Нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлуудаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа авсан эл контентын удаах журнал танд хүрч буй.

Өнөөдрийн журналын эзэн бол Монгол улсаас анх удаа дэлхийн хамгийн эртний кино наадам болох Венецийн кино наадмын шүүгчийн багт уригдан ажилласан Төрмөнхийн Номуунзул.

Уншигч таны мэдэх "Өнөр бүл өнөө цагт", "Цагаан хадаг", "Амьдрал", "Худалдагч охин", "Рестарт" зэрэг бүтээлүүдэд зохиолч продюсероор ажилласан тэрээр Монголын анхны "NETPAC" (Ази, Номхон далайн кино уран бүтээлчдийн хамгийн нөлөө бүхий байгуулга)-ийн гишүүн билээ. 

Ингээд хайрын хот Венецээс бичсэн түүний журналтай танилцъя.

07:00

Дэлхийн хамгийн хөгшин кино наадам гэгддэг Венецийн кино наадам нь 1932 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Венецийн Биенналын дэргэд Кино урлагийн үзэсгэлэн нэртэйгээр анх зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Венецийн Биеннал нь Кино урлаг, Урлаг, Хөгжим, Бүжиг, Уран барилга, архитектур, Театр гэсэн хэсгүүдээс бүрддэг бөгөөд бараг бүтэн жилийн турш үргэлжилдэгээрээ онцлогтой.

Венецийн кино наадам нь Лидо хэмээх үзэсгэлэнтэй жижиг арал дээр арав хоногийн турш дэлхийн кино урлагийн алдартнууд болон кино сонирхогчдыг цуглуулж, шилдгүүдээ шалгаруулсаар энэ жил 81дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа дэлхийн хамгийн алдартай таван кино наадмын нэг.

Уг нэр хүндтэй арга хэмжээнд энэ жил NETPAC буюу Ази Номхон далайн кино урлагийг сурталчлах сүлжээ байгууллагын NETPAC Award шагналыг шалгаруулах шүүгчээр ажиллах боломж надад олдсон юм.

Венецийн кино наадам нь Golden Lyon буюу шилдэг кино, Silver Lyon буюу шилдэг найруулагч, мөн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин гэсэн үндсэн шагналаас гадна Orrizonti буюу шинэ залуу кино уран бүтээлчдийг шалгаруулдаг хэсгүүдтэй. Үүнээс гадна Кино шүүмжлэгчдийн холбоод, клуб болон Кино мэргэжилтнүүдийн бие даан шилдгүүдээ шалгаруулдаг Collateral Award гэсэн хэсэг мөн бий. NETPAC Award нь энэхүү хэсгийн нэгэн шагнал юм.

Шүүгчийн хувиар би NETPAC Award-д нэр дэвшиж байгаа доорх арван киног заавал үзэх ёстой бөгөөд өөрийн сонголтоор найман кино сонгож, тасалбар худалдаж авсан байсан юм. Тэгэхээр өдөрт багадаа гурван кино үзэх шахуу хуваарьтайгаар кино наадмын өдрүүдийг өнгөрөөсөн.

Orrizonti (Шинэ залуу кино уран бүтээлчдийг шалгаруулдаг хэсэг):

1. Mistress Dispeller (China) Dir. Elizabeth Lo
2. Pooja, Sir (Nepal-US-Nor) Dir. Deepak Rauniyar
3. Happy Holidays (Palestine-Fr-Ger-It-Qat) Dir. Scandar Copti
4. One Of Those Days When Hemme Dies (Turkey) Dir. Murat Firatoglu
5. Happyend (Jap) Dir. Neo Sora*

Critics Week (Бие даасан наадмын дэргэдэх хэсэг):
6. Don't Cry, Butterfly (Viet-Sing-Phil-Indo) Dir. Dương Diệu Linh

Giornate degli Autori:
7. Boomerang (Iran) Dir. Shahab Fotouhi
8. To Kill a Mongolian Horse (Inner Mongolia) Dir. Jiang Xiaoxuan
9. Super Happy Forever (Jap) Dir. Kohei Igarashi

Main Competition (Үндсэн уралдааны хэсэг)
10. Stranger Eyes (Sin) Dir. Yeo Siew Hua

Ингээд та бүхэндээ нэгэн өдрийн журналаа буюу 2024 оны есдүгээр сарын 02-ны өдрөө хуваалцахаар шийдлээ.



Өглөө босож шүршүүрт ороод өглөөний цайгаа уулаа. Миний хувьд Лидо арал дээр байр түрээсэлсэн учир өдөр бүр Венецээс Лидо арал руу аялах шаардлага гараагүй нь нэг том давуу тал байсан юм. Учир нь Венецээс Лидо арал руу зөвхөн усан онгоцоор аялдаг бөгөөд ойролцоогоор хагас цаг шаардагддаг. Фестивальд оролцогч нар "Лидо Казино" гэдэг усан онгоцны зогсоолоос 20 минут тутам явдаг усан онгоцоор Венецийн "Сан Марко" усан онгоцны зогсоол руу үнэгүй аялах боломжийг фестивалийн зүгээс өгдөг бөгөөд эхний үзвэрээс нэг цагийн өмнө эхний онгоц, сүүлийн үзвэр дууссанаас нэг цагийн дотор сүүлийн усан онгоц Венец арал руу явдаг байв.

Наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхэн үе нь Венецийн хамгийн халуун үед тооцогддог буюу ойролцоогоор 31 хэмийн халуун өдрүүд үргэлжилдэг. Би энд ирсэн өдрөө "badge" буюу үнэмлэхээ авмагцаа хүнсний дэлгүүр орж, өглөөний цайндаа идэх хөнгөн жимс тараг зэргийг базаасан юм. Эдгээр бүтээгдэхүүний ашиглан өглөөний цайгаа хийхэд хялбарын зэрэгцээ Монголд тэр бүр идээд байдаггүй жимсээр халуун өдрүүдэд хөнгөн цайлаад авлаа. Цайгаа ууж байх зуураа цахим шуудангаа шалгаж, мөн Монголд өдөр болж байгаа тул гэр бүл болон бусад ажлын хүмүүстэйгээ утсаар ярьж, ард үлдсэн ажлуудаа шалгав.

08:00

Миний байрлаж байсан байрнаас наадам болж байгаа газар хүртэл нэг километр орчим зайтай. Венецийн кино наадам нь "Sala Grande", "Sala Giardino", "Palazzo del Casino", "Sala Darsena" гэсэн үндсэн дөрвөн том театраар хүрээлүүлсэн далайн эрэг дээрх талбайд үндсэн бүхий л үйл ажиллагаа нь явагддаг. Мөн энэ хэсгээс гадна "Palabiennale", "Sala Astro" зэрэг уг төв талбайгаас хойш 20 орчим минут алхах зайнд наадмын үеэр нүүдлийн таван кино театр ажилладаг юм билээ.

Өнөөдөр миний хувьд "Palazzo del Casino"-д 8:45 цагт өвөр монгол найруулагчийн бүтээсэн "To kill a Mongolian horse" киног үзэхээр ийнхүү явж байна. Төв талбай руу орох орц болгонд хамгаалалтын хэсэг байх бөгөөд үнэмлэхээ эсвэл тасалбараа уншуулж, буутай цагдаа нарт цүнхээ шалгуулж байж нэвтэрдэг. Мөн кино эхлэх цагаас ойролцоогоор 30 минутын өмнө кино үзэх театрынхаа өмнө очиж дугаарлах шаардлагатай байдаг тул үзвэрийн цаг нэгэнт л эхэлсэн бол та хэдий тасалбартай байсан ч дотогш нэвтрэх боломжгүй.



10:30

Манж гаралтай Өвөр Монголд төрж өссөн дөнгөж 25 настай найруулагч Сяосюань Цзяны "To Kill a Mongolian horse" кино нь Венецийн кино фестивалийн "Giornate degli Autori" буюу "Зохиолчдын өдрүүд" хэсэгт нэр дэвшсэн юм. 98 минут үргэлжлэх уг кино нь Монгол хэл дээр бүтээгдсэн бөгөөд гол дүрүүд нь бүгд өвөр монгол жүжигчид байлаа. Киноны үзвэрийн дараа үзэгчид маш удаан алга ташсан бөгөөд сэтгэгдэл өндөр байгаа нь илт ажиглагдаж байв. Миний хувьд киног үзэж дуусаад зүрх хөндүүрлэж, бяцхан гунигтай бүр сүүлийн сцена дээр нулимс дуслуулаад амжсан юм.

Уг киноны үйл явдал дунд өнөөдрийн монголчууд бидэнд тулгамдаад буй асуудлуудтай ижил төстэй зүйлс их байсан. Мөн нөгөө талаараа Өвөр нутагт Монгол ахан дүүс маань хэрхэн шаналж зовж, амьдрах гэж тэмцэж буйг элдэв чимэг хачиргүй, нүцгэн үнэнээр нь харах сэтгэл өвдөм байсныг нуух юун.

Киноны үйл явдлаас товчхон дурдвал, үлдсэн хэдхэн малаа хашаалж маллах малчин аав нь гол дүрийн залуу Сайнаад энэ өвөл энэ хэдэн малаа амьд мэнд авч гарч чадахгүйгээс хойш хятад наймаачдад худалдаалаад хот бараадаж амьдаръя гэж ятгах ч хүү нь эрс татгалзсаар л. Гол дүрийн залуу малаа маллахаас гадна амралтын өдрүүдээр хот орж жуулчдад зориулсан морин үзүүлбэр үзүүлж, багахан орлого олж амь зуулгадаа нэмэрлэнэ.

Сайнаагийн эхнэр түүнээс салж хүүгээ аван хот бараадсан бөгөөд хүүхдээ хотын төвийн сайн сургуульд сургах хүсэлтэйгээ илэрхийлж түүнээс мөн мөнгө нэхэх нь гачлантай. Аргаа барсан Сайнаа хэдэн хонио зарж, өөрсдийн гэр болон хашаалсан бэлчээрээ хятад уурхайн эзэнд борлуулаад хот бараадна. Гэхдээ моринд хайртай монгол хүний ёсоор морио борлуулахаас эрс татгалзаж, хэдэн морио ачин хот орно.

Хот газар мориор яах нь вэ гэсэн аавын дургүйцэлд Сайнаа "Монгол хүн морио зардаггүй юмаа" гээд жуулчдад морь унуулдаг жуулчны баазад морьдоо аваачин өдөртөө морио унуулан оройдоо морин үзүүлбэрээ үзүүлэн хотод амьдарч эхэлнэ. Архи дарснаас хол байсан тэрээр амьдрал нь огт болж өгөхгүй байгаад халаглан архи уун хотын гудмаар морьтойгоо согтуу явж буйгаар кино төгсөнө.

Хүчтэй зохиолтой кино байв. Түүнээс гадна монгол баатруудын хувцастай морин үзүүлбэрүүдийн зураг авалт нь үнэхээр нүд, сэтгэл баясгам, сүрлэг хүчтэй байсныг үзсэн хүн бүр шагшин ярилцаж байсан юм. Сяосюань Цзян найруулагч дөнгөж 25 настай гэхэд аль хэдийн өөрийн найруулгын хэлбэр, зураг авалтын стилиэ олчихсон эмэгтэй бөгөөд энэхүү кино сэтгэл хөдлөм зохиолтой, маш сайн зураг авалт, эвлүүлэгтэй бас үзэгчдийн сэтгэлд үлдэхүйц метафор (бэлгэдэл, зүйрлэл) хэсгүүдтэй байлаа.



11:30

"NETPAC" хэсгийн хоёр шүүгчидтэйгээ киноны дараа уулзаж "NETPAC"-ийн вэбсайт болон сошиал хаягуудад өгөх зургууд авахуулаад өдрийн хоол хамтдаа идэж, саяхан үзсэн кинонуудынхаа талаар санал бодлоо хуваалцлаа. Филиппин улсын найруулагч Эд Лехано, Орос гаралтай Франц улсын иргэн Андре Рафаэль Иванов нартай хамтран шүүхээр хүрэлцэн ирээд буй билээ.



13:30

Дараагийн үзвэр Хонг Хонг гаралтай, одоо Лос Анжелес хотод амьдардаг Элизабет Ло найруулагчийн бүтээл "Mistress Dispeller" баримтат киног "Sala Darsena" театрт 14:15 минутад үзнэ. Мэдээж үзвэр эхлэхээс 30 минутын өмнө дараалалд зогсох хэрэгтэй. 31 градусын халуунд дараалалд зогсох нь хүндхэн шалгуур байсныг нуух юун.

Хятад, Америк эмэгтэй продюсеруудтай, бас нэгэн эмэгтэй найруулагчийн уран бүтээл. 94 минут үргэлжилсэн уг баримтат кино нь энд ирээд үзсэн бүтээлүүдээс яахын аргагүй сэтгэлд хоногшим киноны тоонд орохуйц сайн бүтээл байлаа.

50 нас давсан хятад хосын амьдралд 30 насны нууц амраг эмэгтэй орж ирснээр тэдний нэгэн хэвийн, гаднаас нь харахад маш эв найрамдалтай, үлгэр жишээ амьдрал нь өөрчлөгдөж эхэлнэ. Нөхрөө нууц амрагтай болсныг мэдсэн эхнэр "Нууц амраг үргээх үйлчилгээ" үзүүлдэг хувийн багш гэж хэлж болохоор эмэгтэйг хөлсөлнө. Ингээд нөхөр, эхнэр, нууц амраг болон багш дөрвийн хоорондын харилцааг ямар нэгэн зохиолгүйгээр шууд л бичиж баримтжуулан хийснээрээ энэ киноны онцлог байв. Ийм төрлийн баримтат киног Хятадын найруулагч Ван Бин үүсгэсэн ч гэж хэлж болох бөгөөд түүний 2002 онд хийсэн Хятадын үйлдвэрийн дүүргийн ажилчдын амьдралын тухай есөн цаг үргэлжлэх "Tie Xi Qu: West of the Tracks" бүтээл нь мөн л дээрх стилиэр буюу ямар нэгэн найруулга зохиолгүйгээр бодит байдлыг баримтжуулан гаргаснаараа кино урлагийн, тэр дундаа баримтат киноны түүхэнд шуугиан дагуулсан юм.

Хэдий зохиол болон найруулгагүй ч авсан дүрсүүдээ эвлүүлсэн арга барил, уран сайхны зохиомжит дүрсүүд нь уг киног улам сонирхолтой болгосон байв.

Дашрамд дурдахад, 2024 оны есдүгээр сарын 9-нд болсон "Collateral Award of Venice 81st Film Festival"-ийн "NETPAC Award"-ийг бидний гурван шүүгчид ярилцаж хэлэлцээд "Mistress Dispeller" кинонд өгсөн юм.



16:00

Орой 22:00 цагаас дараагийн үзвэртэй тул энэ хугацаанд Венец хот орж, "Арт Виеннал"-ийн Арсенале хэсгийг үзэхээр шийдээд Лидо Казино усан онгоцны буудал дээрээ ирэв.

Уг үзэсгэлэнгийн хувьд орон орнуудын павильон хэсгээс гадна Арсенале болон Жиардини гэсэн хоёр том үзэсгэлэнгийн хэсгээс бүрддэг. Нэг үзэсгэлэнгийн хэсгийг үзэхэд дор хаяж дөрвөн цаг зарцуулдаг гэсэн учир би дараа дараагийн өдрүүдэд Арсенале болон Жиардини хэсгүүдийг үзэхээр шийдээд буцсан юм. Арт Биенналын тасалбар 30 евро бөгөөд кино наадмын үнэмлэхээрээ таван евро хямдруулан авах боломжтой. Нэг авсан тасалбараараа ямар ч өдөр, аль ч хэсэг рүү нэвтэрч болно.

Цаг бүрийн 16, 36, 56 минутад усан онгоц явдаг бөгөөд 16:16 цагийн ээлжит усан онгоцыг хүлээн мөн л дараалалдаа зогсож байна.



17:00

Наадмын үнэмлэхээрээ үнэгүй усан онгоцоор зорчиж болдог талаар дээр дурдсан. Уг үнэгүй маршрут нь зөвхөн Лидо Казино зогсоолоос Сан Марко зогсоол хооронд л явдаг. Харин Лидогийн төв зогсоолоос усан онгоцонд суувал Арт Биенналын Арсенале болон Жиардини зогсоолууд руу шууд хүрэх боломжтой байдаг ч нэг талдаа есөн евро 50 центийн үнэтэй.

Би Сан Марко зогсоол дээр буусан учир Арсенале хэсэг рүү 20 гаран минут буюу хоёр орчим километр алхаж очсон юм. Арсенале нь Венецийн үйлдвэржилтийн өмнөх үеийн хамгийн том үйлдвэрлэлийн төв байсан бөгөөд өдөрт хоёр мянга орчим ажилчин энд ажилладаг байсан түүхтэй.



21:00

Венецээс буцаад Лидо арал руугаа өнөөх үнэгүй усан онгоцондоо суун хүрч ирлээ. Миний хувьд маш их хүлээлттэй байгаа төдийгүй тасалбарыг нь олж авах гэж их хичээл чармайлт гаргасан кино үзвэр рүүгээ хэдий ядарч, хөл гар минь их л өвчтэй байгаа ч баяртай алхаад явж байна. Энэ нь Педро Альмодовар найруулагчийн анхны англи хэл дээр бүтээсэн, түүний хамгийн сүүлд бүтээсэн уран бүтээл болох "The Room Next door" кино юм. Тасалбар нь худалдаанд гарсан өдрөө л хэдхэн цагийн дотор дуусчихсан учир би өдөрт хэд хэдэн удаа тасалбарын вэбсайтыг шалгасаар байж, өнөөдөр"Pala Biennale" театрт гарах 22:00 цагийн тасалбар олж авсан билээ.

Педро Альмодовар найруулагчийн киног багаасаа л шимтэн үзэж өссөн бөгөөд үргэлж зохиолоо өөрөө бичин найруулдаг түүний киноны зохиолууд надад гайхалтай санагддаг юм. Өдөр хоёр шүүгчтэйгээ хоол идсэнээс хойш юм идээгүй байгаа тул театр руу алхаж явах замдаа сэндвич зардаг машинаас хөнгөн сэндвич, хэдий орой болсон ч кинон дээр сэргэг байх үүднээс кофе авч уулаа. "Pala Biennale" нь үндсэн театрууд байх төв талбайгаас хойш 20 орчим минут алхаад арлын хойд эрэг дээрээ байрлах, аварга том нүүдлийн кино театр юм. Венецийн кино наадмын магадгүй хамгийн олон суудалтай театр болов уу. Сонирхуулахад, Лидо арал уртаашаа 10 километр, өргөөшөө дөрвөн километр арал билээ.



00:00

Хайртай найруулагчийнхаа киног үзчихээд аз жаргалтайгаар байр руугаа алхсан. Сэтгэл хөдлөөд хэн нэгэнтэй саяхан үзсэн киноныхоо тухай ярилцмаар байсан ч ганцаараа үзсэн тул дотроо өөртэйгөө ярьсаар л харьсан юм.

Лидо арал жижигхэн, тайван тул кино үзээд шөнө бүр 02:00 цагт ч ганцаараа алхаад явахад ямар ч аюулгүй байсан нь сайхан байлаа. Байрандаа очоод шууд л амарсан. Учир нь маргааш өглөө 08:15 цагаас дахиад л кино үзвэртэй.

Сонирхуулахад, 2024 оны есдүгээр сарын 10-нд 81 дэх Венецийн кино наадмын хаалтын үйл ажиллагааг үзэх завшаан таарсан бөгөөд хайрт найруулагч Педро Альмодоварын "The room next door" кино "Golden Lyon" буюу Шилдэг кино шагналыг хүртсэн билээ.