Нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын шинэ дугаарт Microsoft-ийн Программ хангамжийн инженер М.Чинчулуун оролцож байна.  

Тэрээр 2018 онд АНУ-ын Вандербилтийн Их сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж эхэлсэн ба тэр хугацаандаа хоёр ч зун дараалан Microsoft компанид дадлага хийх боломж олдож, улмаар 2022 онд сургуулиа төгсөхдөө Microsoft-д үндсэн ажилтнаар орох санал хүлээн авчээ.  

Microsoft компани нь 1975 онд байгуулагдсан ба одоогоор дэлхий даяар 220,000 гаруй ажилтантай. Төв оффис нь Вашингтон мужийн Редмонд хотод байрладаг. Анх үйлдлийн систем, оффисын программуудаас гараагаа эхэлж байсан бол өдгөө технологийн салбарын бараг бүх чиглэлд оролцож, сүүлийн үед хиймэл оюун ухааны чадвар дээр төвлөрч байна. 

Ингээд маргад хот хочит Сиэтлээс бичсэн Чукагийн журналтай танилцъя. 

07:50

Өглөөний мэнд. Яг одоо АНУ-ын Сиэтл хотод 07:50 минут болж байна. Өнгөрсөн долоо хоногт бороогүй, нарлаг өдрүүд үргэлжилсэн нь манай хотын хувьд ховор тохиолдол тул ажлынхантай хамт волейбол тоглож, паркаар аялан цагийг сонирхолтой өнгөрөөсөн. Харин энэ долоо хоногт товлосон ажлуудаа хийж дуусгаад дараагийн ажилд маань хэрэг болох чадваруудыг суралцахаар төлөвлөж байна.

Миний ихэнх өдөр ижил хэмнэлээр эхэлдэг бөгөөд нүүр гараа угааж, хөшгөө нээгээд дараа нь пянз тоглуулагчаа асаана. Өглөө босохоос орой унтах хүртлээ хөгжим сонсдог тул тухайн цаг мөчид ямар хөгжим сонсож буйгаа та бүхэнд хуваалцаад явбал сонирхолтой байх болов уу.


08:15

Хөгжим: Nujabes - Beat laments the world

Өглөөний цайндаа хар кофе, өндөгтэй талх идэх дуртай. 20 грамм кофены үр нунтаглаад, дээрээс нь 220 грамм буцалсан ус бага багаар хийснээр кофе маань бэлэн болдог. Цайгаа уух зуур ажлынхаа цахим шууданг шалгаж, хэрэгтэй мэдээллүүддээ тэмдэглэж авна.

Өглөөний цайгаа уучихсан болохоор одоо ажилдаа гарлаа.


09:10

Хөгжим: Goldlink - Crew

Ажлын ширээнийхээ ард тухлан суугаад өнөөдөр төвлөрөх ёстой гурван зүйлээ тэмдэглэж, ажлаа эхлүүлдэг. Нэгт, хамгийн хялбархан дуусгаж чадах ажлаа, хоёрт, хамгийн чухал ажлаа, гуравт, заавал дуусгах шаардлагагүй эсвэл бага анхаарал шаардсан ажлаа хийхээр төлөвлөх нь надад хамгийн сайн тохирдог арга барил.

Одоогоор манай баг “Microsoft Copilot” буюу хиймэл оюун ухааны чатботыг хөгжүүлж байна. Сүүлийн үед хүмүүсийн сонирхлыг татаж буй OpenAI компанийн хөгжүүлсэн ChatGPT-тэй өрсөлдөхүйц чадвартай (аль аль нь GPT-4 модел дээр суурилсан) энэ бүтээгдэхүүн нь одоогоор Windows, Android, iOS үйлдлийн системүүд болон веб дээр тулгуурласан систем бүрд “шингэсэн” байгааг дуулгая.

Миний хувьд iOS, Android дахь ажлын дансны тусгай хувилбар (Enterprise) дээрх хэрэглэгчидтэй харилцах хэсэг дээр хөгжүүлэлт хийдэг. Ажлын дансны давуу тал нь тухайн компанийн мэдээлэлтэй холбоотой тул хэрэгтэй гэсэн ажлын мэдээллийнхээ талаар бодит хүнтэй ярилцаж байгаа мэт шууд асуугаад хариултаа авах боломжтой ба компанийн нууцыг хадгалах чадвартай. Би одоогоор хувийн болон ажлын данстай хэрэглэгчдийн дансаа солих үйлдлийг сайжруулах тал дээр төвлөрч байна.


11:30

Одоо манай багийн хурал эхэлж байна. Манай багийн таван гишүүн өөр өөрийн гэсэн чадвартайгаас гадна соёлын онцлог шинж, ялгаралтай. Энэ хурал өнгөрсөн долоо хоногт гүйцэтгэсэн ажил, одоогоор төвлөрч буй ажил болон хэн нэгэнд нь шийдвэрлэж чадахгүй асуудал байвал түүнийгээ хуваалцаж, хамтдаа шийдэл олох зорилготой.


13:30

Хөгжим: A Tribe Called Quest – Electric Relaxation

Өдрийн хоолны цагаар суудлаасаа түр өндийж, гадуур алхангаа ажлын кампусын төвд байдаг хоолны газар руу орлоо. Манай кампус нэлээд том болохоор олон төрлийн хоолны сонголттой. Өнөөдөр Ази хоолны газраас пад-ки-мао авч идлээ. Хэрэв багийн ихэнх гишүүд оффист цугласан байвал хамт гарч хооллодог.


14:20

Хөгжим: DPR IAN – Peanut Butter & Tears

Үдийн хоолны дараа өнөөдрийнхөө ажлыг дуусгаж, бичсэн кодоо багийн бусад хүмүүсээр шалгуулахаар хүсэлт бичиж байна. Өдөрт сая сая хэрэглэгч ашиглаж буй апп дээр ажиллаж байгаа тул хянуур хандах хэрэгтэй. Нөгөөтээгүүр би өөрөө багийнхаа гишүүдийн кодыг хянаснаар тэдний гаргасан алдааг илрүүлж, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн арга барилаас нь суралцах боломжтой байдгаараа онцлогтой.

Кодоо хянуулж байх зуур зав гарсан тул YouTube дээр үнэгүй байршуулсан Стэнфордын Их сургуулийн Swift буюу Apple-ийн экосистемийн хөгжүүлэлтийн хэлийн талаар лекц үзлээ. Шинэ технологи, өөрчлөлт, дэвшилт сар, жилээр бус долоо хоногоор нэмэгддэг тул энэ салбарт ажиллаж буй мэргэжилтний хувьд хөл нийлүүлэн алхахгүй бол хоцрогдох эрсдэлтэй.


16:05

Хөгжим: Daft Punk – Instant Crush

Би ихэнх өдөр чухал ажлуудаа дуусгачхаад, 16:00-18:00 цагийн хооронд ажлынхаа автобусаар гэртээ ирдэг. Өнөөдрийн ажлаа 16:00 цагаас өмнө дуусгасан тул үлдсэн хугацаанд нь лекц үзэж байгаад автобусандаа суулаа.


17:20

Хөгжим: Offset, JID - Danger

Гэртээ ирээд хамгийн түрүүнд орон сууц дотор байрлах фитнесс рүү явж 40 минут хүчний дасгал, 10-20 минут кардио хийдэг. Өдрийн турш бараг хөдөлгөөнгүй, компьютерийн урд суудаг учраас дасгал хийхгүй бол эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Бие ядраагүй ч тархи ядарсан зарим өдрүүдэд орой унтахад хүртэл хэцүү байдаг болохоор дасгал хийж хөлсөө гаргаад биеэ ядраах нь эрт унтахад туслаад зогсохгүй өглөө эрт эрч хүчтэй сэрэхэд нэмэртэй байдаг шүү.

Хүчний дасгал дээр өргөж буй жингээ бага багаар хүндрүүлэх юм уу эсвэл тоогоо хэд хэдээр нэмэгдүүлээд хийхэд үнэхээр урамтай байдаг. Энэ ташрамд хэлэхэд, хүний биеийн дасан зохицох чадвар харьцангуй өндөр байдаг тул өөрт оногдох аливаа ачааллыг тогтмол нэмэгдүүлснээр илүү ихийг хийж бүтээх боломж бидэнд бий.


18:10

Даваа гараг бүр манай гэрийн хажууханд байрлах бааранд шатрын спортод дурлагсад цуглаад юм уунгаа хоорондоо танилцаж, шатар тоглодог. Сонирхогчоос эхлээд мастерууд хүртэл нэг дор цуглаж, шатрын хөлөг дээр чадвараа сорьдог гэхээр сонирхолтой сонсогдож байгаа биз. Манай хотод олон орноос өөр өөрсдийн соёлын онцлогийг тээж ирсэн хүмүүс амьдардаг тул тэдний түүх болон шатар тоглох чадвар нь миний сонирхлыг ихэд татдаг.

Миний хувьд хүүхэд байхдаа аавынхаа ачаар шатар тоглож сурсан болохоор аливаад сайтар төвлөрөх дадал сууж, хэдэн нүүдлийн цаадахыг харж сэтгэдэг болсондоо талархдаг.


20:00

Хөгжим: HONNE – Location Unknown

Энэ удаа гэртээ оройхон орж ирсэн болохоор хурдан хоолоо хийж идье. Яарсан үедээ орц багатай, цаг хэмнэсэн хоол хийх дуртай. Өнөөдрийн оройн хоолонд япон карри хийлээ.


20:30

Хөгжим: Frank Ocean - Pyramids

Хоолоо идэж дуусаад унтах хүртлээ пянз сонсох зуураа амрах эсвэл видео тоглоом тоглох дуртай. Одоогоор миний хамгийн дуртай тоглоом бол “Red Dead Redemption 2”. 19-р зууны АНУ-д өрнөх уг тоглоомд хуулиас зугтаж буй “cowboy” Артур болон түүнтэй хамт яваа бүлэг этгээдүүдэд тохиолдох адал явдлыг харуулдаг. Маш хурдацтай өөрчлөгдөж буй орчин нөхцөлд тэдэнд учрах адал явдал, сорилт бэрхшээлийг хамт мэдэрч байгаа мэт маш сэтгэл хөдөлгөсөн тоглоом бий. Өдрийн турш бие махбодь болон тархиа ажиллуулсан тул оройдоо өөртөө цаг гарган дуртай зүйлээ хийж, амрах нь чухал байдаг шүү.


23:20

Хөгжим: Mac Miller - Cinderella

Яг одоо шөнийн 23:20 минут болж байна. Өнөөдөр шинэ долоо хоногийн эхний өдөр байсан болохоор ажлаа эрч хүчтэй эхлүүлж, бие болон оюун санаагаа хөгжүүлж чадсан амжилттай өдөр байлаа.

Миний өдөр бүр ийм өв тэгш өнгөрдөггүй ч хангалттай нойроо авсан бас санаа зовоох асуудал бага байх үед сэтгэл санаа ч тайван байдаг. Харин стресстэй эсвэл санаа зовоосон олон асуудалтай үед бүхнээс түр зай авч, бясалгах нь нэн тустай.

Ингээд миний унтах цаг боллоо. Миний нэг өдөртэй хамт байсанд баярлалаа. Бүгдээрээ сайхан амраарай.