Шинэ дугаартаа Капитрон банкны ажилтнуудын өхөөрдөм азтай савруудтай ярилцлаа. Муур, нохой, бүр яст мэлмий хүртэл эздийнхээ ажил дээр саатаж хөгжилтэй нэгэн өдрийг өнгөрөөсөн юм.
Гологдож, хаягдсан эзэнгүй амьтдыг гэр бүлийн гишүүнээ болгон хайрласан тэд дансны гүйлгээ, орлого зарлагын мэдээллийг ил тод харуулдаг “Шилэн дансны үйлчилгээ”-гээрээ дамжуулан азтай савруудыг анхаардаг юм.
Уншигч та амьтны эрх ашгийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй, аюулгүй нийгмийг бий болгохоор зорин ажилладаг "Азтай Савар ТББ"-ын үйл ажиллагааг дэмжиж, гудамжинд хаягдсан, гэмтэж бэртсэн амьтдад зориулан хандив өргөж, өөрсдийн шилжүүлсэн гүйлгээний мэдээллийг хүссэн үедээ харах боломжтой.
Бидний танилцсан түүх
Гэгээнээ яст мэлхий: Эзэн маань түр хугацаанд Герман явах болсон тул намайг харж асруулахаар найзындаа захиж үлдээсэн юм. Маргад бид хоёр нөхөрлөөд хэдхэн сар өнгөрсөн боловч тэр тун догь охин. Анх удаа л амьтан тэжээж, асран халамжилж байгаа хэр нь миний хоол, цэвэрлэгээ арчилгаанд тун ч нямбай ханддаг.
Тэр үргэлж л намайг энхрийлэн өхөөрдөж, өдөр бүр надтай ярилцана гээч. Намайг гэх хайр нь ямар бялхам бэ гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Даанч хааяа хэтэрхий их хайрлахдаа хурц, урт хумсаараа хөөрхөн эзнийгээ маажиж гомдоох нь тоогүй. Эзэн маань буцаж ирвэл бидний салах нь гунигтай ч надтай байх энэ хугацаандаа амьтныг хайрлах, өсгөх олон зүйл сурсан учир алзахгүй гэдэгт итгэж байна.
ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН ХӨГЖИЛТЭЙ, ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ
Мишка муур: Чинзо намайг "Азтай савар"-аас үрчилж авснаас хойш бид хамтдаа долоон жил нөхөрлөж байна. Энэ хугацаанд хөгжилтэй, хөөртэй, баяртай, гунигтай олон зүйл тохиосон. Жишээ нь, 2020 оны зун бид хамтдаа Монгол орны баруун хязгаарын аймгуудаар 4500 км аялсан. Хол замыг машинаар туулна гэдэг муур надад байтугай, хүнд ч амар зүйл биш нь лавтай. Хотоос гараад эхний мянган км дуугаа хурааж, ууртай царайлсан ч яваандаа байгалийн сайхныг ажиж жолооны хүрдний урд тухалсаар ажралгүй аялаад ирсэн.
ТҮҮНИЙГ ГАЙХШИРУУЛДАГ МИНИЙ ЧАДВАР
Леопард муур : Би бол Балжидмаагийн хайртай “азтай савар”. Нэр минь Леопард боловч тэр намайг өхөөрдөн Шарка гэж дууддаг. Намрын жиндүүхэн өдөр танихгүй хүн намайг нэгэн лагерийн айлын хашаа давуулан шидсэн нь Балжидмаагийн гэр байсан юм. Тэдний хашаанд шувуунд өгөхөөр тавьсан хатсан талхны үйрмэгийг нулимстай нүдээр идэж буйг минь хараад гэрийнхэн нь жигтэйхэн өрөвдөж "уйлдаг муур" намайг үрчилж авсан. Заримдаа намайг загнах, дуугаа өндөрсгөн чанга дуугарах үед нь том том нулимс унагахад эгээ л өмнө минь гэмтэй мэт сандарч, тойглох нь хөгжилтэй. Угтаа амьтад бидэнд уйлж, баярлах илэрхий сэтгэл хөдлөл байхгүй шүү дээ.
НАДТАЙ ХАМТ БАЙСНААР ТҮҮНИЙ АМЬДРАЛД ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧӨЛТҮҮД
Бамби нохой: Содмаргад насаар жаахан боловч намайг яг л ээж шиг энэрч халамжилдаг. Тэр их ухаантай, бас сэргэлэн. Дөнгөж төрсөн баацгар намайг өхөөрдөж, Бамби гэж нэрлэсэн.
Анх удаа л нохой тэжээж буй учир намайг хооллож, салхилуулж, шээлгэхээс эхлээд олон зүйлийг шинээр сурч байгаа. Хичээлээ эрт тарж ирээд завааруулсан хогийг минь цэвэрлэнэ, намайг загнуулахгүй гэж аав, ээжийнхээ үгэнд дуулгавартай орно. Надтай тоглож, гадуур салхилж ихэнх цагаа хамт өнгөрүүлдэг тул утас, компьютер ч оролдох завгүй байдаг.
АМЬТАДТАЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Болороо миний цэвэрлэгээ, арчилгаа, хооллолтод онцгой анхаарч үргэлж зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Өглөө салхилж орж ирээд тавхайгаа цэвэрлэх, тогтсон газар шээх зэргээр хийх ёстой дадал хэвшлийг минь зааж сургана. Аливааг хурдан сурдаг занг минь яг л хүн шиг шүү гэж магтана.
Амьтан тэжээнэ гэдэг яг л нялх хүүхэд өсгөхтэй л адил гэж Болороо үргэлж хэлдэг. Анх аав, ээжээсээ удаан гуйж, хариуцлагатайгаар тэжээхээ амлаж байж намайг үрчилж авсан. Өмнө нь амьтан тэжээж үзээгүй тул миний асаргаа, арчилгаанд шантарч, бүр өөр хүнд өгөх тухай бодож байсан удаатай гэсэн шүү. Угтаа амьтан тэжээнэ гэдэг зугаа гаргах эсвэл хэцүү санагдахдаа хаяж болдог эд биш шүү дээ.
ХЭРВЭЭ БИ ХҮНИЙ ХЭЛ МЭДДЭГ БОЛ?
Хаврын энэ л үед эзэнгүй амьтдыг агнахаар улсын төсвөөс өндөр хөрөнгө төсөвлөж бууны тасхийх дуу цуурайтах нь тун гунигтай.
Гудамжинд хаягдсан гэмтэж бэртсэн найзуудыг маань эдгээж, хайрлан өсгөж эзэнтэй болгох зорилготой “Азтай савар” ТББ-ын залуус эзэнгүй амьтдыг буудаж, амийг нь авахаас илүүтэй үржлийг нь зогсоох спэй хийх тухай тайлбарлан таниулдаг. Амьтан тэжээдэг, хайрлан анхаардаг уншигч та азтай савруудад хандиваар тусалж, дансны гүйлгээ, мэдээллийг нь Капитрон банкны шилэн дансны үйлчилгээгээр хянах боломжтой шүү ~
Азтай савар” ТББ-ын шилэн дансны дугаар: 3055052657
S Sissy 2023.05.05 202.126.89.173
Yun huurhun amitad ve? Goy hamt olontoi gazar baina. Eniig unshsan chin hairtai nohoigoo sanachihlaa