“Журнал” булангийн шинэхэн дугаарт манай Unread медиа компанид ерөнхий редактораар ажиллаж байсан Ш.Цогзолмаа оролцлоо. Түүний хувьд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болох “Chevening Awards” (FCDO)-д шалгарч, 2023 онд Шотландын Глазгогийн их сургуульд Медиа менежментийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан билээ.
Түүнд энэ оныг дуустал “BBC World Service”-т сэтгүүлчээр ажиллах гайхалтай завшаан тохиосон ба яг одоо BBC-ийн Лондон дахь төв оффист BBC World Service "The Climate Question” подкастын судлаач сэтгүүлчээр ажиллаж буй. Тэрээр бидэнд өөрийн нэг өдрийг хэрхэн өнгөрдөг талаар ийн хуваалцсан юм.
07:00
Сайн уу, Намайг Цогзоо гэдэг. Ажлынхаа нэг өдрийг танилцуулах гэж буйдаа тун таатай байна. Өглөөг Лондоны бүүдгэр цаг агаартай эхлүүллээ. Босоод хамгийн түрүүнд хийдэг зүйл маань хэр их бороо орохыг шалгах. Энд бараг л өдөр болгон шахуу их, багаар бороо ордог учраас ямар хувцас өмсөх, шүхрээ авч явах эсэхээ цаг агаар харж байж шийддэг. Өнөөдөр оройдоо бороотой тул шүхрээ аваад, нимгэн куртик өмсөхөөр шийдлээ.
Одоо өглөөний цайгаа бэлдэж, ажлын дундуур идэх амттай зүйлсээ базааж байна. Өглөөний цай бол кофе уухаас ч илүү эрч хүч өгдөг учраас цаг гаргаж тухтай бэлддэг юм. Үүний дараа нүүрээ будаж, үсээ янзлангаа Lez Ketchup подкаст сонсоно. Өглөөд ер нь эх хэл дээрээ хөнгөн юм сонсох гоё байдаг.
09:00
Манай оффис Лондоны төвийн баруун зүгт хамгийн хөл хөдөлгөөнтэй хэсэгт байрладаг. Манай гэр ажлаас ойрхон учраас метрогоор хоёр буудал яваад л оччихно. Замдаа Оксфордын гудамжаар алхангаа хөгжим сонсоод, кофе шопоос уух юм аваад ирлээ. Яарч адгаж ажилдаа ирэхээр тухгүй байдаг учраас 30 минутын өмнө ирсэн нь энэ. Дээр нь энд ажиллах хугацаа богино болохоор аль болох өдөр бүр эрчтэй байх гээд л хичээж байна даа.
09:30
BBC дэлхийн 70 гаруй оронд 25 мянга орчим ажилтантай. Лондонд хэд хэдэн оффис, продакшн студи бий. Хотын баруун хэсэгт байрлах энэ оффис 6000 гаруй ажилтантай ба телевизийн төв эфир байрладаг юм. Долоо хоногт хагас тэрбум хүнд хүрдэг дэлхийн хамгийн том медиа байгууллага учраас маш нүсэр бүтэцтэй, миний мэдэхгүй олон салбар, хэлтэс, студи байдаг юм билээ.
Харин миний харьяалагдаж буй “BBC World Service”-ийн хувьд дэлхийн 42 орны хэл дээр мэдээ, нийтлэл, радио, телевизийн контент бэлтгэдгээрээ онцлог. Тиймээс Лондон дахь энэ оффист дэлхийн өнцөг булан бүрээс цугласан сэтгүүлчид мөр зэрэгцэн ажилладаг.
10:00
Оффисын 4-р давхарт төрөл бүрийн подкаст болон радио контент бэлтгэдэг хэлтэс (Long form audio department) байрлана. Манай хэлтэст BBC Radio, BBC Podcast, BBC Sound гэх аудио чиглэлээр дагнасан багууд бүхий 150 гаруй хүн ажилладаг юм.
Манай багийн хувьд уур амьсгалын өөрчлөлтийг тойрсон төрөл бүрийн сэдвийг хялбарчлан тайлбарлах, сторителлинг буюу бусдын түүхийг онцлон сурвалжлах, ярилцах хэлбэрийн холимог подкаст бэлтгэдэг. Нэг дугаар бэлтгэхийн тулд олон орны асуудлыг судалж, сэтгүүлчид нь биеэр очиж, хүмүүстэй уулздаг учраас дэлхий даяар олон сая сонсогчтой. Намайг дөнгөж ажилд орох үед нэг нь АНУ явчихсан, өөр нэг нь Герман, Исландаар яваад ирлээ гэж байсан. Манайд продюсер, хөтлөгч, судлаач, эдитор, дууны инженер зэрэг хүмүүс ажиллана. Подкастын үндсэн хөтлөгч маань байгаль орчны чиглэлээр мэргэшсэн мундаг эрдэмтэн эмэгтэй бий.
Ингээд бид 10 цагт цуглаад товч уулзалт хийж, тухайн өдөр төлөвлөсөн ажлуудаа ярилцаж байна. Оффис дээр өдөр бүр ирэх шаардлагагүй, зарим нь гэрээс ажилладаг тул онлайнаар холбогдоно. Миний хувьд судлаач буюу тухайн дугаарын сэдэвтэй холбоотой чухал мэдээллийг цуглуулах, боломжит зочдыг судалж олох, хөтлөгчдөд асуулт бэлдэх, продюсер, редакторын хамт дугаарын ерөнхий бүтэц, агуулгыг боловсруулах ажлыг хариуцдаг. Одоогоор удахгүй гарах хоёр дугаар дээр ажиллаж байна.
12:00
Ази тивд аль хэдийн үдээс хойш болсон учраас өглөөгүүр дараалсан уулзалтууд хийгдэж байна. Манай багийн ажиллаж буй дараагийн дугаар бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой худал мэдээлэл хэрхэн хувьсаж буй талаар юм. Хүмүүс өмнө нь дэлхийн дулааралд итгэдэггүй байсан бол одоо ойлгож ухаарч эхэлсэн ч хүн төрөлхтөн юу ч хийгээд нэмэргүй, бид өөрчлөхөөс нэгэнт өнгөрсөн эсвэл хэтэрхий оройтсон гэх дараагийн шатны төөрөгдүүлсэн мэдээлэл ихэссээр байгаа.
Нөгөө талаас энэ төрлийн худал мэдээллийг институтийн түвшинд буюу түлш, нүүрсний томоохон компаниуд, бүлэглэлүүд өөрсдийн бизнесийн төлөө зохион байгуулалттайгаар тараах явдал ч хүчтэй байна. Тиймээс энэ тухай сонирхолтой дугаар бэлтгэхээр BBC Verify багийн сэтгүүлчтэй багаараа уулзлаа. BBC Verify бол олон нийтэд тарсан худал байж болзошгүй мэдээллийг нягтлан шалгаж, бодит мэдээллийг залруулан түгээх үүрэгтэй.
Одоо намайг өдрийн хоолны цаг хүртэл уулзалт, ярилцлагууд хүлээж байна.
13:00
Ажлын цайны газар өдрийн хоолоо идэхээр ирлээ. Өдөр бүр өөр төрлийн хоол гардаг ч ихэнхдээ тахиан мах, карритай энэтхэг маягийн хоол түлхүү бий. Үхрийн махтай хоол өдрийн од л гэсэн үг. Заримдаа оффисоос гарч солонгос хоол идэх дуртай. Англичуудад өөрсдийн гэх үндэсний хоол цөөхөн ч Лондонд байвал дэлхийн бүх төрлийн хоолыг идэж болно.
14:00
Үдээс хойш ганцаар сууж төвлөрөх ажлууд эхэлж байна.
Бид хоёр долоо хоног тутам нэг дугаар гаргадаг болохоор үндсэн хөтлөгч маань студид ярилцлага хийхээс өмнөх долоо хоногт зочидтойгоо онлайнаар холбогдож ярилцаад, уг сэдэвт үнэхээр тохирсон эсэх, ямар асуулт асуувал илүү сонирхолтой, оновчтой хариулт өгч чадах дээр нь ажилладаг гэсэн үг.
16:00
BBC Radio студи. Энэ долоо хоногт газрын гүний дулаан буюу геотермал энергийн тухай дугаар цацагдах тул үндсэн хөтлөгч маань хоолойгоо бичихээр студид ажиллаж байна. Нэг дугаар 26 минут үргэлжилнэ. Тиймээс редактор маань нэг бүрчлэн яриаг сонсож, дууны өнгө, үгээ тод бүрэн хэлсэн эсэхийг зааварчилж, засах шаардлагатай хэсгүүд дээр ажилладаг юм.
Манай подкастын сонсогчдын ихэнх нь хоёрдогч хэл нь англи учраас надаас энэ үеэр ойлгоход амар, энгийн байгаа эсэхийг лавлаж ярилцдаг.
18:00
Ажил тарлаа. Өнөөдөр нэг хэлтэст хамт ажиллаж буй Чевенингийн найзын маань төрсөн өдөр. Бид BBC-ийн 1-р давхарт байх Media Pub/Cafe руу орж, төрсөн өдрийн лаа үлээгээд хамтдаа оройн хоол идэхээр гарах гэж байна.
Их Британид Чевенингийн тэтгэлгээр жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 2500 орчим, Монголоос 10-14 хүн ирж суралцдаг. Нийт материал гаргагчдын зөвхөн хоёр хувь нь л тэнцдэг маш өрсөлдөөнтэй тэтгэлэг учраас энд ирсэн хүмүүс үнэхээр л мундаг, хичээл зүтгэлтэй нь харагддаг даа.
Хөтөлбөрийн хүрээнд BBC жил болгон медиад туршлагатай Чевенингийн цөөн төгсөгч шалгаруулж, сонирхсон хэлтэст нь ажиллах боломж олгодог юм. Бид өргөдлийн материал илгээж, шинэ контентын санаа (pitch) бэлтгэн явуулж, BBC-ийн редакторуудтай ярилцлагад орсны эцэст энэ он дуустал ажиллах эрхээ авсан билээ.
21:00
Гэртээ ирлээ. Энгийн үед 19 цагийн үед ирдэг юм. Өдөржингөө өөр хэлээр хүмүүстэй ярилцаж, шинжлэх ухааны сэдвээр бичгийн ажил хийнэ гэдэг амаргүй. Мөн олон мянган ажилтантай корпорэйт компанид ажиллаж байгаагүй учраас байгууллагын соёлоо ойлгох, ажлаа зүгшрүүлэх гээд илүү хичээж л явна.
Багийнхан маань энэ бүхнийг ойлгож, намайг маш сайн дэмждэгт үнэхээр баярладаг шүү. BBC-ийн сэтгүүлч, продюсерууд маш чадварлаг, ажилдаа үнэхээр дуртай нь бүх зүйл дээр харагддаг юм. Эрч хүчтэй, хөгжилтэй, бүтээлч хүмүүсийн дунд ажиллахаар ажлын уур амьсгал бүхэлдээ урам зоригтой байдаг.
Ингээд гэртээ ирээд сайн амраад дуртай кино, влогоо үзэж байгаад унтах гэж байна. Миний нэг өдрөөр хамт аялсанд баярлалаа! Манай баг удахгүй ирэх 12-р сард Монголын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх подкаст гаргахаар бэлтгэж байгаа. Та бүхэн заавал сонсоорой!
Сэтгэгдэл бичих