Spotify бол бидний амьдралын хэв маягийг тэр чигт нь өөрчилж буй хөгжмийн стриминг үйлчилгээ. Хялбар хэрэглээ, цэгцтэй сан, цогц үйлчилгээгээрээ хэрэглэгчдийн хамгийн хайртай технологийн стартапуудын нэг болсон Spotify 2008 онд Шведээс нээлтээ хийжээ. Apple, Amazon зэрэг гигантуудын ид хүчээ үзэж буй салбарт түүчээлж буй тэд өдгөө 7 сая артистын 70 сая гаруй уран бүтээлийг нэгтгэжээ. 350 сая хэрэглэгчтэй уг платформ 2018 онд нээлттэй компани болж, зах зээлийн үнэлгээ нь 67 тэрбум доллараар хэмжигдэж байна.

Гэвч ихэнх тохиолдолд сайн технологи, уулга алдуулам тоо үсрэнгүй амжилт үзүүлэхэд хангалттай байдаггүй. Хэрэглэгчдэд ээлтэй, тэднийг ойлгож мэдэрсэн, сэтгэлийн утсыг нь хөндөж, итгэл үнэмшлийг нь төрүүлсэн маркетингийн ажлууд брэндүүдийг амжилт руу илүү ойртуулдаг.

KreativCharisma өнөөдөр Spotify-ийн "Music for every mood" хэмээх кампанит ажлыг онцолж байна.

Spotify-ийн хамгийн том давуу тал бол тэдний хэрэглэгчдээ таньдаг алгоритм. Тэд хэрэглэгчдийн өмнө сонссон хөгжмийн түүх, хэрэглээний зан төлөв дээр тулгуурлан төрөл бүрийн плэйлистүүдийг санал болгодог нь онч болон баялаг байдлаараа хэрэглэгчдийг үргэлж алмайруулсаар ирсэн билээ. "Music for every mood" ч чухам энэ давуу тал дээр суурилсан кампанит ажил.

Гэхдээ нөгөө талаас масс зах зээлд өрсөлдөж буй брэндийн хувьд тэд хэрэглэгчидтэйгээ илүү дотно харилцаа үүсгэж, тэдний амьдралын алхам бүрд хамтдаа байх арга замыг үргэлж эрэлхийлдэг. Тиймдээ ч Spotify зөвхөн дижитал орчноор хязгаарлагдалгүйгээр гадаах биллборд, зам дагуу самбар, үйлчилгээний төвийн дэлгэцүүдийг кампанит ажил бүрдээ ашигладаг нь санамсаргүй хэрэг биш.

Усанд орохдоо, замдаа түгжрэхдээ, шатаар гарахдаа таны мэдрэмж юуг хүсдэг вэ? Түүнийг тань ойлгож мэдрэх үйлчилгээ байгаа гэж үү? Хариулт нь тийм. Сонголт нь Spotify.

Үүнээс гадна энэ кампанит ажлын хамгийн гол ялгарал нь "онлайн меме" байсан юм. Ерөөс "meme" соёл хөгжилтэй, хөнгөхөн, гэхдээ үнэн байдгаараа бидний анхаарлыг үргэлж татсаар ирсэн мэт. Spotify-ийн зорилтот хэрэглэгчид ч ийм контентыг хамгийн ихээр хэрэглэдэг, сошиалдаа хуваалцдаг миленниал хэрэглэгчид байсан нь ч төгс хослол болгож чадсан юм.

Хүн бүрийн амьдралд хэзээ нэгэн цагт тохиолддог хөгжилтэй мөч, бүтэлгүй үе, гэнэхэн дурсамжийг өгүүлэмжээр байршуулж, түүнтэй зэрэгцүүлэн тохирох хөгжмийг санал болгон байршуулсан нь энгийн, минимал хэрнээ байгаа оносон, яг тодорхой байлаа хэмээн экспертүүдийн талархлыг хүлээсэн юм. Дуртай дуу, подкастаа гадаад орчноос олж авах боломжийг тэд хэрэглэгчдэдээ олгосон нь энэ.

"Хөгжим өөрөө хүн бүрийн ойлголцдог хэл, сэтгэл хөдлөл бүрийг илэрхийлдэг эгшиг, мэдрэмж бүрийг тодорхойлдог үгс байдаг нь энэ кампанит ажлыг улам бүр утга учиртай болгосон мэт. Бид аль хэдийн танилцсан хүмүүстэйгээ илүү гүн харилцаа үүсгэж, шинэ танилууддаа ч өөрсдийгөө таниулахыг хүссэн нь энэ байлаа" хэмээн уг сурталчилгаанууд дээр найруулагчаар ажилласан Д.Керр хожим хэлжээ.

Технологи үргэлж бидний амьдралыг хөнгөвчилж, илүү утга учиртай бас хөнгөн жаргалтай болгосоор ирсэн юм. Илүү хялбар, илүү цэгцтэй, илүү сайн сонголт үргэлж гарч ирсээр л байдаг, тэр нь үргэлжид л бидний эргэн тойронд, хажууханд л оршиж байдаг билээ.

Guest contributor-оор Амра орж кампанит ажлын талаар сэтгэгдлээ хуваалцлаа.

Kreativity together with GS25

Апп татах холбоос: https://qrco.de/bbooun