Мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан ХААН Банкнаас долоо дахь жилдээ “Цалинтай дадлага хөтөлбөр”-ийг зарлаад байгаа билээ. Тус хөтөлбөрт хамрагдах сонирхолтой залууст цогц мэдээлэл өгөхөөр өнгөрөгч бямба гарагт зохион байгуулагдсан “Growing together” өдөрлөгийг энэхүү нийтлэлээрээ тоймлон хүргэе.
“Цалинтай дадлага хөтөлбөр”-ийн тухай
Энэ нь оюутнуудад ХААН Банкны мэдээллийн технологийн газарт сонирхсон чиглэлээрээ ажиллангаа томоохон дижитал төслүүдэд оролцох, мэргэжилтнүүдийн ур чадвараас суралцах боломжийг олгодог цалинтай дадлага юм. Тус хөтөлбөрт мэдээллийн технологийн чиглэлээр суралцдаг 3,4 дүгээр курсийн оюутнууд хүсэлтээ илгээх боломжтой бөгөөд 4-р сарын 30-ны өдрийг дуустал бүртгэл үргэлжилнэ. Шалгарсан оролцогчид 6-р сарын 3-наас 8-р сарын 10-ны өдрийг дуустал ХААН Банканд цалинтай дадлагажих юм.
Цалинтай дадлагын хөтөлбөрт хамрагдсанаар:
- ХААН Банкнаас хэрэгжүүлж буй томоохон дижитал төслүүдэд оролцох,
- Ирээдүйд ажиллах салбар, мэргэжлийн чиглэлээ биечлэн таньж мэдэх, цаашид банканд үргэлжлүүлэн ажиллах,
- Дадлагын хугацаанд өгөгдсөн даалгаврын дагуу бие даан судалгаа хийж, шийдэл боловсруулан бодитоор хэрэгжүүлэх,
- Банкны салбарын мэдээллийн технологийн систем, программ хангамж, ажиллах зарчим болон практик хэрэглээг ойлгож, мэдэж авах,
- ХААН Банкны чадварлаг, туршлагатай мэдээллийн технологи, бизнесийн удирдлагууд, менторуудтай уулзаж, зөвлөгөө авах зэрэг боломжийг санал болгож байгаа аж.
“Growing together” өдөрлөгийн тухай
Энэхүү өдөрлөгт “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг сонирхож буй 200 гаруй залуус хүрэлцэн ирж, үр дүнтэй ажиллах, тасралтгүй суралцах, мэдээллийн аюулгүй байдлын ирээдүйн чиг хандлага зэрэг сэдвээр зочин панелистуудын танилцуулсан илтгэлийг сонсож, мэргэжилтнүүдээс карьерын зөвлөгөө аван нэг өдрийг өнгөрүүлэв.
Дадлага хийхэд юуны түрүүнд өөрийн ажиллах мэргэжлийн чиглэлээ сонгосон байх нь чухал байдаг тул зохион байгуулагчид тусгайлан бүүтүүд засан, алба нэгжүүдийн хийдэг ажлыг танилцуулж байв. Ийнхүү оюутан бүүтүүд дээр очин мэдээлэл авснаар өөрийн сонирхол, ур чадвартаа тохируулан дадлагажих чиглэлээ сонгоход дөхөм болж байлаа.
Түүнчлэн энэ жилийн өдөрлөгөөс шинээр “ментор”-ын буланг ажиллуулж, оюутанд карьерын зөвлөгөө өгч байсан нь онцлууштай.
Хөтөлбөрийн зорилго
Бид энэхүү хөтөлбөрөө хоёр үндсэн зорилгоор хэрэгжүүлдэг. Нэгт, банкны салбарыг хөгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэх. Хоёрт, нийгмийн хариуцлагын хүрээнд ажил олголтыг дэмжих юм. Энэ зорилгынхоо хүрээнд долоо дахь жилдээ “Цалинтай дадлага хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.
Ерөнхийдөө мэдээллийн технологийн салбар их хурдтай хөгждөг. Нэг, хоёрхон жилийн дотор шинэ технологи, шинэ инновац гарч ирэх нь хэвийн үзэгдэл болсон. Сүүлийн үед гэхэд дэлхий даяар хиймэл оюун, өгөгдлийн шинжилгээ зэрэг сэдвүүд эрчимтэй яригдаж эхэллээ. Иймд бид тухайн цаг үетэйгээ уялдуулан хөтөлбөрийн агуулгаа жил бүр шинэчлэн сайжруулдаг онцлогтой. Үүнийг дагаад өргөдөл илгээх оюутны тоо ч нэмэгдэн, хөтөлбөр маань хүрээгээ тэлсээр байна.
Дадлагын оюутнаас Үндсэн ажилтан
ХААН Банкны цалинтай дадлагын хөтөлбөр нь оюутнуудад 350 гаруй ажилтантай томоохон багийн нэг хэсэг болж, туршлагатай мэргэжилтнүүдийн удирдлага дор бодит төсөл дээр ажиллах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, корпорацын соёлд суралцах өргөн боломжийг олгодог. Дадлагын хугацаанд идэвхтэй, үр бүтээлтэй ажилласан оюутнуудад ажлын байранд шууд өрсөлдөх, цаашид ХААН Банкны үндсэн ажилтан болох боломжийг нээж өгдөг. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш долоон жилийн хугацаанд нийт 1700 гаруй оюутан өргөдөл ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 60 гаруй оюутан ХААН Банкны үндсэн ажилтан болж, амжилттай ажиллаж байна.
“Цалинтай дадлага хөтөлбөр - 2024”-н төгсөгч М.Билгүүндалай
Би анх ангийн групп чатаас хөтөлбөрийн зарыг хараад бүртгүүлсэн юм. Ингээд дадлага эхлэхэд тухайн хуваарилагдсан газраас оюутанд зааж, зөвлөх нэг ажилтан томилж өгсөн. Тэр хүнтэйгээ байнгын харилцаа холбоотой байж, тусламж аван ажиллаж байсан. Уг нь дадлагын оюутан долоо хоногт 25 цаг ажиллана хэмээн заасан байдаг. Надад хийж байгаа ажил, хамт ажилласан хүмүүс маань их таалагдсан болохоор цаг дууссан ч явалгүй суух үе цөөнгүй байсан. Одоо бол би ХААН Банкны үндсэн ажилтан болсон.
“Цалинтай дадлага хөтөлбөр - 2024”-н төгсөгч Б.Насантогтох
Би анхнаасаа банканд ажиллах сонирхолтой байсан. Тиймээс энэ хөтөлбөрт бүртгүүлсэн. Дадлагажих хугацаандаа бид янз бүрийн төсөл дээр ажилладаг юм. Хэрэв үнэхээр чадвартай бол гар бие оролцоод явах бүрэн боломж олгодог. Энэ нь их таалагдсан. Тиймээс өнгөрсөн өвөл сургуулиа төгсөөд одоо ХААН Банканд үндсэн ажилтнаар ажиллаж байна. Хэрэв энэ хөтөлбөрийг сонирхоод өргөдлөө илгээх гэж байгаа бол цаашид ажиллах мэргэжлийн чиглэлээ сайн тодорхойлоорой гэж захимаар байна.
Энэхүү хөтөлбөрийн материалыг дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал хүлээн авах бөгөөд энд дарж материалаа илгээгээрэй.
.