Арваннэгдүгээр сарын 25-ны өдөр “Эерэг өөрчлөлтийг санхүүжүүлье!” уриан дор “Монголын тогтвортой санхүүгийн форум 2021” зохион байгуулагдсан. Долоо дахь жилдээ зохиогдож буй тус форумын хүрээнд дөрвөн төрлийн салбар хэлэлцүүлэг цахим болон биетээр өрнөсөн юм.

Парисын хэлэлцээр, Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмэр, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтын дагуу эрүүл, аюулгүй, хүн байгальдаа ээлтэй ирээдүйг цогцлооход төр, хувийн хэвшил, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ удаагийн форумын үндсэн зорилго байв. Харин энэхүү зорилгын хүрээнд Монгол Улсын банк, санхүүгийн салбарын бодлого тодорхойлогчид, бизнесийн байгууллагууд, мэргэжилтнүүд, олон улсын байгууллагууд, салбар бүрээс удирдах түвшний 160 гаруй эрхэм хуран цугласан юм.

Монгол Улсад тогтвортой санхүүжилтийн тухай ойлголт хувийн хэвшлийн санаачлагаар дэвшилттэй нутагшиж байгаа. Тэр дундаа форумын зохион байгуулагч Тогтвортой Санхүүгийн Холбоо нь ногоон эдийн засгийн шилжилттэй холбоотой үйл ажиллагаа идэвхтэй явуулж буйг цохон тэмдэглэх хэрэгтэй. Мөн манай улсын хувьд ногоон эдийн засгийн үйл ажиллагааны ангилал болох ногоон таксономийг баталсан цөөн хэдэн улсын нэг болсон гэдгийг онцолмоор байна.



Тогтвортой, ногоон эдийн засагт шилжихийн тулд

Тогтвортой санхүүжилтийн нэгдсэн бодлого боловсруулах, эрх зүйн нэгдмэл орчин бүрдүүлэх, уул уурхайн бус ногоон экспортыг нэмэгдүүлэх, нефть зэрэг импортыг орлох стратегийн төсөл хөгжүүлэх, ногоон бизнесийг идэвхжүүлэх, ногоон моргейж, ногоон бонд гаргах, норм стандартыг хувийн хэвшлийн оролцоотойгоор гаргах, урт хугацаат санхүүжилтийн ажлыг эхлүүлэх, тогтвортой анхдагч бүтээгдэхүүн гарган жишиг болгон ашиглах, иргэдийн оролцоог дээшлүүлэх зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тогтвортой санхүүгийн салбар бий болоход зөвхөн санхүүгийн байгууллага бус төрийн институт, олон улсын хамтын ажиллагаа, зохицуулагч байгууллагуудын оролцоо, хувийн хэвшлийн санаачилга, иргэдийн зан төлөвийн өөрчлөлт нэн шаардлагатай.

“Тогтвортой санхүүжилтийн замын зураг гарсан ч төрийн бодлого байдаггүй. Хувийн хэвшлийн хүч шавхагдах боломжтой.”

Б.Найдалаа


ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ САНХҮҮГИЙН САЛБАР

Тус хэлэлцүүлэгт арилжааны банк, Банкны бус санхүүгийн байгууллага, эмэгтэйчүүдийн холбоодын төлөөлөл, Жендэрийн үндэсний хороо, олон улсын болон төрийн бус байгууллагууд оролцсон. Хэлэлцүүлгийн үр дүнд жендэрийн эрх тэгш байдлыг санхүүгийн салбарт мөрдүүлэх шаардлага бий болсныг оролцогч талууд хүлээн зөвшөөрч байсан юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн зээл, хадгаламж, харилцахын дансны тоо эрэгтэйчүүдээс өндөр байгаа хэдий ч тэдний авч буй зээлийн дүн харьцангуй бага байдаг. Харин үүнийг санхүүгийн байгууллага жендэрийн бодлого, журам боловсруулах, жендэрийн хороо байгуулах, жендэрийн мэдрэмжтэй, хүртээмжтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах, жендэрийн үнэлгээ хийх замаар шийдвэрлэх боломжтой гэж харж байна.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТ


Дэд бүтэц муутай орон нутаг, нийслэлийн гэр хорооллын дулаан алдагдал ихтэй нийтийн байр, хувийн сууц, гэрийн асуудал бол зайлшгүй хэлэлцэх ёстой сэдэв. Жишээлбэл, ипотекийн зээлийг 2030 он хүртэл идэвхтэй хэрэгжүүллээ гэхэд Улаанбаатар хотын гэр хороололд оршин суух 204,000 өрхийг бүрэн хамруулах боломжгүй. Тиймээс олон улсын байгууллагууд, Монголын санхүүгийн салбарынхан хамтран эрчим хүчний хэмнэлттэй сууц, дулаалга, түүнийг ногоон зээлээр шийдэх боломжуудыг сүүлийн хоёр жил гаруй судалж, туршжээ. Энэхүү хэлэлцүүлгээр дээрх асуудлын шийдлийг цаашид хэрхэн өргөжүүлж, олонд түгээх болон үүнд шаардлагатай бодлогын дэмжлэг юу байх талаар хэлэлцсэн юм.

ТЕКСТИЛИЙН ҮНЭ ЦЭНИЙН СҮЛЖЭЭНИЙ ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТ

Дэд хэлэлцүүлгийн үеэр Европын Холбооны санхүүжилттэй Текстилийн тогтвортой үйлдвэрлэл ба эко тэмдэг төслийн хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ салбарыг байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл явуулах, ногоон санхүүжилттэй холбох хүрээнд хийсэн ажлуудыг үр дүн, ололт амжилтыг оролцогчидтой хуваалцлаа.Түүнчлэн текстилийн үнэ цэнийн сүлжээ буюу бэлчээр, малын тавлаг байдал, малчин өрхийн амьжиргаа, үйлдвэрлэлийн процесс, эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчийн гарт очоод хаягдах хүртэлх процессыг бүхэлд нь тогтвортой санхүүжүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд дунд болон урт хугацаанд гүйцэтгэх ажлыг оролцогч талууд ямар үүрэг, оролцоотойгоор хийх шаардлагатай талаар хэлэлцэж, тодорхой шийдлүүдэд хүрсэн.

САНХҮҮГИЙН САЛБАРТ УУР АМЬСГАЛЫН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ НЬ

Эл сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанк, Олон Улсын Санхүүгийн Корпараци (ОУСК) хамтран зохион байгуулсан. ОУСК-ийн зүгээс эдийн засгийн бодит салбарт хэрэглэдэг уур амьсгалын эрсдэлийн үнэлгээний хэрэгсэл нь TCFD-ийн зөвлөсөн олон улсын сайн туршлагатай адил аргачлалыг ашигладаг байна. Уур амьсгалын эрсдэлийн стрес тест, аргачлалыг янз бүрийн байдлаар хөгжүүлж (Стрес тест ба ICAAP, PCAF, PACTA/ 2di-н гэх мэт) байгаа боловч одоогоор төгс аргачлал тодроогүй байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлд тусгагдсан уур амьсгалын эрсдэл, тогтвортой санхүүжилтийн зорилго, стратегиас онцолсон юм.



“Монголын тогтвортой санхүүгийн форум 2021”

Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайдын Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх М.Бадамлянхуа, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Европын холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Аксель Никэйз, Олон улсын санхүүгийн корпорацын Монгол дахь Cуурин төлөөлөгч Руфат Алимарданов, Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич тэргүүтэй эрхмүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Үндсэн панел хэлэлцүүлэг эхлэхээс өмнө Монгол Улсын нэгдсэн санхүүжилтийн тогтолцооны талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, тогтвортой санхүүгийн стратеги, замын зургийн талаар Тогтвортой Санхүүгийн Холбооны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч М.Болдоо нар тус тус танилцуулга хийсэн.



ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Тогтвортой санхүүжилтийг банкны бус санхүүгийн салбарт хөгжүүлэх, ногоон санхүүжилт сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнөсөн билээ. Хэлэлцүүлэгт оролцогч тал тус бүр холбогдох асуудлаар олон төрлийн мэдээлэл, байр суурь илэрхийлснийг тоймлон танилцууъя.

ТӨР

“Монгол улс шинэ сэргэлтийн бодлого барьж байна. Ногоон эдийн засгийн бүтцийг бий болгох болно.”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Монгол Улс тогтвортой бодлогыг санхүүгийн салбартаа нутагшуулахад нэгдсэн бодлого, зохицуулалт шаардлагатай учир энэ хүрээнд Сангийн яам Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж буй. Манай улс мянганы хөгжлийн зорилтдоо хүрч чадаагүй учраас тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх бодлого төлөвлөлтийг илүү нарийн боловсруулах хэрэгтэй. Үндэсний санхүүжилтийн нэгдсэн тогтолцооны хувьд эдийн засгийн үр ашигтай төсөл дэх хувийн хэвшил болон нийгэмд сайн нөлөөтэй төслүүдийг төрөөс илүү дэмжихээр төлөвлөж байгаа юм. Мөн төр хувийн хэвшилд суурь дэд бүтцийн дэмжлэг үзүүлж, салбарын нарийн норм стандартыг хувийн хэвшлийн оролцоотойгоор гаргахаар ажиллаж байна.



ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА

Форумд НҮБ, Олон улсын санхүүгийн байгууллага, Европын хөрөнгө оруулалтын банк, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт зэрэг олон улсын хөгжлийн байгууллага, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж байр сууриа илэрхийлсэн. Олон улсын байгууллагууд бодлогын дэмжлэг үзүүлэх, ногоон шилжилт, тогтвортой бизнесийн салбарыг дэмжих, техникийн туслалцаа үзүүлэх, капитал хийгээд экспертүүдээр хангах зэргээр хамтран ажиллаж байна.


“Тогтвортой санхүүжилтэд Монголбанк хувь нэмрээ оруулна.”

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

БАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАГЧ БАЙГУУЛЛАГА

Монголбанк, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагууд холбогдох судалгааг хийх, эх үүсвэр бүрдүүлэх, ойлголт мэдээллийг түгээх, сайн жишгийг тогтоох зэргээр тогтвортой санхүүжилтийн бодлого, шийдвэрийг боломжит байдлаар үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа. Тухайлбал, манай улсын үнэт цаасны зах зээл 28 дахин өссөн ба ногоон хөрөнгийн зах зээл бий болгох, ногоон бонд гаргах эрх зүйн орчин бүрдсэн байна.



АРИЛЖААНЫ БАНК

Арилжааны банкууд байгаль орчинд ээлтэй ногоон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ногоон ирээдүйг бүтээхээр зорин ажиллаж байна. Тухайлбал, Хас банк ногоон зээл, бондын талаар 2016 оноос хойш ажиллаж байгаа бол Худалдаа хөгжлийн банк 2030 он гэхэд 2 тэрбум доллар босгож эл төсөлд хэрэгжүүлэх зорилго тавин өөрсдөө нүүрстөрөгчийн саармаг (carbon neutral) байгууллага болохоор ажиллаж байгаа юм. Форумын панел хэлэлцүүлгийн дунд хэсэгт Голомт банкны гүйцэтгэх захирал, ТоС Холбооны удирдах зөвлөлийн дарга Норихико Като тогтвортой санхүү банкны салбарт сэдвээр илтгэл тавьсныг мөн онцлох хэрэгтэй.

ХУВИЙН ХЭВШИЛ

Тогтвортой санхүүжилтийн асуудалд хувийн хэвшлийнхэн бодлого, зохицуулалтаас урьтаж оновчтой үйл ажиллагаа явуулж ирсэн түүхтэй. Хувийн хэвшлүүд тогтвортой санхүүгийн үйл ажиллагаа явуулснаар хүү багатай санхүүгийн эх үүсвэртэй болох боломж нээгдэхийн зэрэгцээ байгаль орчин, эх дэлхийдээ үнэлж баршгүй хувь нэмэр оруулах боломжтой юм. Хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөлөл болох Лхамур ХХК, Монпеллетс ХХК-ийн удирдлагууд тогтвортой бизнес эрхлэхэд гардаг зээлийн барьцаа хөрөнгө зэрэг бэрхшээлийн тухай онцлов.



ИРГЭДИЙН ОРОЛЦОО

Зөвхөн оролцогч байгууллага анхаарал тавин иргэдийн мэдлэг сул бол асуудал шийдэгдэхгүй. Тиймээс зөвхөн сурталчлах биш, нүдэнд харагдах жишиг төсөл гаргавал илүү үр дүнтэй гэж оролцогчид үзэж байна.



ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

Тогтвортой хөгжил нь цаасан дээр буусан баримт бичиг төдий бус дэлхий нийтийг хамарсан соёлын хөдөлгөөн билээ. Тогтвортой хөгжлийн нэгдсэн том зорилгыг хэрэгжүүлэхийн тулд оролцогчид бүх түвшинд хамтран ажиллах шаардлагатай. Ногоон ирээдүйн төлөө нэгдэн салбар бүрдээ манлайлан, том зорилгод үйл ажиллагаагаа уях чухал цаг ирсэн. Форумын үеэр Санхүүгийн зохицуулах хороо ба ТоС Холбоо Монгол Улсын санхүүгийн салбар, хөрөнгийн зах зээлийг тогтвортой, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжүүлэхэд харилцан санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо Монгол Улсын Тогтвортой санхүүгийн найман зарчмыг нэвтрүүлэх, энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцохыг уриалж хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм. Сонирхуулахад, энэхүү тунхаг бичигт 2013 оны Монгол улсын арилжааны банкууд гарын үсэг зурж байсан билээ.

САНАЛ, ЗӨВЛӨМЖ

Монгол орон шиг уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэмтгий улсад тогтвортой, ногоон санхүүжилт нь байгаль орчинд ээлтэй бөгөөд урт хугацаандаа чухаг ач холбогдолтой. Энэ нь дэлхий нийтийн удаан хугацаанд цэвэр тэг, уян хатан, тогтвортой эдийн засагт шилжих шилжилтэд үүрэг гүйцэтгэх юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөгдөж буй зах зээлийн чиг хандлага, дүрэм журам, шаардлагуудад дасан зохицох, үйл ажиллагаагаа өөрчлөх, эдгээрээс үүдэлтэй болзошгүй эрсдэлд байгууллага, хувь хүн бэлэн байх шаардлагатай тулгарч байна.

Монгол улсын хувьд төрийн зөв, нэгдсэн бодлогоор тогтвортой хөгжлийн зорилгыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлбэл бусад орныг манлайлах боломж буйг форумын оролцогчид онцолж байлаа. Ногоон зорилгод хүрэхийн тулд эдийн засгийг бүхэлд нь хамарсан аргачлал хэрэгтэй. Мөн форумын үр дүн, тайлан, зарим дэд хэлэлцүүлгүүдээс гарсан санал зөвлөмжийг боловсруулан холбогдох яам, агентлагуудад хүргүүлэхээр болсон.