Нисгэгч, усан онгоцны ахмадууд байршил, техникийн үзүүлэлт, үйл явдлаа цаг тутам тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын шинэ дугаарт тавтай морил. Бид энэ удаа дэлхийн шилдэг дөрвөн аудитын компанийн нэг болох Ernst & Young компанийн Аудитор Ч.Цолмонг зочноор урилаа.
эхлэхийн өмнө
Түүний хувьд нягтлан бодох бүртгэл нь бизнесийн аль ч салбарт зайлшгүй шаардлагатай мэргэжил бөгөөд санхүү, татвар, аудит, зөвлөх үйлчилгээ зэрэг олон чиглэлээр ур чадвараа хөгжүүлэх боломжтой гэж үзсэн учраас МУИС-ийн Бизнесийн сургуулийг нягтлан бодох бүртгэлээр төгссөн гэв. Дараа нь дотоодын томоохон групп компаниудад мэргэжлийнхээ дагуу ажиллах явцдаа Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч (CPA) болоод амжжээ. Монгол Улсад CPA цолыг авахын тулд таван үндсэн шалгалт, дөрвөн сорил шалгалт буюу нийт есөн давааг давдаг. Түүний хувьд нэг жилийн хугацаанд тууштай, чанартай бэлдсэний үр дүнд CPA цолыг авч чаджээ.
Америкийн Их, дээд сургуулиуд нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын тогтолцоотойн дээр судалгааны арга барил, мэргэжлийн өндөр түвшний мэдлэг олгодог. Энэ нь ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзээд гадаадад сурахаар шийдэж, АНУ-ын Өмнөд Иллинойн Их сургуулиас 100 хувийн тэтгэлэг хүртэж, нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлээр мастер хамгаалжээ.
Гадаадад сурахын өөр нэг давуу тал нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд, мэргэжилтнүүдтэй танилцаж, мэргэжлийн хувьд бат бөх сүлжээ үүсгэх боломжтой байдаг гэнэ шүү. Тэрээр өдгөө АНУ-ын Мичиган мужид байрлах Ernst & Young компанид аудитороор ажиллаж байна.
07:30
Детройт хотод сэрүүн намрын нэгэн өглөө хэдийн айлчилжээ. Миний нэг өдрийг хамтдаа эхлүүлж буй та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр аравдугаар сарын 15-ны мягмар гараг.
Би өглөө босоод нэг аяга бүлээн ус уучхаад арьс арчилгаа хийж байна. Өглөөг намуухан аялгуугаар эхлүүлэх нь тухайн өдрөө бүтээмжтэй бөгөөд урам зоригтой дуусгахад тусалдаг болохоор өглөө бүр Apple Music-ээс хөгжим сонсдог.
08:40
Ажил гэр хоёрын хооронд 15-20 минут алхаад 09:00-с өмнө ажилдаа ирдэг. Сонирхуулахад, бид долоо хоногийн хоёроос гурван өдөр өөрсдийн оффис болон үйлчлүүлэгч компанийн оффист ажиллаад бусад өдөр нь гэрээсээ ажилладаг.
Манай мэргэжлийн талаар тодорхой ойлголтгүй хүмүүс уншиж байж мэдэх тул цухасхан тайлбар хүргэе. Аудитор гэдэг нь байгууллагын санхүүгийн тайлан, түүнтэй холбогдох бичиг баримтыг шалгаж, үнэн зөв эсэхийг баталгаажуулж, зөвлөх мэргэжилтэн юм.
09:00
Манай оффист олон төрлийн кофены сонголт байдаг болохоор ажилдаа ирээд хамгийн түрүүнд кофены машин руу очиж, нэг аяга американо авдаг. Эрч хүчтэй, өндөр бүтээмжтэй ажиллахад кофе л тусалж байна даа.
09:10
Ажлын ширээнийхээ ард тухлан суугаад цахим шуудангаа шалгаж, цагалбараа нягталж сууна. Бид Google, Facebook, Amazon, Apple зэрэг зах зээлд нөлөө бүхий, томоохон компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд аудитын ажил эхлэхээс өмнө хүний нөөцийн албанаас ажил гүйцэтгэх аудитын багийг бүрдүүлдэг. Саяхан шинээр бүрдсэн баг маань 13 гишүүнтэй.
Үйл ажиллагааны цар хүрээ, орлого, аудиторуудын ур чадварын түвшин, технологийн дэвшил зэргийг нь харгалзан үзэж дараах дөрвөн компанийг дэлхийн хэмжээнд “Их дөрвөл” гэж нэрлэдэг. Үүнд:
1. Deloitte
2. PricewaterhouseCoopers (PwC)
3. Ernst & Young (EY)
4. KPMG
Миний ажиллаж буй E&Y компанийн хувьд дэлхийд инновацийн тэргүүлэгч байр суурийг эзэлдэг бөгөөд 150 гаруй оронд 300,000 ажилтан бүхий өргөн сүлжээтэй, аудит, татвар, санхүү, бизнесийн зөвлөх үйлчилгээ гэх олон төрлийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.
12:00
Цайны цаг хүртэл завгүй ажиллав. Өнөөдөр багаараа хоол захиалан оффистоо өдрийн цайгаа уухаар болов. Захиалсан тахиан махтай салат маань төсөөлснөөс их порцтой юм гээч.
Бид хоол идэх зуураа өдөр тутмын амьдрал, ойр зуурын сонин сайхнаа хуваалцдаг. Ер нь үдийн цайны цаг хамтран ажиллагсдаа өөр талаас нь харах боломжийг олгодог юм шиг санагддаг.
13:10
Түр завсарлага авахдаа АНУ-ын Мичиган муж болон Канадын Онтарио мужийн хилийн зааг дээр байрлах Детройт голыг цонхоор харан зогсох дуртай.
Өглөө багахан бүүдгэр байсан ч өдөр тийшээ нар гарч, гадаад орчныг улам үзэсгэлэнтэй болгосон шиг харагдаж байна. Одоо буцаад ажилдаа оръё.
17:20
Өнөөдөр үйлчлүүлэгч компанийн хоёрдугаар улирлын гүйлгээ баланс болон орлогын тайлан дээр төвлөрч ажиллалаа.
Гэртээ харих замдаа байнга ордог кафегаа та бүхэнд танилцуулъя. Би эндэхийн бараг бүх нарийн боов, бялууг амталж үзсэн. Дотоод орчин нь тухтай болохоор ном унших, ажлын төлөвлөгөө гаргаад суухад яг тохирно.
19:00
Гэртээ ирээд амарч байхдаа Victoria's Secret загварын шоу зургаан жилийн дараа эргэн ирж байгааг санамагцаа шуудхан инстаграмын шууд дамжуулалтыг нь үзэж эхэллээ.
21:00
Шоугаа үзэж дуусгаад The New York Times вебсайтаас “7 ways to Love better” гэх нийтлэлийг уншлаа. The New York Times-ийн алдарт Modern Love булангийн редактор Даниел Жонс уг нийтлэлийг бичсэн бөгөөд тус буланг 20 жилийн туршид хөтлөн явуулсан аяллаа эргэн дурсжээ. Түүний онцолсон сургамжуудаас надад хамгийн их таалагдсан нь “Харилцааг ваар шиг хэврэг биш, харин сагсан бөмбөг шиг уян хатан гэж үзэх нь чухал. Зөрчилдөөн нь харилцааг таслах биш, харин ч илүү гүнзгийрүүлж чадах хүчтэй.” гэсэн хэсэг байлаа.
Өдөр маань өндөрлөх тун дөхөж байна. Цагийн зөрүүнээс болоод Монголд байгаа аав, ээжтэйгээ энэ цагаар л холбогдож чаддаг юм. Тэдэнтэйгээ дүрст дуудлага хийчихсэн болохоор одоо ингээд амаръя даа. Өнөөдрийг хамтдаа өнгөрүүлсэн уншигч та бүхэнд баярлалаа. Энэ хүртэл АНУ-ын Детройт хотоос Цолмон бичлээ.
Б Бямбаа 2024.10.20 93.203.36.83
Манай залуу үеийнхэн үнэхээр манлайлж чаддаг болжээ. Ямар ухаалаг, үзэсгэлэнтэй охин вэ! ???? Ажилд нь амжилт хүсье!