Амьтад өөрсдийн түүхээ хүүрнэн өгүүлэх танилц миний амьтан булангийн шинэ дугаартаа тавтай морил. Уншигч таны эчнээ танил байж мэдэх Бандаалайтай цас хаялсан жиндүүхэн өдрөөр  ярилцлаа. 

Налайхын мал нядалгааны газрын учирлаар Адууны асрамжийн газар байгуулсан тэдний үнэнч нөхөрлөл, монгол адууны онцлог, ялгарал, монгол хүний ондоошлын тухай Бандаалайн өгүүлснийг хүргэе. 


БИДНИЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ

Халзан толгойтой, хэлэмгий яриатай Б.Наранбадрах гэх энэ залуутай 2018 оны өвөл учирч байлаа. Харагдах бандгар байдлаар минь өхөөрдөж тэр намайг Бандаалай хэмээн нэрлэсэн.

Хуучин эзэн маань ах дүү бид зургааг өвлийн идэш болгохоор  худалдаж, идэр есийн хүйтнээр Налайхын мал нядалгааны газарт очсон юм. Тэр газрын дүр төрх, хүмүүсийн аж байдал нь эргэн дурсахын аргагүй аймшигтай. Нэгэнт орсон бол гарах замгүй нядалгааны хашаанд ээлжээ хүлээн мэгдэн зогсоход хаанаас ч юм бэ гэнэтхэн л Б.Наранбадрах гараад ирсэн. Кинон дээр л аюул тулгарсан эгзэгтэй үед супер баатар гарч ирдэг дээ. Эгээ л түүн шиг мах болохоор ачигдаж ирсэн ах дүү биднийг нядалгааны хашаанаас аварсан тэр өдрөөс хойш таван жил өнгөрчээ.


ЗурагТайлбар
Б. Наранбадрах


Энэ оны ууган унага 
Найз Сартай хар



Эзэн маань мал нядалгааны газар амьтад хэрхэн тарчлан зовдог тухайд эмзэглэж, монгол адууг хайрлан хамгаалах тухай санаагаа чилээж явдаг нэгэн. Од эрхсийн төөрөг эсвэл санаандгүй нэгэн тохиолдлын аль нь болохыг мэдэхгүй ч,тэр нэгэн өдөр Тэрэлж явах замдаа бидэнтэй таарч аварсан нь өнөөдрийн Адууны асрамжийн газрын эхлэл болсон. Энд нутаг нутгийн 80 гаруй морьд бий. Манайд гурван азарга адуу, 30-40 гүү бас бяцхан унаганууд бий. Хардаа, хэдхэн хоногийн өмнө энэ жилийн ууган унага төрсөн.  

Буга шиг өнгөтэй Буган, Сартай хар хоёр миний дотнын найзууд. Манай сартай хар Завханы угшилтай. Аймагтаа түргэн тусламжийн дуудлагад явдаг нэг ёсондоо түргэний машин байсан. Олон хүний амь аварч, олон ч хүүхэд эх барьж авсан даа. Эзнийх нь хүүхэд нь хүнд өвдөж, малаа зарах хэрэг гарахад нядалгаанд өгнөөс гээд манай асрамжинд авчирсан юм. 

 

ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ХӨГЖИЛТЭЙ, ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ

Нэг удаа бид Тэрэлжийн өвөлжөөнөөсөө нүүж зам зуур мянган ламын агуйн хавьцаа хоноглосон юм. Гэтэл Наранбадрах алдаж магад гэж бодсоод намайг аргамжиж орхилоо. Хэзээнээс л хоёр биендээ ээнэгшиж дассан,дуудах дуугаар нь таньж очдог учир уурга, бугуй, аргамжийг огтоос хэрэглэдэггүй юм. Гомдсондоо шөнөжин ноцолдож, аргамжаагаа тайлж орхиод өглөө нь давхиж гүйхгүй ч хүрч баригдахгүй зугтаасаар түүнтэй таван цаг хөөцөлдсөн сөн. Аргагүй гомдсон учир тэгсэн хэрэг. Сүүлдээ эзэн надад уурлаж, хэрэлдэж, эцэс сүүлд нь уучлалт гуйж бид учраа ололцсон.   

Наранбадрахыг хотоос ирэх үед салхи татуулан давхиж, хол ойр шогшин хамт байх нь сайхан боловч заримдаа ядрах нь бий. Тэр үедээ доголсон болж жүжиглэхэд өнөөх маань учиргүй сандарч, эмч хүртэл дуудна. Харин дараа нь надад чадуулснаа мэдээд янзын царай гаргадаг.


ТҮҮНИЙГ ГАЙХШИРУУЛДАГ МИНИЙ ЧАДВАР

Мал нядалгааны газраас авчирсан морьд энд ирээд нэг машинд хамт ирсэн хэдээрээ найзлах дуртай. Угтаа өөр өөр аймаг, сумдаас цуглаж нядалгааны хашаанд л таарсан амьтад шүү дээ. Монгол адуу бидний үнэнчээр нөхөрлөх чадвар, эзэндээ ээлтэй зан, азарганы бүл хуваах, гэр бүл, үр төлөө хамгаалах төрөлх араншинг эзэн минь ихэд бахдан уулзсан хүн бүрдээ магтан ярьдаг. Учир нь энэ төрөлх араншин зөвхөн бидэнд байдаг.  

 Би эндээ ууган ахмадуудын нэг тул заримдаа дархан эрхээ эдлэх нь бий. Тавьж өгсөн өвс, хивэгний дээжийг нь өөртөө хадгалж, бусдаасаа хармалдаг ахархан занг минь эзэн огт таашаахгүй.


ЗурагТайлбар






НАДТАЙ ХАМТ БАЙСНААР ТҮҮНИЙ АМЬДРАЛД ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧӨЛТҮҮД

Наранбадрах адуутай өссөн хөдөөний хүүхэд тул байгаль, амьтан хайрлан хамгаалахыг багаасаа сурсан. Харин бидэнтэй хамт байснаар монгол ондоошлыг дэлхийд таниулах гэсэн алсын хараатай болсон гэж боддог. 

Улс орон бүрд өөрсдийн үнэт зүйл, ялгарал гэж бий. Монголчуудын хувьд аливааг энэрэх нинжин сэтгэл, хариу нэхэлгүй хайрлах хайр нь эрхэмлэх гол үнэт зүйл гэж эзэн минь ярьдаг. Үүнийг дэлхийд таниулах нь түүний зорилго. Тиймээс энэхүү үзэл бодлоо түгээн хүүхэд, залуучуудад лекц уншиж, бодитоор мэдрүүлэхийн тулд Адууны асрамжийн газрыг ажиллуулж буй юм.  

Эндэх морьдыг эзэнтэй болгож тэдний амьдралд гарч буй өөрчлөлтийг судалж таних нь түүний хийдэг ажил.  Манай асрамжийн газраас морь үрчилж авсан хүмүүс амьдралдаа олон эерэг өөрчлөлт хийсэн. Жишээ нь, 117 кг жинтэй ах хүү сар бүр ирж, морио унан шогшиж, давхиж дасгал хөдөлгөөн хийсээр зургаан сарын дотор 74 кг болж жингээ хаясан.  

Морио унаад л шугуйд өдөржин өнждөг нэг хүү IELTS-ийн хамгийн өндөр оноо авсан. Шугуйдаа морио чөдөрлөж орхиод өвс идэх чимээнд нь шинэ үгээ цээжилдэг байж. Энэ мэтээр хүүхэд, залуучууд бидэнтэй нөхөрлөж амьдралдаа олон, эерэг өөрчлөлтүүд гаргаж байгаа жишээ цөөнгүй. 

АМЬТАДТАЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Морь унах нь хамгийн сайн биеийн тамир. Хуучин цагт хүмүүс хэвийн жинтэй, эрүүл биетэй байсны нэг нууц нь адуу юм. Монгол адууны бие жижиг, толгой намхан тул шогших үед хүний булчин чичирч, хамгийн нарийн ширхгүүд нь ажилладаг. Үүнийг мэдсэн Орос, Хятадын нөхөн сэргээх эмчилгээний эмч нараас харвалт, саажилт, аутизм, сэтгэцийн өвчинд мориор эмчлэх аргыг хэрэглэх тухай эзэнтэй минь холбогдсон гэсэн.


Б. Наранбадрах: Өнгөрсөн жил MNB-ээс баг ирж нэвтрүүлэг хийсэн юм. Гэтэл ярианы дундуур зураглаач нь уйлаад л байлаа. Гайхаад асуутал манайд ирсэн жижиг алаг, буурал хоёр морь аавынх хайртай морьд гэнэ. Аавыгаа өнгөрсний дараа бүх адуугаа нутгийн хүндээ зарж, хожим нь тэр хүн адууг нь нядалгаанд өгснийг нь бид аварсан байж таарсан юм.  


ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ?

Намайг хүн байсан бол яг л ингэнэ гэж төсөөлж, бодитоор тохиолдсон үйл явдлуудаа багахан “давсалж” “Hey Бандаалай” цувралыг бид эхлүүлсэн. Одоогоор 10 орчим цуврал гарсан. Мөн хүүхдүүдэд зориулан арай хөнгөн байдлаар комик болгож, англи хэлээр Amazon-д гаргах бодолтой байгаа.

ХЭРВЭЭ БИ ХҮНИЙ ХЭЛ МЭДДЭГ БОЛ?

Манай асрамжийг хүүхэд, залуучууд их сонирхдог. Тиймээс энд ирж буй хүн бүр биднээс хайрыг сураасай гэж хэлнэ. Ан амьтан, байгаль дэлхийгээ хайрладаг хүн хүнийг ч хайрлана. Мөн хүмүүс адууны соёлыг ойлгож, биднийг мах болгож зардаггүй байгаасай гэж хэлэхийг хүсч байна.  


ЗурагТайлбар
Hey Бандаалай цуврал