлдэж, хөгжилдөх дуртай.
13:30
Цайны цагийн дараа өглөөний обходоор товлогдсон ажлуудаа гүйцэтгэнэ. Миний хувьд зүрхний хэт авиан үнэлгээ хийхээр мэргэшин суралцаж байгаа тул шаардлагатай өвчтөнүүдэд зүрхний хэт авиан үнэлгээ хийлээ. Монголын нарийн мэргэжлийн сургалтыг харамсалтай нь энд хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ ажиллангаа нарийн мэргэжлийн сургалтдаа хамрагдаад явах боломж бий.
Сонирхуулахад, энэ орны дэргэдэх зүрхний хэт авиан үнэлгээ нь үйлдэхэд төвөггүй, non-invasive ба хүнд өвчтөний биеийн байдлын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг бөгөөд эмчилгээний төлөвлөгөөг улам сайжруулахад тун нэмэртэй байдаг. Үүний дараа, бусад нарийн мэргэжлийн эмч нартай зөвлөлдөж, өвчтөнүүддээ эмчилгээ, шинжилгээний төлөвлөгөө гаргах ёстой.
16:00
Оройн обход эхэллээ. Энэ обходын үеэр өглөөний обходоор яригдсан эмчилгээний үр дагавар, шинжилгээний хариу болон бусад нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг ярилцаж, шөнийн ээлжийн төлөвлөгөөг гаргах ёстой. Мөн өглөөний обходтой ижил бүх өвчтөнүүдээ нэг бүрчлэн үзэж, өглөөнөөс хойш гарсан өөрчлөлт, сайжралтыг ярилцана.
18:00
Ийнхүү өнөөдрийн ажлын цаг дуусаж, өөрийн хариуцаж авсан өвчтөнүүдээ оройны ээлжийн эмч нартаа хүлээлгэж өглөө. Эмнэлгийн хувцсаа мөн хүлээлгэн өгч, гэрийн зүг хөдөлж байна. Оройн зургаан цаг болж буй хэдий ч Лондонд харьцангуй дулаахан байгаа учир галт тэргэнд суухын оронд замынхаа талд нь алхахаар шийдлээ.
Гэртээ харих зам зуураа Вимблэдон-д (Wimbledon) байршилтай моллоор дайрч, долоо хоногийн хүнсээ цуглуулж байна. Энд ирснээсээ хойш би ихэвчлэн гэртээ хооллож, тэжээллэг, уураглаг хүнсний бүтээгдэхүүн түлхүү сонгохыг эрмэлзэж байгаа.
Өөрийгөө сүүлийн үед ажиглахад, харьцангуй тайван, “slow living” буюу удаан амьдралын хэв маягтай болсон юм шиг. Улаанбаатарын амьдралын хэв маяг Лондонтой харьцуулахад асар хурдтай. Өдрийн туршид ажил дээрээ ч, гадуур явахдаа ч амьсгаа дээгүүр гүйсээр байгаад таардаг шүү дээ. Хэдий эмчийн мэргэжил өөрөө цаг наргүй ч гэсэн ажлаас гадуурх амьдралын хэв маяг энд ирснээс хойш тун тайван болж хувирсан.
19:15
Галт тэргэндээ сууж, гэрийн ойролцоох буудал дээрээ ирлээ. Гэртээ ирмэгцээ бага зэрэг амарч, snack идэнгээ эрч хүчээ сэлбэж байна. Өнөөдөр орой фитнесст цаг гаруй дасгал хийх төлөвлөгөөтэй. Ажил дээр ихэвчлэн суугаа ажилладаг учраас долоо хоногтоо дөрвөөс таван удаа фитнесээр хичээллэх, эсвэл гадаа гүйх зэргээр аль болох хөдөлгөөнтэй байхыг эрмэлзэж байгаа.
20:30
Дасгалаа дуусгасны дараа оройн хоолоо идэнгээ зүрхний хэт авиан үнэлгээний талаар онлайн сургалт үзэж байна. Зүрхний хэт авиан үнэлгээ хийхэд маш өргөн, олон талт мэдлэг шаардагддаг учир тасралтгүй мэдлэгээ шинэчлэх, зузаатгах шаардлагатай. Мөн хуучин чагнуур эвдэрсэн учир шинээр авсан чагнуураа туршиж үзэв.
Энэ ташрамд гаднын улсад мэргэжлээрээ ажиллахаар төлөвлөж байгаа мэргэжил нэгтнүүддээ дан ганц IELTS-ийн шалгалтдаа төвлөрөхөөс гадна ажлаас гадуурх судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон сайн дурын ажил, төрөл бүрийн ТББ-ын төслүүдэд хувь нэмрээ оруулж, CV-ээ сайжруулаарай хэмээн зөвлөе. Үндсэн ажлаас гадна анхаарлаа хандуулдаг төслүүд чинь ажилд хурдан тэнцэхэд давуу тал болно шүү.
21:30
Завгүй ажлын өдрийн эцэст тархиа амрааж, сүүлд гарсан шинэ кино эсвэл олон ангит кино үзэх дуртай. Одоогоор Netflix дээр The Diplomat хэмээх нэвтрүүлгийг үзэж байгаа. Хэрвээ уншигч та улс төр, геополитикт дуртай бол энэхүү нэвтрүүлгийг санал болгоё.
22:30
Ингээд миний нэг ажлын өдөр дуусаж байна. Маргааш өглөө мөн ажил эрт эхлэх учир маргаашийн бэлтгэлээ хангаад унтах цаг болно. Миний нэг өдөртэй танилцсанд баярлалаа.
k khuderhen 2024.11.19 64.119.29.121
Хөөрхөн бичсэн байна. Яг эрүүл мэндийн салбарт ажилладаг хүний өдрийн тэмдэглэл гэхэд сонирхолтой юм байна үргэлжлүүлээд бичвэл хүмүүс ихээр сонирхох байхаа ажилд нь амжилт, амьдралд нь ариун хайр дурлалыг хүсье.....
M Munkhzull 2024.11.19 46.193.228.210
Wooow Mongol emch nar maani ystoi mundag shuu baharhaj bnaa Angli emch nar ystoi ineedtei snagdsaan Tanii ur chadwriiig haraad endhiin emch nar haraad Nud ni bultiij am ni angaidag biz kke
M Monhtuya 2024.11.19 202.9.46.134
Dvv maani mash chadbarlag oortoo itgeltei daichin surah ondor medremjtei zob hvmvvjiltei surah ermelzeltei sain hvv shvv dvvdee ajliin amjilt hvsie ervvl enhiig erooe