Нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлуудаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа авсан журнал контентын ес дэх дугаар танд хүрч байна. Бид энэ удаа Amazon компанийн Ханган нийлүүлэлтийн cүлжээний стратеги хариуцсан ахлах менежер П.Намууныг урьсан юм.

АНУ-д эмэгтэйчүүдэд дээд боловсрол олгож эхэлсэн анхны дээд сургууль болох Mount Holyoke-д Олон улсын эдийн засаг чиглэлээр 2014 онд бакалаврын зэрэг, 2021 онд магистрын зэргээ Массачусеттсийн Технологийн Институтэд (MIT) Ханган Hийлүүлэлтийн менежментээр бүтэн тэтгэлэгтэй дүүргэжээ. Ийнхүү суралцан төгсөхдөө эрдэм шинжилгээний шилдэг, манлайллын шагнал авч, “Carbon-Efficient Network Design” сэдэвт судалгааны ажил нь ханган нийлүүлэлтийн салбарын шилдэг сэтгүүлд тооцогдох Supply Chain Management Review-д нийтлэгдэж байв.

Ажлын гараагаа тэрээр 2015 онд Impendi Analytics зөвлөх үйлчилгээний компанид шинжээчээр эхэлж, 2017 онд тус компанийнхаа зөвлөхөөр дэвшин ажиллаж байгаад 2021 оноос Heyday Co гарааны компанид бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн удирдагчаар тус тус ажилласан туршлагатай.

Харин Amazon компанид 2022 оноос Сав, баглаа боодлын инновац ба тогтвортой байдлын (Sustainable Packaging) багт Хөтөлбөрийн ахлах менежер, энэ оны дөрөвдүгээр сараас Ханган нийлүүлэлтийн инновацын багт Сүлжээний дизайн, стратеги хариуцсан ахлах менежерээр ажиллаж буй.


Магистрын бүтэн тэтгэлгээ гардаж авсан үе

06:40

Сайн байна уу. Өнөөдөр бол дөрөвдүгээр сарын 23. АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод 06:40 цаг болж байна. Арван сартай хүү маань хэдэн цагт сэрэхээс шалтгаалаад миний өдрүүд харилцан адилгүй эхэлдэг. Мөн зарим өдөр Европын багтай уулзалт товлосон бол үүнээс ч эрт босох үе бий. Одоогоор хүүгээ нэг нас хүртэл нь гэрээс ажиллах тохиролцоо хийсэн тул зайлшгүй шаардлагатай хурал эсвэл өөр хотод үйл ажиллагаанд оролцохоос бусдаар 100 хувь гэрээсээ ажиллаж байгаа.

Өглөө босоод хамгийн түрүүнд хийдэг зүйл бол арьс арчилгаа. Багаасаа ээжийг арьсаа хэрхэн арчилж байгааг харсаар энэ дадалд суралцсан гэх үү дээ. Дөнгөж сая нүүрээ хүйтэн усаар угаагаад чийгшүүлэх усаа түрхчихлээ. Одоо ахиад чийгшүүлэх тонер, тосоо түрхэнэ. Мэдээж үүний араас нарны тосоо мартаж болохгүй. Ташрамд зөвлөхөд гадаа нартай ч бай, бүрхэг ч бай нарны тосоо заавал түрхэх хэрэгтэй шүү.



08:00

Хувийн бэлтгэлээ амжуулчихлаа. Одоо өглөөний цайгаа бэлдье. Хоёр охиндоо хутгаж шарсан өндөг, жимс, хүүдээ хүүхдийн овъёос, өөртөө болон нөхөртөө зөгийн бал, жимсээр хачирласан овьёос бэлтгэж байна.

Сониноос би кофе уудаггүй. Оронд нь цай уух дуртай. Жишээ нь сая London Fog чаналаа. Хийх арга нь Earl Grey хар цайн дээр халуун сүү хөөсрүүлж хийгээд ирисний сироп нэмэхэд л хангалттай. Миний хувьд ихэвчлэн нөхөр, охидоо үдэж гаргасны дараа тухтай сууж цайлдаг.


Миний өглөөний цай

Охидын өглөөний цай

08:30

Бэлдсэн цайгаа халуун саванд хийгээд гараад ирлээ. Цаг агаар нарлаг байвал хүүтэйгээ гарч алхахыг боддог юм. Өнөөдөр бага зэрэг бүрхэг байгаа ч агаар сайхан байна.

Би өглөө бүр библийн эшлэл уншиж, залбирдаг тул алхаж байх хугацаагаа ашиглаад эшлэл сонслоо. Энэ үед бодлоо цэгцлэх, санаа зовнисон зүйлсээ даатгадаг. Гэрийн ойролцоох паркын төгсгөл хүртэл ингэж залбирчхаад буцах замдаа магтаалын дуу эсвэл дуртай хөгжмөө сонсоод алхах дуртай.



09:00

Гэртээ эргээд ирлээ. Одоо ажилдаа орцгооё. Миний хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас Amazon компанийн Ханган нийлүүлэлтийн инновацын багт Сүлжээний дизайн, стратеги хариуцсан ахлах менежерээр ажиллаж байгаа. Та бүхэн мэдэж буй бол Fortune сэтгүүлээс гаргадаг “Global 500” жагсаалтын хоёрдугаарт Amazon компани бичигддэг. Тэр ч утгаараа манай компанийг олон улс дахь хамгийн боловсронгуй ханган нийлүүлэлтийн сүлжээ хэмээн судлаачид үздэг юм. Хийж буй ажил, төслүүдийнхээ сонин сайхнаас хуваалцмаар байгаа ч бүгд компанийн цаашид төлөвлөж, нэвтрүүлэхээр ажиллаж байгаа инновацтай холбоотой учраас даанч чадахгүй нь.

Үүнээс өмнө буюу 2022 оноос одоогийн ажилдаа томилогдох хүртлээ Сав, баглаа боодлын инновац ба тогтвортой байдлын багт Хөтөлбөрийн ахлах менежерээр ажилласан туршлагатай. Ерөнхийдөө энд ажиллах хугацаандаа хэрхэн байгальд ээлтэй, хаягдалгүй сав, баглаа боодол гаргах тал дээр “Ships in Product Packaging” төслийг хариуцан ажилласан. Энэхүү програмыг Amazon компанийн платформоор дамжуулан бараа, бүтээгдэхүүнээ худалдаалдаг сая гаруй хэрэглэгчдэд шат дараалалтайгаар туршиж, энэ оны хоёрдугаар сар гэхэд бүрэн нэвтрүүлсэн юм. Үр дүнд нь бид 2015 оноос хойш хоёр тэрбум тонн хог хаягдлыг багасгаж чадсан. Хэрэв та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэхүү нийтлэлтэй танилцаарай.

Одоо ажлын ширээнийхээ ард сууж байна. Хамгийн түрүүнд хийх зүйл бол цаглавраа шалгах. Багийн хурал, уулзалтаас гадна хэзээ сул цаг гарч байгааг шалгаад аль болох уулзалт нэмэхгүйн тулд үлдсэн цагуудаа блоклох хэрэгтэй. Эс бөгөөс ажилдаа төвлөрөх цаг бараг л үлддэггүй юм. Өнөөдрийн тухайд 14-16 цагийн хооронд чөлөөт цаг гарч байгаа юм байна. Үргэлжлүүлэн өнөөдөр заавал гүйцэтгэх чухал ажлуудын жагсаалтаа гаргаж, цахим шуудангаа шалгана.



11:00

Өглөөний хурал, уулзалтууддаа оролцоод дууслаа. Одоо хүүгээ хөхүүлчхээд өдрийн хоолноос өмнө 30-45 минут төвлөрч суух ажлуудаа амжуулна.

Сонирхуулахад манай Ханган нийлүүлэлтийн инновацын баг байгуулагдаад жилийн хугацаа өнгөрч байна. Amazon компанид хамаарах бүх багт ямар асуудал тулгарч байгааг олж мэдэх, лавшруулан судлах, тэдгээрийг шийдвэрлэх гарц гаргалгаа бодож олох нь бидний хийдэг гол ажил. Ингэхдээ бид гурван шатанд хуваагдаж ажилладаг.

Эхний шат нь инновацлаг шинэ санаа гаргаад хэрэгжих боломжтой эсэхийг судалж үзнэ. Судалгааны үр дүнд хэрэгжих боломж байна гэж гарвал дараагийн шатанд туршилт хийдэг. Ингээд олон газарт туршиж үзээд сайн үр дүн гарвал сүүлийн шатанд бизнес рүү хөрвүүлнэ. Миний хувьд эхний буюу шинэ санаа сэдэж олох шатанд ажилладаг ба компанийн анхны “Network Design Center of Excellence”-ийг нээж байгаа. Уг төв байгуулагдсанаар олон бизнес багийн асуудлыг системтэй, шуурхай шийдвэрлэх баг хамт олон шинээр бий болох юм.


Манай оффис

12:00

Өдөр хоол бэлтгэх цаг бага учраас ихэвчлэн урьдчилаад бэлдчихдэг. Өнөөдөр гэхэд л бууз жигнэнгээ ногооны салад хийж байна. Харин хүүдээ тахианы мах, цэцэгт байцай, улаан лоольтой хөнгөн хоол бэлдлээ.


Миний өдрийн хоол

Хүүгийн өдрийн хоол

13:00

Манай багийн маш чухал хурал эхлэх гэж байна. Бид өдөр бүр жилийн стратегийн төлөвлөгөөн дээрээ нэг цаг орчим хуралдаж байгаа. Энэхүү жилийн төлөвлөгөөнд шинэ санаа бүхий 12 хуудас баримт бичиг бэлдэх ёстой төдийгүй миний хувьд 50 гаруй мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байна. Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захиралд төлөвлөгөөгөө танилцуулах учраас аль болох олон мэргэжилтэнтэй санал солилцож, зөвлөлдөхийн тулд өдөр бүр хуралдаж байгаа нь энэ.

Уг уулзалтад бизнес хариуцсан олон том дарга нар оролцдог болохоор урьдчилж бэлдэх шаардлагатай. Ялангуяа би энэ хурлыг удирдан явуулдаг учраас хэлэлцэж ярилцах асуудлууд, ажлын явцаа нэг бүрчлэн бичиж, тэмдэглэдэг. Хамгийн багадаа нэг хуудас материал бэлдэж, бэлтгэлтэй байхыг боддог юм.

Энэ ташрамд манай компанийн үүсгэн байгуулагч Jeff Bezos-ийн гаргасан Amazon Document Culture-ийн талаар хуваалцъя. Бид аливаа хурлыг хурдан бөгөөд үр дүнтэй хийх гол жорыг хурлын өмнөх бэлэн байдал гэж үздэг. Тиймээс бүх хурлын эхний 10-30 минутыг урьдчилан бэлтгэсэн тэмдэглэлээ уншихад зориулдаг юм. Бүтцийн хувьд хүүрнэсэн байдалтай ба төгсгөлд нь FAQs буюу байнга давтагддаг асуултын хэсэгтэй. Тухайн хурлыг удирдаж байгаа ажилтан асууж магадгүй гэсэн бүх чухал асуултад урьдчилаад хариулдаг.

Ийнхүү бичиж тэмдэглэх нь хаана, юу дутуу байгааг бэлээхэн гаргаж ирдэгийн сацуу хурал дээр ярьж эхлэхээс өмнө бүх оролцогч тал нэг ойлголттой болдог давуу талтай юм. Мэдээж үр дүнд нь хоорондоо илүү сайн ярилцаж, шийдэлд хүрч чадна.


“If you want to clarify your thinking, remember something important, or communicate something clearly, write it down.”

Jeff Bezos

14:00

Өдөр тутмын хурал дууслаа. Одоо хүүгээ хөхүүлэнгээ цай уугаад сууж байна. Уулзалт, хурлын хажуугаар надад олдсон багахан цаг одоо эхэлж байгаа болохоор энэ хугацаанд төвлөрч суух ажлуудаа амжуулах ёстой. Тухайлбал, судалгаа хийх, сүлжээний дизайны загвараа хянах, дата цуглуулах, бусад багийн тайлантай танилцах, лавшруулан асуух зүйлсээ бэлтгэх, уулзалт товлох зэргээр 30-45 минутын урттай хэд хэдэн гүн үйлд (deep work) төвлөрнө.



16:00

Түр завсарлаад том охиноо тосож байна.



16:30

Гэртээ ирлээ. Оройн хоолноос өмнө дуусгаагүй ажлуудаа гялс амжуулах хэрэгтэй. Энэ хооронд нөхөр маань хоёр охиноо дагуулаад гэрийн ойролцоох фитнес рүү сэлэхээр явж байна. Хааяа хамт яваад пилатес хийх дуртай ч өнөөдөр гэртээ үлдэж, хүүтэйгээ цагийг өнгөрүүлэхээр шийдлээ.



18:30

Өнөөдөр оройн хоолонд үхрийн мах, төмс, нарийн ногоо хийсэн. Мөн охидынхоо дуртай эрдэнэ шишийг бүтнээр нь чанаж өглөө. Өдийд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чухал цаг гардаг учраас хамтдаа ямар нэг зүйл заавал хийдэг. Жишээ нь сая “Where is Mommy and Daddy?” нэртэй объект хайх ном уншлаа. Одоо Young Sheldon хэмээх гэр бүлийн шоу үзэж байна.


Охиддоо уншиж өгсөн ном

19:30

Манай хүүхдүүд өглөө эрт босдог болохоор орой эрт унтах хэрэгтэй. Эхлээд хоёр охиныхоо сонгосон үлгэрийн номуудыг уншиж өгнө. Дараа нь хүүхдэд зориулсан библийн хэсгээс нөхөр бид хоёрын аль нэг нь заавал уншиж өгдөг.



19:45

Охидуудаа унтуулчихсан. Одоо хүүгээ унтуулах үйл ажиллагаанд орох гэж байна. Энэ үйл явц ойролцоогоор цаг орчим үргэлжилнэ. Хүүгээ унтуулж байх хооронд нөхөр маань аяга тавгаа угааж, гэр орноо цэгцэлж байгаа.


20:40

Нөхөр бид хоёрын хувьд хүүхдүүддээ орой бүр чанартай хугацаа зарцуулж, хамтдаа ямар нэг зүйл хийдэг. Нэг талаасаа үүгээрээ дамжуулж, тэдний амьдралд тодорхой нэгэн дадлыг бий болгохыг хүсдэг гэх үү дээ. Нөгөөтээгүүр ийнхүү хамт өнгөрүүлж буй цаг хугацаа нь хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлнө.

Энэ мэт ойр зуурын сэдэв ярилцангаа нөхөртэйгөө хамт цайлж, өдрийнхөө сонин сайхныг ярьж сууна. Мөн маргаашийн төлөвлөгөөг ярилцаж, тохиролцохоо мартаж болохгүй. Үргэлжлүүлээд Netflix-ээр стэнд-ап комеди үзэх гэж байна.



21:30

Үлдсэн унших, бичих зүйлсээ дуусгахын сацуу маргаашийн ажлаа төлөвлөхөөр ширээндээ эргээд ирлээ. Дээр хэлсэнчлэн уулзалт, хурлууд шахуу цагаар цаглаварт ордог болохоор хийх ажил их тохиолдолд урд шөнө нь урьдчилаад цагаа блоклох хэрэгтэй. Тэгж байж бусад ажлаа амжуулж чадна.

Заримдаа энэ цагаар Азийн багуудтай хуралддаг.


22:30

Миний нэг өдөр дуусах тийш хандаж байна. Би ямар нэг зүйл сонсож унтах дуртай тул сүүлийн үед Audible дээр аудио ном олноор сонсох болсон. Тухайлбал, “Career Forward”, “Emotionally Healthy Relationships Day by Day”, “Confronting Christianity” номуудыг нэгэн зэрэг сонсож байгаа.

Журналынхаа төгсгөлд бодож явдаг нэг зүйлээ хуваалцахад гаргасан алдаанаасаа суралцах нь алдаа гаргахгүй байхаас илүү чухал шүү. Тиймээс олон шинэ зүйлийг зоригтойгоор туршиж үзээсэй гэж уриалмаар байна. Алдааг үйл явцын нэг хэсэг мэт хүлээж авахгүй бол бид хөгжиж чадахгүй. Үүнтэй холбоотой сэдвээр MIT-ийн блог дээр миний бичсэн нийтлэлийг сонирхон уншаарай.

Ингээд энэ хүртэл Сиэтл хотоос Намуун бичлээ.