Нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын шинэ дугаарт Парис хотноо аж төрж буй, L'Oréal группийн контент, сурталчилгааг “базагч” З.Номун оролцож байна.
Миний хувьд 23-р сургуулийг төгсөөд IELTS, TOEFL-ийн оноо авч, гадаадад сурах зорилгоор ”завсар жил” авч, англи хэлийг хичээнгүйлэн суралцаж эхэлсэн. Улмаар Тайвань Улсын Фэн Чиа Их сургуульд Олон улсын бизнесийн удирдлага чиглэлээр тэтгэлэгтэй суралцаж, үргэлжлүүлэн мастерт сурахаар Франц орныг зорьсон юм.
Excelia Group-д брэнд маркетингийн чиглэлээр мастер хамгаалах үедээ бусад оюутнуудын адил зун бүрийг дадлага хийж өнгөрүүлнэ. Тийнхүү төгсөх болоход Парис дахь Estée Lauder, L'Oréal, Cartier компаниуд руу зургаан сар дадлагажих хүсэлтээ илгээлээ. Цаагуураа бол Францын нийслэлд амьдарч, гоо сайхны салбарын тэргүүлэгч компаниудад ажиллаж үзэхийг хүссэн хэрэг.
Хамгийн түрүүнд Cartier-ээс, дараа нь L'Oréal-аас холбогдон, ярилцлагад орж, эцэст нь, дадлагын хугацаанд хийх ажил болон хувийн сонирхлоо харгалзан үзээд L'Oréal-ийг сонгосон. Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр дадлагажсан тэр хугацаанд би ажилдаа дурлах шиг болж, L'Oréal-д л үлдэх ёстой юм байна хэмээн бодож эхэлсэн. Ингээд л би дадлагын хугацаагаа дуусгаад эндээ үлдэж ажиллахаар шийдсэн юм.
07:50
Өглөөний мэнд. Миний ажлын нэг өдөрт тавтай морил.
Өнөөдөр зураг авалттай болохоор энгийн үеийнхээс арай эрт сэрлээ. Хэдийд ч сэрсэн бай, миний хамгийн түрүүнд хийдэг үйлдэл бол ажилтай холбоотой мэдэгдэл ирсэн эсэхийг утсаараа шалгах. Жишээ нь, өнөөдөр шууд зураг авалтын талбай руу явах учраас моделиудын агентлаг руу холбогдож, цагтаа ирэх хэвээрээ эсэхийг нь асуулаа.
Манай группд 36 брэнд харьяалагддаг учраас тэдгээрээс өөрийн арьсанд тохирох бүтээгдэхүүнийг туршиж үзэх дуртай. Тайваньд сурч байхдаа Солонгосын арван алхамт арьс арчилгааг уйгагүй хийдэг байлаа. Харин энд ирээд тийм ч олон бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй гэдгийг ойлгосон.
08:30
Ажилдаа явахдаа энэ замаар 25 орчим минут алхдаг. Цагийн зөрүүнээс болоод ажил тарсны дараа гэрийнхэнтэйгээ ярьж чаддаггүй болохоор өглөөний энэ үеийг “гэр бүлтэйгээ ярих цаг” болгон ашиглах нь бий. Зарим тохиолдолд дуу, подкаст сонсоод алхах дуртай.
09:30
Өглөөний цайгаа уулгүй гэрээсээ гардаг болохоор ажил дээрээ ирээд хөнгөн өглөөний цай ууж байна. Кофе болон кроссант (Монголоор бол “Тэргүүн” юм даа).
09:40
Өргөн дэлгэцээр цацагдах сурталчилгааны зураг авалт хийхдээ томоохон студид очдог бол энэ удаа Амазон тэргүүтэй цахим худалдааны вебсайтуудад байрших харьцангуй жижиг зураг авалт хийх учраас оффис доторх бяцхан студид ажиллахаар зэхэж байна. Ийнхүү зураг авалтын бүрэлдэхүүн бэлтгэл ажлаа базаагаад мотор дуугарлаа.
Студийн зүгээс сурталчилгааны найруулга дээр анхаарч ажиллах бол миний хувьд захиалагч тал гэдэг үүднээс зураг авалтын өнгө төрх манай брэндийн зорилгод нийцэж буй эсэхийг хянах үүрэгтэй.
Бид энэхүү зураг авалтад гурван долоо хоногийн өмнөөс бэлдсэн. Үс, дүр төрхийн хувьд сурталчилгааны гол санаанд тохирохуйц моделиудыг олоход их цаг хугацаа шаарддаг. Дараа нь зураг авалтын зохиолоо ярилцах, сторибоард гаргах гэх мэт бэлтгэл ажлыг базаасны эцэст ийнхүү бодит биеллээ олох цаг ирлээ.
13:00
Францад үдийн цайны цаг 60-90 минут үргэлжилдэг. Харьцангуй урт байгаа биз. Гэхдээ энэ өдөр зураг авалтын дундуур хурдхан хооллох хэрэгтэй байсан болохоор оффис дотор байрлах савласан хоолны хэсгээс цезарь салат, жимс авч идлээ.
16:00
Франц хүүхдүүдийн дунд үдээс хойш зуушны цаг буюу “snack time” гэх бяцхан соёл бий. Корпорайт компаниуд үүнийг нь “coffee break time” болгон хөрвүүлээд өдөр тутамдаа хэрэгжүүлдэг соёлтой. Энэ үеэр бид ажил, амьдралаа ярилцаж, 10-20 минут амсхийдэг.
19:00
Зураг авалт сая нэг дууслаа. Эхэн хэсэгт камерын хөдөлгөөн, байршилтай холбоотой асуудал үүссэн ч тэр дор нь ярилцаад шийдвэрлэж чадсан. Тэрхүү гэнэтийн асуудлаас болоод бид өөрсдийн хүссэн дүрсээ авч чадаагүй ч түүнийг орлохуйц дүрсийг авч чадсан гэж бодож байна.
Ажлын ширээн дээрээ ирээд нэг цаг орчим цахим шуудангаа шалгаж, ажлаа цэгцлээд ажлынхантайгаа хамт оройн хоол идэхээр гарлаа.
22:30
Зураг авалтгүй үедээ ажлаа тараад гүйх дуртай ч өнөөдөр их ядарсан болохоор гэртээ ирээд хэсэг амарлаа. Одоо харин ажилтай холбоотой нэгэн судалгаа хийж байна. Манай группийн ажилтнууд олон талт ур чадвартай болох зорилгоор хоёр жил тутамд өөрийн харьяалагддаг хэлтэс эсвэл брэндээ сэлгэдэг журамтай. Миний хувьд одоогийн албан тушаал дээрээ ажиллаад хоёр жил болчихсон тул дараагийн ажлаа гурван сарын дотор сонгох хэрэгтэй. Одоогоор хараахан шийдвэрээ гаргаагүй л байна.
Ингээд миний амрах цаг боллоо. Хамт байсан уншигч та бүхэнд баярлалаа. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Энэ хүртэл Францын Парис хотоос Номун бичлээ.
Сэтгэгдэл бичих