Амьтад өөрсдийн түүхээ хуваалцдаг танилц миний амьтан булангийн шинэ дугаарт Артлаг гар урлалын дэлгүүрийн шувуухайнууд зочноор оролцлоо. Аялгуу дуу эгшиглэсэн, чамин ганган эд агуурс бялхам буйдхан энэ дэлгүүрт хайр хүргэм бяцхан шувуухайнууд аж төрдөг юм.
Уншигч та хайрын шувуухайнуудын өнгөлөг, урлаглаг гэрээр зочлон, урлаачдын сэтгэл шингэсэн гоёмсог бүтээлүүдийг сонирхож, хайртай дотнын хүмүүстэй бэлэглээрэй.
Шинийг санаачлагч, бүтээлч, сурч хөгжих хүсэл эрмэлзэлтэй, хурд хүч, авхаалж самбаа, эрч хүч бүхий залуусын нэгдэл Unread Growth Program 2023-ийн 7 дугаар багийн хамт олон бүтээв.
Бидний танилцсан түүх
Намрын дулаахан тэр өдөр Золбоотой учирснаар бидний өгүүлэх түүх эхэлсэн юм. Солонгост цэцгийн дэлгүүрийн эмэгтэй их хөөрхөн гэдэг хуучны дуу байдаг шиг чамин ганган чимэглэл, гоёлоор дүүрэн буйдхан энэ ертөнцдөө хөөрхөн Золбоо ганцаараа аж төрдөг байв. Харин бид ирснээр түүний амьдрал өмнөхөөсөө ч илүү өнгөлөг, гэгээлэг болсон гэж тэр ярих дуртай. Бид гэдэг нь би ба миний хайртай шувуухай.
Түүнийг минь Баацгар гэдэг. Тэр их цэвэрч, нямбай бүр өдөр болгон усанд орохыг нь яана гээч. Харамсалтай нь түүний хөл гэмтсэн учраас нисэж чадахгүй болсон. Ганцаардах дургүй надад үүрдийн хань болгон заяаж түүнийг минь илгээсэн гэдэгт би итгэдэг.
Шинэ эзэн, шинэ гэр минь ямар байх бол гэсэн хүлээлтдээ догдолсоор торны бүтээлэг нээгдэх тэр л агшинд өнгө алагласан үзэсгэлэнт цэцэгс угтсан онцгой газар ирснээ тодхон санаж байна. Үлгэрийн оронд ирчихэв үү гэмээр төгөлдөр хуурын уянгалаг аялгуу эгшиглэж, чамин гоёмсог хараа булаам эд агуурс угтах энэ газар бол Артлаг буюу бидний гэр.
Золбоо гар урлалын бүтээл урладаг урлаачдыг дэмжин тэдний бүтээлүүдийг танилцуулж, дэлгүүртээ худалддаг. Тэр шинэ содон бүхнийг туршин сонжих нэн дуртай. Энд түүнтэй ижил сонирхолтой хүмүүс зорин ирж, худалдаа хийж, бүтээл урлалын тухай халуун дотно яриа өрнүүлдэг.
ХӨГЖИЛТЭЙ, ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ
Биднийг хослон жиргэх үед дэлгүүрт ирсэн зочид хиймэл тоглоом уу, амьд шувуухай юу гэдгийг таньж ядан тун их гайхдаг.
Харин танихгүй гаднын хүн үүрийг минь онгойлгож дураараа гар хүрэх нь тун ч таагүй. Учир нь энд бяцхан өндөгнүүд минь удахгүй дэгдээхэй болохоо тэсэн ядаж хүлээж байгаа. Тэдэндээ зориулж үүрээ тохижуулахад модны холтос, мөчир хэрэг болох учраас энд тэндхийн булан сэлтнээс мэрж хэмлэн явдаг юм. Дээгүүр, доогуур нисэж, ном, цаас, ургамал хазлан байдгийг минь шоглож Золбоо намайг заримдаа "Далжгараа" гэж дууддаг нь хөгжилтэй санагддаг.
Түүнийг гайхшруулдаг миний чадвар
Өдөржин хошуугаа нийлүүлэн хамт байдаг биднийг Золбоо "Хайрын шувуухай" гэж нэрлэсэн. Заримдаа үүрээ булаацалдан маргалдахад минь биднийг салгаж тусгаарлаж орхино. Түрхэн боловч тэр хугацаанд Баацгартаа санаа зовж, байн байн эргэж тойрдог хайр нь дотроо хал нь гаднаа занг минь Золбоо гайхдаг л байх.
Дэлгүүрт ирсэн зарим хүн надад гар хүрч илэх гэхэд нь би айж сандрахдаа чанга хазчихдаг. Эхэндээ Золбоог ч гэсэн олон удаа хазсан. Би хүмүүсийг өөртөө хүргэхийг тэгтэл таашаадаггүй боловч харин тэдэнтэй ярилцах дуртай. Бид ярьдаг төрлийн төрлийн тоть биш ч гэсэн хүмүүсийн хэлийг өөрсдийнхөөрөө сайн ойлгодог.
Надтай хамт байснаар түүний амьдралд гарсан эерэг өөрчлөлтүүд
Золбоогийн нүдний харцнаас бид түүний сайн найз, хань түшиг гэдгээ мэдэрдэг. Дэлгүүрээ нээгээд удаагүй байхдаа их л ганцаарддаг байсан гэсэн. Харин бид ирснээр түүний амьдралд гэрэл болж, урьдынхаасаа ч илүү эрч хүчтэй, урам зоригтой ажиллах болсон.
Золбоо бидэнтэй хамт байснаар амьтдыг хайрлаж, тэдэнтэй хэрхэн харьцаж, ойлголцохоо сайн мэддэг болсон. Бусдыг гэсэн тусч, зөөлөн сэтгэлтэй энэ бүсгүй хамт ажиллагсад, үйлчлүүлэгчид мөн биднийг ч гэсэн халуун хайраар хайрладаг.
Амьтадтай хүмүүст өгөх зөвлөгөө
Ихэнх хүмүүс түр зуурын ойворгон сэтгэл хөдлөлөөр амьтан тэжээдэг юм шиг. Хэсэг хугацаанд тэжээж хэрэгцээ, сонирхол нь ханачихвал хаяж орхидог харамсалтай жишээ олон бий. Угтаа амьтан гэдэг хүүхэд өсгөх мэт чухал хариуцлагатай ажил. Хооллолт, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин гээд олон зүйлд анхаарах хэрэгтэй.
Жишээ нь бидэнд гэхэд мэргэжлийн эмч байдаггүй. Тиймээс өвдөж, зовиурлахад олон асуудал гардаг. Амьтан тэжээхийн урьдаар сайн судалж, өөрийгөө бэлдэж, сэтгэл зүрхнээсээ хайрлахад бэлэн болсон үедээ гэр бүлийн нэгэн гишүүнээ болгох хэрэгтэй гэдгийг аминчлан захья.
Хэрвээ би хүний хэл мэддэг байсан бол
Хамгийн түрүүнд Баацгар бид хоёрыг гэр бүлийнхээ нэгэн гишүүн болгож, амьдралынхаа сайхан хором мөч бүхнийг хуваалцан байгаа Золбоодоо баярлалаа гэж хэлнэ.
Манай дэлгүүрт ихэвчлэн хүүхэд, залуус зочлон ирдэг. Тэдний зарим нь амьтан тэжээж эхлэсэн ч төд удалгүй уйдах, эсвэл амьтад нь хааяа дүрсгүйтэн, саваагүйтэхэд нь хаяж орхидог тухайгаа ярьж байсан. Уг нь бид эзэдтэйгээ хөгжилдөн тоглож, тэднээс багахан анхаарал халамжтай хандахыг нууцхан хүсдэг. Хүмүүс биднийг хайрлаж, юу хүсэж байгааг минь мэдэрдэг байгаасай гэж хэлэхийг хүсэж байна.
Хэрвээ би хүн байсан бол
Хэрэв бид хүн байсан бол Золбоотой цуг дуулан бүжиж, цаг мөч бүрийг хөгжилдөн өнгөрөөнө. Aртлагдаа боргол чанаж уунгаа хамтдаа гар урлалын сонирхолтой бүтээл урлаж, төгөлдөр хуурын намуухан эгшиг, уянгын дуулалд хорвоо дэлхийн элдэв сониныг хөөрөлдөн суух байсан биз ээ.