“Парис-2024” олимпын наадамд 45,000 сайн дурын ажилтан ажиллаж байгаа бөгөөд тэдний нэг нь бидний энэ удаагийн зочин. Тэрээр Францын хамгийн том цэнгэлдэх хүрээлэнгийн нэг болох Stade de France-д IT салбарын Result Team-д “Atos” багийн нэг хэсэг болон ажиллаж буй. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд хөнгөн атлетикийн тэмцээнүүд болж буй бөгөөд өдөрт хоёр удаа тус бүр 70,000 үзэгч хүлээн авч байгаа гэнэ.  


07:10

Парис хотод наймдугаар сарын 7-ны өглөө ийнхүү эхэллээ.

Өчигдөр их оройтож унтсан болохоор өглөөг тун нойрмогхон эхлүүлж байна. Хоолноос илүү нойроо чухалчилж, арван минут хэтрүүлээд унтчихсан болохоор өглөөний цайгаа уух зав гарсангүй. Уг нь чихэргүй, сүүтэй кофе уумаар байсан ч нийтийн унаанд асуудал үүсэх вий гэж айгаад (Парист нийтийн тээврийн зарим шугам нь аар саар асуудлаас болж хоцордгоороо алдартай) шүршүүрт орж, сайн дурын ажилтнуудад тарааж өгсөн спорт хувцсаа өмсөөд шуудхан гарлаа. Тэгээгүй бол хувцас сонгох гэж бас л цаг орох байж шүү. Өглөөг ингэж яаруу эхлүүлсэн ч Олимпын сайн дурын ажилтны хувиар өдөр бүрийг хөөр баяраар дүүрэн өнгөрүүлэх тул ажиллах газартаа инээмсэглэл тодруулсаар хүрч ирлээ.

Ажлаа хэрхэн зохицуулсан болоод сайн дураар ажиллах боломжтой болов? хэмээн та бүхэн гайхаж байж мэднэ. Энэ зун байгууллагууд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах уриалгыг Парис хотын захиргаанаас гаргасны дагуу манай банк паралимп дуустал бүх ажилтнуудаа гэрээсээ ажиллахыг зөвшөөрсөн. Энэхүү уриалга нь Олимпыг зорин ирж буй жуулчдад саатал учруулахгүйн тулд Парисын нийтийн тээвэр, үйлчилгээний байгууллагуудын ачааллыг багасгах зорилготой.


09:00

Цэнгэлдэх хүрээлэнгээс 100 метрийн зайд шалган нэвтрүүлэх цагдаа нар бий. Ажилтны үнэмлэхийг хоёр ч давхар хамгаалалтаар шалган нэвтрүүлж байгаа нь аюулгүй байдлыг өндөр түвшинд хангасан санагдлаа. Сонирхуулахад, олимпын наадмын үеэр эргүүл, хамгаалалтын ажилд 43 орны цагдаа нарыг дайчилж байгаа гэнэлээ.

Гэрээсээ цэнгэлдэх хүрээлэн хүртэл гурван хамгаалалтын шугамаар дамжсаны эцэст ажлын байран дээрээ ирлээ. Бид хэвлэл мэдээллийн ажилтнууд болон тайлбарлагчдын дунд сууж ажиллах бөгөөд тэмцээнийг ойроос харж болох тун гоё харууцтай. Мөн сайн дурын ажилтнуудад зориулсан амралтын хэсэгтэй бөгөөд тэнд нь бид хоорондоо танилцаж, чихэр, жимсхэн идэж амны зугаагаа гаргангаа ширээний теннис тэргүүтнийг тоглож болно.


13:00

Цэнгэлдэхийн дэргэдэх барилгын нэг давхарт түр хоолны газар байгуулсан бөгөөд энд сайн дурын болон гэрээт ажилтнууд хооллодог. Сайн дурын ажилтнууд тусгай дарааллын дагуу зогсож хоолоо авдаг тул тийм ч удаан хүлээдэггүй. Хэдий сайн дураар цалингүй ажиллаж байгаа ч гэсэн бидний алтан цагийг дэмий үрэхгүй гэсэндээ ингэж зохицуулсан хэрэг.

Миний хамаарах цэнгэлдэх хүрээлэнд нэг дор маш олон сайн дурын ажилтан ажиллаж байгаа тул халуун хоолоор үйлчлэх хараахан боломжгүй талаар хэдэн сарын өмнө урьдчилж мэдэгдсэн. Тиймээс өдөр, оройн хоолонд хүйтэн зууш болон салатаар үйлчилж байгаа. Өнөөдрийн хувьд ногоотой кускус, гахайн утсан махтай салат, талх, сүү, жимс, цэвэр ус, хоолныхоо дараа уух ундаа авлаа.


уур амьсгал

Би 70,000 хүнтэй ийм том цэнгэлдэх хүрээлэнд анх удаа тэмцээн үзэж байна. Эхний өдөр Францын рагбигийн эрэгтэй багийн тоглолт болсныг ч хэлэх үү, цэнгэлдэх дүүрэн хөгжөөн дэмжигчдийн дуу хоолой нүргэлж, баяр бахдлын уур амьсгалд хучигдаад эхэллээ.

Харин монгол хүний хувьд 206 орны туган дундаас эх орныхоо алтан соёмбот далбааг олж хараад өөрийн эрхгүй огшиж, тусгаар тогтносон Монгол Улсын иргэн гэдгээрээ, басхүү элэг нэгт тамирчид маань олимпын наадамд дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтан оролцож байгаагаар үнэхээр их бахархсан. Ай, тэр мэдрэмжийг үү.


18:00

Ажлаа дуусаад Парисын төв хэсэгт байрлах “Petit Palais” хэмээх шилтгээнд компанийнхаа зохион байгуулсан арга хэмжээнд очлоо. Манай компани энэ удаагийн олимпын наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буйн хувьд энэхүү “хөгжөөн дэмжигчийн бүс”-ийг бий болгож, сайн дурын ажил хийж буй ажилтнуудаа урьсан юм.


00:00

Цаг их орой боллоо. Тархиа амраах зорилгоор нөхөртэйгөө хамт кино үзэх зуураа өнөөдрийг хэрхэн өнгөрөөсөн талаар болон маргаашийн төлөвлөгөөгөө ярилцаад унтахад бэлэн болов.

Зав гарсных, Олимпод сайн дураар ажиллах хүсэлтэй залууст зориулан өөрийн анзаарсан хэдэн зүйлийг хуваалцъя. Юун түрүүнд англи хэлээс гадна тухайн орны хэлийг мэддэг байх нь гол шалгуур нь бололтой. Мөн спортын арга хэмжээний зохион байгуулалтын багт ажилласан туршлагатай бол том давуу тал болно. Би л гэхэд хоёр жилийн өмнөөс сайн дурын ажилтнаар ажиллах хүсэлтээ компаниараа дамжуулан илгээж, жил гаруйн өмнө албан ёсны хариугаа авсан. Гэхдээ миний нэг дутуу хийсэн зүйл бол спортын талаарх мэдлэг, мэдээллээ хангалттай сайжруулж, урьдчилж бэлдээгүй явдал. Спорт төрлүүдийн дүрмийг ерөнхийд нь гадарлаж, “дэлхийн од” тамирчдыг л мэдэхээс биш Олимпод зориулж тусгайлан бэлдээгүйгээс болж чухал хүмүүстэй таарсан ч танихгүй өнгөрөөх, хөгжөөн дэмжигчидтэй ярилцахад ойлголтын хэр хэмжээ маань жулдах зэрэг хүндрэл гарсныг нуух юун.


төгсгөлийн оронд

Үнэндээ Олимпыг энд зохион байгуулна гэхэд маш олон Парисчууд дургүйцлээ илэрхийлсэн. Учир нь Олимп зохион байгуулагдах хугацаанд дэлхий тэр чигтээ Парис руу анхаарал хандуулж, улмаар нийтийн тээвэр, үйлчилгээнд өөрчлөлт орж, олон нийтийн аюулгүй, тайван уур амьсгал эвдэгдэх нь гарцаагүй шүү дээ. Тиймдээ ч эргэн тойрны маань цөөнгүй хүмүүс Олимпын үеэр өөр хот, улс руу явцгаасан.

Харин Олимп нээлтээ хийсэн өдрөөс эхлэн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, маш сайн зохион байгуулж байсан нь уур амьсгалыг сайхнаар эргүүлж чадсан шүү. Ирсэн жуулчид ихэд сэтгэл хангалуун байгаад зогсохгүй Парисаас түрхэн “дүрвэсэн” иргэд ч харамсаж буй тухай мэдээ мэр сэр харагдсан. Сул тал нь гэвэл эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ өсөх зарчим энд үйлчилж байна. Гэхдээ Олимп дуусаад хэвийн хэмжээндээ хүрэх байлгүй.

Энэ хүртэл надтай хамт байсанд баярлалаа. Францын Парис хотоос Дэлгэрмаа бичлээ.