Нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлуудаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа авсан журнал контентынхоо долоо дахь дугаарт тавтай морил. Энэ удаагийн журналын эзэн бол Азийн хөгжлийн банкны Нийгмийн хөгжлийн мэргэжилтэн (Жендэр ба хөгжил) М.Маралмаа.
Магадгүй та бүхэн түүнийг “Зориг сан”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байснаар нь мэдэх болов уу. Тэрээр Бригам Юнгийн их сургуульд бизнесийн удирдлага чиглэлээр бакалаврын зэрэг, Колумбын их сургуульд Обама сангийн тэтгэлэгт хөтөлбөр, Корнеллийн их сургуульд нийтийн удирдлага, олон улсын хөгжлөөр магистрын зэргээ тус тус хамгаалсан бөгөөд өнгөрсөн оны наймдугаар сараас Азийн хөгжлийн банкинд мэргэжилтнээр ажиллаж буй.
07:30
Бүгдэд нь энэ өдрийн мэнд. Филиппин улсын нийслэл Манила хотоос мэндчилж байгааг минь хүлээн авна уу. Яг одоо гуравдугаар сарын 5-ны өдрийн 07:30 цаг болж байна.
Дөнгөж сая бүлээн усаа уучихлаа. Сониноос би энэ амралтын өдрөөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөрт зориулсан 10 км-ийн гүйлтэд оролцохоор бүртгүүлчихсэн. Иймээс өглөөдөө бэлтгэл болгож гүйхийг хичээж байгаа.
08:30
Сүүлийн үед өглөөний цай бараг л уухгүй байгаа болохоор одоо шуудхан ажилдаа гарцгаая. Энд халууны улирал ид эхэлж байгаа тул заримдаа +35 хэм хүртэл халж байгаа. Монголын зун халуун ч гэлээ сүүдэр бараадахад сэрүүцдэг шүү дээ. Гэвч Манилад тийм биш, байнга л бүгчим, чийгтэй агаартай.
Манила Азийн том хотууд дундаа автомашины түгжрэлээрээ алдартай. Тийм ч учраас энд ирэхээс өмнө оффистойгоо аль болох ойрхон байр хайж, долоон минутад алхах зайтай газар амьдрах болсон. Хэдий түгжрэлд цаг үрэхгүй нь сайхан ч миний амьдардаг энэ хэсэгт бизнесийн байгууллага, худалдааны төв олон, эсрэгээрээ ногоон байгууламж цөөн учир амралтын өдрөөр аль болох байгальд ойр байхыг хичээх болсон.
09:00
Оффисын нэг давхраас өглөөний кофегоо аваад, усны саваа дүүргэчихлээ.
Өнөөдөр хамгийн түрүүнд төвлөрөх ёстой ажил бол яаралтай и-мэйлүүдэд хариу илгээх. Ерөнхийдөө би тухайн өдрийн ажлаа дөрөв хуваадаг. Эйзенхауэр матриц гэдгээр зарим нь мэдэх байх: яаралтай бөгөөд чухал, яаралтай бөгөөд чухал биш, чухал бөгөөд яаралтай биш, яаралтай биш чухал биш гэсэн дарааллаар ажлуудаа ангилна гэсэн үг. Өдөр бүр биш ч ерөнхийдөө ийм дарааллаар ажиллахыг хичээдэг.
Энэ ташрамд Азийн хөгжлийн банкинд хэрхэн ажилд орсон талаараа хуваалцъя. Манай банкнаас жил бүр “Young Profesionals Program” буюу “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр” зарладаг. Харин би 2023 оны хөтөлбөрт шалгарч тус банкинд ажиллах нөхцөл бүрдсэн. Одоогоор уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн хэлтэст жендэрийн багийн мэргэжилтнээр ажиллаад зургаан сар өнгөрчээ. Хамт олондоо дасаад, ажлын явцаа ойлгоод зүгширч л явна.
10:00
Шаардлагатай и-мэйлүүддээ хариулж дууслаа. Одоо үргэлжлүүлээд төвлөрч суух төслийн ажлуудаа хийх гэж байна. Азийн хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүсийн хөгжиж буй гишүүн орнууддаа олон тооны төсөл, хөтөлбөр, техникийн туслалцааг хэрэгжүүлдэг. Манай баг тэдгээр бүхий л төсөлд жендэрийн хувьд ямар үр нөлөөтэй байх, гарч болох сөрөг үр дагавруудаас хэрхэн сэргийлэх, жендэрийн тэгш байдлыг яаж хангах зэрэгт анхаарч ажилладаг. Тодруулбал, төслийн дизайнаас эхлээд хэрэгжилтийн шат, дууссаны дараах үнэлэмжийн үе шат гээд бүхий л үйл явцад жендэрийн тэгш байдлыг хангахад голлох үүрэгтэй.
Мөн бид өөрсдөө төслийн хэрэгжилт дээр ажилладаг. Жишээлбэл, яг одоо би “WE Finance Code” төслийн ажлуудаа хийж байна. Энэхүү төслийг Дэлхийн банк болон бусад хөгжлийн банкууд хамтарч, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор дэлхийн 20 гаруй улсад хэрэгжүүлж байгаа бөгөөд би Фижи улсыг хариуцан ажиллаж байгаа. Гуравдугаар сарын сүүлээр төсөл маань албан ёсоор нээгдэх тул одоогоор миний зүгээс и-мэйл бичих, төрийн байгууллагуудтай харилцах, хурал уулзалт зохион байгуулах зэрэг бэлтгэл ажлуудад өдрийн дийлэнх цагаа зориулж байна.
12:30
Өдрийн хоолоо идэхээр нэгдүгээр давхрын цайны газар руу бууж байна. Манайд 60 гаруй орны хүмүүс ажилладаг болохоор хоолны сонголт сайтай, өдөр бүр өөр улсын хоол гардаг. Өнөөдрийн хувьд надтай ижил хөтөлбөрөөр 2020 онд ажилд орсон бүсгүйтэй хамт хооллоно.
Олон орны хүмүүс ажилладаг, мөн байгууллагын соёл маш нээлттэй тул долоо хоногт 2-3 удаа заавал шинэ хүнтэй танилцангаа хамт хооллох эсвэл кофе уух болсон. Танилын хүрээгээ тэлэх, байгууллагын бүтцээ ойлгоход дөхөм болдог шүү.
Сонирхуулахад, манай оффист сагсан бөмбөгийн талбай, фитнесс, йога, скуаш заал зэрэг спортын байгууламж олон бий. Заримдаа өдрийн хоолондоо хачиртай талх идчихээд цайны цагаараа скуаш теннис тоглох эсвэл йогад явдаг.
13:00
Үдээс хойших цагийг ихэвчлэн төслийн ажлууд дээрээ үргэлжлүүлэн төвлөрөхөд зарцуулдаг болохоор төдийлөн сонирхуулах зүйл байхгүй байна. Оронд нь Азийн хөгжлийн банкинд ажилласнаас хойш шинээр юу сурч мэдэж байгаагаа хуваалцъя.
Олон орны өөр соёлтой хүмүүстэй хамтран ажиллахад хамгийн хурдацтай сайжирч байгаа чадвар бол “cultural intelligence” гэдгийг анзаарсан. Бидний гаргадаг нийтлэг алдаа нь үр дүнд хэт төвлөрөөд хоорондын харилцааг орхигдуулдаг талтай. Гэвч бүхий л ажил харилцаан дээр тулгуурлаж үргэлжилдэг шүү дээ. Үүний зэрэгцээ цагийн юмыг цагт нь гүйцэтгэх хэрэгтэй. Манай банк зөвхөн дотооддоо бус гаднын байгууллага, харилцагчидтай хамтран ажилладаг онцлогтой учраас бусдын ажлыг хүлээлгэж, төвөг удаж болохгүй гэсэн зарчим баримталдаг.
16:00
Манай ажилтнууд сонирхлоороо нэгдээд янз бүрийн клуб ажиллуулдаг нь маш их таалагддаг. Өнөөдөр уул ба замын клуб өөрсдийн танилцуулгаа хийнэ гэсэн тул гишүүнчлэлийн маягтыг нь авахаар гялс ороод гарлаа. Амралтын өдрөөр хамтдаа ойр орчмын ууланд гарах, ажлын дараа хананд авирах зэргээр ажил амьдралын тэнцвэрт байдлаа хадгалж, хамт олонтойгоо танилцахад тус болох юм шиг санагдсан.
17:30
Сүүлийн үед бөмбөрийн хичээл авч байгаа. Яг одоо тийшээ гарах гэж байна. Уг нь манай ажлаас холгүй ч түгжирсээр байтал цаг орчим явж байж хүрдэг. Тийм ч учраас эндэхийн гол нийтийн тээврийн хэрэгсэл болох MRT-даа суучихлаа. Зөвхөн эмэгтэйчүүд суух зориулалтын хэсэгтэй нь таалагддаг.
Яагаад заавал бөмбөр тоглож сурахыг хүссэн юм бэ гэж бодож магадгүй. Амьд хөгжмийн тоглолт үзэх үед яагаад ч юм бөмбөрчид хамгийн “cool” харагддаг болохоор сурах гэж оролдоод үзье гэж бодсон юм.
18:30
Сургалтын төв дээрээ ирлээ. Миний хувьд эхний хэдэн сар ажилдаа зүгшрэх нь илүү чухал байсан тул хэсэгтээ хувь хүний хөгжлөө хойш тавьсан. Харин одооноос л цаг зав гаргаж, шинэ зүйлс сурч мэдэхэд зориулж байна.
Мөн ажлын дараа ямар нэг үйл ажиллагаанд заавал хамрагдахыг хичээж байгаа. Жишээ нь, даваа гараг бүр хананд авиралт, мягмар гараг бүр бөмбөрийн хичээл, пүрэв гарагт скуаш тоглох гэх мэт.
21:00
Түгжрэл буурдаг цаг болохоор гэртээ харьцангуй хурдан ирлээ. Одоо хөнгөн салат хийж идчихээд өдрийн тэмдэглэлээ хөтөлнө. Би гурав дахь жилдээ тэмдэглэл хөтөлж байна. Тухайн өдөр болсон зүйлс, толгой дотор эргэлдсэн бодлуудаа өдөр болгон дэвтэртээ буулгахыг хичээдэг. Ажлуудаа дүгнэх, цаашдын төлөвлөлтөө хийх басхүү сэтгэлзүйн эрүүл мэндээ хянахад нэлээн үр дүнтэй.
Энэ ташрамд цаашдын зорилтоосоо хуваалцахад, юун түрүүнд ажлаа гартаа тултал оруулахыг зорьж байна. Азийн хөгжлийн банк нь хөгжиж буй гишүүн орнуудынхаа суурин төлөөлөгчийн газар болон бүсийн төлөөлөгчийн газарт ажиллах боломж олгодог. Тиймээс зөвхөн Манила дахь төв оффисоос ажиллах биш төслийн хэрэгжилтэд ойр байж, тухайн улсууддаа очиж ажиллавал илүү сонирхолтой туршлага болно гэж бодож байна. Банкны зүгээс ч ажилтнуудынхаа дотоод шилжилт хөдөлгөөнийг дэмжин ажилладаг.
22:00
Унтахаасаа өмнө номын клубын энэ сарын номоо аудио хэлбэрээр сонсдог. Бид хамтдаа номоо улирлаар сонгож уншаад түүнийхээ дагуу сар бүр хэлэлцүүлэг өрнүүлдэг юм. Жишээ нь хамгийн сүүлд Хятад хэрхэн эдийн засгийн чадамжаа ашиглан бусад улсын гадаад бодлогод нөлөөлж буй талаарх “Beijing Rules” ном сонгогдсон. Ердийн үед уншдаг сэдэв биш учраас тун сонирхолтой санагдсан шүү. Нэг талаараа төрөл бүрийн салбарт ажилладаг хүмүүстэй ярилцахаар өөр өөр төрлийн ном унших боломж гардаг юм билээ.
23:00
Эцэст нь нэгэн цаг үед ажлын талбарт хамтдаа давшиж яваа залуу мэргэжилтнүүддээ зөвлөхөд, эрүүл мэндээ үргэлж эрхэмлээрэй. Бие, сэтгэлийн хувьд эрүүл байвал илүү эрч хүчтэй, бүтээмжтэй байх учраас ажил амьдралаа тэнцвэртэй байлгах, гэр бүл, дотнын хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүлэх, жил бүр тогтмол шинжилгээнд орох зэргийг хэзээ ч хойш тавьж болохгүй шүү.
Миний нэг өдөртэй танилцсанд баярлалаа. Энэ хүртэл Манила хотоос Маралмаа бичлээ.
Сэтгэгдэл бичих