ХААН Банк олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран өсөж хөгжих хүсэл эрмэлзэлтэй, санаагаа бодит үр дүн болгох зорилготой хэн бүхэнд нээлттэй “Хакатон 2023” уралдааныг Unread Media-тай хамтран амжилттай зохион байгууллаа. Олон зуун оролцогчид хоёр сарын турш өрсөлдөж, сүүлийн шатанд шилдэг 10 баг шалгаран шинэ, шилдэг шийдлүүдээ танилцуулсан юм.  

ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа

Энэхүү хакатон нь ХААН Банкны зохион байгуулж буй анхны нээлттэй хакатон гэдгээрээ онцлогтой бөгөөд хакатоны оролцогчид кодын тэмцээн, цахим менторинг, хөгжүүлэлт зэрэг цөөнгүй үе шатуудыг давж, шалгарсан 10 баг сүүлийн шатны өмнөх 72 цагийн хугацаанд хөгжүүлэлтээ хийн санаагаа илүү боловсронгуй болгож, эцсийн шатандаа оролцлоо.

ЗОРИЛГО

Хакатон 2023 нь ХААН Банкны стратегийн бодлого, үнэт зүйлтэй нийцэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар чадварлаг мэргэжилтнүүдийг нээн илрүүлж, мэдээлэл технологийн салбарын инновацлаг шинэ санаачилга, бүтээгдэхүүн, төсөл хөтөлбөрийг дэмжих зорилготой.


Хакатонд оролцсон залуу мэргэжилтнүүдэд ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн мэргэжлийн туршлагаа нэмэгдүүлснээс гадна ХААН Банктай хамтран ажиллах, салбарын шилдгүүдээс туршлага судлах, тэдэнтэй харилцаа холбоо үүсгэх зэрэг олон боломжууд бий болсон юм.

Оролцогчид инновац, технологи, санхүүгийн чиглэлийн хүрээнд дараах агуулгуудын дагуу шийдэл боловсруулав.

• Шинэ үеийн төлбөрийн шийдэл
• Банкны салбарын тогтвортой санхүүжилтийн шийдэл
• Банкны салбарын нээлттэй инновац
• Орон нутгийн харилцагчдад чиглэсэн цахим туршлагын шилжилт

ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа
ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Сачин Наир
ХААН Банкны Мэдээллийн технологи хариуцсан дэд захирал Б.Ариунболд
ХААН Банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Ч.Чинболд
ХААН Банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Ариунбат
ХААН Банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Ю.Төрмөнх


ШИЛДЭГ 10 БАГ

1. M Team: NFC ашигласан төлбөр тооцооны шийдэл
2. Stood: Тооцоо хуваах төлбөрийн шийдэл
3. Khamble boys: Мерчант апп
4. Machine minds: Хиймэл оюун ухаан бүхий туслагч
5. Ubmn: Төлбөрийн шийдэл
6. Chatpay: Мессенжерт суурилсан хэтэвч
7. Team GG: Давтамжит төлөлтийн систем
8. Ai rookies: Нэхэмжлэх таних, тооцоо хуваах, сануулах апп
9. Khanbliss: Хэрэглэгчийн сэтгэгдэлд дүн шинжилгээ хийх веб
10. Zero to one: Финтекүүдэд зориулсан нээлттэй API


НЭГДҮГЭЭР БАЙР: M TEAM

Бүх төрлийн интернэт банкаар шилжүүлэг хийхэд олон оронтой дансны дугаар хийх, үнийн дүн, нууц үг оруулах нь нэгээс гурван минутыг тогтмол шаарддаг. Мөн хэрэглэгчийн зүгээс мөнгө нэхэмжлэх боломж байдаггүй. Эдгээр асуудлуудыг шийдэхээр NFC технологийг дэмжих системийг хөгжүүлжээ. Мөнгө шилжүүлэх болон мөнгө хүлээн авах хэрэглэгчид гар утасныхаа NFC-ийг харилцан уншуулж, гүйлгээний нууц кодоо хийгээд л шилжүүлэг хийх боломжтой бөгөөд үүнд ердөө 10 секунд л хангалттай.


ХОЁРДУГААР БАЙР: KHAMBLE BOYS

Бизнес эрхлэгчид худалдаа, үйлчилгээнийхээ төлбөрийг дансны шилжүүлгээр хүлээн авах тохиолдол элбэг. Гэвч дараа нь данс тооцоо нэгтгэн хянах үед хувийн гүйлгээтэй холилдох, үйлчлүүлэгч захиалгат гүйлгээ харуулан мөнгөө шилжүүлээгүй байх, бизнес эрхлэгч эсвэл худалдагчийн хэнийх нь дансанд орлогоо хүлээн авахаа мэдэхгүй байх зэрэг асуудлууд үүсдэг. Энэхүү асуудлуудыг шийдэн орж ирсэн орлогыг дуу хоолойгоор хэлж өгдөг, бизнесийн гүйлгээг хувийн гүйлгээнээс тусдаа харуулдаг аппыг хөгжүүлсэн байна.


ГУРАВДУГААР БАЙР: TEAM GG

Монголд одоогоор бизнес болоод харилцагчдад зориулсан давтамжит төлөлт буюу subscription-ийн үйлчилгээний нэгдсэн систем байдаггүй. Мөн хэрэглэгчид төлбөр төлөхийн тулд ямар нэгэн сайт руу нэвтэрч, картын мэдээллээ оруулах нь зарим талаараа эрсдэлтэй. ХААН Банкны апп дотор давтамжит төлөлтийн үйлчилгээг нэвтрүүлснээр илүү аюулгүй, айдасгүй байх боломжтой.


ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ: KHANBLISS

Аливаа байгууллагын үйлчилгээний чанар, хурд, хэрэглэгчдэд хүртээмжтэй байдал зэргээс хамааран эерэг болон сөрөг сэтгэгдлүүд олноор ирдэг. Олон нийтийн сүлжээнд байх тэдгээр сөрөг сэтгэгдлүүд нь бусад хэрэглэгчдийн үнэлгээнд нөлөөлөн, олон нийтийн дунд сөрөг, ташаа ойлголт тархах эрсдэлтэй.

Khanbliss багийн хөгжүүлсэн хиймэл оюун ухаан нь постын сэтгэгдлийг эерэг, сөрөг, хэвийн гэсэн гурван төрөлд ангилан цуглуулж, хэрэглэгчдийн сэтгэгдлийн нэгдсэн сан бий болно. Тэрхүү санг ашиглан тухайн байгууллага аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар хэрэглэгчдийн бодит сэтгэгдлийг олж мэдэн, шинэчлэлт, сайжруулалтаа цаг алдалгүй хийх боломжтой.