Журналын ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Японы хамгийн том инженерийн зөвлөх үйлчилгээний компани болох “Nippon Koei”-д ажилладаг Г.Лувсанжамцын ажлын өдөртэй танилцлаа. Тэрээр ахлах сургуулиасаа эхлэн Япон улсад суралцсан ба архитектурын чиглэлээр Токиогийн Политехникийн их сургуульд 2011 онд бакалаврын зэргээ хамгаалж, мэргэжлээрээ 2016 он хүртэл Монголд ажиллажээ. Улмаар хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр арлын орныг ахин зорьж, Токиогийн их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан бөгөөд 2021 оноос “Nippon Koei” компанид туслах менежерээр ажиллаж буй.
Ингээд нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлуудаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа авсан журнал контентынхоо найм дахь дугаарыг хүлээн авна уу.
07:00
Сайн байна уу. Өнөөдөр бол дөрөвдүгээр сарын 17-ны өдөр. Японы Ёкохама хотод өглөөний 07:00 цаг болж байна. Миний өглөө оффис руу явах эсвэл гэрээс ажиллахаас хамаарч хоёр янзаар эхэлдэг. Гэрээсээ ажиллаж байгаа өдөр гадаа 30 минут гүйх эсвэл йог хийнэ. Суугаа ажилтай болохоор аль болох дасгал хөдөлгөөн хийж бие хөших, жин нэмэхээс сэргийлэх хэрэгтэй.
Өнөөдрийн тухайд оффис руу очиж ажиллах тул шүршүүрт орчхоод өглөөний цайгаа бэлдэх гэж байна. Манай компани ажлын онцлог, ачааллаас хамаарч долоо хоногт хоёр удаа оффист суухаас бусдаар гэрээсээ ажиллахыг бүрэн зөвшөөрдөг.
07:15
Дөнгөж сая бүлээн ус, ногооны бэлдмэлээ уучихлаа. Одоо эхнэртээ кофег нь бэлдэж өгнө. Сүүлийн үед бид өглөөний цайндаа зууханд шарсан бүхэл үрийн талхан дээр цөцгий болон хуш модны самар тавьж идэх болсон. Эрүүл, өегийн зэрэгцээ тун амттай өглөөний цай.
08:25
Манай гэр ажлаас 70 минутын зайтай. Дугуйгаа метроны буудал хүртэл жийчхээд Токио хот руу 50 минут метрогоор явдаг. Эндэхийн нийтийн тээвэр цэвэрхэн, тухтай, сүлжээ сайтайн зэрэгцээ цагтаа явдаг болохоор машин унах хэрэгцээ гардаггүй.
Яг одоо цахим шуудангаа шалгаж байна. Ихэнх компанийн ажил 09:00 цагт эхэлдэг болохоор ид ачааллын үе намдсаны дараа метронд сууж байгаа минь энэ. Энд өнгөрүүлэх хугацаагаа ашиглаад мэдээ эсвэл ажилтай холбоотой ном уншихыг хичээдэг.
09:15
Ажил дээрээ ирлээ. Манайх саяхан шинэ барилгад нүүж орсон болохоор ажлын орчиндоо сэтгэл хангалуун байгаа. Хот байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, байгаль орчин зэрэг олон салбарын мэргэжилтэнтэй компани гэдэг утгаараа оффисын дотоод орчныг аль болох нээлттэй байдлаар шийдсэн. Хамгийн гол нь хэн ч, хаана ч суух боломжтой учраас ижил төсөл дээр хамтран ажиллах бусад хэлтсийн хүмүүстэйгээ нэг дор байрлаж болно.
Ажил руугаа ханцуй шамлан орохын өмнө сэргэлт авах хэрэгтэй тул оффисын кафегаас дөнгөж сая кофегоо авчихлаа. Энэ ташрамд компанийнхаа талаар танилцуулахад, “Nippon Koei” бол Японы хамгийн том инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани. Инженерийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг гэхээр танил бус сонсогдож магад. Товчхондоо аливаа харилцагч байгууллага шинэ барилга бариулах, том хэмжээний төсөл хэрэгжүүллээ гэж бодоход түүнийг удирдаж, хянах мэргэжилтнүүдийг хөлсөлж авч таарна. Мэдээж ажил стандартын дагуу, чанарын шаардлага хангахуйц хийгдэж байгаа эсэхийг захиалагч тал бүрэн хянаж чадахгүй шүү дээ. Харин манай компани үүнд хяналт тавьж, захиалагчдад зөвлөдөг.
09:30
Ширээнийхээ ард суугаад хамгийн эхэнд хийдэг зүйл маань тухайн өдрийн ажлын хуваариа шалгах. Яг одоо өнөөдрийн уулзалтууд болон хурлаас өмнө ямар материал бэлдсэн байх ёстой вэ гэдгээ нягталж байна. Уг нь аль болох үдээс өмнө хурлуудаа товлохыг хичээдэг ч олон улсын төсөл хариуцан ажилладаг учир цагийн зөрүүнээс болоод яалт ч үгүй үдээс хойш уулзалттай байх нь элбэг.
Японд бизнесийн цаглавар нь дөрөвдүгээр сард эхэлдэг тул шинэ төслүүд голцуу жилийн өдийд гарч ирдэг. Миний хувьд одоогоор гурван төсөл хариуцан ажиллаж байгаа. Сүүлд гэхэд л Туркэд болсон газар хөдлөлттэй холбоотой зүүн өмнөд бүсийнх нь газар хөдлөлтөд өртсөн аймгуудын сэргээн босголтын төслийг хариуцаж авсан. Одоо энэ ажлын төслийн төлөвлөгөө, багийн гишүүдтэй танилцах, ажил үүргийн хуваарилалт хийх, захиалагчтай ажлын агуулга болон хугацааг нарийвчлан тохирох ажлуудаа цэгцлэхэд төвлөрнө.
12:00
Төвлөрч суун төлөвлөх ажлуудаа түр зогсоогоод өдрийн хоолоо идэх гэж байна. Өдрийн хоолоо аль болох ажлын хамт олонтойгоо идэхийг боддог. Ихэнх нь зайнаас ажилладаг болохоор оффисоос ажиллах өдрүүддээ сүүлийн үеийн сонин сайхнаа хуваалцах, ажлынхаа талаар чөлөөтэй ярилцах боломж энэ үед л тохиодог юм.
Манай компанид надаас гадна таван монгол хүн ажилладаг. Боломж гарвал бид сардаа нэг удаа хамтдаа хооллохыг боддог бөгөөд өнөөдөр тэр өдөр нь таарч, томилолтгүй байгаа хэдээрээ цайлж байна.
13:00
Ажилдаа буцаад ирлээ. Одоо шинээр эхэлж буй төсөл дээр багийн уулзалт хийх гэж байна. Дээр дурдсан Туркийн зүүн өмнөд бүсийн сэргээн босголтын ажлаас гадна өөр нэг төсөл хэрэгжих гэж байгаа нь тус улсын 5-6 аймгийн хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнүүдийг Европын зах зээлд экспортлох тухай юм. Энэ уулзалтаар хэн юу хийж, цаашид юуг нь хариуцаж ажилламаар байгаагаа ярилцах бөгөөд хөдөө аж ахуй, эдийн засаг, бизнесийн зөвлөх мэргэжилтнүүдтэй нэг баг болж хамтран ажиллаж байгаа. Манай мэргэжил хот, бүс нутгийг төлөвлөхөөс гадна нийгэм инженерийн дэд бүтэц, аж үйлдвэрлэл, эдийн засаг зэрэг бусад салбарын мэргэжилтнүүдтэй, цаашлаад олон улс, төр, орон нутаг, хувийн хэвшлийн байгууллагуудтай нягт уялдаж ажилладгаараа онцлог. Олон салбар хамардаг болохоор байнга сурч мэдэх шаардлагатай бөгөөд ачаалал ихтэй байдаг ч над шиг уйдамтгай хүнд яг тохирсон ажил болохоор мэргэжилдээ их дуртай.
Шинэ төслийн талаар нарийн ярьж болохгүй тул төстэй жишээгээр тайлбарлая. Бид эхний зургаан сарын хугацаанд бүс нутгийн хөдөө аж ахуйн одоогийн нөхцөл байдал, боломжит зах зээлийг судлах ёстой. Жишээ нь, Булган аймгийн Сайхан сум айргаараа алдартай ч гадагшаа экспортолж чаддаггүй юм байна гэх үр дүн судалгаагаар гарсан хэмээн төсөөлье. Юун түрүүнд бид яагаад Булганы Сайхан сумын айраг гоё вэ гэдгийг олж мэдээд үргэлжлүүлэн яагаад экспортолж чадахгүй байгаа учир шалтгааныг тогтооно. Энэ судалгаанаас цаашид хэрэгжүүлэх ажлын дүр зураг гарч ирэх бөгөөд импортоор авах улс орнууд айргийн талаар тодорхой мэдээлэлтэй эсэх, хүнсний бүтээгдэхүүндээ ямар шалгуур, стандарт тавьдгийг нарийн судална. Ингээд манай багаас багадаа дөрөв, ихдээ 10-12 туршилтын төслийн санаа гаргаж хэрэгжүүлнэ (Proof of Concept буюу PoC). Өнөөдрийн уулзалтаар эдгээр санаагаа хөгжүүлэн ярилцаж байна.
15:00
Саяны уулзалт хоёр цаг үргэлжиллээ. Одоо надтай ижил ажил эрхэлдэг бусад зөвлөх компанийн хот төлөвлөгч нартай салбарын дундаас урт хугацааны чиг хандлагын талаар чөлөөтэй ярилцах уулзалт хийх гэж байна. Бид “Ухаалаг Хот”-ын шинэ консепц гаргахаар ажиллаж байгаа. Салбараа хөгжүүлэхийн тулд зөвхөн нэг компани дотроо шинийг санаачлахаас илүү бусадтайгаа тогтмол мэдээлэл солилцож, мэргэжлийн яриа өрнүүлж, салбарт тулгамдаж буй асуудлыг задлан дүгнэж, шийдэл эрэлхийлж байх нь чухал.
17:00
Сэргээн босголтын төслийн Турк дахь хамтрагчидтайгаа уулзах гэж байна. Цагийн зөрүүнээс болоод голдуу оройн цагаар хоёр долоо хоног тутам цахимаар хуралддаг юм. Энэхүү төсөл эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байгаа. Өнгөрсөн хугацаанд манай зүгээс Сэргээн Босголтын Ерөнхий Төлөвлөгөөг гаргасан. Үүн дээр суурилан төслийн дараагийн шат буюу цаашид хэрэгжүүлэх төслүүд, ажлын төлөвлөгөөг нарийвчилж гаргах талаар ярилцаж байгаа юм.
Өнөөдрийн уулзалтаар өнгөрсөн хоёр долоо хоногт юу хийнэ гэж төлөвлөсөн, юуг нь хийж чадсан (чадаагүй тохиолдолд түүний шалтгаан юу байсан), дараагийн хоёр долоо хоногт юу хийх вэ гэдгээ төлөвлөлөө. Ер нь энэ гурван хэмжүүр байхад ямар ч төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой.
18:00
Ажлаа дүгнэх цаг боллоо. Дээр хэлсэн гурван хэмжүүрээр өнөөдрийн ажлуудаа базаад Microsoft Word дээр тэмдэглэл хөтөлж байна. Үүнийг дуусгаад хэлтсийнхээ бусад ажилтантай “хов базна”. Бүгд өөр улсын өөр өөр төсөл дээр ажилладаг болохоор сонин сайхнаа хуваалцах боломж энэ цагаар л гардаг юм.
18:40
Гэртээ харьж явна. Өдрийн турш сошиал сувгуудаа шалгаж амждаггүй учраас харих замдаа зурвасууддаа хариулдаг. Ажлын хажуугийн цэцэрлэгийн сакура цэцэглэсэн байсан болохоор зургийг нь хуваалцъя.
20:00
Хөнгөхөн оройн хоол идчихээд сар гаруйн өмнө нээлтээ хийсэн Dune II уран сайхны киног үзэж байна. Миний хувьд орой гэртээ ирээд ихэвчлэн кино үзэх, ядраагүй бол мэргэжлийнхээ чиглэлээр ном унших эсвэл түүхийн тухай ном, контентуудыг шимтэн сонирхдог. Өвөө маань түүхч хүн байсан болохоор түүхийн сэдвүүдийг илүүтэй гүнзгийрүүлэн сонирхдог гэх үү дээ. Үүний зэрэгцээ ажлын шаардлагаар олон улсын түүх, соёл, ёс заншлын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй.
Энэ ташрамд Улаанбаатарын асуудлуудын шалтгаан ба шийдэл, салбарынхаа тухай сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор хөтөлдөг Medium блог болон YouTube сувгаа хуваалцъя. Манай салбар мэдээллийн технологи болон санхүүгийн салбартай адил байнгын “халуухан” байдаггүй ч бусад салбарынхны хэр барагтаа хийж үзэхээргүй төслүүд дээр ажилладаг болохоор энэ тухай бусадтай хуваалцах дуртай. Ганцаараа мэддэг гахай гавихгүй шүү дээ.
23:00
Миний нэг өдөр дуусаж, унтах цаг боллоо. Олон улсын зөвлөхөөр ажиллаж эхэлснээс хойш төсөл хэрэгжүүлж буй улс орон бүрийн хүмүүсийн сэтгэлгээ, нийгмийн хандлагыг бага ч болов ойлгох зорилгоор тухайн улс, бүс нутгаас уран зохиолын Нобелийн шагнал авсан зохиолчийн номыг унших шинэ дадалтай болж байгаа. Өнгөрсөн жил Латин Америкийн төсөл дээр ажиллаж байхдаа Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал”-ыг уншсан. Энэ жил харин Туркийн зохиолч Орхан Памукын “Истанбул: Дурсамж ба хот”-ыг уншиж байна.
Журналынхаа төгсгөлд цаашдын зорьж буй төлөвлөгөөнөөсөө хуваалцъя. Би чамгүй олон жилийг гадаад оронд өнгөрүүлж, олон орны төсөл дээр ажилласан туршлагаа өвөртлөөд нутаг орондоо эргэн очиж, чадах зүйлээрээ нийгэм болон салбарын хөгжилд хувь нэмэр оруулахыг чинхүү хүсдэг. Угаас хот төлөвлөлт гэдэг манай нийслэлийн өмнө тулгардаг утаа, түгжрэл зэрэг томоохон асуудлуудтай шууд холбоотой шүү дээ. Тиймдээ ч дээр дурдсан хамтран ажиллагсад, мэргэжил нэгтнүүдтэй хийдэг уулзалтаар улсдаа хэрэгжүүлж болох олон санаачилгууд дээр санал солилцдог. Мөн ойрын хугацаанд Монголд төсөл хэрэгжүүлэхээр зорьж байгаа. Алсын зорилго бол Улаанбаатар хотоо “Нүүдэлчдийн нийслэл”, дэлхийн “Өвлийн нийслэл” болгон хөгжүүлэх юм.
Ингээд миний нэг өдөртэй танилцсан та бүхэнд баярлалаа. Энэ хүртэл Япон улсын Ёкохама хотоос Лука бичлээ.