Нисгэгч болон усан онгоцны ахмадуудын цаг тутам байршил, техникийн үзүүлэлт, болсон үйл явдлаа тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын шинэ дугаарт БНСУ-д аж төрж буй, гүүр болон туннелийн инженер Ц.Цогбадрах оролцож байна.
2018 онд Вонквангын Их сургуульд иргэний ба байгаль орчны инженер чиглэлээр тэтгэлэгтэй суралцаж эхэлсэн тэрээр төгсөх дамжаандаа “Hyundai Engineering” компаниас ажлын урилга авснаар ажлын гараагаа эхлүүлжээ.
Онцлон дурдахад, Гимпо хотоос Пажу хот чиглэлийн хурдны зам дахь нийт дөрвөн багц буюу 50км-ийн урттай 42 гүүр, туннелийн байгууламж барих төсөл дээр туслах инженерээр ажилласан нь түүний анхны томоохон төсөл.
Түүний одоогийн ажиллаж буй барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч KSR E&C компани нь дотооддоо уг салбарт тэргүүлэгч арван компанийн нэг юм. Тэдний хувьд ирэх аравдугаар сараас эхлэн Өмнөд Солонгосоос гадна Вьетнам, Энэтхэг Улсад хурдны замын гүүр, туннелийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж буй.
Сонирхуулахад, Цогбадрах ирэх жилийн нэгдүгээр сараас салбартаа шилдэг тавт багтдаг Samsung C&T компанид судлаач инженерээр ажиллахаар болжээ.
06:00
Сайн байцгаана уу? Шинэ өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр есдүгээр сарын 04-ний өдөр. Зун дуусах дөхөж байгаа болохоор бага ч гэсэн сэрүү орж, Монголын минь зуныг санагдуулам сайхан цаг агаартай өдрүүд эхэллээ. Миний хувьд ахлах инженерийн ажлаа аваад тийм ч удаагүй байгаа бөгөөд бие даан хариуцаж буй төслүүд маань ид ажил ундарсан, халуухан үедээ явж байна. Тиймээс тулгарч болзошгүй аливаа сорилтод оюун ухаан, бие махбодио бэлэн байлгахын тулд өглөө эртлэн бослоо. Өнөөдөр маш урт өдөр болж өнгөрөх тул шуудхан аялалдаа гарцгаая.
07:20
Өглөөний цайгаа ажил дээрээ уудаг хэвшилтэй учир өглөөг аажуу тайван эхлүүлж, гэрээс гардаг. Ажил, гэрийн хооронд нэг цаг метрогоор явах ба энэ хугацаанд ажлынхаа төлөвлөгөөг гаргаж, цахим шуудандаа хариу өгнө.
08:30
“Тайван өглөө”-гөө хадгалахын тулд ажлынхаа хаалгаар аль болох эрт орохыг хичээдэг. Үгүй бол ид ачаалалтай үеэр яарч тэвдсэн хүмүүс дунд уусаж, цахилгаан шатанд хүртэл удаан хүлээлгэдэг нь зөөлөн урсгалыг алдагдуулах гээд байдаг талтай.
Ажлын цаг эхэлмэгц удирдлагууддаа өнөөдрийн төлөвлөгөө болон өчигдрийн тайлангаа танилцуулна. Миний мэргэжил гадуур томилолт, оффисыг хослуулан ажилладагаараа онцлогтой. Энэ жил найман том төсөл дээр ахлах болон зөвлөх инженерийн үүргийг гүйцэтгэж байгаа тул нэг төсөлд анхаарал хандуулах хугацаа тэр чинээгээр багасна. Тиймээс ажлын өдрүүдэд утастайгаа ойр байж, талбайн болон төслийн инженерүүдтэй тогтмол холбоотой ажилладаг.
09:00
Төслийн танилцуулга хийснээр өглөөний хурал албан ёсоор эхэллээ. Манай баг өнөөдрийн чухал ажлуудаа ярилцан, өнгөрсөн шөнө асуудал үүссэн барилгын талбайгаас ажлаа эхлүүлэхээр боллоо. Хариуцсан төслөө цаг хугацаанд нь, төсвийн алдагдалгүй хүлээлгэж өгөх нь бидний хамгийн чухал үүрэг. Гэлээ ч барилгын талбай дээрх ажилтнуудын аюулгүй байдлыг зайлшгүй хангах учиртайг анхааруулж, хурлаа өндөрлүүллээ.
11:30
(Асан хотоос Чонан хот чиглэлийн хурдны замын гуравдугаар багц барилга)
Эхний талбай дээр ирж, ажлын хувцас, хамгаалалтын хэрэгслээ зүүлээ. Энд тун удахгүй хурдны зам тавигдах ба манай компани нэг багц барилгын зөвлөх үйлчилгээг үзүүлж буй. Өнгөрсөн шөнө хийж гүйцэтгэсэн гүүрийн хөлийн суурь цутгалтад ашигласан материалын чанар, гүйцэтгэлийн нарийвчлал барилгын стандартад нийцсэн эсэхийг шалгаж, тайландаа тусгана. Зарим газрын хөрс тооцоолсноос сул байсан учраас тухайн хэсгийн ажлыг зогсоож, талбайн инженертэй ярилцан геотехникийн шалгалтыг дахин хийхээр боллоо.
13:00
Өдрийн хоолоо идэх гэж байна. Оффис дээр байх үедээ багийнхантайгаа хамт хооллохыг хичээдэг ч томилолттой эсвэл талбай руу явдаг өдрүүддээ ганцаараа хооллодог. Үдээс өмнөх ажлаа дүгнэж, дараагийн ажлаа бодонгоо хэд хоногийн өмнөөс төлөвлөсөн хоолоо авч идлээ. Томилолтоор ийш тийш явахдаа тухайн орон нутгийн амттай хоолны газруудаар орохыг хичээдэг.
14:00
Оффистоо буцаж ирээд хөрсний инженерүүдтэй яаралтай холбогдож, худалдан авалтын төслийг боловсруулан, шаардлагатай материалуудыг бэлдлээ. Энэ хооронд гар утас завсаргүй дуугарч, талбайн материал бэлтгэлт болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын гэрээ сунгалт гээд их ажил ундарсаар л байна. Үдээс өмнөх хэлэлцээрийн дагуу хөрс бэхжүүлэлтийн ажлыг хийхээр болж, гэрээний дүн, хугацаа зэргийг инженерүүддээ танилцуулаад дараагийн ажлын бэлтгэлдээ орлоо.
15:30
(Кёнжү хотоос Тэгү хот чиглэлийн хурдны галт тэргийн барилга)
Оффисын ажлуудаа цэгцэлчхээд Сөүлээс 150км-ийн зайд байрлах туннелийн талбай руу хөдөллөө. Хөдөө гарч ажиллах нь хотын хөл хөдөлгөөнөөс түр ч болов холдоод сайхан байдаг ч замдаа хэд хэдэн ажлын дуудлага хийж, багынхаа ажлыг хувиарлаад тун завгүй явсаар талбай дээр ирлээ.
18:00
Энэхүү хурдны галт тэргийн төсөл дээр ажиллаж эхэлснээс хойш анх удаа талбай дээр нь ирж байгаа минь энэ. Барилгын талбай учир төв суурингаас зайдуу, нэлээд уулархаг газрын гүнд юм. Төслийн багийнхантай хамт талбайн инженерүүдтэй уулзаж, туннелийн агааржуулалтын систем, барилгын ерөнхий явцтай танилцлаа.
20:00
Талбайн үзлэгээ дуусчхаад ойролцоох хоолны газарт оройн хоол идлээ. Энэ зуур өнөөдрийн ажлаа эргэцүүлэн бодож, барилгын техник, материалуудыг хэрхэн хурдан хүргэх, логистикийн асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцаж амжив.
21:00
(Шинбундангийн шугам)
Шөнө 01:00 цагаас Сөүл дэх метроны туннел шалгах ажил үлдлээ. Өдрийн цагаар метроны хөдөлгөөнийг саатуулж, шалгах боломжгүй тул метро болон өндөр ачаалалтай замын гүүрийг шөнийн цагаар шалгадаг журамтай. (Шалгалт гэдэг нь чанарын үнэлгээний шалгалтыг хэлэх бөгөөд Солонгост хоёр жилдээ нэг удаа бүх гүүр, туннелийн байгууламжийг шалгаж, хариуцсан захиргааны байгууллагад тайлагнадаг.)
00:00
Оффистоо ирж шөнийн шалгалтын бэлтгэл ажилдаа оров. Ажлын төлөвлөгөө болон өмнөх шалгалтын дүгнэлттэй танилцаж, юуг илүү анхаарах шаардлагатай талаар багаараа зөвлөлдлөө. Эхлэхээс өмнө аюулгүй ажиллагааны стандарттай танилцаж, бүх дүгнэлтийг стандартын дагуу баримтжуулахыг бусдадаа сануулав.
03:00
Өчигдөр өглөө эхлүүлсэн өдөр маань сая нэг дууслаа. Хэдий нүд анилдаж, ядарч байсан ч маш их ажлын ард гарсан болохоор сэтгэл санаа сайхан байна. Мэдэгдэхүйц үр дүнтэй уулзалтууд хийсэн болохоор ойрдоо ийм өндөр ачаалалтай өдөр тохиохгүй л болов уу. Өнөөдрийн төлөвлөсөн ажил үдээс хойш эхлэх болохоор ийнхүү амрахаар гэртээ харилаа. Миний нэг өдөртэй хамт байсан уншигч та бүхэнд баярлалаа. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Энэ хүртэл БНСУ-ын Сөүл хотоос Цогбадрах бичлээ.
u unshigch 2024.09.06 103.161.242.160
mundag zaluu bainaa ???? amjilt amjilt :) hehehehhehehhehehheheehhehehehheheehhehehehehehehheheheheheheh