Танилц, миний амьтан булан энэ удаагийн дугаараас эхлэн хүүрнэх хэв маягаа өөрчилж, тухайн амьтны өнцгөөс бичиж байхаар боллоо. Учир нь амьтад ч гэсэн бидэн шиг өөрийн гэсэн ертөнцтэй. Тэд биднээс, бид тэднээс тийм ч олон зүйлээрээ ялгарахгүй. Амьтдын хэлийг орчуулж тусалсан тэдний сайн найзууд болох амьтан тэжээгч залуустаа баярлалаа.

Шинэ дугаартаа Солонгосын Сөүл хотноо орших жирийн нэгэн тоглоомын талбайгаас эхэлж, Амазоны ширэнгэн ой хүртэл үргэлжилж буй онцгой нэгэн нөхөрлөлийн түүхээс хуваалцаж байна. Шоргоолж судлаач буюу myrmecologist болох мөрөөдлөө даган Станфордын Их сургуульд суралцах гэж буй Ну Жэжүн ба түүний арван жил нөхөрлөсөн шоргоолж хоёрын өвөрмөц түүхийг хүлээн авна уу. 

Нэр: Жэжүний шоргоолж
Төрөл: Camponotos atrox
Дуртай хоол: Зөгийн балтай ус
Хийх дуртай зүйл: Жэжүнийг баярлуулах
Сайн дадал: Ажилсаг, өндөр мэдрэхүйтэй

БИДНИЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ 

Тоглоомын талбайн хөрс бол шоргоолж бидний хувьд амьдрахад таагүй орчин. Хөөцөлдөн тоглох хүүхдүүдийн хөлд гишгэгдэх, үүрээ дэвслүүлэх, үлдээсэн модон чихэрт нь наалдах гээд айх зүйл маш олон. Тиймээс бид өдөр бүр хүүхдүүд гэх аварга биетнүүдээс зугтан, үүрээ хамгаалж үлдэх том зорилго өвөртлөн амьдардаг байлаа.

Гэтэл нэг өдөр ер бусын зүйл тохиолдов. Үүрийг минь сүйтгэж, найзуудаар маань тоглох бус харин өвдөглөн суугаад биднийг аждаг аварга биеттэй таарч билээ. Тоглож наадахын оронд шоргоолжны амьдралыг судлахаар тоглоомын талбайг өдөр бүр зорин ирдэг байсан тэр жаал хүүгийн нэр бол Ну Жэжүн.


ХӨГЖИЛТЭЙ, ДУРСАМЖТАЙ ҮЙЛ ЯВДАЛ

Манай Жэжүн 10 настайгаасаа эхлэн сонирхлоо дагаж, төрөл бүрийн амьтан тэжээсэн дээ. Шоргоолж бидний арав гаруй колониор зогсолгүй зөгий, цох, хилэнцэт хорхой, тарантула аалз, хүрэлзгэнэ, загас, гүрвэл зэргийг тэжээсэн арвин их туршлага, мэдлэгтэй нэгэн. Ганц сул тал нь түүний биднийг гэсэн дэндүү их хайр бололтой.

Тэр нэг жил Жэжүн дотуур байртай сургуульд суралцахаар явахдаа хүрэлзгэнэ болон манай колонийг аваад явчихсан. Бидэнд амьдрахад тухтай, тохиромжтой чийг бүхий орчин бүрдүүлж өгсөн ч гэсэн зугтаж тэнүүчлэхгүй байж яаж чадах билээ? Хаяа гарч яваад өрөөнийх нь найзын овоолсон хувцсан дотор орчихдог байлаа. Нэг өдөр бүр гурван хүрэлзгэнэ хувцсан дотроос нь олдсон сурагтай байсан. Хөөрхий минь, их айсан байх даа. Байгалийг дэргэдээ авчирсан балчир Жэжүн маань өсөн томорч удалгүй цэрэгт явахдаа яах аргагүй биднийгээ үлдээсэн юм. Аваад явсан бол хүрэлзгэнэ, бид хоёр бусад цэргүүдийг бас айлгах л байлаа.


ТҮҮНИЙГ ГАЙХШРУУЛДАГ МИНИЙ ЧАДВАР

Жэжүн байгалийн үнэнч шүтэн бишрэгч болохоор байгалийн бүтээл болсон биднийг чин сэтгэлээсээ хайрладаг байх. Ажилчин шоргоолж бид хоол цуглуулж үүрэндээ авчран хатан шоргоолж ба авгалдайнуудаа тэжээснээр ирээдүйн колонио бүрдүүлэх зорилготой, завгүй амьдардаг. Хэдий жижиг биетэй ч өөрөөсөө хэд дахин том эдийг зөөх чадалтай, хүн шиг л нийгмийн бүтэц үүсгэн амьдрах чадвартай амьтан. Энэ чадвар минь түүнийг гайхшруулдаг юм.

Саяхан Жэжүн маань 31 цагийн турш агаар болон усаар аялан байж алдарт Амазоны ширэнгэн ойд хүрсэн сурагтай. Тэндээ Leafcutter болон Bullet шоргоолжны колонитой таарсан гэнэ. Leafcutter хамаатны маань хувьд, навч тастан аваад үүр лүүгээ эгнээ үүсгэн зөөдөг бидэн дундаа л инженерүүд. Нэг цуваанд дор хаяж сая шоргоолж байх ба шоргоолж тус бүр замаасаа навч, мөчрийг холдуулан километр урт “хурдны зам” үүсгэдэг ажээ. Дээрээс нь харвал хэн нэгэн хэдэн сая навчийг ар араас нь өрсөн мэт харагдана. Тэдний энэ өвөрмөц зохион байгуулалт, 1.5 метр гаруй өндөр үүрийг нүдээрээ харсан Жэжүн их гайхширсан нь лавтай.


Leafcutter шоргоолжны сүрэг хурдны зам үүсгэсэн нь

НАДТАЙ ХАМТ БАЙСНААР ТҮҮНИЙ АМЬДРАЛД ГАРСАН ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Хотод амьдардаг Жэжүн бидэнтэй хамт байснаар байгальтай ойр мэт мэдрэмжийг авч, хүсэл тэмүүллээр дүүрэн байх болсон гэдэг. Бид байгаагүй бол тэр мөрөөдлөө биш бусдын хүлээлтийг даган эдийн засаг эсвэл хуулиар сурах байсан болов уу. Нэг арваныг хамтдаа туулсны эцэст Жэжүн маань энэ хавар дэлхийн топ их сургууль болох алдарт Станфордыг зорих гэж байна шүү дээ.

АМЬТАДТАЙ ХҮМҮҮСТ ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Шоргоолж бид гэрт амьдарч чадах боловч гэрийн тэжээвэр амьтан биш юм. Учир нь бидэнд тохирсон чийг бүхий орчныг бүрдүүлж өгөх, ямагт хянах, хатан шоргоолжийг колонитой маань хамт байлгах гээд асар олон шаардлага бий. Шоргоолж тэжээх гэж байгаа бол эхлээд бидний талаар гүнзгий мэдлэгтэй болохыг зөвлөж байна. Зөвхөн шоргоолж гэлтгүй ямар ч амьтныг тэжээхийн өмнө заавал судалгаа хийж, хариуцлагаа ухамсарлан, биднийг хайрлан хамгаалаасай гэж хүсье.


Шоргоолжны хооллох хэсэг ба фарм

ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ?

Хэрвээ би хүн байсан бол хамгийн түрүүнд Жэжүнийг чангаас чанга тэврэх байлаа. Биднийг энэ олон жил судлан тэжээгээд, амьдралаа шоргоолж судлалд зориулах гэж буй агуу хүн тул талархахгүй байхын аргагүй. Дэлхий дээр 12000 төрлийн шоргоолж оршдог гэсэн судалгаа байдаг ба хүн төрөлхтөн үүний ердөө хоёр мянгыг нь нээн илрүүлсэн. Үлдсэн арван мянгыг Жэжүн маань олж нээн, мэргэжилдээ арвин их амжилт гаргаасай гэж хүсдэг.


ХЭРВЭЭ БИ ХҮНИЙ ХЭЛ МЭДДЭГ БОЛ?

Бид феромон хэмээх химийн бодисыг агаарт ялгаруулснаар нэг нэгэндээ “Намайг дага”, “Хоол байна!” эсвэл “Дайраад!” гэсэн дохио өгч харилцдаг. Хүний хэл мэддэг байсан ч бас л нэг, хоёр үгээр амархан харилцах байсан байх. Харин хүмүүстэй харилцвал юуны түрүүнд: “Амьтдыг том, жижиг, царайлаг, царай муутай эсэхээс нь үл хамааран зүгээр л хайрлаарай. Учир нь бид эх дэлхийгээ үзэсгэлэнтэй хэвээр нь байлгахын тулд амьдралаа зориулдаг амьд биетүүд. Харин хүн та биднийг хамгаалахын тулд Жэжүн шиг амьдралаа зориулахад бэлэн үү?” гэх байлаа.

Дашрамд дурдахад, манай Жэжүн “Jaejun Noh” гэсэн Юүтүб суваг хөтөлдөг шүү. Уг сувгаар зочилж бидэнтэй илүү дотно танилцаарай.