Нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын ээлжит дугаарт Францын Парис хотоос загвар зохион бүтээгч, фрийлансер, контент бүтээгч Д.Ганзул буюу Jezel оролцож байна. Тэрээр Шанхай, Истанбул, Парист салбартай IFA Paris загварын сургуульд өнгөрсөн онд магистрын зэргээ хамгаалж, төгсөлтийн ажлаар Luu7 нэртэй өөрийн брэндийг танилцуулаад буй.
Түүний хувьд есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Парисын загварын долоо хоногт оролцож, контент бүтээгч болон загвар зохион бүтээгчийнхээ хувьд адал явдалтай өдрүүдийг өнгөрүүлсэн юм. Ингээд хамгийн завгүй буюу загварын долоо хоногийн хоёр дахь өдөр түүний хувьд хэрхэн өрнөснийг хамтдаа сонирхоцгооё.
Ташрамд дурдахад, Jezel маань Unread-аас ажлын гараагаа эхэлж байсан билээ.
08:30
Сайн байцгаана уу, миний нэг өдөрт тавтай морил. Өнөөдөр бол Парисын загварын долоо хоногийн хоёр дахь өдөр. Яг одоо 08:30 болж байна. Тогтсон цагаар ажилладаггүй болохоор өмнөх өдөр хэзээ унтсанаас шалтгаалаад миний хувьд найман цагийн нойроо авах нь чухал. Нийтлэг өдрүүдэд ихэвчлэн йога эсвэл бясалгал хийж өглөөг эхлүүлдэг. Учир нь би ажлыг нэлээн идэвхтэй, улайрч хийдэг төрлийн хүн тул тухайн өдрөө тайван бөгөөд тогтвортой эхлүүлэхэд йога, бясалгал тусалдаг юм.
Дөнгөж сая дадал болсон Emile Mosseri-ийн Infinite Love аяыг сонслоо. Сүүлийн үед кофе уухаа больж байгаа учраас өглөөдөө ногоон цай хандалж ууж байгаа. Мөн өдрийн турш арга хэмжээнүүдэд оролцох тул цайны хажуугаар pain au chocolate идэж байна.
09:00
Эхний шоундаа бэлдэж, нүүр, үсээ янзлах гэж байна. Нүүр будалтын өмнө сайн чийгшил өгөх үүднээс маск тавих эсвэл тосоо түрхээд сайтар массаж хийвэл үр дүнтэй юм шиг санагддаг.
Аливаа загварын арга хэмжээнд оролцоно гэдэг тэр дундаа Парисын загварын долоо хоногийн нэг хэсэг болно гэдэг маш том боломж бөгөөд хариуцлага. Тиймээс өмнөх өдөр нь цаг гаргаж, юу өмсөж, яах ийхээ заавал бэлдэх хэрэгтэй. Миний хувьд энэ долоо хоногт өмсөх бүх хувцсаа урьдчилж бэлдээд зургийг нь дарчихсан болохоор цаг хэмнээд амар байлаа. Гэснээс эхний шоундаа сонгосон опера бээлий, хүрэм, үстэй гутал, хээтэй ретузыг надад хамтран ажилласан брэндээс маань бэлэг болгож өгсөн.
10:15
Uber дуудаад гэрээсээ гарч байна. Эхний оролцох шоу бол Shuting Qiu брэндийнх. Албан ёсны арга хэмжээ, ажлын уулзалтаас хоцрох дургүй учраас арга хэмжээ эхлэхээс арай эрт очиж байгаа минь энэ.
11:00
Хамгийн эхний зогсоол Palais de Tokyo. Энэ бол олон шоу зохион байгуулагддаг орчин үеийн контемпорари урлагт зориулсан байгууламж. Ер нь загварын шоуны үеэр кинон дээр гардаг шиг зураг дарах, бичлэг хийх, хажууд байгаа хүмүүстэйгээ танилцах гэх мэт үйл явц өрнөдөг. Энэхүү Shuting Qiu брэндийн шоунаас онцлох зүйл гэвэл канад модель, контент бүтээгч Coco Rocha хаалт хийсэн явдал байв.
Загварын долоо хоногийн үеэр телевиз, интернэтээр л хардаг одууд, уран бүтээлчдийг маш ойроос харах боломжтой. Тэгээд заримдаа танил эсвэл найзын маань найз байх тохиолдол ч бий. Үүнийг “The magic of Paris” ч гэж хэлж болох юм.
12:30
Дараагийн арга хэмжээ хүртэл цаг байгаа учраас метронд сууж байна. Маш өнгөлөг хувцастай яваа ч загварын долоо хоногоор бараг хүн бүр л “галзуу” хувцасладаг болохоор ичиж, санаа зовох шаардлагагүй. Парис хот миний хувьд хамгийн өөрийнхөөрөө, чөлөөтэй хувцаслаж чаддаг газар минь.
Метронд явж байгаа үедээ подкаст сонсох дуртай. Сүүлийн үед “No stupid questions”, “The subtle art of not giving a fuck” гэсэн подкастуудыг шимтэн сонсож байгаа. Сонирхуулахад, тухайн долоо хоногт таалагдсан зүйлсээ өөрийн Love letter from Jezel инстаграм broadcast сувгийн Weekly Favorites булангаар хуваалцдаг. Reel хэлбэрээр оруулах бодол ч бий.
13:30
Гэртээ ирлээ. Одоо 20 минут дугхийчхээд хөнгөн салад хийж иднэ. Миний хувьд өдрийн цагаар 20 минутын нойр авснаар илүү бүтээмжтэй, эрч хүчтэй ажилладаг.
Бага ч болов зав гарсных хэрхэн Парисын загварын долоо хоногт оролцох болсон тухайгаа хуваалцъя. Ер нь бол олон янзын арга байдаг. Жишээ нь, загварын чиглэлээр сурдаг оюутан бол сурдаг мэргэжлийн чиглэлээрээ дадлага хийж болно. Үзэгчээр оролцъё гэвэл тухайн брэндийн өнгө төрхийг илэрхийлж чадах олны танил хүмүүс, нөлөөлөгч эсвэл контент бүтээгчээр оролцох боломжтой. Хамгийн гол оролцогч нь худалдан авагчид бөгөөд улс орнуудын их дэлгүүр болон концепт дэлгүүрээс хүрэлцэн ирдэг. Мэдээж хэвлэл мэдээллийн салбарынхан чухал үүрэгтэй.
Харин миний хувьд загварын долоо хоногийн цаглаврыг харж байгаад хүссэн брэндүүд рүүгээ цахим шуудан бичсэн. Ингэхдээ шинээр гарч ирж байгаа, цаашид томрох нь тодорхой брэндүүдийг сонгосон гэж хэлж болно. Тэгээд тухайн шоунд оролцож, өөрийнхөө хүлээн авагчдад контент бүтээгчийнхээ зүгээс болон загвар зохион бүтээгчийн хувьд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Заримаас нь миний өмсөх хувцсыг хүртэл бэлдэж өгсөн нь сэтгэлд хүрсэн шүү.
14:00
Хувцсаа сольчхоод дараагийн шоу руу явж байна. Замдаа өчигдрийн контент, зураг, бичлэгээ янзална. Компьютер дээр суух боломжгүй эсвэл завгүй үедээ хурдан ажиллах зорилгоор iPad дээр Capcut-аар бичлэгээ эвлүүлээд, Lightroom-ээр зургандаа өнгө тавьж, засдаг.
14:40
Сая замаараа өчигдөр оролцсон RUIbuilt брэндийн шоунд өмссөн хувцсаа showroom-д нь хүргэж өглөө. Зарим брэнд PR хийх зорилгоор олны танил одууд, уран бүтээлчдэд шинэ загварын хувцсаа өмсгөдөг юм. Үүнийгээ эргүүлж авах эсвэл бэлэг болгож өгдөг. Энэ брэндийн тухайд шоунд уригдсан хүмүүстээ өөр бэлэг бэлдсэн байна билээ.
15:30
Загварын шоун дээр эрт ирэхийн давуу тал нь тэнд цугласан гэрэл зурагчнуудад зургаа даруулах, хэрэв контент бүтээгч бол бичлэгээ хийх зэрэг хэрэгтэй ажлуудаа амжуулж болно. Одоо оролцох шоу маань Florentina Leitner брэндийнх бөгөөд Паришиан стиль байранд загваруудаа танилцуулж байна.
16:00
Дараагийн шоундаа оролцохоор нэгэн ресторанд ирээд байна. Grounds, Jenny Fax брэндүүдийн маш бүтээлч загваруудыг үзлээ. Ихэвчлэн гадаад эсвэл жижиг брэндүүд иймэрхүү байдлаар шинэ загвараа танилцуулдаг. Миний хувьд IFA Paris загварын сургуулийг төгсөхдөө Luu7 нэртэй өөрийн брэндийг үүсгэж, загварын коллекц гаргасан.
Тэр ч утгаараа дараагийн удаа энэ шоу шиг хувцаснуудаа танилцуулбал гоё юм байна гэсэн бодолтой сууж байна. Том зургаараа загварын долоо хоногт оролцсон үндсэн шалтгаануудын нэг нь дизайнерын хувьд судалгаа хийх, PR агентлагуудтай холбоо тогтоох, гэрэл зурагчин, брэндүүтэй илүү ойр танилцах зэргээр энэ салбарыг дотроос нь харах зорилготой байсан.
Энэ бичлэгээс Парисын загварын долоо хоног хэрхэн өнгөрсөн талаар илүү дэлгэрэнгүй үзээрэй.
19:00
Гэртээ ирээд оройн хоолонд тахианы махтай шөл хийж байна. Ер нь загварын долоо хоногийн үеэр гоо зүйн талаасаа ч эрүүл мэндийн зүгээс ч өндөр анхаарал хандуулах шаардлагатай учраас ийнхүү амархан шингэдэг, хөнгөн хоол идэхийг хичээж байгаа юм. Ялангуяа сүүлийн үед өөрийнхөө биеийн онцлогт тохирсон хоол хүнс хэрэглэх нь хэчнээн чухал болохыг ойлгож байгаа.
21:00
Төвлөрч суух ажлын цаг эхэллээ. Өчигдөр болон өнөөдөр даруулсан зураг, бичлэгээ эргүүлэн харах, хүсэлт гаргасан загварын шоунуудаас цахим шуудан ирсэн эсэхийг шалгах, бусад контент бүтээгч загварын долоо хоногийн үеэр хийсэн контентоо хэрхэн хуваалцаж, ямар онцлог гаргаж байгааг судлах, гэрэл зургуудаа янзлах гэх мэтчилэнгээр хийх ажил олон байна.
Цаашид би загварын контентууд дээрээ төвлөрч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Түүгээрээ салбартаа танигдаж, орон зай, өнгө аясаа бий болгон олон талт харилцаа холбоо үүсгэх нь загвар зохион бүтээгчийнхээ хувьд ч алсдаа брэндээ хөгжүүлэхэд үндсэн хөшүүрэг нь контент байх болно гэж бодож байна.
01:00
Өнөөдөр ийнхүү өндөрлөж байна. Сая нүүрээ цэвэрлээд, арьс арчилгаагаа хийчихлээ. Парисын загварын долоо хоног тун шахуу хуваарьтай байгаа тул аль болох бие болон сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө тордож халамжлах хэрэгтэй. Энэ хүртэл Францын Парис хотоос Jezel бичлээ.
З Зочин 2024.10.29 209.122.68.142
Тэр хар өнгөтэй хувцастай зургийг хараад яагаад ч юм инээхгүй байж чадсангүй уучлаарай. Доромжлох гэж бичээгүй болно.